“ЭХНЭР БИД ХОЁР” ӨГҮҮЛЛЭГ

Ц.ЭНХТҮВШИН

Бид хоёр гэж хөгжилтэй хоёр амьтан айл болж амьдраад бараг л дөч шахам жил болох нь. Цаг хугацаа гэж яасан ч хурдан юм. Анх л нарс шиг сайхан хархүү /тэр нь би/ хус шиг сайхан бүсгүйг эхнэрээ болгоод авч сууж билээ. Гэтэл одоо хар. Нэгийг нь сунгаад татчихсан сур шиг гозгор хар өвгөн. Өтөл байхдаа ийм байгаа юм чинь залуудаа бол ч илүү л өндөр байсан биз гэж хааяа бас багачуул асууна аа надаас. Харин эхнэр маань бүдүүн модны богинохон тайрдас шиг амьтан болж хөөрхий. Бие хаа ч яах вэ. Харин хийж буй үйлдэл, хэлж буй үг маань яг л бие шигээ хүмүүс. Эхнэр бол барагтай дуу гарахгүй, ганц нэг үг хэлэхдээ тас хийтэл жинтэйхэн цөөн үг хэлчихнэ. Ажил хийсэн ч оволзоод байхгүй, анир багатайхан шиг хөдөлж ядаж харагдах хэр нь чамгүйг амжуулна. Харин би бол нэг юм ярих гэж тойруулж тойруулж баахан юм ярьж байснаа өнөө гол зүйл рүүгээ арай гэж орно. “Аавын яриа эхэлсэн бол овоо удаахан ярихыг нь тэсч хүлээхээс аргагүй” гээд л хүүхдүүд ундууцах янзтай. Ажлыг бол харин ёстой л оволзуулна даа. Хийх гэж байна, хийж байна, хийгээд дууслаа, хийчихсэн шүү гээд оршил, угтал, өрнөл, төгсгөл гээд багахан адал явдалт ном уншсаны дайтай юм болно. Тэрийгээ би бас мэдээд л байгаа юм. Залуудаа ч арай ийм байгаагүй ээ. Жавхаатай нь аргагүй алхсан, эх орны цэрэг явлаа. Насаараа л саарал шинель, хромон гутал хоёроос салаагүй гэхэд болно.Түмний хүүхдийн төлөө цэргийн казармаасаа ч бараг л ховорхон гарсан даа. Энэ хэдэн хүүхдийг эхнэр минь хүмүүжүүлсэн. Багшийн хүүхэд сурлага муутай, цэргийн даргын хүүхэд хүмүүжил тааруутай гэсэн явган үг шогшоод л байдаг.

Би түүнтэй санал нийлэхгүй ээ. Санасныг бодоход манай хэд сурлага ч дориун, хүмүүжил ч гэж овоо. Энэ бүхэнд миний гавъяа гэж юу байх вэ. Ямартаа л энэ таван хүүхдийн эцэг эхийн хуралд аав миний бие ганц ч удаа сууж үзээгүй гэвэл та үнэмших үү. Улиралд нэг болдог хуралд эхнэр маань суусан бололтой, орой ирэхэд хөмсөг нь атираатай, дуу өндөртэй сууна. “Яав ийв” гэхэд минь яахав, энэ хүүхэд өнгөрсөн улирлаас сурлагын чанар муудаж гэнэ…” гэсээр нэг их сүртэй биш зүйлд ач холбогдол өгчихсөн өөрийгөө зовоож суудагсан. Би ч яахав “хулигаан “болчихоогүй л бол гэсэн ухааны юм яриад “хичээ нөхөд минь хичээ” гэхээс хэтрэхгүй явсаар манай хүүхдүүд нас бие хүрцгээлээ. Аавын оролцоо багатайхан шиг тооморсон гэхэд болно. Үнэн юм чинь яах вэ дээ. Гэхдээ цаад мөн чанартаа хамгийн их “айдаг” мангас нь би гэж байгаа. Би гэдэг хүн хамаг л цалингаа эхнэртээ тушааж энэ гэр бүлийг эдийн засгаар нь дэмждэг. Эхнэр бид хоёр дөнгөж дөч гарав уу үгүй юу нэг: нь олон хүүхэд төрүүлсэн, нөгөөх нь олон жил цэргийн алба хаасан гээд тэтгэврийн хүмүүс болцгоолоо. Эхний нэг жил хоёулаа ёстой нэг амрах шиг боллоо. Хүүхдүүд томорцгоосон болохоор бид хоёрт хийгээд байх зүйл ч байсангүй.Тэтгэвэрийн хэдээ хүргэсхийгээд гэрээс гарч гэдэс алдахгүй, цагийн ажилд өглөөдөө яарахгүй нэг л их жаргасан хоёр. Жил болов уу үгүй юу л эхнэр эхлээд өвчин хэлж эхэллээ.Аргагүй дээ хөөрхий, жилгүй шахам таван хүүхэд гаргаж, хүнд ажилтайн дээр энэ гэр орныг ядартлаа чирлээ дээ гэсэн шүү юм бодоод муу эхнэрээ өрөвдөх шиг, хайрлах шиг боллоо.

Эхнэрийн хөдөлгөөн удаасхийн хэрээр жин ч нэмэгдээд, жингээсээ болдог юм уу хөл нь өвдөөд эхэллээ. Өглөөний мэнд ээ гээд сэрж байгаа юм шиг л “Ёо ёо ёо. Урд шөнө үүгээр ч хатгалаа, түүгээр ч өвдлөө” гэсээр тавь шүргэв үү үгүй юу эхнэр маань ер нь гэрээс гарахаа байлаа.Харин би гэдэг хүн энэ гэрийн хамаг л хоол хүнсийг бөөгнүүлж, үндсэндээ санхүүгээ барьж эхэллээ. Хүүхдүүд нь томорсон, за тэгээд ажил сургууль гээд олддоггүй хүүхдүүдтэй хүн болгон л мэднэ дээ, энэ амьдралыг. Ингээд нэг мэдэхэд эхнэр бид хоёрын байр суурь эрхгүй солигдлоо. Нөгөө “тор хэн гуай” гэдэг шиг ойр хавийн дэлгүүр хоршооны худалдагч авгай хүүхнүүд намайг бүр андахаа байлаа. “ Өө Дорж гуай, өнөөдөр махны үнэ жаахан нэмэгдсэн шүү гэх маягийн юм хэлэх бол харин би үргэлж авдаг хэдэн барааныхаа үнийг гаргаахаа байлаа. Эхнэр маань эмчилгээ, сувилгаа гээд гэрт ховор байх боллоо. Өмнө нь мах, гурил дууссаныг байтугай хоолонд давс хийдгийг ч бараг мэдэхгүй явлаа гэвэл хилсдэхгүй ээ. Эхнэр маань сайн эмчилгээ хийлгэсний хүчинд бие нь иларшиж өвчин хууч ярих нь арай л багаслаа. Энэ хугацаанд манайх гэдэг айлын бүх эрх мэдэл эхнэрийн гарт, эдийн засаг миний гарт төвлөрлөө. Өмнөөс нь жорлон ороод бие засч болдог бол манай хүн намайг ер нь явуулах нь ээ, янз нь. Юм л бол “Алив Дорж ээ, миний хөгшин хөнгөнөөрөө дэгдээрэй.Тийм юм аваад ирээрэй. Алив Дорж ээ, миний хөгшин тэрийг нэг ойртуулаач” гэх боллоо. Хөөрхий дөө хөл гар нь өвдөөд байгаа юм гээд жаахан эрхлүүлчихсэн чинь нэг мэдсэн хүзүүн дээр мордох нь гээд хэлчихсэн чинь дуугаа хураагаад дөрөв хоног таг.

Эхнэр ингээд дуугаа хураачихаар миний уур хүрээд явчихдаг юм. Гэхдээ би л эхэлж буулт хийдэг л дээ.Хүүхдүүд бидний энэ занг андахгүй. Сүүлдээ “Манай гэрийн Боролдой, Долдой хоёр яасан” гээд л хөхрөлдөх. Тэгэхээр нь бид хоёр бас инээлдээд тэгээд л эвлэрчихэж байгаа юм. Одоо ч тэгээд нэг нэгнийхээ нүдийг хараад л ямар үг хэлэх нь вэ, бие нь ямар байна, сэтгэл нь яаж байна гээд андахаа байж. Ёстой л уусна гээч тэр байх. Залуудаа хэдэн хүүхдүүдийн дарга нь эхнэр, хамгийн түрүүнд дуу хадаадаг байсан бол өтлөөд ирсэн чинь өнөөх чинь таг дүлий, хараагүй мэт байж харин би том ачийн хэлснээр дахин давтан үглэдэг “ядаргаатай” өвөө болж хувирав аа. Нэг гэрт амьдарч буй хоёр хүн удах тусмаа үг үгээ таньдаг, үйл хөдлөлдөө шингэдэг бололтой юм. Анх эхнэрээ “Яана аа би жин нэмээд байна, хараач” гэхэд нь би “ Миний хань сайхан байна аа. Сэргэн мандлын үеийн зураг шиг гоё л байна шүү дээ гэж хэлээд тайвшруулчихсан. Тэгээд л өөрийнхөө таргалж буйд анхаарал хандуулаагүй” хэмээн одоо эхнэр минь бас тунина. Тэр үед нь би эхнэрээ “Тураач ээ, ямар муухай юм бэ гэх байж дээ. Яалаа гэж дээ. Надад л таалагдаж байвал миний эхнэрийн тарган хэнд хамаатай юм бэ гэж бодно. Гэтэл тиймгүй юм байна. Эхнэрт маань энэ илүүдэл жин нь өвчин болоод байна. Ингээд маргаашаас би дасгалжуулагчаар ажиллаж, эхнэр маань гүйхээр болсон. Тийм ээ, бид хоёр хамтдаа эрүүл мэндийнхээ төлөө, ирээдүйн сайн сайхныхаа төлөө хамтдаа гүйхээр болсон. Миний эхнэр чинь энэ орчлонгийн хамгийн сайхан бүсгүй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!