“ЭХИЙН ЗАЛБИРЛААР ОРЧЛОНД ЭРГЭЖ ТӨРДӨГ” ӨГҮҮЛЛЭГ
“ЭХИЙН ЗАЛБИРЛААР ОРЧЛОНД ЭРГЭЖ ТӨРДӨГ” ӨГҮҮЛЛЭГ
Д.МИШИГСҮРЭН
Цэрэнгийн орон дээр цав цагаан нэхий өлгий дээр бумбайсан цагаан охин тарвалзаж байна. Энэ чинь юу билээ хэмээн цочих шиг болтол нөхөр нь түүний гарыг зөөлөн атгаж, – Бидний охин эгдүүтэй юмаа. Чамайг минь яг л өвчсөн юм шиг адилхан байна шүү гээд нүүр дүүрэн хайр гэрэлтсэн харцаар харав. Он удаан жил нөхрөө хараагүй, сэтгэлдээ дэндүү ихээр бэтгэрч явсан Цэрэнгийн нүдэнд нулимс дүүрч ирэхүй нэхий өлгий дээрх бяцхан охин ход ход инээв. Унинаас зүүсэн хонхтой үнэгийг харан баясаж тарвалзах охины шилбэн дээр эрхий хуруугаар дараад авсан мэт тод хар мэнгэ.Энэ чинь миний охин эргээд ирж хэмээн хашгирах гэтэл гадаа хоточ басар юу руу ч юм учиргүй агсарч хуцах дуунаар Цэрэн нойрноос сэрэв.Бэрийнх нь нялх хүүгээ бүүвэйлэх зөөлөн дуу гэрийн нөгөө талаас бүдэгхэн сонсогдоно. Цэрэн өглөө наранд цайны дээжээ өргөөд “Бурхан минь охиныг минь буцааж өгөөч, энэ хатуу орчлонд жаргал гэж юу байдгийг үзээгүй амьтан шүү дээ” хэмээн зөөлөн шивнээд гэртээ орлоо. Хойморт буй жижиг авдар дээр зэхэж орхисон зулаа өргөх үү, болих уу гэж өөрөөсөө асууна. Аймгаас хэл өгөхөөр хэн нэгэн ирэх болов уу гэж тэрээгээс нааш хос морьтон шиг зурайх замыг битүүхэн ширтэнэ. Урд шөнийн зөнтэй зүүд байсхийгээд л бодол нөмргөж орхих тул хүү минь эгчдээ тэмдэг тавихаа мэдэж байгаа болов уу гэж зурс зурс бодно. Цэрэн хүү, охин хоёртой. Хүүхдүүдийнх нь аав нутагтаа уран гарт Галдан гэж алдаршсан дархан хүн байв. Галдан нутгийнхаа томоохон хийдүүдийн нэг Базар маанийн хийдийн оёдол үйл, дарханы ажлыг хийхээр явснаас хойш Цэрэнгийн амьдралыг бараан үүл нөмөрч эхэлсэн юм.
-Цэрэн минь хүүхдүүдээ бодоод хоол унданд ч нэмэртэй хэдэн янчаан нь хаачихав дээ. Ах лам хийдэд сууж оёдол, дарханы ажил хий гэж байна. Хэдхэн сар болчихоод ирнэ гэсээр нэг л өглөө шийдвэр гарган Галдан явахаар зэхэж билээ. Жил дараа гарсан хоёр нялх амьтанаа тэжээхийн тулд нөхөр нь ийн шийдсэнд, Цэрэн дурамжхан байсан ч нөхөр нь гарынхаа ураар хэдэн биеэ тэжээх гэж байхад хориод дэмий санагдсан юм. Нөхөр нь яваад нэг сар хэртээ болж байтал лам нарыг ногоон малгайтнууд бариад, цаазаар авч байна гэсэн сэтгэл хирдхийлгэсэн яриа чих дэлсэж эхлэв. Маанийн хийдийхнийг яагаа бол гэж битүүхэн чимээ чагнаж, яасан цөвүүн цаг вэ, тэр олон гэмгүй хүмүүсийг яах нь энэ гэж халаглах болов. Манай нөхөр лам биш юм чинь, харин ахыг нь яаж байгаа бол гэж санаа зовинон өдөр хоногийг үдсээр. Хүүхэд, малыг нь харах хүнгүйд хийд рүү очиж чадахгүй хий дэмий л тийш нь цайны дээшээ өргөж ахынх нь төлөө залбирсаар. Салхи жиндүүлсэн намрын хүйтэн өглөө саахалтын хөгшин эсгий үүд сөхөж гэнэт орж ирэв. Мэнд мэдэх зуураа Цэрэн юу болсон юм болоо, өвгөн нь гайгүй байгаа гэж бодонгоо дуугаа хураан, юу ч юм хэлэх гээд хэлж чадахгүй түгдчин суугаа саахалтын хөгшнөө ажин суув. Аягатай цайгаа оочилж дуусаад, Цэрэнгийн цоо ширтэх нүднээс дальдчин байж, -Цэрэн минь сэтгэлээ бариарай, нөхрийг нь урд шөнө цаазаар авчихаж. Энэ ногоон малгайтнууд хүний маханд цадах болоогүй юм байлгүй гэж билээ. Эхлээд тэр сонссон үгэндээ итгэсэнгүй.-Та андуураа байлгүй дээ. Манай хүн хийд дээр ахынхаа гуйлтаар л жаахан юм хийж өгчихөөд ирэхээр явсан гэтэл
-Бариад явчихсан байжээ охин минь, үүрээр Сэнэмийн хүү хар гэрээс гарч ирж. Тэр бас тэнд хамт хоригдож байсан байна. Манайхаар ороод гэр рүүгээ явлаа. Чамд хэл өгөөрэй гэсэн юм гэж хэлэхдээ амгалан нойрондоо умбаж нүүрэндээ инээмсэглэл тодруулан үнэгчлэх хоёр бяцхан үрийг нь өрөвдсөн зөөлөн харцаар харснаа -Охин минь хүүхдүүдээ л боддог юм шүү. Хамаагүй юм ч ярьж болохгүй болжээ, хэлэх үгээ л цэнэж яваарай цөвүүн цаг ирж гэж хэлээд суудлаасаа өндийхдөө, Цэрэнгийн дотрыг засах гэсэн үү -Хэдэн ишигээ манайд тавьчих хүү минь, ямаагаа бааслах гэж бас л ажил шүү дээ гэсээр гарав. Яг ямар үг сонссоноо үл ойлгох мэт Цэрэн хэсэг зуур суув. Сэтгэл дотор нь хов хоосон оргих агаад, худлаа ярьж байна, тэд андуурсан байх гэж өөрийгөө тайтгаруулах гэж оролдлоо. Галынхаа шилээвэрийг нэг шүүрч авснаа тулганд дүрэлзэх галын элч нүүр төөнөхүй би чинь шилээвэрээр ч яахсан билээ гэж үглэсээр эргүүлэн газар тавиад өндийхдөө ухасхийн саахалтын хөгшиний араас гарлаа. Айлын буурлаар хүүхдээ харуулж орхиод Маанийн хийд рүү очиж байж л эр нөхрөө баригдаад явсныг нь мэдэж билээ. Гэхдээ л ирэх юм шиг харуулдсаар хэдэн жилийг ардаа орхиж, энэ хооронд хүүхдүүд нь том болж тусад ороод эхэлсэн дээ. Ээжийн тавилан хүүхдэд давтагддаг гэдэгт Цэрэн итгэх дургүй. Гэвч ганц охиных нь хувь тавилан яг л өөрийнх шиг нь өрнөж өр зүрхийг нь сэмрээж орхисон. Сүй тавьсан залуу нь авч явах хоногоо тохирчихоод, гэртээ харихаар явах замдаа мориндоо чирэгдэж нас барсан байж билээ. Айлын гэргий болж амжаагүй бэлэвсэрч хоцорсон охин нь сүйт хархүүгийнхээ араас гашуудсаар эдгэршгүй өвчинд баригдаж нийслэл хүрээг зорьсон юм.
Хүү нь эгчийгээ эмчилгээнд аваад явсан тул хөгшин, бэр, ач хүү хоёрынхоо хамт үлдээд үймэрч яваа нь энэ ээ. Гал нь буурсан нүдээрээ зовиуртайхан харсан охин нь явахдаа, -Ээжээ би эргэж энд ирмээргүй байна гэж билээ. Хариуд нь Цэрэн, -Цөг гэм, яасан амны билэггүй юм ярьдаг юм. Миний охин хөл дээрээ босчихоод ижийдээ ирэлгүй дээ гэж хэлэхдээ охиноо эргэж ирэхгүй нь дээ гэдгийг эх хүнийхээ совингоор мэдэрч билээ. Тэгээд хүүдээ аминчлан захихдаа, -Юмыг яаж мэдэх билээ, эгч нь янз бус болвол заавал тэмдэг тавьдаг юм шүү миний хүү гэж хичээнгүйлэн захьсансан. Зүүн сайхан уулын ар хормойд шүүдэр өвсөө хучиж хонохдоо царцаж өглөөг угтах болов. Ийм эрт шүүдэр хөлдөж хонохыг би энэ насандаа үзсэнгүй хүйтэн өвөл болох нь дээ гэж Цэрэн бодно. Нэгдлийн хэдэн малаа эргэж тойруулах ажлыг бэр нь торохгүй амжуулчихдаг учир хөгшин өдөржин ач хүүгийнхээ хамт гэрт өнжихдөө “охин минь эргэж ээждээ төрөөрэй” гэж цаг тутамд залбирна. Намар оройн жиндүүхэн өглөө нартай бараг зэрэгцээд хүү нь сэвхийтэл ороод ирэв. Хар багаасаа ижийдээ тулах багана нь болж ирсэн хүү нь хэзээний нас тогтсон эр хүн болчихсон нь Цэрэнгийн сэтгэлийг уужилдагсан. Хүү гэрт орж ирээд ээждээ үнсүүлээд хоймор суухдаа унтаж буй хүүгээ харж бүдэгхэн инээмсэглэснээ тэр дороо царайгаа төв болгоод эхнэрийнхээ аягалж барьсан цайг ойчлон хэсэг дуугай сууснаа, -Өвөлжөөндөө буухгүй бол оройтчихлоо шүү гэж өөртөө ч юмуу хэлэв. Хариуд нь хэн ч үг хэлсэнгүй. Дахиад хэсэг дуугүй суусан хүү нь. -Сэрсмаа эгчийнхээ буянд ажил явдал сайхан болсоон гээд дахиад дуугаа хураалаа.
Цэрэн үг дуугарсангүй чимээгүйхэн хойморийн авдар өөдөө очиж бэлдэж орхисон зулаа өргөв. Эргэж галынхаа өмнө очиж суугаад галынхаа хайчыг барьснаа, яах гэж байгаа билээ гэсэн шиг хэсэг сууснаа газар тавиад, -Тэмдэг тавьсан биз дээ миний хүү гэлээ. – Хөөгөөр хөлийнх нь шилбэн дээр эрхий хуруугаараа тэмдэг тавьсан гэж хэлээд хүү нь, -Ээжээ өнөөдөр өвөлжөөндөө буух уу даа. Би ачлагын тэмээндээ яваад ирье гэсээр өндийлөө. -Миний хүү өглөө нарнаар гэртээ эргэж ирсэн юм чинь, эгч нь бас энэ голомтондоо эргэж төрөх байхаа гээд Цэрэн ч хүүгээ дагаад өндийлөө. Ээж хүү хоёрын яриаг сонсож суусан бэрийн нүднээ нулимс мэлтэрч ирэхүй өөрийн эрхгүй ханцуйгаараа шудрахыг харсан Цэрэн, – Охин минь битгий уйл, эгч нь эргэж ирэх замаа олохгүй төөрчихнө гэж билээ. Энэ намраас хойш жил тойров. Цэрэн хөл хүндтэй бэрийгээ тойлж хорвоод мэндлэх шинэ хүнээ тосож авахаар зэхэх болов. “Ээж эгчийг л эргэж ирнэ гэж ингэтэл хүлээж байхад тэр мэнгэтэй хүүхэд нь төрөхгүй бол яана” гэж бэр нь битүүхэн эмээнэ. Намрын өглөө говийн нар халуу төөнүүлэн мандахтай зэрэгцэн бяцхан охин часхийн дуугаа хадаахад хөлийн нь шилбэн дээрх хар мэнгэ тодоос тод харагдана. -Охин минь, үр минь, ээждээ буцаад ирж гэсээр Цэрэн дуун алдахдаа, Бурхан минь баярлалаа гэж шивнэлээ.