“ЭЭЖ НЬ ГОЛООД ЯВСАН Ч ААВ НЬ ХАЙРААР ДУТААХГҮЙ” – Бодит амьдралаас

ЭЭЖ НЬ ГОЛООД ЯВСАН Ч ААВ НЬ ХАЙРААР ДУТААХГҮЙ

Эр хүн юу эсийг үзэхэв дээ. Би 20 настайдаа үнэхээр хөөрхөн бүсгүйтэй танилцаад дотноссоод 3 4 жил үерхэж найзалж юм юм л боллоо. Тэдний гэрийхэн яагаад ч юм анхнаасаа надад дургүй байдаг байсан юм. Тэгэхээр нь би ч тэдний гэрийхэнтэй уулзахаа больсон. Ээж нь бол нас явсан тэтгэвэрийнх, бас хөдөө байдаг. Бид хоёрын амьдралд нээх ордоггүй байсан юм. Эгч нар нь л гэж юмнууд сонин сонин юм яриад л байдаг байлаа. Тэгэж явж байгаад нэг өдөр эгч нь надтай уулзлаа. Найз бүсгүйг маань зодоод нүүр амыг нь хөхрүүлчихсэн байв. Тэгэхээр нь ингэж амьдрана гэж юу байсан юм. Эд нар миний амьдралд оролцох ямар гавъяатай хүмүүс вэ гэж бодоод найз бүсгүйгээ манайд ирж амьдар гэж хэлсэн чинь хариулж онц юм болсонгүй. Тэгэж байгаад 6 сарын дараа нөгөөтөх маань хамаг юмаа аваад манайд хүрээд ирлээ. Үнэндээ надад тэр явдал таалагдаагүй л дээ. Хүрээд ир гэхэд дугараагүй байж бүүр сүүлд нь ирэх нь онцгүй л санагдсан. Гэхдээ намайг гээд гүйгээд ирж байгаа хүнийг гээд бид хоёр хамт амьдарч эхэлсэн л дээ. Би ч ахынхаа гэрт байдаг байсан болохоор ахын байрны жижиг өрөөг зүгээр л өмчлөөд авчихсан л даа хэхэ. Хоёр жил гаруй сайхан л амьдарлаа. Хэрэлдэнэ, муудалцана, янз бүр л болно. Дундуур нь салж ч үзсэн. Тэглээ гээд бие биендээ хайртай юм болохоор яаж ийж байгаад л эвлэрэлдчихдэг байв.

Нэг удаа салаад нийлэхэд тэр ирээд л би жирэмсэн гээд эхлэв. Би ч нээх хүндээр ч тусгаж авалгүй тэгэсхийгээд л одоо яахав хоёулаа ярилцнаа гээд л өнгөрсөн юм. Тэгэж байж байтал нэг удаа найз нь надад ярьсан юм. Наадах чинь чамаас салаад нэг хүнтэй болсон гээд. Шалгаад үзсэн чинь үнэхээр л байсан нь үнэн болсон. Өөрөөс нь ч шалж байгаад асуугаад би ч уурлахаасаа илүү гомдсон л доо тэр үед. Тэгээд хэллээ үнэндээ ийм юм болсоны дараа би чамайг миний хүүхдийн ээж мөн биш гэдэгт эргэлзэж эхэлж байна, гэхдээ үнэндээ чамд хайртай, чамтай л сууна гэж энэ олон жил хамт байсан юм болохоор одоо хэрэлдэж муудалцалгүй сайхан амьдарнаа гээд л ам тангараг бие биендээ өгөөд хамтдаа аж төрж эхлэв. Үе үе муухай бодол орж ирнэ л дээ. Минийх мөн болов уу? Одоо яах уу? Гэж бодох тоолонд би өөрийгөө зоригжуулна. Чи бол эр хүн чи энэ хүнд хайртай, чинийх мөн ч байсан биш ч байсан чи аав нь болох учиртай гэж шийдсэн биз дээ гээд л өөрийгөө олиггүй юм боддог шаар вэ гэж бодоод л өнгөрнө. Би ч аав болох бэлтгэлээ хангаад цаашид яах талаар төлөвлөгөөгөө гаргаад л, ер нь эхнэр нөхөр болох бэлтгэл бүрэн хангагдаж эхэлж байлаа. Тэгэж байтал нөгөөхийг чинь нөгөө үзэн ядаад байдаг эгч нар нь дуудаад хүүхэд хараад өг гээд нөгөөх чинь ч явна, очно гээд салахгүй байхаар нь шөнийн 12 цагт зүв зүгээр байдаг машинаа асаагаад хөдлөх гэсэн асдаггүй.

Ноцолдож ноцолдож шөнийн 2 цагт асаагаад хүргэж өгөв. Очиход муу сайн юмнууд өөдөөс яасан удсан юм ухааны юм ярьж л байв. Би ч тоолгүй гараад явсан л даа. Үнэндээ би явуулах дургүй байсан юм 7 сартай цүдгэр хүнээр хүүхэд харуулна гэхээр нь. Тэгээд 2 хоног хүүхэд харж байгаа нэртэй нойргүй, хоолгүй байгаад ус нь гараад түргэн авав. Онцгүй хүмүүс онцгүй л байдаг юм байна лээ. Өөрийнх нь хүүхдийг хараад ус нь гарж байхад ажилтай гэж гараад явчихсан байсан. Би гэрээсээ гараад хар хурдаараа очлоо. Очсон чинь эмнэлэгийн гадаа хөөрхий ус гараад гэчихсэн ганцаараа зогсож байв. Эмч нар нь ч тэр дуудахаар орж ирээрэй гэсэн, эгч нар нь ч байхгүй. Эгч нар нь л хачин амиа бодсон юмнууд байснаас манай хүн ч уул нь хүүхдээрээ, хөөрхөн охин байсан юм. Хөөрхий ганцаараа хэцүү байх байлгүй гээд эмнэлэгийн гадаа эмнэлэгээс гарах хүртэл нь би тасралтгүй өдөр шөнөгүй байв. Орж болохгүй гээд байхаар нь 10 хоног гадаа машинд амьдарч билээ. Тэр үе үнэндээ гоё байсан. Нойргүй хоолгүй байсан л дээ. Гэхдээ л миний хүү ямар байх бол гэж бодон өдөр шөнөгүй төсөөлж, нэр бодон сарлуу харан суух шиг жаргал гэж үгүй юм билээ. Долоо хоног ус нь гарж, өвдөж барьсаар 10 дахь хоног дээр нь 1,8кг хүүтэй болов. Би ч бөөн баяр. Тэгсэн хүү минь уруул тагнайн гэмтэлтэй байсан юм байна лээ л дээ. Би ч төрөхийн орон дээр байхад нь хэллээ, миний ханиа одоо 3-уулаа сайхан амьдарнаа гэхэд тэр дугарсангүй. Би ч нээх юм бодолгүй гараад явчихав. Энэ өдрөөс л бүх зүйл эхэлсэн дээ.

Эгч нар нь ингэж хэлсэн байгаан: -наад хүүхэд чинь одоо амь гарахгүй, тэглээ ч өвчтэй хүүхдээр яах гээд байгаа юм, наад хүүхдээ хаяад яв гэж эмнэлэгээс гарах хүртэл 7 хоног ятгасан байгаа юм. Үүнийгээ надад хэлээгүй байгаа юм. Даанч ааш нь өөрчлөгдөөд нэг л сонин байгаад байсан. Эмнэлэгээс гарсан өдөр бид нар чинь шинэ хүн ирлээ гээд л сүйд болоод л, манай аав хөөрчихсөн согтуу амьтан инээд алдаад гүйгээд л ёстой л манай гэрийнхний их баярлаж байгааг. Ойрын 10 жилд л ингэж их баярлаагүйсэн. Тэгсэн тэр орой нөгөө талаас гэрийнхэн нь ирж байна гэхээр нь хаалга тайлаад л орууллаа, манайхан ч хоол цай болоод л байж байтал нөгөөдүүл чинь цай хоол хэрэггүй гэж томроод салдаггүй, за яасан гэхэд яриа байна гэнэ. Тэгээд л бөөн хэрүүл болов. Танай удам гажигтай манай удамд өвчтэй хүүхэд байхгүй гээд л би ч сүүлдээ аргаа бараад зайл гэж хөөж үзлээ үг авахгүй тэнэг тэнэг юм яриад байхаар нь суугаад л байлаа, сүүлд нь нөгөөхөө аваад явна л гэж байна би яв л гэсэн. Үнэндээ тэр хүүхэн өөрөө л зyлбyyлдаг эм авч уусанг нь сүүлд нь мэдсэн. Би ч чи яв ч гэлгүй явахаар бол миний хүүг үлдээгээд яв гэсэн. Тэгээд л би ганц бие аав боллоо доо. 7 сартай дутуу төрсөн, 1800гр жинтэй, үзье гээд мах байхгүй, яс арьс л байж билээ тэр үед.

Эх нь голоод явчихсан царай муутай амьтан гээд бод л доо. Уруул ам нь онгорхой, хиймэл тагнай хийчихсэн, өглөө орой тагнайг нь авч цэвэрлэж амрааж наадаг, гээд л их л ажилтай байдаг байв. Тэр өдрөөс их л юм боллоо. Төрөхөөс бусдыг үзэж, эх хүн ямар байх талаар бүхнийг судалж, яалтачгүй өөрийн гараар хүүгээ өсгөлөө. Эрэгтэй хүн ганцаараа хүүхэд өсгөнө гэдэг чинь үнэхээр л хэцүү санагдана. Заримдаа ганцаараа дэр тэвэрч уйлна, хүүгээ тэвэрч уйлна. Миний амьдрал салхинд хийсэх шиг л санагдсан. Тусдаа гарах гэж байсан хүн болиод ахынх, ээжийнх хоёрын дунд ирэн очин байдаг болов, сайхан ажлын санал ч олон ирж байв, үнэхээр хүүхэд харах хүн байхгүй болохоор ажил ч үгүй, мөнгө ч үгүй ёстой л олон түмний буянаар хүүгээ өсгөв. Одоо хүү минь одоо бусад хүүхдээс ялгарахгүй царайлаг, аавын хайраар дуталгүй өсөж, эрүүл саруул гэж жигтэйхэн, торинож байна. Одоо хүү минь 2 настай, би сарын 2 саяын орлоготой ажил хийгээд тусдаа гарчихсан сайхан л амьдарч байна. Миний бие гадаадад их сургууль төгссөн, царайлаг биш ч хаана ч биеээ аваад явчихаар соёлтой нэгэн. Нэг л юм бодогдох юм. Би одоо эмэгтэй хүнд итгэж чадахгүй байх гэж айгаад, яаж шуухан хүнтэй сууна л гэж бодох юм. Мөрөөдлийн бүсгүйтэйгээ сууна гэж бодохоор хүүхэдтэй намайг тоохгүй болов уу гэж айх юм даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!