“ҮР УДАМ” ӨГҮҮЛЛЭГ
Л.ДАЙРИЙМАА
Эмгэний нойр хүрсэнгүй. Нутагруугаа дөхөх тусам сэтгэл нь улам л яарна. Аргагүй шүү дээ цорын ганц найдвараа сэтгэлдээ тээж яваа хүн. Залуудаа юм бүхнийг өөрийнхөөрөө шийдэж ирсэн түүнд энэ удаагийн шийдвэр нь бүтэх эсэхэд бага зэрэг эргэлзэнэ. Түүндээ санаа зовон унтаж ч чадахгүй нутагтаа очих гэж яваа нь энэ. Ганц хүүгийнхээ амьдралыг ч толгой мэдэн шийдсэн тэрээр одоо буруу байж ээ гэж бодох тусмаа хадан гэртээ харихаасаа өмнө л зорьсон хэргээ бүтээхээр ийнхүү зориг шулуудан хөхөө өвлийн хүйтнийг ч тоолгүй гарсан аж. Зорьж очих айлынхаа хаягийг тов тодорхой мэдэж аваад явж байгаа ч тэд хэрхэн угтах бол гэдгийг эмгэн янз бүрээр төсөөлнө. Ийн бодсоор эмгэн төрсөн сумандаа ирж автобуснаас буухад жолооч залуу эмгэнийг таксинд суулган цүнхтэй юмыг нь оруулж тавиад – эмээ та хаягаа мэднэ гэсэн байхаа гэхэд эмгэн толгойгоо дохив. Эмгэний хэлсэн хаягаар хүргэж ирсэн таксины жолооч – эмээ мөнгө хэрэггүй ээ гэжээ. Эмгэн цүнхээ хөлийнхөө хажууд дөхүүлж тавиад хашааны үүдэнд хэсэг зуур зогсов. Тэгээд зориг гарган хаалгыг зөөлөн хэд хэд цохиод хашааны завсраар харлаа. Удалгүй гэрийн хаалга онгойн нэгэн бүсгүй гарч ирэн хаалгаруу дөхөхөд эмгэний зүрх түг түг гэж түргэн түргэн цохилж байв. Хаалга нээсэн бүсгүй – хэн бэ гэхэд эмгэн – намайг Норжмаа гэдэг, ээжтэй чинь уулзах гэж ирсэн юм аа гэлээ. –Аан тийм үү ээж түрүүхэн боссон – та манайд ор доо гээд цүнхийг нь авч урд нь орж алхахад эмгэн – хүүгийн минь багын дүр мөн шүү гэж дотроо бодоход нүдэнд нь нулимс мэлтрэнэ.
Эмгэн бүсгүйг даган орж – сайн байцгаана уу гэж мэндлэхэд гэрт байх нэг залуу хоёр дэрсхэн жаахан хүү – сайн сайн байна уу, шайн шайн байна уу гэж мэндлэв. Бүсгүй – та дээшээ суу гэхэд эмгэн баруун талын орон дээр суув. Тэдний араас гаднаас нэгэн хүн орж ирсэн нь нэгэн цагт хүүтэй нь хайр сэтгэлээр холбогдож эмгэний санаанд нийцээгүйн улмаас жирэмсэн хаягдаж үлдсэн Должин байлаа. Должин сайн танихгүй байгаа бололтой – хэн билээ гэж гайхсан янзтай эмгэнийг хараад – сайн байна уу та гэж мэндлэхэд эмгэн – сайн сайн байна уу гэв. Хорь гаруй жилийн өмнө арван хуруундаа алт зүүх нь халаггүй ганган хүүхэн гэрт нь ирж – чам шиг хүүхэнтэй хүүгээ гэрлүүлчихээд би гэдэг хүн юугаа бодож явах болж байна. Тэгээд ч наад хүүхэд чинь миний хүүгийн хүүхэд мөн ч юм уу биш ч юм уу би яаж мэддэг юм. Ганц хүүд минь гай бололгүй мөрөөрөө амьдраарай чи гэж загнаад явж байсан хүн ийм туранхай үрчгэр хөгшин эмгэн болсон хойноо хүргэнийд нь ирэх юм гэж хэн ч санах билээ дээ. Эмгэн цайгаа ууж дуусаад цүнхээ уудлан ууттай чихэр боов гарган нөгөө бүсгүйд өгөөд цүнхээ барин босоход Должин ч босов. Эмгэнийг дагуулан гэртээ орсон Должин түүнд сандал авч өгөхдөө эмгэний баруун гар дээрх том хар мэнгийг хараад – Базараагийн ээж гэж гэнэт санажээ. Тэгэхэд энэ хүн гараа гозолзуулан бараг л цохиод авах нь уу гэлтэй загнаж байсан бөгөөд бүсгүй айсандаа түүний царайг ч сайн хараагүй бөгөөд гар дээрх том хар мэнгийг нь олж харсан билээ.
Хоёул чимээгүй л сууцгааж байв. Зуухан доторх модны чат пат хийсэн чимээ л дуулдана. Эмгэн цүнхээ уудлан чихэр боов гарган Должинд сарвайхад Должин дурамжхан аваад гал тогооны саван дээрээ тавьлаа. Эмгэн гэнэт ам нээж – би Базарын ээж Норжмаа байна гэснээ – муу хүү минь гээд үгээ таслан тонгойход Должин учрыг ойлгон бас л чимээгүй суусаар. Эмгэн нулимсаа залгин хэсэг зуур дуугүй байж тайвшраад – та нар минь сайн л амьдарцгааж байгаа юм байна гэв. Должин – тийм ээ гэхдээ нэг л өөр өнгөөр хэлэх нь – хаягдаж үлдсэн хүн гээд муу муухай амьдрах ёсгүй биздээ гэх шиг эмгэнд санагдав. Эмгэн – аргагүй ээ гэж дотроо хэлээд – хүү минь гэрлэсэн боловч хүүхэдтэй болоогүй ээ хэзээ хойно эхнэрийнхээ дүүгийнхээс нэг хүү өргөж авсан. Үрийн заяа гомдоно гэдэг л болсон гэж бодох юм даа. Хүүг минь нас барснаас хойш тэр хоёр манайхаар ирэх нь цөөрч одоо бараг холбоогүй л болоод байна. Өдрийн од шиг л ховорхон ярьдаг болсон. Дам сураг сонсохнээ нөхөр сүүдэртэй болж байгаа дуулдсан гэхэд Должин дуугарсангүй. Тэгээд босч хөргөгчнөөсөө хонины мах гарган хөшиглөж эхэлснээ – та хэсэг амарч хажуулдаач гэлээ. Эмгэн – за гээд гутлаа тайлан гадуур хувцсаа нөмрөн хэвтэхэд Должин босч хөл дээр нь үстэй дээл тавьж өгөв. Эмгэн нам унтсан байгаад – Должингийн – та шөл уу гэх дуунаар сэржээ. Норжмаа эмгэн шөлөө идэж дуусаад хөлсөө шударч – баярлалаа охин минь гэв. Должин бас л дуугарсангүй.
Эмгэн – би гэдэг хүн удахаа больсон муу өгөр толгой хань хүү хоёрынхоо ард ороод – ёстой нөгөө нүгэл нь нүдээрээр гарна гэдэг нь болсон хэрэг. Үхэхээсээ өмнө хүүхдүүддээ байрныхаа түлхүүр, хүүгийнхээ машины түлхүүрийг өгье гэж ирсэн юм. Хорооныхоо нийгмийн ажилтан бүсгүйд би түлхүүр хувилж өгсөн байгаа намайг эргэж тойрдог юм. Янз бүрийн асуудал гарвал та хэдэд хэл дуулгана гэлээ. Гэнэт гаднаас хоёр хүү хөөцөлдөн орж иржээ. Должин – миний хоёр хүү том эмээдээ үнсүүл гэхэд хоёр хүү гэрэвшсэн шинжгүй гүйн очиж үнсүүлэхэд эмгэний нулимс өөрийн эрхгүй хатингар туранхай хацрыг даган урсаж байлаа. Тэд орж ирсэн шигээ дэрхийн гарч гүйцгээв. Должин ч нулимсаа сэм арчин цааш эргэхэд гаднаас охин нь бас орж ирэв. Нөгөө хоёр хэл дуулгасан нь тодорхой. Должин хоолойгоо засаад – эмээтэйгээ золго гэхэд охин нь хэсэг зуур гал тогооны сав налан зогслоо. Эмгэний сунгасан гар чилсэн бололтой доошлох үед бүсгүй яарсан мэт гэнэт ухасхийн очиж эмгэнийг – эмээ гэж дуудан тэврэн авчээ. Гурвуул нусаа татан чанга уйлалдах зуур гаднаас хүргэн нь хоёр хүүтэйгээ орж ирэв. Гурвуул уйлахаа болиход Должин чихэр задлан хүүхдүүддээ атгаж өгөхөд бүсгүй нөхөртөө хандан – эмээд золго гэв. Залуу эмгэний тохойг өргөн золгоод мэнд амрыг нь асуугаад хөөргөө гарган тамxиллаа. Ийнхүү бүгд дуу шуу орон бараг л амандаа орсноо ярьцгааж суув. Хоёр хүү ч хоёр эмээгийнээ хооронд гүйн эрхлэх нь өхөөрдмөөр.Залуу – за би ажилдаа гарлаа гэхэд бүсгүй – өдөр олон дуудуулалгүй ирээрэй – за за за ч гэж дээ – хүнтэй явбал хүргэж өгөөд л ирнэ ш дээ – за удахгүй шүү гэхэд залуу – за ойлголоо гээд босон гарав.
–Ямар ажил юм гэж эмгэнийг сонирхоход – таксинд явдаг юм аа гэж Должин хариулав. Эмгэн тэдний хоёр гэрээр баяр хөөртэй хэд хоноод сүү цагаан идээгээр бэлэг аван буцаж Должин утсаараа сурахад эмгэн гэртээ сайн явж ирсэн гэж ээ. Харин хэд хоногийн дараа нэгэн танихгүй дугаар залгасан нь – Должин гэдэг хүн үү гээд Норжмаа эмээгийн бие муудаж эмнэлэгт хэвтсэн би хорооных нь нийгмийн ажилтан байна та нар хурдан ирэхгүй бол эмээгийн бие тун тааруу байна гэсэн хэл мэдээ дуулгажээ. Тэднийг очиход эмгэн хорвоог орхисон байжээ. Тэд эмгэнийг нутагруугаа авч ирэн хөдөөллүүлж буян номыг нь 49 хоног гүйцээн хийж – бидэндээ ирж төрөх болтугай гэж залбиран цай сүүнийхээ дээжийг өргөн байлаа. Охин нь – би танд ярья гэж бодож байгаад бүр мартаж орхиж хэд хоногийн өмнө би эмээг зүүдлээд ээ эмээ бүр нэг ганган гэж жигтэйхэн хүн залуухан ч болчихсон юм шиг манайд ирчихсэн сууж байхын юу ч юм яриад инээгээд л гэхэд Должин – хөөрхий минь танайд ирж төрөх гээд л зүүдэнд чинь ороод байгаа байх гэж ээ. Бүсгүй – үгүй ингэхэд миний сарын юм нээрээ ирэх болсон байтал ирээгүй юм байна шүү гэж бодоод хоёр гараараа хэвлий дээрээ зөөлөн хүрлээ. Должин – хоёр дүү чинь байхад ээж нь алзахгүй ээ муу аав чинь амьд байхдаа – чи охиныгоо аавтай нь уулзуул гэдэг байсансан, та хэд нүүсэн нь дээр байх аа, хоёр хүүгээ хот орон газар сурга, цаадах чинь аймгийн төв дээр машин барьж байсан хүн хотод машин бариад байж чадах байлгүй. Мах сүүг нь бэлдээд өгчхөөр бусад нь болно биздээ гэхэд бүсгүй – за би Мөнхөөтэй ярья гэв.