MngNews

“ЭЭЖДЭЭ НЭГ ОЧООРОЙ” ӨГҮҮЛЛЭГ

Ээждээ би үе үехэн л очно.Үнсүүлнэ. Илүү гийгүүлсэн зүйлгүй хажууд нь сууж баахан ярьж байгаад л буцна. Харин ээж минь улсынхаа нийслэл Улаанбаатар хотдоо хүргэн ахынд маань байж тэднийхээ алган дээр бөмбөрч байдаг хүн. Ахынх маань олондоо тустай байж, аав ээж элгэн садандаа халамжтай яваарай хэмээн захисан аав ээжийн сургаалыг бодит биелэл болсон гэр бүл болохоор ээжийгээ дагаад би ч бөмбөрдөг л хүний нэг нь. Ээж минь эднийдээ л байхдаа дуртай. Яагаад тэгдэгийн нарийн учрыг ээжээс өөр хэн мэдэх билээ.Харин эднийхэн бүгд л яасан, ийсэн? хэмээн өрөөнүүдийн хооронд шогшино. Заримдаа нилээд тунирхалцчихсан л сууцгаана. Арга ч үгүй биздээ. Амьдрал үргэлжилж байгаа хойно. Би ээжийнхээ нарийн ширийн зүйлийг эд нараас л сонсож мэднэ. Хаврын дунд сар эхлэв үү үгүй юу хөдөө явах тухай ярьж авдар саваа уудлан юу байгаагаа бүртгэж, тэрэндээ ч энэндээ ч хэмээн хуваарилж,дутуу дулимгийг нь эгчийг маань бүрдүүлж өг хэмээн шавдуулна. Эгч минь ч сэтгэлд нь нийцүүлэн нэгд нэгэнгүй базааж өгнө. Тэгээд л явах чимээ дуулдав уу, үгүй юу бие сэтгэл нь сэргэчихнэ дээ. Ээжийнхээ аялалд хэн нэгэн маань ажил явдлаа тааруулж Мөрөн рүү ниснэ. Өдөртөө цаашлан Тариалан сум руу тосохоор сойгдсон унаандаа суун давхиж өгнө дөө.

Гэлээ ч ээж минь ядарч зүдэрлээ гэдэг үгийг амнаасаа эс унаган бууна. Ер шахам насыг зооглож байгаа ч мань мэтээсээ л тэнхлүүн буух ээжийгээ харж, сонсох бүрдээ надад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөхдөө алтан нар,хөх тэнгэр,өршөөлт бурхан,ер нь нигүүлсэнгүй их ачлалтай юу л энэ хорвоод байдаг юм тэр бүхэнд өөрийнхөө халуун дулаан илч, гэрэл, гоо үзэсгэлэн, оюун ухаан, нинжин сэтгэлээ шингээсэн охиноо бидний ээж болгон илгээсэнд баярлан оорийн эрхгүй залбиралыг хэлж амандаа бувтнана.  Хөдөөд зуны зуны дүнд ах дүү нарынхаа халааг авдаг охин дүү минь байх. Биднийг бодвол энэ охин дүү маань аав ээжтэйгээ цугтаа хамгийн удаан амьдарсан нь билээ. Бүсгүй хуний заяа дагаж хадамд гарсан ч хажуудаа дандаа л ээжийгээ авч явсан болохоор ээж маань эднийдээ байхдаа бас л жаргалтай.Хүргэн дүү маань өглөө эртлэн босож гэрээ халуу дүүгтэл гэрээ галлаад ээждээ аагтай шаргал цайгаа чанаж аягалан өгч, халуун савыг н дүүргэн өмнө нь тавиад ажилдаа гарах дуртай. Ийм өдрийнх нь тоо төрүүлж өсгөсөн ээждээ цай чанаж өгсөн өдрийнх нь тооноос хэдэн зуу дахин илүү бизээ. Харин би гэдэг хун эд нартаа ээжийгээ даатгасан, уулзах бүртээ нуд сэтгэлээ баясгасан дотроо л нэг их ерөөл агуулсан, ээжийнхээ ачийг хариулж эс чадагч нэгэн байх. Гэлээ ч би ээждээ маш их хайртай!

Хааяахан өвөр дээр минь толгойгоо тавиад хажуулахад нь ээжийн минь илч өвөр дүүрэн, ээжийнхээ царайд жаргал гэрэлтэхийг би мэдэрнэ. Ээж минь надад ямар ХӨӨРХӨН харагддаг гээч. эрүү өвдөг нь нийлчих шахан тугдийчээд үрчлээт умгар амандаа бал бурам хулхэн бүүр нэг уусган амтархах мэт нүдээ анин амаа хөдөлгөхийн тоолонд мойног 2 хурууны нь сурмагхан хөдөлгөөнөөр алганыхаа хонхорт орох эрхинийхээ тоогоор буян хурааж түүнийгээ биэ сэтгэлдээ шингээх мэт алганыхаа хонхороос зугуухан гадагшлуулан сууна. Байшийгээд л түгдгэр нурууныхаа чилээг хажуулдасахын гэдийж гаргах аядана. Бас аягатай зөөдсөн цайнаасаа ганц хоерхөн балгаад л тавихын хооронд ам нь мөн л хөдөлнө. Дахиад л эрхий хуруу нь урагшилна.Тэгснээ ум маани бад ми хум. Ээ гончигсум минь хэмээн бодлоо их л холоос татаж ирж баигаа бололтой уртаар шүүрс алдан залбирна. Атигар жаахан биэндээ ахадсан гэмээр энэ ажлаас нь үе үехэн эгчийн бариж орж ирэх цай хоол, асаргаа сувилгаа, үр хуухэд ач зээ нарынх н яриа хөөрөө, тоглоом наадам. эргэлт л амс хийлгэнэ. Ийнхүү оосорр даган эрхий хуруунд татагдах 108 эрхи өдөржин ээжтэй мини хамт *гэгэн* замаар аяалж өнжинө. Ээжийн минь өнөөгийн нэг өдрийн зураг ийнхүү хэдхэн өгүүлбэрт багтах мэт ч өдөр цагийг эс алгасан урьд одоо, ирээдүй хойтыг холбон эргэх замбуулингийн их нуудлийг даган оюун бодолдоо биднийгээ багтаан тээж агуу их гэгээрлийн замаар зүтгэсээр л, бөгтийсөөр л, жижгэрсээр л…

Та минь охинийхоо сэтгэлд өдрөөс өдөрт улам ойртоод л, харах бүр улам жаалхан охин шиг минь харагдаад байх болоо юу даа. Тийм дээ. Ээжийнхээ замаар алхаж яваа бүсгүй хун болохоор эхийн хайр гэж юу болох, ямар хязгааргуй болох, энэ их хайрийг хэнд харамгуй зориулдаг, тэр хайрийг хэн яаж хүлээн авч, хир нутагшуулдаг болохыг мэдэж эхэлсээн охин нь. Ингээд би танийгаа охин шигээ энхрийлмээр, илүү ихээр хайралмаар ч тэвэрмээр ч санагдан сэтгэл минь сэмэрдэг билээ. Цаг цагийн эргэлтэнд тасралтгуй, биднийгээ нартай хамт үүрсээр сүүдэр дайруулаагуй зүтгэсэн их буяныг тани бурхан таашаан зөвшөөрөх нь лавтайдаа. Бидний болоод МОНГОЛЫН БУЯНТАЙ ЭЭЖ минь ээ. Иймийн учир нар хэдэнтээ мандаж, хэдэнтээ жаргахыг тоолон, оюун бодлоо чилээхийн хэрэг юусан билээ.  Эрхий хуруу тань цуцахгүй бол буянаан бодон, гэгээрэлдээ тэмүүлэн жаргалаа эдэлдээ, миний жаахан ээжий минь.

Танийг минь бурхан өршөөг дөө.

Г.ӨЛЗИЙНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!