“ЭЭЖДЭЭ ХАМГИЙН СҮҮЛД ХЭЗЭЭ “ХАЙРТАЙ ШҮҮ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАНАА Ч САНАХГҮЙ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС
“ЭЭЖДЭЭ ХАМГИЙН СҮҮЛД ХЭЗЭЭ “ХАЙРТАЙ ШҮҮ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАНАА Ч САНАХГҮЙ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Сайн байцгаана уу. Би энэ группын захиа болгоныг алгасалгүй уншиж шинэ захиа орох бүрт баярлаж догдолж ухаарал авч зарим үед нулимс дуслуулан уншиж суудаг айлын жирийн нэг гэргий байна. Би хамгаас сайн халамжтай мундаг ханьтай, хайр татаж ээжийгээ үргэлж үнсэж баярлуулж байдаг хөөрхөн хүүтэй. Энэ удаад би захиандаа ханийн хайр халамжаас илүү ээжийнхээ тухай бичих гэсэн юм. Би ээжийгээ алдаад, ээж гэдэг сайхан үгийг дуудалгүй яг нэг сар болж байна. Хорвоогийн жам гэж бодохыг хичээвч хатуу үнэнтэй эвлэрч чадахгүй юу ч хийсэн ээж минь бодогдож амьд байгаа юм шиг л санагдаж хаалга тогшоод л ороод ирэх юм шиг бодогдож хатуу үнэнтэй эвлэрч өгч чадахгүй байсаар нэг сарыг үдэж байна.
Манайх гурван охинтой айл. Би айлын дунд охин. Гурвуулаа хүний хүн болж аав ээжээсээ тусдаа амьдардаг. Аав минь астматай үе үе амьсгаа нь боогдож ээж минь түргэний эмч дуудлаа гэж сонсогддог байсан учраас бид хэд аавыгаа л орхиод явчих вий дээ гэж халамжилж хайртай шүү гэж хэлж утсаар ярьсан ч ээж рүүгээ биш аав руугаа ярьж биеийг нь асууж анхаардаг байж. Ээж минь хөөцөлдөж гүйгээд л аавыг ч өөрөө ч эмнэлэгт хэвтчихдэг байсан болохоор бид хэд ээжийгээ яаж байна бие нь зүгээр үү гэж барагтай л асуудаггүй байж. Гэтэл хэдэн сарын өмнөөс зүүн гар өвдөөд байнаа гэж ээжийгээ хэлж байхад нь эмнэлэгт үзүүлээрэй гэдгээс өөр үг хэн нь ч хэлээгүй, охин хүүхдүүд байж нэг нь ч ээжийгээ хөтлөөд эмнэлэг рүү алхаагүйгээс болоод ээжийн минь зүрхний хэм алдагдаж орой нь унтахаар орондоо орж хэвтээд л өглөө сэрээгүй биднээсээ үүрд явчихсан.
Гараа эмнэлэгт үзүүлсэн үү гэж асуухад минь зүгээрээ зөөлөн эдийн гэмтэл гэсэн гэж тоомжиргүй хэлж байсан ээждээ гомдох уу эсвэл ээжид минь тийм онош тавьсан эмчид гомдох уу эсвэл зүүн гар дагаж өвдвөл зүрх байх магадлалтай шүү дээ гэж бодоод ээжийгээ хөтлөөд сайн эмнэлэгт үзүүлээгүй өөртөө гомдох уу? Өөртөө гомдохгүй гээд яах ч билээ. Хүүгээ жаахан өвдөхөд л төрөл бүрээр хайж интернэтээс хангалттай мэдээлэл авч чаддаг хирнээ яагаад Google дээр ганцхан удаа зүүн гар өвдөхөд гэж бичээд хайчиж болоогүй юм бэ. Тэгвэл ядаж л ээжийнхээ зүрх нь өвдөж байсныг мэдэх ч байсан юм билүү. Зүрх нь үе үе өвддөг байсан учраас ээж минь долоогоны ханд байнга цүнхэндээ авч явдаг байсан ч ингээд биднийгээ орхиод явчихна гэж өөрөө ч мэдээгүй байх. Хичнээн хашгирч уйлаад ч хичнээн чанга тэврээд ч ээж минь биднийгээ орхиод үүрд явчихсан.
Ядаж ганцхан өдөр ээжийгээ асраад аманд нь балга шөл хийгээд сүүлийн захиасыг нь сонсоод ээждээ хичнээн их хайртай гэдгээ хэлчихсэн бол амьдралд гомдох юм алга. Гэтэл… гэтэл зээ нараа харж баярлаад сайхан инээж суудаг ээжийг минь зүгээр л биднээс нэг л өглөө булаагаад авчихсан хатуу юм даа хорвоо. 40 жил ханилсан хань нь ингээд байхгүй болчихоор ёстой л тал бие нь байхгүй болсон мэт аавд минь хичнээн хэцүү байгаа бол. Уйлж л болохгүй юм шүү уйлбал ээжийн минь бурханы оронд очих зам усаар үерлэдэг юм гэнэ лээ би уйлбал дүү минь уйлна дагаад эгч минь уйлна. Бид гурвыг уйлбал аав минь сэтгэл нь хямарна гэж бодох юм. Өсөхийн цагт эхийгээ алдахын зовлонг мэдэрч байгаа хүнд уйлах газар ч олдохгүй юм даа. Ээждээ хамгийн сүүлд хэзээ хайртай шүү гэж хэлж байсанаа санахгүй байна.
Энэ жилийн зун ээжтэйгээ өнгөрүүлсэн хамгийн сүүлийн зун ээжтэйгээ үзсэн хамгийн сүүлийн наадам ээждээ эрхэлж уурласан хамгийн сүүлийнх… Бүх зүйл хамгийн сүүлийнх байж… Хайртай ижий минь та охидуудаа эргээд үр минь болон төрөөрэй. Бидэндээ эргээд ирэхэд тань таныгаа дутуу хайрласан хайраар нөхөж хайрлаж элгээ дэвтээж муу аавынхаа сэтгэлийг бага ч гэсэн амраахыг л хүсэх юм даа. Мөнх наслах биш дээ ижий аав минь. Хэрвээ таны аав ээж таны хажууд байгаа бол хайртай шүү гээд үнсэх төдий биш хоёр гарнаас нь чанга атгаж байгаад нүд рүү нь эгцлэн харж байгаад хайртай гэдгээ хэлээрэй. Ханьдаа өдөр бүр хайртай гэдгээ хэлдэг байж миний хайраа гэж дууддаг байж яагаад ээждээ өдөр бүр биш юмаа гэхэд хааяа ч болов хайртай гэдгээ хэлдэггүй байсан юм бол. Зөвхөн баяр ёслолоор л хэлэх төдий. Хэлсэн үгийг минь сонсолгүй айн гээд лавлаад асуухад нь зазаза гэж төвөгшөөдөг байснаа бодохоор, хүү нь яаж байна гээд залгахад нь унтаж байнаа гээд утсаа салгадаг байснаа бодохоор.
Аниа дүү хоёрыг л гэдэг намайг та ерөөсөө тоодоггүй гэж гомдоллож байснаа бодохоор л ижийгээ би хайраар дутааж байсан мэт санагдах юм. Миний охидууд алзахгүй ээ сайн ханьтай учирцгаасан гэдэг үгийг тань бодож л ээж минь биднийхээ сайн сайхан явааг харсан юм чинь сэтгэл нь тайван байгаа даа гэж л өөрийгөө тайвшруулах юм даа. Хайртай шүү ээжээ. Таныхаа хэлж ярьж байсан алтан сургаалийг тань үргэлж бодож сэтгэлдээ үүрд санан дурсах болноо. Сүүлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод Сүүгээр намайг дэлхийдээ даатган өөрөө одох вий дээ Буцааж нэхэхгүй хайраа ганцхан тийш нь асгачихаад Бухимдах ч үгүй харуусах ч үгүй орчлонгоос одчих вий дээ ээж минь… Ээжээ одоо охин нь таныгаа санаж уйлж сэтгэлийг тань зовоохгүй ээ та минь бурханы орондоо тайван нойрс доо Ум сайн амгалан болтугай.