“ҮЛ ҮЗЭГДЭГЧ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ҮЛ ҮЗЭГДЭГЧ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

…Анхныхаа хүүхдийг Хашаагаас олоогүй ч түүнийх гэж итгүүлэн тээж байсан боловч томрох тусам нь айдас давамгайлсаар арга буюу авахуулжээ. Ингэхдээ: -Даарснаас болж зyлбалаа гэж Хашаад ойлгуулснаар булган шуба, өвлийн гутал авахуулж дөнгөсөн юм даг. Тэр хүүхдийг төрүүлэхээс айсны учир нь огт өөр царай зүстэй эцгийгээ дууриавал яана гэхээс айсан хэрэг. Өнгөрснийг ийн бодох зуураа Хашаа нэг л таагүй байгааг мэдээд: -Юу ярих гэсэн юм бэ. Ярь л даа, хайраа. Хоол ч идэхгүй яагаад байгаа юм бэ гэх Минжээгийн цамцыг түрж нэлээд томорсон хэвлийг нүд салгахгүй харж суусан Хашаа: -Хэдэн сард төрнө гэсэн үг билээ хэмээн хайнгадуухан асуув. Минжээ хариу хэлсэнгүй. -Нэг хуралтай байсан. Би мартчихжээ. Хоёулаа орой ярья гээд Хашааг өндийхөд Минжээ ч бослоо. …Гурван хүүхдээ цэмцийтэл арчлан өсгөж, гэр орноо хүний дайтай байлгаж, өөрт нь тийм их хайр, халамжтай эхнэрээ орхино гэхээс Хашаагийн айдас төржээ. Минжээтэй хамт хоёр, гурав хоноод ирэхэд нь “Хаачив, Яав” гээд тачигнан, хардалтын үг урсгаж, хэрүүл дэгдэх вий хэмээн эмээвч: -Хөдөө явсан гэх худал үгэнд нь итгэнэ -Ядарсан уу, Миний хөгшин одоо сайхан амар. Ямар хоол идэх вэ гээд халамжлах эхнэрээсээ бүр илүү их эмээж, зүрх нь халуу шатаж ирээд, хайрлахаас аргагүйд хүрнэ. Эхнэр нь хааяа нэг дургүйцлээ илэрхийлбэл хэдэн өдрөөр дуугаа хураах нь чихэнд амар атлаа Хашаад ямар тээртэйг тэр сайн мэдэх. Түүний оронд “Хашгичаад загнаасай. Хөөж туугаад “Чи тэр хүүхэн дээрээ оч” гээд орилоосой. Тэгвэл “Бөөн далим” хэмээн бодож явсан үе ч бий. Эхнэрийн нь хүлээцтэй, тогтуун зан, халамж анхаарал нь уяад байгааг Хашаа сайн мэдэрч байлаа. Гэвч гурван сар хүрч яваа үрийг хэвлийдээ тээсэн дэндүү гоо үзэсгэлэн төгс бүсгүйд “Юу гэж хэлэх вэ” гэдэг асуулт Хашааг шаналгаанд оруулсан нь энэ. -Холын хол, гадаад руу явуулъя гэхээр Минжээ юу гэх бол. Хашаад хэлэх үг, гарц олдож өгөхгүй байв. Ажлаа тараад бааранд очиж ганцаархнаа аpxи уулаа.

-Нэг тийш болъё. Амьдралаа бодъё гэдгээ Минжээд хэлэх гэж зоригоо чангалж байгаа хэрэг. Хямарч элдвийг бодсондоо тэр биз, мань эр нэлээд хурдан согтжээ. Хайртай залуу нь: -Хурдан хүрээд ир гэсэнд Минжээ гайхаж эргэлзсэнгүй, шууд яваад очив. Нэлээд сайн уусан бололтой Хашааг хараад Минжээ “Энэ маань яагаад ингэж тавгүйрхээд байгаа юм бол. Гурвын гурван хүүхдээ орхино гэдэг хэцүү. Хашаа минь ухаантай юм чинь, энэ хүүхдээ сайн харж хандана биз. Би заавал сууна, амьдарна гэж тэр сайхан амьдралыг бусниулаад яах вэ. Хайртай залуугийнхаа хүүхдийг тээж төрүүлсэн би азтай хүн. Тийм болохоор Хашаадаа “Чи амьдралаа бод” гэж хэлье. Миний гэдэс томрох тусам хямраад байгаа нь илт боллоо” гэж бодсон Минжээ: -Миний хайр яагаад ингэтлээ их аpxи уугаа вэ гээд гараас нь татахад Хашаа: -Яасан азгүй хүн бэ, би. Би одоо яах ёстой юм бэ хэлээд өгөөч. Чи бид хоёр суулаа гээд жаргах юм уу. Чамайг жаргааж чадахгүй шүү дээ гэхэд нулимс нь хацрыг даган урслаа. Минжээ ч нулимсаа барьж дийлсэнгүй. Энгэрт нь наалдан эхэр татан уйлав. Хамаг бухимдал нь тайлагдаж, тайтгарсан Хашаа Минжээг аргадан үнссэнээ: -Миний хайр, гадаад явах уу Америк руу явуулж өгье гэхэд нь цочирдсон бүсгүй: -Хоёулаа маргааш тухтай ярилцъя. Одоо харь гэлээ. Хашаа гайхан, хэлэх үг олдохгүй, хэсэг суулаа. “Хамт байя. Намайг орхиод явах гэлээ…” хэмээн үргэлж чаргууцалдаж байдаг бүсгүйн энэ үг Хашааг эрүүлжүүлжээ. Хашаа дуугүй суусаар. Тэгснээ Минжээг хөтлөн гарлаа. Такси барьж, Минжээгийн байр руу явав. Нэг өрөө байр түрээслэн, тохижуулж өгсөн болохоор Минжээ бусдын царай харахгүй амьдардаг. Байрны нь гадаа ирээд: -Баяртай гээд духан дээр нь үнслээ. Минжээ үг дуугарсангүй гэртээ орлоо. Гэрлээ асаасангүй. Хувцсаа ч тайлсангүй. Түмэн бодол толгойд нь эргэлдэнэ. Харуусал гомдол төрөөд ч байх шиг… …Хичээлээ тарсан охин гэртээ ирэхэд хэн ч байсангүй. Ээж нь оройн ээлжинд гарах хэдий ч гадагш гарсан бололтой, эзгүй байлаа. Хувцсаа солихдоо хананд өлгөөстэй аавынхаа зургийг удаан гэгч харж суув.

Харах болгондоо “Хэзээ ирэх бол” хэмээн охин өөртөө тавьдаг асуултаа энэ удаа асуусангүй. “Энэ зурагны оронд өөр хүнийхийг өлгөх вий” гэхээс айгаад байлаа. Ийн суутал хашааны хаалга цохих дуулджээ. -Ээж нь байхгүй юм уу. Ирж, хоноод явсан хүн ингэж асуулаа. Охин толгой сэгсрэв. Нөгөө хүн цааш эргэн алхжээ. Охин буцаад гэртээ оров. Удсан ч үгүй ээж нь нөгөө хүнтэй хамт орж ирлээ. Ээж нь инээж хөхрөн урьд урьдынхаас илүү сайхан ааштай байв. Дүүгээ цэцэрлэгээс нь авах гээд гарахдаа Минжээ ээжийнхээ чихэнд “Энэ хүн миний аав биш, тийм ээ” гэж шивнэхэд хариуд нь “Чимээгүй” хэмээн дохилоо. Ээжийн нь орноос дээш алхдаггүй байсан тэр хүн орой бүхэн ирж хоносоор хоймрыг эзлэн суух болов. -Миний охин ухаантай байгаарай. Аавын нь оронд аав болох хүн. Бид гуравт хань түшиг болох байх аа хэмээсэн ээжийгээ бодон түүнд дотно байхыг хичээвч нэг л эвлэж өгөхгүй байлаа. Шарав “Миний охин” гээд нэлээд дотно хандах. Минжээ хичээвч амнаас нь “Аав” гэх үг гарахгүй. Харин учир мэдэхгүй дүү нь тэр хүнийг “Аав аа” гэж дуудна. Минжээ наймдугаар ангиа төгсөөд, зуны амралтаараа хөдөө яваад ирэхэд ээж нь өвдөж эмнэлэгт хэвтсэн байлаа. Өсч өндийж яваа охиндоо эдгэршгүй өвчин туссанаа ээж нь хэлжээ. Хагас жил шахам хэвтэрт байсан ээж нь хаврын эхэн сард хадан гэрээдээ явснаар хоёр охин хагацал амсах нь тэр. Дөнгөж сургуульд орсон дүүгээ хөтлөн хоцорсон Минжээ “Хэнийгээ түших вэ” хэмээн бодно. Ээжийн нь хамаатнууд бүгд хөдөө амьдарна. Хөдөө явалтай биш. -Миний охин, энэ амьдралдаа түшиг болж яваарай. Би та хоёрынхоо хөлийг дөрөөнд хүргэхийн тулд юугаа ч хайрлахгүй хэмээн хэлээд чийг даасан нүдээ шудрах Шаравын үг тэр л үед ямар дотно санагдсан гээч. Гэвч хойд эцгийн энэ үг худал байсан юм. Хоёрхон сарын дараа Шарав өөрийн гэсэн юмаа аваад арилж өгсөн юм даг. Сургуулиасаа гаралтай биш, идэх хоол, өмсөх хувцас, түлээ түлш гээд энэ бүх зардлыг хаанаас олох вэ. Нагац нь эгчийнхээ хоёр хүүхдийг авахаар хөдөөнөөс иржээ. Минжээ яваагүй. Дүүг нь аваад явжээ.

Зуныхаа амралтаар зоогийн газар угаагч хийсэн Минжээ нэг өдөр намуухан дуутай, зангиа зүүсэн ахын өвөрт орсноор охин насаа үдэв. Үүнээс хойш мөнгө хэрэгтэй бол тэр ахтай унтана. Харамгүй, их мөнгө өгнө. Аравдугаар анги төгсөөд, хуваарьгүй хоцорсон Минжээг арын хаалгаар их сургуульд оруулж өгсөн жилээ тэр ах томилолтоор Англи руу явав. Ээжээсээ өнчирснөөс хойш ингэж ганцаардаж шаналж явсангүй. Минжээд хорвоо дэндүү давчуухан, хатуу санагдаж байлаа. Өөрөөс нь арав шахам насаар ах ч гэлээ охин биеэ хөндүүлснээс хойш дуудсан цагт нь очиж, энгэp зөpүүлэн энэ биеийн жаргалын нэгээхэн хэсгийг эдэлж, эдлүүлж явсан түүнд ингэтлээ сэтгэл алдарсан гэдгээ мэдээгүй явж. Эхний жилийн сургалтын төлбөрийг нь төлөөд явсан ч гэлээ Минжээд мөнгө төгрөг дутагдана. “Худал хэлж болохгүй”, “Хулгай хийж болохгүй”. Минжээ өөртөө ингэж сануулна. Сонин болон чатын зар сонирхлоо. -Гэрийн үйлчлэгч авна гэх хэд хэдэн утас руу ярив. -Хүүхэд гаргаагүй бол болохгүй. Ийм хариу сонсоод мухарджээ. “Саунд үйлчлэгч массажист авна” гэсэн зараар очиж уулзлаа. Түүнийг тун уриалгахан хүлээн авчээ. Ингээд хаяг нь массажист, хийдэг ажил нь биeэ vнэлэгч болсон доо. Энэ хар балчгаас татаж гаргасан, “Ингэж болохгүй” гэдгийг ойлгуулсан хүн бол Хашаа. Би энэ хүнийг гомдоож болохгүй. Тэгээд ч Хашаадаа хайртай. Охин настай минь хамт анхны минь хайрыг аваад явсан тэр хүнээс хойш Хашаад хайраа өгсөн. Хайртай юм чинь, би түүнийхээ амьдралд гай болмооргүй байна. Надаас болж тэр хүн зовох, шаналах ёсгүй. Хайртай л юм бол түүнийг тайван, сайхан амьдралд нь үлдээе. Харин Хашаагийнхаа хүүхдийг хөтлөөд сайхан амьдарна аа” Хөшөө шиг зогссон Минжээгийн утас дуугарч, энэ бодлыг сарниулав. -Миний хайр унтаагүй юм уу. Хайр нь одоо очлоо гэх Хашаагийн дуу. Үг хэлэх завдал өгөлгүй утсаа тасалжээ. Цаг харвал шөнийн 03 цаг өнгөрч байлаа. Удалгүй орж ирсэн Хашаа үгийн солиогүй гадуур хувцсаа тайлж шидээд, угаалгын өрөө рүү шууд яваад орчихов. Минжээ бага зэрэг гайхан, түүний араас очлоо.

…Халамж, хайрын үгээр угтдаг эхнэр нь тэр орой араатан шиг авирлажээ. Уурлалаа, уцаарлалаа гэхэд дуугаа хурааж, бүр хэлгүй юм шиг болдог эхнэр нь хаалгаа онгойлгонгуутаа: -Чи намайг ямар их доромжилдог юм бэ. Намайг сохорсон, дүлийрсэн гэж сонсоогүй биз гээд цамнаж гарчээ. Эхлээд аргадаж, юу болсныг асуусан боловч Содгэрэл тайтгарсангүй. Харин улам бухимдан хашгичав. Хуриман дээр нь Хашаагийн эгч бэлэглэсэн хамгийн хайртай хос зааныг хага шидсэнээ: -Чиний амьдралын билигдэл ийм боллоо. Энэ бүгдийг чи хүсч байгаа. Тийм үү хэмээн тачигналаа. Хэдэн хэсэг болсон зааныхаа араас ухасхийснээ орхиод, Хашаа хаалгаа саван, гарч ирсэн нь энэ. “Хашгичаж хэрүүл өдөөсэй. Тэгвэл далимдуулаад Минжээтэйгээ сууна” гэж төлөвлөчихөөд, мөн ч олон удаа хаалганы хонхоо дарж байсан даа. Гэтэл “Хань минь” гэх чин сэтгэлээ өвөрлөн очиход ингэж авирласан эхнэртээ ихэд гомджээ. Хашаа, Минжээ хоёр юу ч ярилгүй хэсэг хэвтлээ… -Нандигнадаг байсан шаазан заан маань эргэж наалдахгүйн адил миний амьдрал эвлэрэхээс өнгөрсөн. Хоёулаа сайхан амьдарна аа гэснээ Хашаа босч цонхны хөшиг цэлийтэл татав. Нар манджээ. Үүлгүй, цэлмэг сайхан өдөр. Гэвч цонхоор энэ сайхан бүгдийг харж байгаа залуугийн дотор харанхуй татан, хүйт даагаад байлаа. Хашаа өөрийгөө тайвшруулахыг хичээв. “Шинэ өглөөний нар. Шинэ амьдралыг гийгүүлж байгаа нь энэ…” хэмээн гүехэн бодолдоо түр тайтгарсан Хашаа цонхоор харан зогссоор байлаа. Түүнийг харж хэвтсэн Минжээ өндийснөө хэвлий дэх үр нь хөдөлж байгааг мэдрэн, хөнгөхөн дуу алдлаа. Тэгснээ бүсгүй нар өөд харан зогсох Хашаагийн дэргэд очив. -Миний хайр, бухимдаж, гоморхолгүй тайван бод. Тэр хүний буруу гэж байхгүй шүү гэв. Хашаа хөдөлсөнгүй. Цонх руу харан зогссоор… Хаалганы хонх дуугарахад Хашаагийн царай хувьсхийснээ Минжээ рүү “Онгойлго” гэж дохилоо. Хашаагийн найз Санаа, Батук хоёр эхнэрийн нь хамт орж ирэв. Тэд үүдэнд зэрэгцэн зогсоод бүхнийг нэвт шувт харах мэт цоо ширтлээ. Хөлс нь чийхарч, байж ядсан Хашаа тэдэн рүү дөхөж очсоноо: -Сууцгаа хэмээн сулхан дуугарснаа: -Гарч ярилцацгаах уу гээд Содоо руу харлаа. Эхнэр нь багтаж ядах нулимсаа гүдхийтэл залгиад, өөр үг хэлсэнгүй. Эвлэж, гавлахгүй байгаа энэ байдлыг харж зогссон Минжээ: -Би та нарыг ямар асуудлаар ирснийг ойлгож байна. Хашааг, бас намайг уучлаарай гэснээр битүү, түгжигдмэл уур амьсгалыг эвдлээ.

-Хашаа, гурван хүүхдэдээ сайн аав нь, айлын сайн эзэн хэвээрээ байх болно оо. Амьдралд нь ан цав суулгасан, намайг уучлаарай гэж хэлснээ Содоогийн өмнө өвдөг сөхрөөд, эхэр татан уйллаа. Минжээгийн гараас татаж босгоод, Содоо тэр хоёр гал тогооны өрөө рүү оров. Санаа, Батук хоёр Хашааг дагуулан гарлаа. Минжээ өөрийн амьдралаасаа юу ч нуулгүй ярив… – Хайртай хүнтэйгээ заавал хамт амьдарна гэж мунхаглан бодож байсан үе бий. Одоо миний бодол өөр болсон. Аавыгаа санах, хүлээх ямар хэцүү байдгийг би мэднэ ээ гээд нулимсаа арчсанаа: -Миний аавыг ч гэсэн нэг бүсгүй ээжээс минь булаасан юм билээ. Тэр үед би “Аавыгаа ирнэ. Заавал ирэх учиртай” гээд хүлээдэг байлаа. Аав минь буцаад ирсэн бол миний ээж ийм эрт бурханы орон руу явахгүй байсан гээд яриагаа таслан, хүйтэн ус залгилав. Тэгснээ: -Та Хашааг уучилж чадах уу гээд Содоо руу харлаа. Толгой дохихыг харсан Минжээ нулимстай нүдээрээ инээгээд, Содоогийн тасралтгүй бөмбөрөх нулимсыг арчиж, өглөө. Уярал, ухаарлынх болоод тэр үү түүний нулимс бүлээн, илүү бүлээн санагджээ. Содоог гарч ирэхэд харц буруулсхийн, тосч авсан Хашаа: -Намайг уучлаарай, хань минь гээд тэврэн авав. “Нандигнасан шаазан тоглоом хагарсан ч насны хань хагардаггүй юм байна” хэмээн бодоод Хашаа эхнэрийгээ хөтөлсөөр гэртээ орлоо. … “Хашаагийн гурван хүүхэд аавыгаа хүлээхгүй, аз жаргалтай байна” гэхээс баяртай байвч “Миний хүү ээж шигээ үл үзэгдэгч аавыгаа хүлээх нь… ” гэх гуниг Минжээг дагана. …Таван жилийн дараа Англиас хүүгээ бас нөхрийгөө дагуулсан Минжээг Нисэх онгоцны буудал дээр тосч авсан Хашаа “Миний хүү” гээд чанга дуудмаар байвч “Хүний сэтгэлд юм хийчихвэл дэмий” хэмээн бодоод хүүгийн духан дээр чимээгүйхэн үнэрлэв. Минжээ буурь сууж, улам сайхан харагдахад “Миний ханийн уужим, тэнүүн ухаан энэ зэрэгтэй явахад нь тус болсон доо” хэмээн эхнэрээрээ бахархлаа. -Аав аа, та намайг өргө хэмээн эрхлэх хүүг шилэн хүзүүн дээрээ суулгаад Минжээг хөтлөн алхах залууд өөрийн эрхгүй баярлав. Тэднийг хүргэж өгөөд буцахад Хашаагийн нуруун дээрээс дараад байсан ачаа алга болсон байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!