“ЭЦЭГ” ӨГҮҮЛЛЭГ

“ЭЦЭГ” ӨГҮҮЛЛЭГ

Т.АГАРЗАНДАН

Шөнө дунд. Сайхан зүүднээс минь утасны хангинах дуун намайг сэрээж орхилоо. Утсаа харвал газар дээрх ганц эгчээс минь дуудлага ирж байна. Сонин юм даа? -аавыг өнгөрсөн ч чамруу залгахгүй гэж эцгийн дэргэд надад амлалт өгч байсан нь одоогоос 4 жилийн өмнө. Гайхсан бас нойрмог хоолойгоор утсаа аван -Байна эгчээ юу болоо вэ? -Аав муу байна, тун муу байна гэж эгч бачимдан хэлснээ цурхиран уйлж эхэллээ. Хэсэг уйлж байснаа нусаа татан хоолойгоо засаад эрс шийдэмгий -Чи ир, яг одоо наашаа гар гэж хэлээд хариу сонсолгүй утсаа тасалж орхилоо. Би орноосоо босон тамхи асаан суулаа ”хөөрхий дөө муу эгч минь ээжийн оронд ээж, аавын оронд аав болж ар өвөртөө хийн намайг хүн болгосон хүн. Ээжийнхээ толгойг залгисан намайг эцэг минь хүртэл тоож хараагүй тэр он жилүүдэд надад үлдсэн ганц эрдэнэ. Ижий минь намайг төрүүлээд тэнгэртээ явсан юм гэнэ билээ. Балчир насандаа би юугаа мэдэх вэ дээ. Ухаан орох үедээ ааваасаа нэг удаа -Миний ээж хаашаа явсан юм бэ? гэж асуусан юмдаг. -Эхийнхээ толгойг өөрөө залгичихаад одоо надаас асуухдаа яахав дээ гэж хэлээд орон дээр сууж байсан намайг түлхэж унагаад өөрөө гараад явчихаж билээ. Тэр үеэс л “надад ээж байхгүй ,аав надад хайргүй” гэдгийг мэдэрч өссөн юм. 8 нас хүрдэг жил эгч намайг үнсээд -Миний дүү одоо том эр хүн болсон. Удахгүй сургуульд явна, мундаг хүн болно доо гэхэд -Хн, энэ юугаа гийгүүлдэг юм. Чи сургуульд яваагүй болоод л байна даг, наадахаа хажуудаа байлгаж гар хөлийнхөө үзүүрт зарсан нь дээр байхаа.

Том эр болсон, сургуульд сурч мундаг хүн болно гэж догдолж байсан надад эцгийн энэ үг аймшигтай санагдаж арай явуулахгүй юм биш байгаа гэж бодонгуут нулимс асгарч би байдаг чадлаараа уйлж орхисон. -Холбоо миний дүү битгий уйл за, сургуульд явалгүй яахав эгч нь дүүгээ заавал явуулна гэж эгч нулимсыг минь арчингаа -Ааваа Нягтхолбоо сургуульд явна, одоо би насанд хүрсэн хүн дүүгээ яахаа өөрөө мэдье гэж ууртай хэлэхэд -за за одоо танд миний санаа бодол огт хамаагүй болсон юм биздээ тийм үү, эхийнхээ толгойг залгисан энэ муу юугаа л сураа аж гэж хэлээд гэрээс гараад явчихсан… Тэр жил 18 хүрсэн болохоор эгч эцгийнхээ өөдөөс том дуугарсан нь тэр байх. Мэдээж би сургуульдаа явсан. Олон найзтай болж хоол унд элбэг, хамгийн гол нь эцэгтээ нүд үзүүрлэгдэхгүй байх сайхан байсан ч эгчээ бас гэрээ санах гэж тоймгүй. Арай гэж тэссээр. Цагаан сар ч дөхлөө. Бөөн баяр догдолж яарсаар гэртээ орж ирэхэд эгч намайг тэврэн үнсэж, том болсныг минь гайхан хацар, хамар, дух гээд үнсээгүй газар үлдээгүй. Эгчийнхээ нулимсанд нүүр минь норж байгааг мэдэрсэн тэр үед л би хайрыг олсон юм. -Ааваа хараач Манай Холбоо хичнээн том болсныг гэхэд орж ирсэн цагаас минь хүний урманд тоож ч хараагүй эцэг минь орон дээрээс босож ирснээ -Овоо том болж гарын ая даахтай болжээ гэж хэлүүтээ далан дээр минь түсхийтэл цохиж наймхан настай жаалхүү газар тэрийн уналаа. -Аваа та чинь яаж байнаа? гэх эгчийн бачимдсан дуу аавын бахдалтай инээх дуунаар би сэхээ авч, эгчийн том залуу газар тэрийн унасандаа ичих, миний хүү гээд үнсдэггүй юм аа гэхэд сайн яваад ирэв үү гэж ч асуугаагүй эцэгтээ гомдон гэрээс гүйн гарснаа тод санадаг юм.

Уйлаад л, гүйгээд л, нулимсаа арчаад л гүйгээд л байсан. Гүйж гүйж бахардан унах үест бүрэнхий болж байгааг анзаарсан юм. Гэрт л очихгүй юм шүү ахин тэр муухай хүнийг харахгүй юм шүү гэж бодож байснаа л санаж байна. Нүдээ нээхэд гэртээ байлаа. -Яаж байна миний дүү? Яасан ч хол явсан юм бэ дээ эгч нь хайж хайж арай гэж оллоо шүү дээ газар уначихсан дүүгээ харахгүй дээгүүр харж яваад муу дүүгээ осгоочих шахлаа гээд эгчийг уйлахад, тэр хүн орон дээрээ юу ч болоогүй юм шиг гаансаа нэрэн сууж байгаа нь нулимсанд бүрэлзэн харагдаж байсаан. Золоор хацар, хөл минь багахан хайрагдаж эгчийн арчилгаагаар хурдан эдгэсэн юм. -хөлөө хөлдөөж байхаар гараа хөлдөөчихгүй, тэгсэн бол хичээл хийж чадахгүй эндээ үлдэхгүй юу гэсэн эцгийнхээ үгийг сонсоод балчирхан насандаа би үзэн ядалтыг олсон юм. Гараа хөлдөөгөөгүйдээ би одоо ч баярладаг юм. Учир нь би одоо зураач. Мэргэжил нэгтнүүд минь намайг тоож, олон арван алдартнууд надаар өөрийн хөрөгөө зуруулах гэж дугаарладаг болсон. 10-р анги төгсдөг жил хотын томоохон сургуульд эгчийнхээ ятгалгаар зураачийн ангид шалгалт өгсөн ч тэнцэхэд хэцүү гэдгийг мэдэж байсан болохоор би нэг их найдаагүй л дээ. -Миний дүү чинь зурах авъастай шүү дээ, чи чаднаа, чи тэнцнээ гэж ээжийн энтэй эгчийн залбирал биелэлээ олсон хэрэг. Олон хүний хөрөг бүтээж яваа надад эцгийнхээ хөргийг бүтээх л маш хэцүү байлаа. Мөн ч олон оролдсон доо. Үзэн ядалтаас өөр юу ч үгүй харц, намайг цохиход зориулагдсан мэт том гар, нээх тоолондоо эвгүй үг унагадаг уруул. Зурах гэхээр хүн биш хүйтэн чулуу. Элдвийг бодсоор нэг л мэдэхэд үүр цайж байлаа. Хичнээн ч тамхи татсан юм бүү мэд.

Эгч дээрээ очиж хань болох хүсэлдээ хөтлөгдсөн би ойр зуурхан юм бэлдээд замд гарлаа. Эцэг өнөөх л орон дээрээ шаналгаатай царайтай хэвтэнэ. Нүднийх нь гал бөхжээ. Хүйтэн харц ч харагдахаа больж. Өнөөх том бахим гар нь хорчийгоод турсан харагдана. Хүйтэн үг унагадаг уруулаараа -Миний хүү хүрээд ирж.. гэсэн үгийг сулхан унагаад хоёр гараа өөд өргөв. Яах гээд байгааг нь ойлголгүй гайхан зогссон намайг эгч араас ёврон “Үнсүүлээч”гэж шивнэв. Магнайгаа ойртуулбал хоёр хацарнаас минь татан духан дээр минь удаан гэгч үнсэв. Уруул нь ямар зөөлөн, үнэр нь ямар дотно байсан гээч. Огт удалгүй эцэг унтаад өглөө. Эгч уйлж нэг инээж нэг ам хуурайгүй ярина. -Яагаав тэр жил аав мориноосоо унаад би чамруу заалгаж чи нэг ирсэн дээ 4жилийн өмнө шүү дээ -Миний мууг үзэх гэж ирээ юу гээд намайг баахан дайрч давшлаагүй юу -тийм тийм нэрнээс хойш ер засал аваагүй ээ. Өдөр ирэх тусам муудаад л дордоод л байсан .Эмнэлэг явахгүй, ирсэн эмчийг нь аашлаад явуулчихна. Тэгсэн гэнэт өчигдөр хүүг минь дуудаад аль гэдэг байгаа. -4 жилийн өмнө намайг ахиж хэзээ ч хармааргүй байна гээд юу ч болсон таныг надруу залгахгүй гэж танаар хэлүүлж байж санаа нь амраа биздээ? -үхтэл үр харам гэж энэ шүү дээ, эвий минь чамайг л их санаж бэтгэрсэн дээ, гэнэт унтаад гэнэт сэрдэг юм. Удахгүй сэрэх байх миний дүү амарч бай хол замд ядарсан байх аавыг сэрэнгүүт эгч нь чамайг сэрээе. -Ааваа, ааваа гэх эгчийн дуунаар намайг сэрэхэд эгч эцгийг минь тэврэн уйлж суулаа… Нутгийн олны ачаар буяны ажил нь сайхан боллоо. Эгчээс гэр бараагаа янзлаад удахгүй хот орноо гэсэн амлалт аваад би гэрийн зүг хөдөллөө. Зүрхэн дотор бөмбөр дэлсэж, нүднээс ямар нэг халуун зүйл урсаад тогтдоггүй. Тэссэнгүй ээ зогслоо.

“Аав чинь ёстой хугараагүй ноён нуруу байлаа даа. Ижий чинь тэнгэрт хальж ганцаар үлдсэн аав чинь улаан нялзрай чамайг тэврэн над дээр ирсэн юм. Би төөргийг чинь үзсээн. Чи эцэгтэйгээ цуг байвал эцгийнхээ хайранд хөл алдаж ижийрүүгээ явах, эсвэл чиний өмнөөс аав чинь ижийрүү чинь явах. Ийм л заяа төөрөг буусан. Би худал хэлээгүй ээ чи ч мэдэх л байх би ааваасаа, аав ааваасаа өвлөн бид удам дамжин нутгийн ах дүүсийн заяа төөргийг засаж яваа улс. Өдий насалтлаа та алдлаа, эндлээ, худал хэллээ гэсэн үг сонсоогүйл явна. Тэгээд би аавд чинь яахаа өөрөө шийд дээ гэж хэлсэн тэр үг дуугүй гараад л явсан. Одоо л би түүний холч ухааныг өөрийгөө нухчин чамайг хайрлаж чадсаныг нь биширч байна. -Хүү минь одоо 25 настай юу гэж асуугаад -тиймээ гэхэд минь -тэгнээ тэр айхтар хүн юм даа. Учиг бүхэн учигтай байдаг юм шүү хүү минь чи одоо алзахгүй ээ. Чи амьдралтай Нягтхолбоо үүсгэжээ” гэсэн нутгийн бөөгийн үг зүрхэн дундуур туучаад зүрхний минь хаа нэгтээгээс аавыгаа хайрласан хайр чинь хаа байна гэж эрж хайгаад байх шиг. Хүүд минь өгөөрэй гэж захисан баадантай зүйлийг задалтал аавын минь үргэлж өмсдөг байсан хүрэн дээл. Гаансны бохь хөлсний үнэр нь яг л аав минь хажууд байгаа мэт. Доор нь бас нэг тэрлэг байх юм. Ногоон өнгөтэй өнөөх тэрлэгийг задалтал хэзээ ч үнэртэж байгаагүй ээжийн минь үнэр бас хайр. Баадангийн буланд жижигхэн эвхээстэй цаас байх юм. Нээтэл: “Нягтхолбоо үр минь, Үзүүлсэн бүх зовлон минь чамд жаргал болох өдөр ирнээ. Хатуу үг, үйлдэл бүхнийхээ өмнө аав нь сөхөрч дотогшоо уйлдаг байсан юм шүү. Элгэндээ тэвэрч эрхлүүлснээс эцэггүй мэт өсгөж холоос харж явах нь аавынх нь жаргал байлаа. Уншиж чадсанүй. Ааваа ааваа, аав минь тэнэг хүүгээ өршөө буцаж ирээд хүүгээ ганцхан удаа алгадаач мянгантаа тэврүүлсэн мэт жаргал амсая ааваа, ааваа…

One thought on ““ЭЦЭГ” ӨГҮҮЛЛЭГ

  1. Нулимс цийлэгнээд байхы, аавыгаа ямар их санаж байна аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!