“ЭХНЭРИЙНХЭЭ НӨХӨРТ ХАНДАН БИЧСЭН ЗАХИА” БОДИТ АМЬДРАЛААС
“ЭХНЭРИЙНХЭЭ НӨХӨРТ ХАНДАН БИЧСЭН ЗАХИА” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!
За сайн байна уу эрхэм залуу минь. Чиний туучаад гарсан цэцэгсийг эргүүлэн ургуулах гэж би мэрийж яваа шинэхэн нөхөр шинэхэн аав байна. Миний хамгийн хайртай хоёр эмэгтэй өмнө нь чамд доромжлогдон хууртаж мэхлэгдэж уйтгар гунигтай замаар алхаж байхад нь би тааралдсан юм. Чи сайхан залуу байж болох ч сайн нөхөр, сайн аав болох чадваргүй амин хувиа хичээсэн нэгэн байсан бололтой. Чам шиг олон залуус үнэхээр сайн гэрийн эзэн болох мянга мянган эрчүүдэд хаалт болж байдаг юм шүү. Нэг олдох амьдралаа нэг л замаар алхаж өнгөрөөгөөсэй. Хоёр жил гарны өмнө шөнө харанхуй нөмөрсөн гудманд хүүхдээ тэвэрсэн охин зогсож байхтай таарсан юм. Тэр бол чамд хачин их гомдсон хоёр эмэгтэй байлаа. Халуурч вакциндаа шоконд орсон охиноо тэвэрсэн нулимстай нүдтэй эмэгтэйг эмнэлэгт хүргэж өгөөд хаяад явж чадалгүй гадаа нь хүлээж зогссон. Буцаад гэрт нь хүргэж өгөхдөө толиндоо харсаар л явсан.
Ийм хөөрхөн эмэгтэй нөхөр нь яасан болоод шөнө өөрөө тэврээд зам дагаад гараа өргөж явсан юм бол гэж. Замын турш гунигтай цонх ширтэн явсан түүнээс нөхөр чинь гарч ирж авах уу гэж асууж чадалгүй оруулсан. Гэхдээ сонин тохиолдлоор машинаа угаалгаж байгаад өөрийнхөө суудал доороос ягаан өнгийн нэг ном шиг зүйл олсон. Тэр хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр байсан. Нээгээд үзэхэд дотор нь утасны дугаараа бичиж бөглөсөн байснаар би залгах шаардлага үүссэн юм. Бас нэг зүйл анзаарсан нь тэр үзэсгэлэнтэй эмэгтэй охиноо өөрөөрөө овоглосон байсныг уншлаа. Ганц бие ээж байж ээ. Дэвтэрийг хүргэж өгөөд хэрэг болвол залгаарай гээд дугаараа өгөхөд нүдээрээ инээмсэглэн ааан заа гээд авсан тэр харцанд дурласан. Ийм сайхан нүдийг уйлуулж орхисон тэр залуу лав эрүүл биш байх гэж. Би залгахыг нь хүлээсэн. Гэхдээ залгаагүй. Эцэст нь өөрөө залгаж бүхнийг эхлүүлсэн юм. Эр хүнд итгэхээ больсон эмэгтэй хүний сэтгэлд багтах гэж үнэхээр их хичээсэн.
Яваандаа бид арай дотно болж хөөрхөн охиноо аваад хотоор зугаалдаг ядаж л уйтгартай нүд нь арилж эхэлсэн. Хоёр салаа гэзэгтэй хоёрхон настай охин долоовор хуруунаас атгаж нүүрэнд минь хүрсэн. Хүүхэд ийм хөөрхөн хайр татам гэдгийг анх мэдэрсэн. Боль дэмий гэх найзууд байсаан. Нуугаад яахав. Гэхдээ би нэг л хариулт хэлдэг байсан. Үгүй ээ надад аав байх таалагдах юм шиг байна. Би хайртай болсоон гэж хэлдэг болсон. Би охиноо харах бүрт боддог бодлоо хэлэх үү? Чи ийм хөөрхөн охиныг хөтлөөд явахаас татгалзсан. Чи ийм хөөрхөн охиныг унтаж байхыг нь хараад хөнжлийг нь нөмрүүлэх халамжаа харамласан. Чи ийм хөөрхөн охиныг хүзүүн дээрээ суулгаад зайрмагаа хувааж идэх заваа хумсалсан. Чи ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг тэвэрч явах үүргээ умартсан. Аз болж чи охиныг минь төрөхөөс өмнө тэднийг хаяад одсон гэсэн. Тийм учраас насан туршдаа охиндоо би жинхэнэ аав нь байх болно.
Охин минь аавдаа хайртай гэж том болоод зохион бичлэг дээрээ бичих болно. Өнгөрсөн сард би охиныхоо албан ёсны аав болж нэрнийх нь урд өөрийнхөө нэрийг тавьлаа. Би гэнэт л гурвуулаа болж гэнэт л маш их жаргалтай бас үүрэг хариуцлага дүүрэн эцэг болсон. Одоо бол тэр хоёртоо ажлаа тараад яардаг тэвчээргүй аав. Жижигхэн гараараа шөнө хүзүү тэврээд унтсан байхыг нь хараад инээд хүрч тиймээ гэж хэлдэг. Би чиний орхисон чинийхээр бол хүсээгүй амьдралыг чинь ургуулж өнгөлж тэднийг дахин бүү шаналаасай гэж чин сэтгэлээсээ залбирч байгаа жирийн нэг гэрийн эзэн. Эцэст нь чамд ганц зүйл захия. Дахин өөр нэг цэцэгсийг бүү гишгэлж хаяарай. Чиний орхисон аз жаргалыг цэгцлэх гэж жинхэнэ сайн аавууд , залуучууд хайртай хүмүүстээ үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх гэж чамгүй бажгадах юм. Дахиад нэг зүйл хэлье. Нэгэнт одоо инээдэг болсон цэцэгс маань хатаж гундсан өнгөрсөн цагаа мартаасай. Мартахад нь чи туслаасай. Явсан шиг ээ, ганцаараа одсон шигээ үйлдэлдээ үнэнч байгаарай. Бид аз жаргалаа хайхаар явлаа…