“ЭРГЭЖ ХАРАЛГҮЙ ЯВ” ӨГҮҮЛЛЭГ

Үдшийн салхи зөөлөн үлээж,нар зугуухан төөнөнө.Гэр гэрийн зүг цаанаа л нэг аз жаргалтай яаран алхлах хүмүүс зөрж өнгөрнө.Сарнай ч мөн тэдний л адил ажилаа яаравчлан дуусгаад халуун дулаан гэрлүүгээ харьж явна.Өнөөдөр түүний хувьд бусад өдрүүдээс онцгой гайхамшигтай өдөр байлаа.Хайрт ханийх нь царай харагдаж анх хэрхэн танилцаж байсан,анхны болзоо,хурим бүх л нандин дурсамжаа сэтгэлдээ зуран инээмсэглэн алхална.Гурван жилийн өмнөх энэ өдөр хайрт хань Анандынхаа журамт гэргий байхаа тангаргалаж гал голомтоо бадраасан юм.Аз жаргал хайр сэтгэлээр цалгин байвч тэр хоёрт удам залгах үр заяасангүй. Анандыг ажлаасаа ирэхэд нь Сарнай халуун хоолтой угтаж өдөр тохиолдсон бүгдээ хаман ярьж,ханатлаа эрхэлж аван аз жаргалтай байвч тэд гэрийг нь дүүргэх “бяцхан хайр”-ыг хүсэн мөрөөдөвч бие биенээ гомдоохоос эмээн үл хэлж зүрхэлнэ. Гэтэл ойрд Сарнай ажилдаа ядарч урьд нь дурладаг байсан сармистай шөлөө уух битгий хэл үнэрийг нь ч авч чадахаа больжээ.

Маргааш нь цайныхаа цагаар найзыхаа ятгалгаар ойролцоох эмнэлэгт очиж эмчид учир шалтгаанаа тоомжиргүй тоочин ширээн дээрх балыг оролдон хайнгадуу суутал эмч түнийг ЭХО-д харуулахыг зөвлөлөө.Эмч үзлэгээ дуусгаад түүнрүү харж баяр хүргэе нэг сар 3 хоногтой байна гэв.Итгэж ядан эмчийн гарыг чанга атгаад нулимс дуслуулан хичнээн лавласныг бүү мэд. Ийм хариу сонсоно гэж огт төсөөлөөгүй Сарнай шуудхан хайртдаа хэлэхээр завдаснаа больж орой хэлхээр шийдэн алхалж яваа нь энэ байлаа.Ханьдаа яаж хэлнээ,тэр минь яасан их баярлах бол гэхээс зүрх нь догдлон хэвлий дэхь үрээ илэн амьд явах, амьдрах яасан сайхан юм бэ гэж шивнэн явлаа.

Гэртээ иртэл Ананд хаалгаа тайлан урьдынхаараа тэвэрч үнсэлгүйгээр чамд хэлэх юм байна гээд эргэв. Сарнай багахан гоморхон буйдан дээр суугаад надад бас хэлэх юм байгаа гэв. Ананд түүний өмнө сөхөрч суугаад хайрт минь намайг өршөө би өөр хүнийг сэтгэлдээ тээгээд удаж байна.Дэндүү их хайртай болж байгаагаа мэдэр ч байна тэр хүний л дэргэд байж хайрламаар байна гээд пал хийтэл хэлэх нь тэр.Сарнай юу болж байгааг ухаарч чадахгүй дэмий л өмнө нь арчаагүйгээр өвдөг сөхрөн өөр хүнд сэтгэл алдарсан хайрлаж явсан ханийгаа гөлрөн суув. Ананд цааш нь хэлэхдээ тэр маань хоёр хүүхэдтэй би тэднийг төрсөн үр шигээ хайрлаж чадна,чи минь гайхалтай эмэгтэй надгүйгээр сайхан амьдарч чадна аа гээд нүүрээ даран уйллаа.

Сарнайгийн дотор тэсэхийн аргагүй давчдаж,нүд нь харанхуйлж, цөхөрлийн нулимсаа шүд зуун тэвчлээ.Хамтын амьдрал,хайр сэтгэл энэ бүхэн хаашаа алга болов,нүдрүү нь хараад хэлдэг байсан “би чамдаа хайртай” гэх үг хаачсан юм бол? Би ер нь чиний хувьд юу байсан юм бэ?хайр сэтгэл чинь хоосон амлалт байсан гэж үү гэх үй түмэн асуултгүй хариулт,хариултгүй асуулт хөвөрч цээж нь урагдах шиг болж дэмий л хэвлийгээ илж миний хүү битгий сонсоорой гэж үглэн байлаа.Би чамд итгэж хайрлаж байсан нь алдаа байсан юм уу? Гэр бүл гэдэг хэрэглээд л хаядаг амны цаас гэжүү гээд орилмоор байв.Хүний хүүхдийг хайрлана гэнэ ээ,гэхдээ бидний “бяцхан хайр”-аа яах юм бэ яаая гэсэн юм бэ гэж хэлмээр байв ч тэвчин арай гэж амаа нээн –Яв даа “Эргэж хэзээ ч битгий хараарай” тэр цагт аль хэдийн хожимдсон байна.Чи их азгүй хүн юм даа гэв. Дотроо чи азгүй,чамайг хайрлан угтах хань байхгүй,хэн ч ааваа гэж тосон гүйхгүй чи тэр жаргалыг мэдэрч чадахгүй чи их азгүй хүн юмдаа гэж хичнээн хараан зүхэж орилж нулимж байсан ч тэр одоо ганцаараа биш гэдгээ л хамгаас илүү мэдэрч байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!