“ЭЭЖ MИНЬ БИДНИЙГ ХАЯЖ ЯВААД Ч ХАМААГҮЙ САЙХАН Л АМЬДРААСАЙ…”
“ЭЭЖ MИНЬ БИДНИЙГ ХАЯЖ ЯВААД Ч ХАМААГҮЙ САЙХАН Л АМЬДРААСАЙ…”
Би одоо бараг л 20 настай. Багаасаа зожиг хүүхэд байсан болохоор тийм дотны найз нөхөд ч байхгүй. Сэтгэлээ нээгээд итгээд ярилцчих хүн ч бараг үгүй. Зожиг дуугүй байдлаасаа болоод маш их гадуурхагдаж муулуулдаг байсан. Зүгээр л харилцааны тал дээр асуудалтай хүнийг яагаад хүмүүс ойлгоод зүгээр орхичихож болдоггүй юм бол доо. Гэр бүл, сургууль гээд орчин тойрноосоо асар их стресс, уур бухимдал авдаг байсан болохоор нэг л мэдэхэд зүрх салганадаг, түргэн ууртай болчихсон байсан. Хүний зан араншинд орчин тойрон нь 100% нөлөөлдөг гэж энэ. Гэр бүл маань ч тэр таагүй хүйтэн уур амьсгалтай. Аав гэдэг хүн маань үнэхээрийн хэцүү төвөгтэй хүн.
Юм болгоноос өө хайгаад аар заяа үзүүлэлгүй байнга хэрүүл хийж харааж зүхдэгээс нь болоод гэрт тайван байх өдөр гэж байдаггүй байлаа. Согтвол тэгээд бүр дуус дуус, шөнө орой орж ирчихээд хамаг уураа гаргаж есөн бусаар харааж орилж чарлаж бид нарт уураа гаргадаг. Хог нoвшнууд л гэнэ, өөрийг нь хайрладаггүй л гэнэ, та нарыг тэжээх гэж зовж байна л гэнэ, aлнa тaлна л гэнэ.
Тэрнээс ч айшигтай үгс хэлдэг. Хичнээн стрессдэж амьдрал хэцүү байсан ч хүн болгон ингэж гэр бүлрүүгээ агсраад байхгүй л байх. Болиод өг битгий ингээд бай гэж уйлан гуйж үзсэн ч “та нарыг хайраар дутаагаагүй жаргалтай өсгөсөн энээ тэрээ гээд үнэндээ л үг авахааргүй хатуу сэтгэлтэй хүн. Хооллож ундалж байснаа хайр гэж боддог.
Үр хүүхдээ зовлон ачаа гэж үздэг тийм хүн өдийг хүртэл хаяад явчихаагүй нь бас яамай. Онц сураад өөрийгөө тэжээдэг болчихоод ээжийгээ сайхан амьдруулна гэсэн л бодолтой хичээл номоо хичээнгүйлэн хийж сургуулийнхаа ч тэргүүний сурагч байсан ч аав гэх хүнээс ганц ч удаа магтаалын үг, ер нь сайхан үг сонсож байсан удаагүй.
Сургууль дээрээ ямаршуухан хэцүү байдгийг минь мэдэх байтугай хаана сурдгийг минь ч мартчихдаг тийм л хүйтэн хүн. Ах дүү бид гурав ч яахав тэрэнд нь бараг дасаад дөжирчихсөн болохоор заримдаа өөдөөс нь хэрэлдээд тэр нь бүр даймжирдаг ч болчихсон. Энэ бүх цаг үеүдэд ээж маань л хамгийн их зовлон үзсэн хүн. Миний хувьд үxэл хагацал хамгийн том зовлон биш. Дэргэд байгаа ээж минь “үxэх юмсан ингэж амьдармааргүй байна угаасаа удахгүй үxээд өгнө мэдэж байна” гэж хэлэхийг сонсох л хамгийн том тaм. Аргаа бараад ингэж ярих вэ дээ. Үxлээс бусдыг зовлон биш гэж үздэг мунхаг үзлээрээ ийм зовлонтой хүнийг битгий шархлуулаарай.
Үнэндээ хар багаасаа би эцэг эхээ салаасай гэж мөрөөддөг байсан. Мөрөөдөл шүү. Хүүхдүүд тэнчээ ирээдүйгээ төлөвлөөд баян болно ээждээ тэгж өгнө энээ тэрээ гэж ярьж байхад би зүгээр л салалт хүсдэг байлаа. Ээж маань бид нарыг хаяж яваад ч хамаагүй сайхан амьдарч л байвал, энэ хүнээс салж л байвал болоо гэж боддог байсан.
Харамсалтай нь ээж маань тийм зүйл хийхээргүй гайхалтай хүн байсан. Хичнээн хараалгаж ганцаардаж зовж шаналж уйлж байсан ч ганц ч удаа гэрээ орхиод явж байгаагүй зүгээр л уйлаад суудаг, удахгүй тэрийгээ мартчихдаг тийм л тэвчээртэй бас үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй хүн. Энэ занг нь л би хамгаас их үзэн яддаг байсан юм.
Анхандаа ажил хийж харанхуй шөнөөр хүүхдүүдээ цуглуулж аваад түлээ нүүрс зөөж хүйтэн гэрт ирдэг, шөнө нь унтаж чадалгүй өглөө нь гараад л явдаг байсан тэр өдрүүдэд ээжид минь тулаад түшчих хүн жаахан хүүхдүүдээс нь өөр байсангүй. Эсвэл ядаж тэр хүн ээжийг минь хайрладаг байсан бол, ээжийг минь жаргалтай байлгаад бид нарт л тэгж ханддаг байсан бол дуугүй өнгөрчихөж чадах л байсан.
Даанч тэгээгүй. Ээж маань заримдаа хэлдэг л дээ, нэг гэрт орсны дараа л хүний жинхэнэ чанар танигддаг гэж. Ирээдүйд хүнээ зөв таньж суугаарай гэж. Өөрөө алдсан болохоор тэгж л захидаг. Аав гэдэг хүний нэг авах юм нь ажилдаа сайн, маш хөдөлмөрч хүн. Гэр орондоо бас хааяа анхаардаг болохоор нэг юм хоол ундаар дутаад байдаггүй ч хайр халамж, эцэг хүний орон зайг үгүйлдэг байсан нь үнэн.
Сургуулиас байн байн мөнгө татна гээд тэрийг хэлэхээр бөөн юм болж байж нэг юм өгдөг болохоор би ч хурдан л ажил хийгээд өөрийгөө тэжээдэг болох юмсан гэж бодсоны үндсэн дээр дунд ангиасаа бие даалт мэтийн жижиг сажиг юм хийгээд хэрэглээний мөнгөө олдог болсон. Ахлах ангидаа ажил хийж эхэлснээс хойш бүх хэрэглээгээ өөрөө зохицуулж гэр орондоо ч тус нэмэртэй болсон.
Тэгсэн ч аав гэдэг хүн хөдөлмөрийг минь үнэлээгүй. Ганц удаа сайн байна гээд хэлчихээгүй “би өдийг хүртэл тэжээсэн биздээ өөрийгөө тийм мундаг гэж бодоод байгаа юм уу” гэхчилэн ахиад л хараасаар. Дунд сургуулиа төгсөх жилдээ тэр хүртэл ажил хичээлээс өөр зүйл бодолгүй амьдарсан би мэдрэлийн ядаргаа бас бус өвчнөөс болоод бараг л тэр жилжингээ эмнэлэг хэсэж нилээн хэцүүхэн өнгөрөөсөн.
Адистатаа л арай гэж авах шив. Их сургуульд сурах хүсэл угаасаа нэг их байгаагүй болохоор өөрийнхөөрөө ажиллаж амьдарна гэж зүтгэсээр хувийн бизнесээ үргэлжлүүлж байсан. Тэр үед ч бас “ажилгүй боловсролгүй “сэтгэцийн өвчтэй, удахгүй сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлнэ “гудамжны гуйлгачин болно чамайг тэжээж чадахгүй гэсээр л.
Тэр бүх дарамтыг тэсэж хичээсний дүнд ямартай ч дажгүй байгаа. Мөнгөө цуглуулж ажиллахынхаа хажуугаар сурна гэж төлөвлөж байснаараа энэ жил МСҮТ нэг жилийн мэргэжлийн ангид орсон. Цаашдаа ч тасралтгүй сурч хажуугаар нь ажиллаад өөрийнхөө амьдарна гэж зорьсон зүйлс байгаа. Би ном унших дуртай. K-Pop дуу сонсож дугуй унан гадуур зугаалах дуртай.
Бороотой өдөр кофе уунгаа кино үзэх дуртай. Хүмүүсийн амьдралын түүхийг сонсож хэцүү үед нь зөвлөгөө өгөх дуртай. Дэвтэр ном эргүүлж гадаад хэл, шинжлэх ухаан судлах дуртай. Өөртэйгөө ярилцаж өөрийгөө сонсох дуртай. Сурлаа л бол дээд боловсрол эзэмшлээ гэдэг их сургуулийн босгыг даваагүй ч, эцэг эхийн халамжийг бүрэн дүүрэн мэдэрч томчуулын заавар зөвлөгөөгөөр амьдраагүй ч буруу зам руу хазайлгүй өөрөө өөрийгөө чиглүүлж сурсан тийм л энгийн нэгэн 19 настай охин. Боловсролгүй, сурсан юмгүй гэж над шиг хүмүүсийг битгий яаран дүгнээрэй.
Дипломгүй байлгаа гээд хүн чанаргүй адгийн юмнууд болчих юм шиг ярих юм. Ямартай ч одоо бол гэрийнхэнтэйгээ амьдарч байгаа, ээж минь хэдэн жилийн өмнөөс ажиллахаа болиод гэрийн мухар сахидаг байсан ч ажиллахыг л хүсдэг байсан. Өнгөрсөн жил нээсэн дэлгүүр дээрээ одоо ээжийгээ ажиллуулж байгаа.
Хэдий өнөөх л хэцүү аавын үгсийг одоо ч сонсож хааяада стрессдэж бухимдсаар байгаа ч бас л тэсээд л гарахгүй гээд яахав. Цаашдаа илүү хөдөлмөрлөж илүү ихийг суралцаж хөгжиж, ойрын хэдэн жилдээ бүр том бизнес эхлүүлэх зорилготой. Одоо ч аав, орчин тойрныхон гээд хүний ч муу үгийг тоохоо больсөөн. Нээх юм боддог ч үгүй. Тийм хүмүүст нэг их өш санаад уурлаад үзэн ядаад байдаг ч үгүй. Өөрийгөө л зовоохын нэмэр юм билээ.
Энэ хүртэл өөрөө л шахуу бүгдийг нь сурч, хэцүү зүйлсийг давж ирсэн болохоор амьдралаас олон зүйлийг ойлгож авсан. Айлын эрхийн тэнэг байгаагүйнхээ ачаар, тэгж зөнд нь хаясны чинь ачаар амьдралын талаар багаасаа суралцаж, биеэ дааж, өөрийнхөөрөө амьдрахын сайхныг мэдэрлээ. Үеийнхэн маань тоглож наадаж ууж зугаалж явдаг өсвөр насан дээрээ хөдөлмөр гэдэг зүйлийн үнэ цэнийг мэдэрч хүнийг ч таньж өөрөө өөртөө л найдаж амьдрах ёстой гэдгийг сурлаа.
Хүсэл зорилго, хөдөлмөр хоёр байхад хүн өөрийнхөө амьдралыг босгож болдог гэдгийг, бусдын хараал магтаал хамааралгүй өөрөө өөрийгөө хайрлаж өөрийгөө сонсоод сурчихсан байхад алзахгүй юм байна гэдгийг ойлгож авлаа. Өөртэйгөө ижил гэр бүлийн болон харилцааны асуудалтай хүүхдүүдэд хандаж хэлэхэд битгий бууж өгөөрэй. Бид өөр өөрсөддөө оноогдсон амьдралыг цааш түлхэлгүй хүлээж аваад тэсээд гарах л ёстой.