“ЭЭЖ МИНЬ НАСАН ТУРШДАА ХҮЛЭЭСЭН…” ӨГҮҮЛЛЭГ

“”ЭЭЖ МИНЬ НАСАН ТУРШДАА ХҮЛЭЭСЭН…”” ӨГҮҮЛЛЭГ

Сайн байна уу? Хүү минь. Чамтай уулзана гэдэг шаггүй хэцүү хэрэг байна шүү. Хэдэн өдөр үүдийг чинь сахилаа. Захирал гадуур ажилтай, захирал өнөөдөр хүн хүлээж авахгүй гээд хамгаалагч чинь халгаахгүй юм. – Өвөө та ямар хэргээр явна даа.- Хүү минь. Чи намайг танихгүй байх чинь аргагүй ээ… Би уг нь чиний эцэг юм шүү дээ. – Уучлаарай, өвгөн гуай. Та андуураад байх шиг байна. Миний аав наc баpcан. – Тухайн үед ээж чинь чамд тэгж хэлэхээс өөр арга байгаагүй байх аа. Би гэж тархи нь эргэсэн амьтан. Насаараа л омголон залуу явах юм шиг санаж явж дээ. Одоо хүүгээсээ уучлалт гуйх эрхгүй гэдгээ мэдэж байнаа.

Ямар ч гэсэн хүү минь чи эцэгтэй хүн шүү гэдгээ л мэдээсэй гэж хүссэн юм. – Тийм ээ. Ээж минь миний аавд маш их хайртай байсан гэдгийг би мэднэ. Даанч аав минь намайг гэдсэндээ байхад оcлоор өөд болсон гэсэн. Чиний аав жинхэнэ эр хүн байсан шүү хүү минь. Тийм сайхан хүний хүү болохоор чи сайн л хүн болоорой гэж ээж минь үргэлж захидаг байсан. Тэр хүн богинохоон хугацаанд хамт амьдрахдаа надад бүх насныхаа хайрыг зориулчихсан болохоор, бас хөөрхөн хүү чамайгаа үлдээгээд явсан болохоор ээж нь одоо үxэн үxтлээ хайраар дутахгүй ээ гэж ээж минь надад хэлдэг байсан. Гэвч би ухаан орох тусам ээжийнхээ ганцаардлыг, хайр халамжаар ямар их дутаж явдгийг мэдэрч өссөн.

Ээж минь миний хажууд ганц удаа ч гуниглаж үзээгүй, нэг дусал нулимс ч унагаж байгаагүй юм. Харин тэр нэгэн өдөр… Тэр өдөр миний төрсөн өдөр байсан. Би долоон нас хүрч байлаа. Ээж минь миний төрсөн өдөр бүрийг маш сайхан тэмдэглэдэг байсан юм. Гэхдээ төрсөн өдрийн минь бялууг авах гэж, зоогийн газрын мөнгийг төлөх гэж ээж минь бүтэн хоёр сар ажилдаа явган алхаж, өөрийнхөө идэх хоолыг хасдаг байсныг би хожим мэдсэн. Долоон насны минь төрсөн өдрөөр ээж бид хоёр урьдын адил жаргалтай байлаа. Ээжийн минь нүдэнд хайр гэрэлтээд л… Цонх руу харан сууж байсан ээжийн минь царай гэнэт хачин болчихсон.

Би гайхан ээжийн харж буй зүгрүү хартал том хүрээтэй хар малгай духдуулсан, хар савхин хүрэмтэй ах дээр хараа нь тогтсон байлаа. Тэр ах хачин жаргалтай инээж байлаа. Хажууд нь бас нэг ганган эгч хамт байсан. Хоорондоо ярилцан инээд алдсаар хосууд ганган машинд суугаад яваад өглөө. Тэр машиныг холдон холдтол ээж минь гөлөрсөн чигээрээ суусаар л байлаа. Ээж ээ, та яасан бэ гэж намайг асуухад ээж сая л сэхээ авч надруу харснаа, хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний хүү сайн л хүн болоорой гээд намайг чанга тэврээд уйлсан.

Тэвэрсэн чигээр чичрэн уйлах ээжийн минь зүрх цээжин дотроо дэлбэрэх гэж байгаа юм шиг хүчтэй цохилж байсансан. Хэдий балчир ч гэлээ тэр үед би аавыгаа үxээгүй юм байна гэдгийг шууд ойлгосон. Тэр нэгэн төрсөн өдрөөс хойш ээжийгээ бүр ч ихээр өрөвдөж хайрлах болж билээ. Намайг өвдөж зовоох бүрт, сайхан мэдээ дуулган баярлуулах бүрт, ямар нэгэн баяр ёслолоор ээж минь хэн нэгнийг битүүхэн хүлээгээд байдгийг би улам ихээр анзаарсаар л. Ээж минь хүнд өвчиндөө шаналан хэвтэж байхдаа ч сэтгэл дотроо үргэлж чимээ чагнан, хэн нэгнийг хүлээсээр л байсан. Хүүг нь ийм сайхан эр болгосон шүү гэж ээж минь хэлэхийг хүссэн ч байж болох юм.

Ээжийгээ хайрлан өрөвдөхдөө би ч бас аавыгаа хүлээсэн. Ядаж ганцхан удаа ирээсэй гэж наминчлан залбирсан. Хэн ч ирээгүй. “Эцэг чинь амьд шүү миний хүү битгий ганцаардаарай” гэж өөд болохынхоо өмнөхөн хэлээд ээж минь хүчлэн инээмсэглэж билээ. Харин би сэтгэл дотроо аавыгаа ээжтэйгээ хамт оршуулсан юм. Сайхан ээжийгээ бүх насаараа чин үнэнчээр хайрлаж, итгэл тасралгүй хүлээсэн тэр агуу хайрынх нь эзэнтэй хамт оршуулсан юмаа. Тийм болохоор өвгөн гуай та андуурсан байна. Миний аав ээж хоёр хамтдаа өөд болсон. Уучлаарай…. “ЦАЙ УУХ ЗУУР” БҮЛГЭМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!