“ЭЭЖИЙГ МИНЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ХҮНТЭЙ ХАМТ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ
“ЭЭЖИЙГ МИНЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ХҮНТЭЙ ХАМТ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ
Залуу насандаа нөхрөө алдсан бүсгүй ганц хүүгээ хүний зэрэгт хүргэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчлан хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөсөөр өдий хүрчээ. Түүний ганц хүсэл нь хэний ч тусламжийг авалгүйгээр хүүгээ эрдэм номтой хүн болгон өсгөх байлаа. Тэр энэ мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарсан юм. Залуухан, гоо үзэсгэлэнтэй байхдаа өөртэй нь гэрлэе гэсэн олон саналаас татгалзжээ. Хүүгээ өөр хүний гар харуулахыг хүсээгүй учраас л тэр. Айлын гэр цэвэрлэж, хувцас угааж байсан ч хүүгээ тэр бүхэнд оролцуулдаггүй байв. Хүүгээ боловсрол мэргэжил эзэмшүүлсний дараа үлдсэн насаа ач нараа харж өнгөрөөнө гэсэн бодол хүслээр өөрийгөө цэнэглэн хүчээ сэлбэнэ. Эцэст нь түүний хүү их сургуулиа амжилттай төгсөж шүүгчээр ажиллах болоход ээжийнх нь сэтгэл баяр бахдлаар дүүрч зүрх нь цээжиндээ багтахгүй булгилжээ. Ээжийнх нь хийх дараагийн ажил хүүдээ тохирсон эмэгтэйг олох байлаа. Энийг л хийчихвэл санаа нь амрах гээд байв. Тэр санаанд таарсан эмэгтэйгээ бэрээ болгохоор сонгожээ.
Хэдийгээр бүсгүйн гаднаа гаргаж буй үйлдэл, ааль аашийг ихэд таалан дотоод сэтгэлийг нь таниагүй байсан хэдий ч төрсөн охин шигээ хайрлаж халамжилна гэж тэр итгэж байв. Яг л өөрөө гэрлэх гэж байгаа юм шиг хуримын өдрийг тэсэн ядан хүлээж байлаа . Хуримыг нь хийлгэж шинэ гэрт орсных нь дараа ач нараа харан гэртээ суугаад өнгөрсөн өдрүүдээ дурсан амар жимэр амьдрахыг хүсчээ. Хуримын ёслол болоход нэг сар үлдээд байв. Хүү нь сүйт бүсгүйтэйгээ шинэ байраа тохижуулж тавилга авахаар өрөөнүүдээ хэмжих гээд очтол шинэ байрных нь бүх зүйл бэлэн болсон байхтай таарчээ. Гэтэл бүсгүй сүйт хархүүдээ хандан: “Хайрт минь их гоё тохижуулсан байна. Гэхдээ хогийн савыг хаана байрлуулах вэ?” гэхэд залуу хархүү гайхан: “Ийм том байранд ганц хогийн савыг хаана ч байрлуулсан яадаг юм. Тавиурын доогуур хийхэд л болно” гэсэнд : “Үгүй ээ, үгүй. Тэгж болохгүй” гэж сүйт бүсгүй хариулжээ . “Тэгвэл тагтан дээр гаргаад тавьчихъя л даа” ”Тэнд ч гэсэн болохгүй“ ”Ганц хогийн сав хаана тавихаа мэдэхгүй байна гэж үү?” ”Би хогийн савыг хэлээгүй ээ. Ээжийг чинь хэлсэн юм, хайрт минь”… Сүйт бүсгүйн амнаас гарсан хачирхалтай үгс хүүг цочирдуулж орхив.
Дээдлэн шүтэж явдаг ээжийг нь өөрийнх нь сонгосон бүсгүй “хогийн сав” шиг үзэж байжээ. Тэр хүчтэй, үнэнч ариун сэтгэлтэй, өөрт ахадсан их зовлон туулсан, амь шигээ хайрладаг ээж нь амьдралынх нь ханийн хувьд ямар ч байр суурь эзлэхгүй байгааг хүү ухаарлаа. Тэр бүсгүй ээжийг нь хогийн савтай зүйрлэж байв. Залуу юу ч дуугарсангүй. Гэртээ хариад ч юм ярьсангүй. Юу болсныг мэдээгүй хөөрхий ээж нь бэр болох бүсгүйгээ өөрийнх нь талаар ямар бодолтой явдгийг нь мэдэлгүй түүний сайн эсэхийг асуун амаа олохгүй магтана. Тэгэхэд нь залуу хүү ээжийнхээ өмнөөс арайхийн инээвхийлээд өнгөрчээ. Товлосон өдөр ирэв. Хуримын бэлтгэл ажил дуусчээ. Гэрлэх ёслолын танхимын гадаа машинууд эгнэн зогсч зочид хүрэлцэн ирсээр байв. Гэрлэх ёслолын танхим пиг дүүрсэн тул гадна үлдсэн зочид сүйт хосуудыг харах гэж шахцалдан байна. Ингээд бүх зочид байраа эзлэн сууж хуримын ёслол эхэллээ. Гэр бүл бүртгэлийн ажилтан ийнхүү асуув: “Сүйт бүсгүй та Ахметийн хүү Жиханыг эр нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу?” гэхэд бүсгүй ихэд сэтгэл хангалуунаар: “Тийм ээ” гэж хариулсанд бүртгэлийн ажилтан Жиханаас: “Тэгвэл Жихан та Зэйнэпийн охин Зэлихаг эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?” гэж асуухад:
“Үгүй, зөвшөөрөхгүй” гэж хүүг эрс шийдэмгий хариулахад ёслолын танхимд ирсэн хүмүүс шуугилдан гайхаж цочирдсон нүдээр Жиханыг ширтэх нь тэр. Бүртгэлийн ажилтан ч гайхаж : “Тэгээд энэ мөчийг хүртэл чи юу бодож байсан юм бэ? Ухаан санаа чинь эрүүл байна уу?” гэхэд залуу ийн ярилаа. Хайрт аав минь намайг бага байхад өөд болчихсон юм. Ээж минь борви бохисхийлгүй хөдөлмөрлөж залуу сайхан насаа ганцхан миний л төлөө зориулсан билээ. Үргэлж ажиллаж, өөрөө даарч байж надад дулаан хувцас авч өөрөө өлсөж байж надад хамгийн сайныг идүүлж их эрдэм боловсролтой хүн болгов. Ээж минь одоо л нэг сэтгэл амарч миний хажууд байх гэтэл энэ хүүхэн ээжийг минь “хогийн сав” тай зүйрлэн гэрт байх газаргүй, байлгахгүй гэж хэлсэн. Ээжийг минь хүлээн зөвшөөрдөггүй, ийм үзэл бодолтой хүнтэй хамт амьдрахыг би лав хүсэхгүй. Ээжийгээ “хогийн сав” гэж хэлүүлэхийг хүссэн хүн байвал эхнэрээ болгож авна биз” гэж хэлээд ээжийгээ сугадан танхимаас гарч оджээ. Ирсэн зочдын зарим нь гайхсан байдалтай зарим нь уярснаасаа болоод нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн байлаа. Энэ явдлаас хойш сүйт бүсгүй төрхөмдөө буцаж он удаан жил өнгөрсөн ч хүнтэй гэрлэж чадаагүй гэнэ.