“ЭЭЖ МИНЬ НАДААС БОЛЖ ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ ОРХИСОН…” ӨГҮҮЛЛЭГ
“ЭЭЖ” ӨГҮҮЛЛЭГ
ЛАВАЙН ЭНХСАЙХАН
Гомдоо л биз балай авгай чинь юу гэнээ. Хүн болгон л үр хүүхдийнхээ төлөө санаа тавьдаг биздээ. Миний төлөө юу ч хийгээгүй байж ингэж солиорч байх ямар хэрэг байна дуугүй л тэр гудамжаа шүүрдээд траншейны царайлаад пөөнийгөөд явж байна биз… Хүний төлбөр ч бүтэн хийчихэж чадахгүй байж ичихгүй бас сургууль дээр очиж ангийн багштай уулзаж байгаа шүү Соко намайг лав бөөбөөчингийн хүүхэд гэж бодсондоо. Яадгийн багшийг асуухаар наадхи чинь миний ээж биш би өргөмөл юм. Миний ээж олны танил алдартай жүжигчин эмэгтэй байдаг гэчихсэн юм. Ангидаа хамгийн царайлаг дэгжин сурлага сайтай намайг хүүхдүүд жинхэнэ элит амьтан гэж л бодож байгаа ш дээ гэтэл нэг бөөвийсөн хар авгай би ээж нь гээд ирвэл яахав. Үнэндээ ч энэ авгай өмсөж эдлэх хоол ундаар тэгтлээ дутаагаагүй л дээ \үгүй ядаж л янз янзын дэгжин хувцас хийгээд өгчихнө бас тэгж байгаад их гарын дүйтэй ээ\.
Гэхдээ л энэ бохир халтар гудамж нүх шиг цонхтой хуучин саарал байшин мөчид тарчигхан амьдрал үүр цүүрээр гудамж шүүрдэхээр ажилдаа гардаг аминдаа арчаагүй хар ээжээс ичиж байх суух газраа олж ядавч гарах газаргүй мухардахдаа бусдаас илүү хөдөлмөрлөж бусдаас илүү хичээхээс аргагүй болсоноо ухаарсан би вээр хичээл номондоо хоёргүй сэтгэлээр шамдсан маань онож хоёр ч удаа сургуулийн шилдэг сурагч боллоо… Сурлагатай сийрэг ухаантай, зүс царай бие бялдар сайтайдаа ч тэр юм уу миний амьдрал хаач очиж санасанаар минь өрнөж сайн хань сайн хадам түшээд зогссонгүй ажилдаа ч хурдан өсөж нэгэн аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга болов. Энэ хооронд түүнд \ээждээ\ амьдралдаа нэмэрлэг гэж хааяа хэдэн төгрөг өгсөнөө эс тооцвол түүнээс холдож бас түүнийг хүссэнээрээ мартагнаад тун сайхан байлаа. Гэтэл нэг өглөө ажилдаа ирвэл өнөөх чинь нарийн бичигт минь загнуулж хөөгдөн зогсож байхыг хараад бушуухан зугатаж ойрхон байдаг амралтанд хэд хоног амарчихаад одоо буцсан биз гэж бодоод ирвэл хаусны минь гадаах сандал дээр гэрийн үйлчлэгчтэй минь яриад сууж байна шүү. Тэрбээр намайг хараад ихэд баярласан бололтой урдаас өндийхийг нь харвал улам ч харласанаас гадна турж эцэн бөгтийсөн харагдав.
-Цэнгэлээ миний охин ямар ондоо болоо вэ эвий минь овоодоо гэсээр нулимсаа асгаруулан надруу гараа сарвайн зүтгэх түүний хажуугаар жишимгүй царайлан зөрж -Та намайг амраах болоогүй юу хаа явсан газар минь л гай болж явах юм гэхдээ дотроо бухимдан ундууцаж үхэж далд ороосой гэж бодсоор дотогшоо орж сейфнээсээ 10 сая төгрөг гарган үйлчлэгч авгайгаар өгүүлэхдээ авлага өглөг ингээд цэгцэрлээ гэж бодож байсан маань маш том эндүүрэл байлаа. Оройхон сайхан зантай үйлчлэгч авгай бөөн уур орж ирсэнээ байшингийн минь түлхүүрийг өмнөөс шидэж -Би чамайг овоо хүүхэд гэж бодсон юм сан чи ийм хүн чанаргүй шаар юм уу гээд хаалга тас саваад арилахад нь тархин дундуур мунаар дэлсээд авах шиг болсоны дараа би юу хийчих вэ яагаад гэсэн зүдэргээнт бодолтойгоо тэмцэлдэж хоноод өвдчихсөн мэт үлбэгэр амьтан ажил дээрээ ирвэл нарийн бичиг бүсгүй -Тантай уулзах гэж нэг авгай хэд хоног энүүгээр эргэлдсэн юм танд үүнийг өгөөрэй гэсэн гээд боодолтой юм гаргаж өгөхөд нь авч өрөөндөө ороод задалвал миний өгсөн 10 сая төгрөгнөөс гадна 15 сая төгрөг товчхон зурвас хуучирч шарласан хэдэн зураг бор хавтастай тэмдэглэлийн дэвтэр байлаа… Зургийг нь шүүрэн харвал офицер формтой өндөр цагаан залуугийн мөрийг түшин эрхэлсхийн зогсох нүдээрээ инээсэн нүд хөмсөг болсон гэрэл цацарсан царайлаг цагаан бүсгүйн жавжин дээр байх тод хар мэнгээр нь миний ээж гэж таамаглахдаа золтой л хашгирсангүй.
Хараад баймаар тэр сайхан хос миний аав ээж гэж бодохоор хачин их уярал төрж нэг хэсэг нулимсаа сул асгасанаа бусад зургийг нь үзвэл миний мэдэх сургуулийн оюутан цагийн зурагнаас гадна эгдүүтэй хөөрхөн охин тэвэрсэн гоолиг энхрийхэн цагаан бүсгүйн зураг хэд хэд байсан нь ээж бид хоёрын зураг гэж хоёулангийн минь жавжин дээр байдаг тод хар мэнгээр таамаглаад зурвасыг нь бушуухан дэлгэн үзвэл -Ээж нь охиноо сайн явааг харлаа одоо ээжид нь үхэхэд хоргодох юм алгаа ээж нь мөнгөөр юу хийхэв дээ миний хүүхдүүд сайн сайхан амьдраарай гэсэн утгатай нулимсны нь ормоор толботож нүүсэн, ихэд хичээнгүйлэн бичсэн товчхон зурвас байлаа. Бор хавтастай тэмдэглэлийн дэвтрээс ээжийнхээ оюутан цагийн дэврүүн мөрөөдөл, анхны хайр, хүүхдээ авахуул гэсэн эмчийн шаардлага тусгай албаны шугамаар гадаад яваад чимээ алдарсан аав хийгээд үxэл амьдралын дэнсэн дээр дэнжигнэн байж намайг төрүүлсэн. Үртэй болсоны баяр бахдал олны дотор хөлөө олж ядан дутагдаж гачигдахын зовлон, надаас болж сургууль соёл гэрэл гэгээтэй хүсэл мөрөөдлөө орхисон хийгээд бүсгүй турьхан зүрхэндээ тээсэн эрээн бараантай амьдралаас олсон шарх сорви тэр бүхнийг даван туулахдаа эх хүний үрийнхээ төлөө гаргасан тэвчээр, барагдаж дуусашгүй их хайрын тухай гэгчилэн ээжийнхээ 10-аад жилийн амьдралын гайхаж алмайрмаар түүхийг уншсанаас гадна хоёр ч удаа миний аминд орсоныг нь олж мэдэхдээ цочирдон уулгалж хоёр газар байдаг цагаан сорви минь хөндүүрлэх шиг санагдав.
Ээж минь намайг үхэл амьдралын дэнсэн дээр дэнжигнэж ухаан мэдрэлгүй байхад бөөрөө сүүлд нь элэгнээсээ тайруулж өгч байж алтан нартай золгуулсаныг би өдий хүртэл мэддэггүй явж Бурхан минь би ямар муухай цэвдэг сэтгэлтэй шаар вэ эжий минь миний сайхан эжий ямар өгөөмөр ямар агуу хүн бэ гэж бодохоор ямар нэгэн хүчит шуурганд хэмх шидүүлсэн мэт сэтгэлийн тэнцвэрээ алдсан би вээр ээжийгээ хамгаас илүү хайрлан өрөвдөж өөрийгөө зүхэн үзэн ядахад харин тиймээ гэх шиг хэвлий дахь үр минь өрц хөндүүрлэтэл тийчлэв… Хоёр хөөрхөн зээтэйгээ аан уун гэх эжийгээн харах бүрдээ миний сэтгэл цаанаа л нэг амар амгалан. Дөлгөөн бид хоёр хичнээн хэлэвч зүгээр сууж чаддаггүй ээж минь үйлчлэгч байсаар атал хоол ундыг минь бэлдэж гэрт гадаахи бүхнийг зохицуулаад зогсохгүй гадаах цэцэрлэгийг минь хүртэл арчилж төрөл бүрийн мод зүлэг цэцэг жимс тарьсан нь ургаад шугуй шиг болон зүйл зүйлийн шувууд хүртэл цуглаж жиргээд л даанч сайхан. Миний сайхан ээжий өөрийгөө гаргуунд гаргаж намайг хүнээс дутахгүй явуулахын төлөө бүхнээ зориулж халуунд халж хүйтэнд хөрж явсанаас гадна эрхтэнээ надад өгсөнөөс цагаасаа эрт гундан бие сэтгэлээрээ шаналж явсаныг нь хожуухан ч гэсэн ойлгосон би вээр ээждээ аль сайн гэсэн эмчилгээ сувилгаа бүхнийг хийлгэсний хүчинд өнгө зүс орж толио суугаад ирэхэд нь хичнээн баярласан гээ.
Хааяа хааяахан урьдныхаа явдлыг дурсахдаа сэтгэл минь урагдах шиг болж сайхан ээжийгээ улам их хайрлан ээжийнхээ тэр их тэвчээр, хайр нигүүлсэл хариу бодоогүй өгөөмөр агуу сэтгэлийг нь өөрийн эрхгүй гайхан биширч ээж шигээ сайхан ээж болно гэж боддог болсон юм би. Амьдралыг би өөрийнхөө хэмжээгээр ойлгож ухаарсан гэж бодож явсан маань маш том эндүүрэл байжээ гэдгийг ээжийгээ харах бүрдээ санадаг юм. Сайхан байр савтай мөнгө төгрөгтэй ажил төрөлтэй л бол болчихно гэж бодож явсан тэнэгхэн минийхээ нүдийг ээж минь л нээж өгсөндөө… Хүнийг хайрлах хайр, хүндлэх ухаан үнэнийг дээдлэх сэтгэлийн гэгээг би ээжээсээ олсноос хойш дахин төрөх мэт ариусан сэтгэлийн будан арилж бусдыг ойлгож бусдад төвөг удахгүй болсоноор амьдралын сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрч явнадаа. -Өө миний сайхан эжий хоёр хөөрхөн үрийг минь хөтөлчихсөн ирж явна Дөлгөөн маань машинаа гараажиндаа оруулчихаад удахгүй ороод ирнэ. Бүгдээрээ тал талаас цуглаж ирээд л ээжийнхээ чанасан өтгөн шаргал цайг хөлсөө арчин уухад бие сэтгэлийн ядаргаа үргээд ямар сайхан гээ. Би ч их аз жаргалтай хүн шүү.