“ЭЭЖЭЭ, ШӨЛӨӨ УУГААЧ ДЭЭ” ӨГҮҮЛЛЭГ – ӨР ӨВТГӨМ…

“ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ

Залуу бүсгүй гэнэт өвдөв. Шүд зуун босч лаа бариад, хайч утас бэлдэв. Өвдөлт ойр ойр давтамжтай болж, төрөх нээ. Долоон настай хүү нь дуг нойрондоо дугжирна. “Хүний бараа” гэж сэрээмээр ч айх вий хэмээнэ. Ус гарч, эх төрлөө… Хайч утас бэлдсэн ч цуc их алдсандаа тамирдаад хүйг огтлож чадахгүй нүд эрээлжлээд байв… Аргагүйн эрхэнд эх хүүгээ дуудлаа. Ээжийн дуудах дуунаар хүү сэрвэл, ижий нь баруун хатавчиндаа араг тулж суугаад, хөмхийгөө зуун их л алсаас сульдсан дуугаар “Миний хүү босоорой. Дүүтэй болсон шүү. Ээждээ туслаад, энэ хайчаар хүйг хайчлаадах” гэж байв. Хүү нойрмоглон, юу болсныг үл ажран, ээжийн хайчил гэснийг хайчлаад, эргээд унтаад өгөв. Өглөө сэрвэл ээж нь толгойдоо алчуур боочихсон, өлгийтэй хүүхэд хөхүүлээд “За хар даа. Миний хүү. Ийм хөөрхөн дүүтэй болсон. Миний хүү чинь дүүгийнхээ хүйг таслаж авсан “Авсан ээж” нь болсон шүү дээ” гээд инээмсэглэвч, цаанаа л нэг ядрангуй, зовиур байлаа.

Хүү юу болсныг сая л нэг гүйцэд ухаарч, ухасхийн бослоо… Эднийх нэгдлийн хонь хариулж байгаад, шуурганд хонио уруудуулан алдаж, чононд оруулснаас нийгмийн өмчийг дутаасан хэргээр өрхийн тэргүүн шоpонд явж, нэгдлийн малын төлбөрд байснаа хураалган, ганц төлөг, халтар нохой хоёртойгоо буурь сахин үлдсэн нь энэ билээ. Сумаас зайдуу. Хүн амьтан үзэгдэх нь ховор ажгуу. Бүсгүй төрөөд хоёр хонов. Жаахан борц, гурил будаа байсан нь бүгд л зэрэг шахуу дуусав. Тамирдсан эх шөл усгүй, ер нь л их хэцүүдэж эхэллээ. Хүүгээ явуулья, ойр хавьд айлгүй. Ах дүүс байвч аймаг алгасч буй. Эхийн сэтгэлд айдас хүйдэс хурж эхлэв. Хүүхэд, нохой, хонь гурав хөөцөлдөн тоглоно. Хэн нь нохой, хэн нь хонь, хэн нь хүн гэдгээ мэдэхгүй болтолоо ижилссэн тэдний жаргалтайг ээ. Хүү нохойтойгоо ноцолдоход, харж зогссон хонь аль алийг нь мөргөх гэнэ. Хоньтойгоо тогловол банхар тэр хоёрыг тойрон хуцаж, хүүгийн хөл гар, хормойноос нь зууралдан угзарна. Хүү – Банхар аа! Зугтаарай. Наад банхлай чинь мөргөх нь гэнэ.

Банхар үсэрч холдоод Банхлайг тойрон наадна. Банхлай, Банхар адил болох гэж бандгар тарган сүүлээ өргөн ихэмсэг алхах нь инээд хүргэнэ… Заримдаа тоглож тоглож ядраад бие биеэ дэрлэн унтсан тэднийг хараад хүн амьтадын ялгаа юу!? гэж гайхмаар. Гэнэт ээж хүүгээ дуудахад, тэд байсан байр байрандаа хөшиж орхив. Учир нь тамир тэнхээгүй тэр дуун бүгдийн сэрхүйд адил байлаа. Эх “Миний хүү банхлайгаа хийж өгч чадах уу? Ээж дээ аваад ир. Ээж нь амийг нь гаргаад өгье. Миний хүү хутгаар өвчөөд, ээж дүү хоёрдоо шөл хийж өг. Банхлайгаараа нэг амьдрал залгацгаая” гэлээ. Хүү дуугарсангүй ч бүгдийг ойлгож байв. Ингээд удвал, ээж дүү хоёргүй ч болж мэдэхийг зөн нь хэлнэ. Хүү банхлайгаа дагуулан гэртээ орж ирвэл ээж нь цуcан дунд ухаангүй хэвтлээ. Хүү, ээжээ дуудан уйлахад, эх нүдээ нээгээд “Миний хүү…Банхлайгаа…” гээд дахин ухаан алдав. Хүү “аав аа” дуудан уйлсаар банхлайгаа дагуулан гэрээсээ гарлаа. Хүү банхлайтайгаа ярина. “Одоо яанаа… Банхлай. Чи ээж дүүгий минь авар. Бид найз шүү дээ. Чи наанаа дээшээ хараад хэвт. Би чамайг өвтгөхгүй ээ. Яг л аав шигээ муулья. Банхар чи яв. Цаанаа бай” гэв.

Тэд хэл амаа мэдэлцэх хойно банхлай нь дээш харан хэвтэв. Банхар хоёр хөлөн завсраа толгойгоо хийн уйлж байгаа хүү, тэнгэр харан хэвтээ банхлай хоёрыг айдас гунигтай нүдээр дуугүй ширтэнэ. Банхлай ухасхийн босч банхарыг худлаа мөргөн эрхлэхэд, банхар хэлээрээ хошууг нь долооход, банхлай үсрэн тургиад буцаж ухрахад, хүү хэвт хэмээн загнан хэвтүүлж, өрцийг нь хурц хутгаар чанга том зүсэхэд банхлай таг дуугүй хэвтэнэ. Хүү уйлан гараа гэдэс рүү нь хийвч голыг нь таслахаа мэдэхгүй баахан гэдэс гүзээг нь татан гаргаж ирэхэд банхлай тэнгэр харан хэвтсээр л байлаа. Хүү уйлан “Чи үxээч дээ банхлай” гэхэд банхлай ухас хийн босож өвдсөн гэдсээ өшиглөн, тас тас тасчихад банхар таг дуугүй ухасхийн багалзуурдаад хоёр хөлөө хүзүүн дээр нь тавин нүдээ тас анин хэвтэхэд, хүү уйлсаар л байлаа. Эхийг ухаан орвол хүү нь аягатай шөл аманд нь ойртуулаад ” Ээж ээ шөлөө уугаач дээ” гээд уйлж байв. Эх хонины шинэ шөлийг нулимстайгаа холин уухад, өлгийтэй нялхын хөхөө ирэх дуун час хийн гэрт гэрэл гэгээ түгхүй, хэзээний том хүн болсон хүү дүүгээ тэврэн ижийдээ өгөхдөө сэтгэл дүүрэн инээмсэглэж байлаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!