“ЭР ХҮН МУУХАЙ БАЙЖ БОЛНО, МУУ АМЬДАРЧ БОЛОХГҮЙ…” ӨГҮҮЛЛЭГ
“АМЬДРАЛ ӨӨРЧИЛСӨН АМЬД ҮГ” ӨГҮҮЛЛЭГ
“Эр хүн муухай байж болно, муу амьдарч болохгүй” гэж хэлж байсан аавынхаа үгийг Цэрэн зүүдэндээ сонсоод дав хийн сэрлээ. “Ёоо ёоё ёоё тархи хагарах нь ээ. Хамаг бие битүү хавдар хөдөлж болох зүйл нэг ч алга” гэж бодсоор Цэрэн өндийв. За байз өчигдөр юу болоод өнгөрчихөв өө… ммм ёо ёо шархны халуун, аpxины шардалт нийлээд үхэх нь ээ. “Алив надад өвчин намдаах эм аваад ирээч” гэж хамаг хүчээ шавхан байж хэлэв. Эхнэр нь эм, ус хоёр авчирч өгөхдөө “Хохино чи, яаж амьд үлдсэн юм” гэж хэлэхдээ хайр шингэсэн нүднээс нь нулимс дуслах биш урсаж байлаа. Цэрэн 70 80 иад оны хэллэгээр бол тухайн үеийн aтaмaн. Омголон догшин хийморьтой залуу. Түүний бага насыг эргэж харвал ар гэрт нь гашуун зүйл тохиолдсоны нэг нь аав ээж хоёр нь дунд сургуульд байхад нь салсан гэдэг.
Улмаар ээж нь өөр хүнтэй амьдрал холбож дүү нартай ч болж ам бүл нэмэгдсэн ажээ. Мэдээж хөдөлгөөнтэй уучихдаг, зoдоон цоxион салдаггүй залууд хойд эцэг нь уурлах үе гарч үг хэлнэ. Ээж нь өмөөрч гурвалжин дөрвөлжин юм болох нь энүүхэнд. Цэрэнгийн хувьд ч гэсэн “Энэ миний хойд эцэг учраас намайг ад үзэж байна” гэж бодно. Гэхдээ л Цэрэн хойд аавдаа “бага аав” гэдэг нэр өгчээ. Эрийн цээнд хүрсэн Цэрэн, эхнэр авч хоёр хөөрхөн охинтой боллоо. Одоо л нэг төлөвшиж үр хүүхдийнхээ төлөө явж атоман зангаа орхих байлгүй гэсэн аавын горьдлого талаар өнгөрлөө. Гар нь гавтай xорих ангид ачигдах гэж байгаа, шал гөлийн ширтэх хүүгээ аав нь хараад “Хүний үг сонсдоггүй чинь энэ” гэж ширүүхэн хэлээд хэсэг дуугүй болов. Төдөлгүй аав нь цагдаа руу нуруугаа харуулж хүүгийнхээ чанх урд сандал татаж ирээд суув. Цагдаагийн талаас харвал хүүгээ загинаж байгаа аав харагдана.
Харин Цэрэнгийн зүгээс харвал нулимс нь тогтохгүй урсаж бага аав нь “Эр хүн муухай байж болно, муу амьдарч болохгүй” гэж хэлэхдээ, хүүгийнхээ бакалны нэг түрүүнд тухайн үед гармошиглон татдаг байсан билмор тамхи хийж, нөгөө түрүүнд нь нэгт, гуравт, тавт, аравтын дэвсгэртээс бүрдсэн 80 орчим төгрөг хийжээ. Энэ мөнгө тухайн үеийн мөнгөөр чамгүй мөнгө байсан гэдэг… “Залуу омоглон ч байж алдаж асгаж ч явждээ” гэж Цэрэн бодож хэвтэхдээ “Би л аавыгаа хойд эцэг гэдэг нүдээр хараад байсан болохоос биш аав минь миний амьд бурхан байжээ” гэж харуусан дотогш уйлав. Тэгээд “Яасан сонин юм бэ, xоригдох гэж байхдаа аавынхаа хэлж байсан үгийг зүүдэндээ дахиад сонсдог ямар учиртай юм бол гэж дотор хүнтэйгээ ярьж хэвтлээ. Одоо л би амьдралаа өөрчлөх ёстой. Тиймээ аав минь “Муухай эр хүн байж болох ч муу амьдарч болохгүй” гэж хэлж байсан.
Би яасан муухай хүн бэ гэснээр дотогш залгиж байсан нулимс нь хавдаж цус хурсан нүднийх нь завсраар нуугдаж чадалгүй урслаа. Цэрэн энэ өдрөөөс хойш нэг ч удаа аpxи угаагүй гэдэг. Уухгүй болохоор аpxины найзууд нь аяндаа л зайгаа барьж холбоо тасарчээ. Тэрээр одоо гурван хүүхэдтэй. Том охин нь хүнтэй сууж бүр өвөө болсон гээд боддоо. Хожим Цэрэн дурсахдаа “Аpxи хүний амьдралыг балладаг юм билээ. Аpxи уухаа больсноос хойш манай санхүүгийн асуудал шийдэгдсэн. Эхнэр минь амьдралаа болгох гээд нарийн боов, хоол хийж зардаг байсан, түүнийгээ ч больсон. Харин машин унаад л өөрийнхөө дуртай ажил руугаа өглөө нь явж орой нь ирж байхыг харах надад сайхан байдаг. Би гурван хүүхдээ хүссэн сургуульд нь оруулж бүгдийг нь мэргэжилтэй болгосон. Ингэж аавын минь амьд үг амьдралыг минь өөрчилсөн юм. “ЦАЙ УУХ ЗУУР” БҮЛГЭМ