“ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ХАЙРЛАХ БОЛОВ УУ…” НУЛИМСТАЙ УНШЛАА

“ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ХАЙРЛАХ БОЛОВ УУ…” НУЛИМСТАЙ УНШЛАА

Зохиолч: Maralmaa Gan

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөс хэд хоногийн өмнө би гэрийнхэнтэйгээ Төв аймаг руу аялахаар явсан юм. Ахын маань сайн таньдаг айлынд очиж хоносон. Өглөө нь гараад харахад үнэхээр сайхан байгалтай газар байлаа. Тэр айлд надтай үе тэнгийн гэмээр нэг хүү байсан. Гэхдээ нэг л дуугүй, бүрэгдүү, их уйтгартай санагдсан. Анх би мэдээгүй л дээ… Очоод сайн уу ? гээд мэндлэхэд надлуу маш удаан харахаас өөр зүйл болсонгүй. Надад их сонин санагдсан… Би багаасаа л их сониуч хүүхэд байсан болохоор “ Чи яагаад ийм бүрэг юм бэ?” гээд л ахиад яриа өдсөн. Тэр маш сул дуугаар “Би өвчтэй” гэсэн юм. “Ямар” гээд би гэнэт л асуучихсан. Тэр “Би ayтизмтай” гэсэн… xэсэг чимээгүй болов. Төд удалгүй би ч үргэлжлүүлэн асуулт асууж, тэр ч төвөггүй хариулсаар бид нар мандахаас нар жаргах хүртэл ярилцчихсан байсан…

Би түүнээс хичээл зүтгэлийн жинхэнэ тусгалыг олж харсан. Тэр үнэндээ өвчтэй биш өвчинтэйгөө олон жил тэмцэж, зовж, уйлж, дахин дахин тэмцсэнийхээ эцэст аль хэдийн ялаад гарчихсан үнэхээр гайхалтай, тэвчээртэй, зоригтой хүү байсан юм билээ…. Тэр ээжийгээ үнэхээр их хайрладаг тухайгаа, түүний амьд явах ганцхан шалтгаан гэдгийг хэлсэн. Түүний “Ээж гэдэг үг тэр үгний эзэн хоёр юу юунаас ч илүү сайхан зохицсон шүү тэ” гэсэн нь яагаад ч юм надад илүү тод үлдсэн сэн. Явахаасаа өмнө нь зохиол бичих хэчнээн дуртайгаа хэлээд, надад ярьсан тэрний гайхалтай түүхээр би заавал зохиол бичнээ тэгээд хэрэгтэй хүмүүст нь заавал хүргэнэ гэхэд тэр үнэхээр чин сэтгэлээсээ баярласан юм. Яг сарын дараа би түүнд амласан амлалтаа биелүүлэхээр таны яг одоо унших гэж буй захидлыг бичиж эхлэсэн.

Үүгээрээ би эх хүний агуу нандин хайрыг илэрхийлэхийн сацуу, ayтизмтай тэмцэж буй хүн болон түүний асран хамгаалагчдад урам зориг, итгэл тэмүүлэлийг өгөхийг хүссэн юм. Сайн байна уу ээжээ… Зүрхнийхээ угаас булгилан буй үгсийг холбон захидал болгон илгээж байгаадаа жаахан сандарч басхүү догдолж буйгаа нуух юун. Булгилан? Энэ л үгийн утга энгийн бус нь захидлын минь шандаст оршино. Ариун сүүний тань дусал над дээр тусах тэр л агшинд хүмүүн заяаг олсноо хүү нь мэдэрсэн. Өглөө болгон таныхаа сайхан энгэрт эрхлэнхэн сэрэхийг, гэгээ цацруулсан мэлмийн тань увидаст төөрөхийг, алдаж онох үедээ таныхаа яруу үгсээр ухаажихыг гээд хүсэж буй зүйлс дэндүү их байсан. Хүслээр минь ч болсон. Бусдаас илүү аз жаргал, бусдаас илүү хайр халамжийг мэдэрдэг байсан. Хорвоогийн бүх гэрэл гэгээ над дээр тусах шиг л болсон.

Даанч хүслийн минь хязгаарт гуниг хурж байсныг мэдсэнгүй ээ… Бүтэн сартай шөнө тасагийн цонхоор хүйт даасан салхи аниргүйдэн орж ирнэ. Үүнтэй зэрэгцэн эмчийн хэлсэн үгс таны минь нулимсаар гунигийн шүүдэр болон над дээр туслаа. Энэхэн хорвоод өвчний урь тээсээр ирсэнг минь та мэдчихжээ… Эхэндээ би айж байсан, намайг ахиад хайрлах боловуу, орхиод явчихвий гэсэн бодлоор мунхаглаж явсан. Гэхдээ эх хүн гэдэг үрийнхээ төлөө хад чулууг ч өргөж дийлэхээр хүч гаргадаг юм билээ… Өдөр хоног өнгөрөх тусам өөрийгөө энгийн бусаар мэдрэх болов. Үеийн хүүхдүүд аль хэдийн хэлд орчихсон, хөгжилдөн тоглож байхад би алхахдаа ч тун тааруухан хэвээр байлаа… Үдшийн бүрийгээр ээлжийн ажилдаа гаран, үүрийн гэгээнээр орж ирэхдээ ганцхан удаа ч ядарлаа гэж хэлэхийг тань би ажаагүй ээ.

Үзгээ ч барьж чадахгүй надад гурван зуун хуудастай ном өгч уншихийг зөвлөдөг байлаа. Таны минь энэ хатуу хийгээд нандин хүмүүжил хүүд нь дэндүү үнэ цэнэтэй. Ээжээ, та тэр нэгэн бороотой өдрийг санаж байна уу. Өвчтэй гэхэд нь хаяад явсан эцэг минь нэг л өдөр хүрээд ирсэн. Намайг санаад, над дээр буцаад ирэх байхдаа гэсэн өчүүхэн найдлага тээж явснаа нуух юун. Гэтэл “Эpэмдэг энэ амьтныг чинь үрээ гэж лав санахгүй шүү, эртхэн авхуулчихгүйдээ чи” гэх нь тэр. Энэ мөчийг юугаар ч зүйрлэж би чадахгүй. Намайг сонсчихвий гэсэндээ ихэд тэвдэж байсан ээжийгээ би их өрөвдсөндөө. Тэгээд би л байхгүй бол та минь жаргалтай байх юм шиг санагдсан. Гэхдээ ангир уургийн тань амтанд хэтэрхий дасчихаад, нар гэрэлтсэн инээмсэглэл тань нүдэнд тороод хүү нь таныгаа орхиж зүрхлээгүй ээ.

Хамгийн гайхалтай эм бол эх хүний үрээ гэсэн сэтгэл юм билээ. Тэр хүнтэй байх боломж байсан ч зөвхөн миний төлөө та зүтгэсэн. Бид олон ч газраар явсан. Боломжгүй, бүтэхгүй гэдэг үгийг олон ч удаа сонссон. Эцэст нь та минь надад өөрөө сургасан. Хамтдаа ном уншиж, зураг зурж, дасгал хийж, дуу сонсох гээд эхнээс нь эхлэсэн. Та минь дэндүү их хичээсэн. Ээж гэдэг үгийг хэлэх гээд мянган удаа оролдсон. Арван мянган удаа уйлсан. Итгэлээр дүүрэн зүтгэлийн тань хажууд өчүүхэн үйл мэт санагдсан. Гэхдээ би чадсан. Ээжээ гэж хэлэх тэр мөчид таниас минь аз жаргалын гэгээ цацарч билээ. Магадгүй хэзээ ч мартахгүй байх тэр зураглалыг… Ээжээ, та миний зүрхэнд гийх оч, шүтэн хүндлэх ачтан билээ. Таныхаа ирээдүйг хүү нь гэрэлтүүлэх болноо… Эх сурвалж: link.medium.com/d0lT98FOZbb

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!