“ЭХНЭРЭЭСЭЭ НУУЦАЛСАН ЗАХИДАЛ” ӨГҮҮЛЛЭГ

“ЭХНЭРЭЭСЭЭ НУУЦАЛСАН ЗАХИДАЛ” ӨГҮҮЛЛЭГ

Н.ЧИНЗОРИГ

Цэнгэл нүд нь дуниартан байгаа Насанбатын гарыг атгаад “Одоо битгий уу. Өглөө эрт ажилтай…” гээд зөөлөн дуугаар халамжилна. Насанбат дэлгүүрийн гадна бөөрөө нийлүүлэн тойрон суугаа харийнханы дундаас өндийн босож бүсгүйд хандан гэртээ харихыг санал болгов. Хоёул нарийн гудам даган өгссөөр, өөрсдийн амьдардаг байрны гадаа ирцгээв. “Цэнгэлээ, би чамд хайртай. Гэхдээ найз нь ийм жаахан хүүтэй шүү дээ…” гээд өндөр намыг нь гараараа үзүүлнэ. Цэнгэл цээжнээс нь түшин өндийлгөөд “Найз нь мэдэж байгаа. Гэхдээ аль гуйсныг нь биелүүлээд баймаар хайр хүндлэл дааж чадах сайхан хүмүүс байдаг шүү дээ…” гэснээ хацрыг нь алгаараа илэн сэргээхийг оролдоно. Гудамны гэрэлд зогсох тэдний яриаг хэн ч үл анзаарна. -Цэнгэлээ, би чамтай таараагүй бол өдийд хаана хөгөө чирээд явж байгаа болоо?!. Даанч чамайгаа сайн хүн гэж хэнд ч хэлж чадахгүй байгаадаа өөрөөсөө ичиж байна. -Үгүй ээ, Насаа… Чамтай учирсан бүхэн минь гэнэн цагаан, гэнэтийн явдал байсан. Ингэтлээ дотносож болохгүйг мэдсэн ч, тэгж бас чадаагүй. Хүн юуг ч, хэнийг ч хамаагүй хүлээн зөвшөөрдөггүй биз дээ. -Чи өөрийгөө битгий буруутга. Хүнтэй суучихаад тэр надад таалагдаад байна гэж ярьдаггүйг ойлгож байна. Тэгэхдээ чамайг сайхан сэтгэлтэй эмэгтэй гэдгийг би хамгийн сайн мэднэ гэхэд Насааг сугадан хаалга руу дөхөв. Хоёул ажлын алжаалыг тайлж хоол идэх нэрийн дор, шар айpгаа нилээд хэтрүүлжээ. Насанбат толгой тавин нойрондоо дийлдэх Цэнгэлийн царайг ширтэн өнгөрсний тухай хэсэг дурсав.

Анх гадаад явна гэхээр их л гоё газар очиж, бөөн мөнгө олоод л, жаргах гэж байгаа юм шиг санадаг байж билээ. Гэтэл Солонгосын онгоцны буудал дээр буугаад л хаачихаа мэдэхгүй болсныг үдэж гаргасан хүмүүс лав ойлгоогүй. Эхнэрийн маань хамаатан гээд байсан ах анхнаасаа л утсаа аваагүй. Ангийн найз Лхамаа хоёр гурван удаа яриад чимээгүй болсон. Хүний нутагт будилж, метрон дотроос гарч чадахгүй, хэлгүй хөлгүй болчихсон явахад гэртээ хонуулах хүн тухайн үед Цэнгэлээс өөр олдоогүй. Тийм ээ, тэр өдрөөс хойш бараг хоёр жил өнгөрчээ. Уг нь эхэндээ биесдээ түшиг болж, байр хоолны мөнгөө хуваалцаад “Дараагийн сараас нэг юм бодно…” гээд аятайхан л байсан. Харин сүүлдээ гар бариад, бугуй барина гэгчээр нэг л мэдэхэд хоёр биендээ дасчихсан байж билээ. Цэнгэлийн жирвийсэн хар хөмсөг, торомгор алаг нүд, булбарай зөөлөн арьс, энхрий ялдам ааль гээд юм бүхэн сэтгэлийг нь гижигдэнэ. Тийм ээ, Цэнгэл үнэхээр гоо үзэсгэлэнтэй төгс сайхан бүсгүй. Гэхдээ энэ бүхэн эхнэртэй нь яг ижилхэн биш ч, Сүнжээ бол өөртөө таарсан дундаж нуруутай, хэний ч нүдэнд дулаахан бүсгүй. Насанбат утасны жингэнэх дуунаар цочин утсаа авав. “…Байна уу, Насаа?!. Өнөөдөр найз нь лам дээр очсон. Нилээд олон ном уншууллаа. Одоо эрх биш гарах байлгүй дээ…” гэх Сүнжээгийн дуу дэргэдэх хүнийг нь сэрээчихмээр чанга сонстоно. Насанбат нүдээ сүүмийлгэн “Найз нь унтаж байнаа… Өглөө залгая.” гээд тэр дор нь утсаа салгав… Насанбат цаг хэд болж байгааг харах гэж дэмий л ханаруу өнгийв. Урьдын бүхэн өнгөтөөр үзэгдэх шиг толгойд эргэлдсээр шөнийн талыг хугаслажээ.

Эхнэрийнхээ бондгор гэдсийг чагнан “Жирэмсэн хүн чинь доороосоо даарч болохгүй, усанд битгий гараа дүр, наад богц аятай том цүнхээ орхи, хүнд юм өргөж болохгүй…” гэхчилэн халамжилдаг байснаа эргэн санав. Тогоо шиг том гэдэсний цаанаас, хөл гараараа түлхлэх бяцхан хүмүүнийг тэсэн ядан хүлээсэн ч харж амжилгүй харийн оронд иржээ. Анх виз гарчихсан гэдгийг дуулаад амьдрал ахуй нь шууд л сайжрах гэж байгаа юм шиг Сүнжээгийн баярлаж байсан нүдэнд харагдана. Хүүгээ төрөхөөс хориодхон хоногийн өмнө өөрийн гэсэн орох оронтой болохоор энд ирснээс хойш бүхэл бүтэн хоёр жил өнгөрчээ. Хажууд нь амгалан нойрсох Цэнгэлийн гоо үзэсгэлэн, халуун дулаан амьсгал зүрхийг нь огшоовч, Сүнжээгийн царай нүдэнд үзэгдэж сэтгэлийг нь хоёрдуулна. Насанбат шөнийн туршид хэдэнтээ сэрвэлзэвч нүд ирмэхийн төдийд ямар нэгэн зүүд зэргэлээтэн хөвөрнө. Зүүдэн дунд духаараа харсан бяцхан хүү тунгалаг хар нүдээрээ өмнөөс нь ширтээд “Аав аа, та хаана байгаа юм бэ? Та ажил ихтэй завгүй байгаа, тийм ээ? Ааваа, та хэзээ ирэх юм бэ? Таныг том дарга дуудаад аваад явчихсан юм уу? Та хүрээд ирвэл ээж намайг орхиж явахгүй! Ээж таны тухай дандаа ярьдаг. Би таныг сайн танина.” гэж шулганана. Насанбат хүүгийнхээ толгойг илээд “Аав нь хүүгээ дэргэдээс нь харж чадахааргүй хол газар байнаа! Аав нь чамтайгаа уулзах ч завгүй явтал ийм том эр болчихсон байна шүү дээ!?. Аав нь зөндөө их мөнгөтэй болохоороо хүүдээ яваад л очно…” гээд толгойг нь үнэрлэв. Хүүгийн сэвлэг хайр хүрэм зөөлөн, их л гоё анхилхан ажээ.

Хүү аавынхаа үгэнд урамшиж “Гоё доо… Аав одоохон ирнэ гэж байна!?.” хэмээн ээждээ дамжуулна. Хүүгээ өхөөрдөн тэврэх гэсэн боловч хоосон тэмтчин дахиад л нойрноосоо сэрчихэв. Насанбат зүүдээ үргэлжлүүлэх санаатай нүдээ аниж хэсэг хэвтэв. Тэгснээ гэнэт ухаан орсон мэт орноосоо босож, хөшгөө нээв. Нар мандаж, Цэнгэл хэдийнээ ажилдаа явжээ. “Хүн сэрээчихгүй. Өнөөдрийн нөгөө ажил төрөл ч өнгөрлөө…” гэх бодол эргэлдүүлэн шилтэй уснаас залгилав. Дотор арзайж толгой нь хагарах шахна. Гэтэл ширээн дээр нямбайлан бичиж үлдээсэн зурвас нүдэнд нь үзэгдэв. “Сайхан амрав уу, Насаа… Найз нь өнөөдөр хол явж ажиллахаар боллоо. Чамайг нэг өдөр ч болов унтаж амраасай гэж бодсондоо сэрээгээгүй юм шүү. Гэхдээ найз нь чиний тухай зөндөө удаан бодлоо. Энэ хугацаанд нэг ч амрахгүй мундаг ажилсныг чинь бүгдээс илүү би л мэдэж байгаа. Ажил төрөл чухал ч гэлээ төрүүлж тэтгэсэн эцэг эх, түшиж тулсан хань ижил, өндийж өсгөсөн үр хүүхдээс илүү юм хаана байхав. Бас бэтгэртэлээ хүлээж байгаа бүсгүй хүнийг хичнээн удаан хүлээлгэх вэ дээ. Тэгэхдээ хэлтэй ч гэлээ хэрэгтэй үг хэлж чадахгүй, бие болоод ухаан санаа бүрэн байж ухаарч бодож, хөдөлж хөдөлмөрлөж чадахгүй хүмүүс энд зөндөө л байдаг. Би энэ бүхнийг зэрэг хөгжүүлж чадсан мундаг залуугаар үнэхээр их бахархдаг. Цаашдаа ч сэтгэл дотроо үргэлж хүндэтгэн хайрлах болно. Найз нь азаар хүнд хар санаж сураагүй болохоор чамтай ингэж дотноссон ч байж болох. Өнгөрсөн шөнө найз нь танай эхнэрийн бичсэн бүх үгсийг утаснаас чинь уншчихсан. Хүний юманд хамаагүй хүрснийг минь үнэхээр уучлаарай. Гэхдээ найз нь цагаахан сэтгэлтэй, ухаантай бүсгүйн үг бүрийг уяран хайлж уншихад зүрх догдлоод сайхан байсан шүү.

Хүн ер нь дулаахан сэтгэлтэй явахад дан дээлтэй байсан ч даардаггүй юм байна лээ. Яагаад гэж үү? Учир нь хүмүүс сайхан сэтгэлийг хүндэлдэг юм билээ. Яагаад ч юм бэ, чамд үг бичиж үлдээхгүй бол сэтгэл минь амрахгүй юм шиг санагдаад энэ зурвасыг бичсэнийг минь бас ойлгоно биз. Чамайг би дандаа л хүн бүрийн хайрыг дааж амьдараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүмүүсийн хүндлэл хайрыг эрхэмлэж халуун дулаан сэтгэлээ нандигнаж яваарай, Насаа минь. Чамдаа аз жаргал хүсье!!! (Хоёр жилийн байрны түрээсийн мөнгийг буцааж өгч байгаа юм шүү. Цаасанд боодолтой мөнгийг аваарай…)” гэжээ… Сүнжээ элчин сайдын яамны өмнө аравнайлсан будаанаасаа гаргаж дөрвөн зүгт өргөөд, хариугаа сонсохоор хаалгыг нь татав. Удалгүй Сүнжээ нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн гарч ирээд “Ээж нь хүүгээ орхиод хаашаа ч явахгүй ээ…” гээд бяцхан хүүг энгэртээ тэвэрч харагдана. Тэднийг гар өргөн унаанд суухтай зэрэгцэн гар утас нь жингэнэн дуугарав. “Байна уу? Байна байна. Хэн бэ?… Чи ямар дугаараас залгаад байнаа… Тийм, элчингийн гаднаас хөдлөж байна. За, Насаа минь надаар битгий тоглоод байгаарай… Хаашаа… Аль?!. Улаан өнгөтэй юу?” гэснээ уулга алдан “Жолоочоо зогсоорой” гээд сандран сануулав. Машин зогсож амжаагүй байхад нүүр дүүрэн баясгалантай нэгэн залуу ээж хүү хоёрыг угтан авав. “Чи надад хэлэхгүй яаж чадаж байнаа. Ирж байгаагаа хэлэхгүй яасан юм бэ?” гээд бүсгүйн нүд баяраар гийж хүзүүдэн тэврэв. Насаа “Амжихгүй л бол хүний амьдралд хөл тавьж болохгүй биз дээ, хайрт минь…” гэж чихэнд нь шивнээд бяцхан хүүгээ дух, хацар дээр нь үнсээд өндөрт өргөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!