MngNews

“ЭЭЖЭЭ, ЭНЭ ЭМЭЭГ ГЭРЛҮҮ НЬ ЯВУУЛЧХАЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ…” ИНЭЭЖ УНШЛАА

“ЭЭЖЭЭ, ЭНЭ ЭМЭЭГ ГЭРЛҮҮ НЬ ЯВУУЛЧХАЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ…” ИНЭЭЖ УНШЛАА

Ажлаас бид хоёрыг ирсэн чинь хүү маань “Ээж ээ, аав аа! Энэ эмээг гэр лүү нь явуулчихаж болохгүй юм уу?” гэж гуйлаа. -Яасан бэ, юу болсон хүү минь гэхэд, -Өглөөгүүр унтах гэхлээр өрөөнд орж ирчхээд л “Унтах идэх нь уруудахын шинж, санаж сэрэх нь өөдлөхийн тэмдэг, бос бос, миний шар хүү” гэж, нялуурсаар байгаад намайг сэрээчихсэн.

Дараа нь өглөөний цайгаа уух гээд гал тогоонд орсон чинь “Өө, миний шар хөвүүн, чи хө орой унтахдаа, аяга тавгаа угаахаа мартжээ дээ. Өөрөөр чинь угаалгах гээд эмээ нь угаасангүй.

“Ажил хийвэл, ам хөдөлнө” гэдэг үгтэйг мэднэ биз дээ, алив, миний шар хүү аяга тавгаа угаачихаад амаа хөдөлгө дөө” гээд л алиалж аргалж байгаад аяга таваг угаалгачихсан.

Цайгаа уучхаад амраад сууж байтал өрөөнд орж ирээд л “Сууж л байна уу, миний эрх шар, суух тусам залхуу болно, идэх тусам ховдог болно. Гэрээ цэмцийтэл цэвэрлэчихвэл, аштай юу” гэж шалж шахсаар байгаад цэвэрлүүлсэн.

Түүний дараа зурагт асаагаад хүүхэлдэйн кино үзээд сууж байтал “Өө, өнөө ТЕЛЕ хичээлийн чинь цаг болчихлоо, сурсан нь далай, сураагүй нь балай болдог юм, түргэл, түргэл” гэж шамдуулсаар байгаад нэг кино дутуу үзүүлсэн.

ТЕЛЕ хичээлээ үзээд сууж байтал, “Тэмдэглэхгүй бол тэр өдөртөө мартана, бичихгүй бол билиг оюунаас чинь гээгдэнэ” гэсээр байж бичүүлсэн. Бичиж байх хооронд “Мэдье гэвэл мэрий, чадъя гэвэл чармай, миний шар хүү” гээд л үнсэж үнэрлээд л саад болоод байсан.

Хичээлээ хийчихээд “Эмээ! Гараад жаахан тоглох уу?” гэсэн чинь “Ай, болохгүй ээ, Айж явбал аминд өлзийтэй, аймшгийн өвчин дэлгэрээд, аюул болж байна аа, цаана чинь” гээд аргалж хоргоогоод бас л гаргасангүй.

Үд болох үед, “Хоёулаа их сайхан хоол хийцгээе, “Өөрөө хийсэн хоол өнгөтэй байдаг юм даа Чи гурил зуур, чадна аа, чадна, миний эрх шар” гэж хөөргөсөөр байгаад анх удаа гурил зуурууллаа.

Жаахан шалдран зуурчихсан чинь “Ажилд дадлага хэрэгтэй, ачаанд татлага чухал” ахин ахин зууруулж, сайн сургамаар юм байна гэж байна лээ.

“Эмээ! Би гурил зуураад сурчихлаа, тийм ээ” гэсэн чинь “Онгироо хүн олонд хүндгүй, оготор хормой жаварт нэмэргүй, онгирох цаг чинь одоо арай л биш” гээд урам өгсөнгүй.

“Эмээ ээ! Та хорон үг хэлээд хор малтаад байна аа” гэсэн чинь “Уран үгэнд урагдаж, хорон үгэнд хорсовч, шударга, ширүүн үг явдал мөрт тустай, хорон хатуу үг хожим хойно нэмэртэй” гээд л огт тоож өгсөнгүй.

Эмээг ер нь, гэрт нь буцаачихвал болохгүй юу? гэж хүү минь гуйв. -Эмээ нь, эрх шар ачийгаа, ээж ааваас нь илүү сургаж хүмүүжүүлж байгаа юм байна.

Ээ дээ, явуулж яасан ч болохгүй байх аа. Эвий хүү минь, эрдэм ухааны багш эмээгээсээ их зүйл сурахыг, энэ цагаас хойш улам их хичээгээрэй гэж эрх шардаа би учирлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!