MngNews

“ЭЭЖ ЭЭ, ТА ХААНА БАЙСАН ЮМ БЭ” – Бодит амьдралаас

421 дүгээр хорих ангийн нээлттэй өдөрлөгөөр хүмүүжигч Болдбаатарын эхнэр хүүхэд түүнийг эргэх гэж иржээ. Тэрбээр хүүгээ төрснөөс хойш огт чараагүй гэнэ. Залуу гэр бүлийнхэн бусдаас зайдуухан суух аж.  Төрөөд удаагүй байгаа хүүгээ тэвэрчихээд эхнэрээ хөтлөөд л хорих ангийн хашаан дундуур алхаад байх юм. Мөн Хөвсгөл аймгаас 80 гаруй насны хоёр хөгшин иржээ. Тэр хоёр хөгшин ганц хүүтэй юм байна. Найзынхаа хуриман дээр зодоон хийж танхайраад гурван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Мөн бусдын халааснаас хулгай хийдэг, гэр хорооллын айлуудын гэрээс хулгай хийдэг, дээрэм хийдэг байсан гээд бүлэглэл бүхий залуус ч тэнд хоригдож байна.

“ЭЭЖ ЭЭ, ТА ХААНА БАЙСАН ЮМ БЭ”

Бусдын биед онц хэмжээний хохирол учруулж долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн 35 настай Н.Наранхүү гэх залуу айлын ганц өргөмөл хүү гэнэ. Тэрбээр энд ирэхээсээ хоёр жилийн өмнөөс ээжтэйгээ уулзаж чадалгүй явсаар өдгөө дөрвөн жил болж байгаа юм байна. Тэрбээр сүүлийн үед “Ээжтэйгээ л уулзах юмсан. Ядарч яваа юм шиг санагдаад байх юм” хэмээн үргэлж ярих болсныг хорих ангийнхан ярьж байв. Тиймээс түүний ээжийг хорих ангийн албан хаагчид сар гаруй хайсны эцэст Дамбадаржаад дүүгийндээ амьдарч байхад нь олж, ийнхүү өргөмөл ганц хүүтэй нь уулзуулахаар авчирч байгаа нь энэ. Бид 82 настай Н.Нина гэх хөгшнийг дагуулаад хорихын хаалгаар орсон юм.

Тэрбээр “Хүү минь ямар болсон бол. Эцэж, ядраа болов уу, миний ганц хүү. Хүүтэйгээ уулзалгүй явсаар өдий хүрлээ. Энэ хугацаанд гадаа хүртэл хонож байна даа. Ах, дүү гээд олон хүн байхгүй. Дүүгийн эхнэр уур нь хүрэхээрээ гэрээсээ хөөгөөд гаргачихдаг юм. Дүү хүүхдийнхээ толгойг бариулна гэж гэр рүүгээ авч явснаас хойш дөрвөн жил хүүтэйгээ уулзсангүй. Энэ хугацаанд л бид төөрчихсөн хэрэг. Гэтэл энд байжээ, хүү минь. Шоронгоос гарахад таван жил дутуу гэнэ. Хөгшин би яаж хүлээж чадав гэж. Батсүмбэрийн асрамжийн газарт очих юмсан гэж бодох юм” хэмээн бидэнд ярьж явлаа. Тэгтэл 30 гаруй насны залуу биднийг чиглэн хамаг хурдаараа гүйн ирж, Н.Нина гуайг тэвэрч, нуруу нь намсаж, жижигхэн болсон ээжийнхээ энгэрт өвдөг дээрээ сөхөрч суугаад наалдан “Ээжээ намайг уучлаарай. Та хаана байсан юм бэ. Таныг хаана байгаа бол гэж байнга боддог” гээд л цурхирч гарав. Ээж нь ч урчийж, хорчийсон жижигхэн гараараа хүүгийнхээ толгойг илэн уйлж зогссон. Хэсэг уйлалдсаны эцэст Н.Наранхүү ээжийгээ жаахан хүүхэд өргөж байгаа юм шиг тэврээд өрөө рүүгээ орсон юм.

Ихэнх хоригдол ар гэрийнхэнтэйгээ гадаа уулзаж байгаа бол цөөн хэд нь дотор байв. Наранхүү ээжийгээ орон дээрээ суулгаад ээжийнхээ авчирсан сүүг буцалсан устай холин аягалж өгөөд, боов, чихрээ өмнө нь дэлгээд гэртээ байгаа юм шиг л дайлж харагдсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө Н.Нина гуайн хамаатан хүүхдийнхээ толгойг бариулна гэж гэр рүүгээ авч яваад гэрт нь буцаагаагүй аж. Энэ хугацаанд Н.Наранхүү гэртээ байж, хамаатан садныхнаараа хайсан ч ээжтэйгээ уулзаж чадаагүй гэнэ. Тэгж явахдаа Наранхүү хүнтэй муудаж, зодолдоод долоон жилийн хорих ялаар шийтгүүлэн энд ирээд хоёр жил гаран болоод байгаа нь энэ юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!