MngNews

“ЭЭЖ НЬ АЯГА ЦАЙГАА ХУВААГААД УУХ ХҮНТЭЙ БОЛЧИХВОЛ…” – НУЛИМС ЦИЙЛЭГНҮҮЛЭН УНШЛАА

“МӨНХӨӨ АХ” – БАЗАРНЯМЫН ГАНСҮХ

Намайг хичээлээс иртэл хашааны хаалга дэлгээтэй байв. Ирэх бүрт л хаалттай дотроосоо түгжээтэй байдаг энэ хаалга онгорхой бүр дэлгэсэн байхыг хараад би яаран гэрт орвол хэн нэгний уйлж байх чимээ сонстов.

Би цүнхээ ширээн дээр шидээд том өрөөнд орвол ээж минь хуримын хос бөгжөө гартаа барин нэлээн удаан уйлсан бололтой нүд нь хавдчихаж. Намайг хараад хүзүүгээр тэврэн уйлахад би юу ч ойлгосонгүй яасан бэ ээж ээ юу болоо вэ? гэж асуусан боловч юу ч дуугарсангүй.

Гэр нэг л хоосон нэг зүйл алга болсон мэт. Би хувцасны шкафаа нээвэл тийм ээ аав явчихаж. Хэзээ нэг өдөр явах байсныг ээж бид хоёр мэдэж байсан ч гэнэт ингээд бүр мөсөн яваад өгнөө гэж яахан мэдэх билээ дээ.

Ингээд л манайх гэдэг айл өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмсэн юм даа. Ээж минь орцонд үйлчлэгч хийж орой нь ирээд шөнөжин юм оёж зах дээр бөөндөж өгдөг. Энэ л амьдралыг авч яваа дайчин бүсгүй.

Би айлын ганц хүү. Гэртээ усаа авч хагалсан түлээгээ оруулж байвал ээждээ том тус хүргэж байна л гэсэн үг. Ээжийнхээ гарыг унтаж байхад нь харахад угаалгын нунтаг ариутгалын бодист нэлээн хордсон бололтой цэврүү үсрээд зарим нь хагарч өндөг нь эвэршсэн байв.

Энэ бүхэнд бид хоёрыг орхиод явсан тэр аав гэж нэр зүүсэн адгийн амьтан бас буруутай. Намайг хүү минь гэж духан дээр үнсэхгүй байж өөр нэгний алаг үрийг мөрөн дээрээ суулгаад баян эхнэр сугадан яваа аавыгаа хараад би ээжийгээ л өрөвдөж байсан бас ангийнхнаасаа ичсэн.

Яагаад гээч : -танай аав бишүү Намнаа чи хардаа гэх хүүхдүүдийн хорсол дагуулсан үг, мөнгөн дээр тогтсон тэдний хий хоосон инээд, гэртээ орох бүрт хоолоо халааж зогсох ээж минь амьдрал ийм хатуу байдаг юм байхдаа.

Ширүүн бороо, Хүчтэй салхи, аpxичин нэгний хаалга ирж нүдэх чимээ, дээрэлхүү нэгний гар энэ бүгдэд ээж минь л намайг ганцаараа хамгаалж ирсэн. Би харин ээжийн сайн хүү болж хичээлдээ онц сурч ачийг нь хариулж байна.

Бага байхад дуртай зайрмагаа авч идэх юмсан хэмээн айлын хүүхдийн идэж яваа зайрмагыг харж ээжийн цалин буухаар заавал авахуулна хэмээн бодож зогсдог байж билээ. Цаг хугацаа улиран өнгөрч ээжийнхээ өвөрт эрхлэн хамт унтдаг нас минь өнгөрч их сургуулийн босгыг алхахад нэг жил үлдсэн байлаа.

Энэ өдөр ээж надад нэг зүйл хэлэх гээд байгаа бололтой над руу ч нэг харан үүд рүү бас харан байн байн өндөлзөнө. Гэрийн хаалгыг хэн нэгэн зөөлхөн татан орж ирвэл хүрэн хослол хар өнгийн потинк цайвар зангиа гартаа тортой зүйл барьсан нэгэн хүн зогсож байв.

Ээж хойморт суулган цай аягалана. Гэрт чив чимээгүй хэн нэгэн нь түрүүлж яриа эхлэх байх хэмээн би хүлээж суулаа. Ээж: Миний хүү Мөнхөө ахтайгаа танилц хэмээн над руу харлаа Намайг дөхөн очвол том залуу юм аа хэмээн духан дээр үнсэв.

Бид хоол идэж элдэвийг ярин суусаар Мөнхөө ах явах боллоо. Ээж үүдэнд гаргаж өгөн эргэж орж ирээд: Алийн болгон ээж нь энэ гэрийг ганцаараа авч явахав дээ ядарч байна. Залуу байхад ч зүтгэдэг л байлаа аав чинь эргэж ирэхгүй гэр бүлтэй болоод явсан хүн.

Миний хүү сургуулийн мөр хөөгөөд явна ээж нь аяга цайгаа хуваагаад уух хүнтэй болвол хэмээн над руу горьдлого тээсэн нүдээр харлаа. Би юу ч дуугарсангүй. Хэдий тэр хүн сайн хүн байлаа ч аавын орон зайг нөхөж чадах болов уу? гэж би шөнөжин бодож хонов.

Мөнхөө ах ирэх бүртээ л манайд юу дутагдаж байна хэрэгтэй бүгдийг авчирна. Хоёр өрөө байрандаа бид хоёрыг аваачиж амьдаръя гэвч ээж дургүйцэж гэр хорооллын шавран байшиндаа амьдарна хэмээн шулуудсан юм. Аав: та хоёр минь яаж байна хэмээн эхэндээ ганц хоёр удаа утсаар ярьдаг байсан ч сүүлийн 5, 6 жил усанд хаясан чулуу шиг алга болсон юм даа.

Мөнхөө ахыг би эхэндээ гэрт ирж хоноод явахад дургүй байвч муу ээжийгээ бодоод юу ч хэлж чадахгүй дуугүй л өнгөрөөнө. Намайг оройтоод гэртээ харихад Мөнхөө ах хашааны гадаа хүлээсээр зогсож байна.

Бааранд орж үеийн нөхдүүдтэйгээ дарвиж явахад ч үүдэнд нь ирчихсэн л байна тамxи нэхэхэд өөрт нь байхгүй байсан ч дэлгүүрээс аваад өгнө. Хичээлээс ирэхэд хоол хийчихсэн хүлээж байна. Бусдаас дутаахгүй гэсэндээ надад үнэтэй брэндийн пүүз хүртэл авч өгөв.

Энэ хүнээс өө хайвч үнэндээ хумсын толио чинээ зүйл нэг ч алга. Өдий хүртэл яагаад ганцаараа явсан юм болдоо. Ээжид минь л хань болох гэж ирж дээ. Хонхны баяраар минь цэцэг барин инээмсэглэн зогсож буй хүн бол Мөнхөө ах.

Амьдралын минь муухай сайхан бүхэнд тэр хүн бид хоёрыг орхисонгүй. Гайт тэр орой би гудамжны үзүүрт согтуу залуутай гар зөрүүлж толгойг нь чулуугаар цохиж хүнд гэмтээж орхив. Торны цаана ганц хүүгээ оруулах болсон ээж минь ямар их шаналсан бол.

Эмчилгээний төлбөр төсөөлөхийн аргаггүй их энэ мөнгийг ээж бид хоёр хаанаас олох билээ дээ. Байцаагч үүд онгойлгон орж ирэх бүрт л хүйтэн хөлс урсана. -За Намнан наашаа суу ямар хэрэг хийсэнгээ мэдэж байна уу? азаар амьд үлдсэн. Наc барcан бол мэдэж байгаа биз хэмээн надруу ширүүн харна.

Амьдралд дөнгөж хөл тавих насан дээрээ ийм хэрэгт орж байдаг дахиж битгий алдаарай явж болно гэв. Би чихэндээ ч итгэсэнгүй хувцсаа солин цагдаагийн хэсгээс намайг гарч ирэхэд ээж биш өнөөх л Мөнхөө ах солих хувцас барин намайг хүлээж зогсов. Би ааваа хүүгээ уучилаарай гээд очиж тэвэрлээ. Амьдралд алддаггүй хүн гэж байдаггүй юм аа дахиж давтахгүй байх л хэрэгтэй хэмээн намайг үнсэв.

Мөнхөө ах хоёр өрөө байраа зарж тэр хүний эмчилгээнд өгсөн байв. Би бүр мөсөн ирлээ гэж цүнхтэй хувцсаа барин манайд ирж амьдарлаа. Хэдийгээр би төрсөн аавын хайр халамжинд өсөөгүй ч намайг хэнээс ч илүү хайрлах Мөнхөө ахын халамж Ээж бид хоёрт аз жаргал, хайр бэлэглэж гэрийг минь дүүргэж байлаа.

Зовсоны эцэст жаргана гэдэг үнэн бололтой ээжийн минь нуруун дахь ачаа бага ч гэсэн хөнгөрөх шиг. Нэгэн өдөр өглөөний цайгаа уун сууж байтал хашааны хаалгаар хэн нэгэн орж ирэв. Ээж гаран орж ирэлгүй удав. Би араас нь гарвал бурхан минь аав.

Нэг сугандаа таяг тулан жижиг цүнх барьсан байхыг харвал эргээд ирж. Ээж минь балмагдан энэ олон жил алга болчихоод бид хоёрыг нохой шиг хаяж явчихаад яах гэж ирсэн юм. Жаргалтай амьдарнаа гээд явсан биш билүү одоо бид хоёрт зовлон авчирах гэж ирсэн үү? хэмээн уйллаа.

Нэг хөлөө өвдөг хүртэлээ тайруулж үс нь нэлээн ургажээ бодвол нөгөөх хүнээсээ салаад удсан бололтой. Би жаргалтай амьдраагүй сүүлийн хоёр жил орц хонгил хэсч явсаар аргагүй гэртээ ирлээ гээд аав ээжийн өмнө сөхрөн уналаа.

Мөнхөө ах манайхаас өөрийн гэсэн зүйлсээ аван элэг бүтэн амьдрал сайхан шүү. Аз жаргал хүсье гээд манайхаас явлаа. Би араас нь гүйж ааваа битгий яв л даа таньгүй яаж амьдрах юм бэ? хэмээн уйлан байж хэлсэн ч би эрүүл хүн арга нь олдоно. Надад очих жижигхэн ч гэсэн байшин бий аав чинь одоо эндээс яваад хаачих билээ.

Уруул дордовч элэг дорддоггүй юмаа миний хүү сайн хүн болоорой ах руугаа хэзээ ч хамаагүй ярьж болно шүү гээд миний мөрөн дээрээс гараа аван цүнхтэй хувцсаа барьсаар гудамж уруудан явлаа. Аавын минь оронд аав болж дутуу амьдралыг минь бүтэн болгосон та минь урт наслаарай. Бидэнд өгсөн энэ их сэтгэл тань танд хэд дахин нугалагдаж очих болно оо аав аа!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!