“ЭМЭГТЭЙ” ӨГҮҮЛЛЭГ

Шөнө бүрийн энэ цагт нялх хүүхдийн уйлах чимээ гүн нойрноос минь сэрээхэд бухимдал минь анхных шиг төрж амьсгаа түргэснэ. Намайг босох болов уу? гэж горьдсон нөхөр маань амьсгааг минь сонсоод год хийн босож явна. Тэр чимээ хэсэгтээ л намжихгүй бөгөөд уур минь дээд цэгтээ хүрч тамxи авч асаагаад хувцасаа хам хум өмсөөд гэр гэх оромжноосоо би гарлаа. Миний сэтгэлийн гэр тэр нэгэн бороотой үдэш оромж болж хувирсан. Би оромжоо буудал шиг ашигладаг. Хүссэн үедээ орж хононо. Үгүй бол гадуур наргиж цэнгэж байгаад \жинхэнэ\ буудал орно. Манай оромжийг цэвэрлэдэг нэг гэрийн үйлчлэгч байдаг. Тэр хүнийг би нэгэн цагт сүнсээ өвтгөн хайрлаж байсан бол одоо түүний царайг нь ч ямар байдгийг нь мартаж байна. Хаврын адаг сар хэдийн айлчлан ирсэн ч гадаа сэвэлзүүр салхитай энгэр заамруу нэвт шувт салхилж асаасан тамxины минь цогийг улам өрдөх юм. Нойрмоглосон хотыг сэрээх гэсэн юм шиг машины хүнгэнэх дуу олширч гудамжинд ажил руугаа явж байгаа улс нойрмоглон алхалдана. Харин хот хэзээ ч нойрсдоггүй гэж боддог хүмүүсийн ганц нэг нь гудамжинд хөлчүү яваа улсад өөрсдийн зарж буй зүйлээ зарчих санаатай урдах замыг нь хоргоон явна. Нөгөөх cогтуу яваа хэд нь хаана яваагаа ч мэдэхгүй мөртлөө сулхан дуугаар үгүй үгүй гэж толгойгоо сэгсчин шүлсээ гойжуулан ус тогтсон нүхэн дээр гишгэчихгүйг хичээж яваа хүн шиг сажилна. Хаачихаа мэдэхгүй алхаж яваа би хэзээ хамгийн сүүлд ингэж их омголон зан минь хөдөлсөн билээ гэдгээ санах гэж ядан алхана. Ганц мэдэрч байгаа зүйл бол дотор минь шатаж байна. Яагаад гэдгийг нь би хэнээр ч хэлүүлэлтгүй мэдхийн дээдээр мэдэж байгаа ч ил гаргаад хэлэх гэхээр үг олдохгүй нулимс минь л урсах юм. Энэ их бачуурлыг ил гаргах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч тэр болгондоо нус нулимстайгаа хутгалдсаар байгаад таарсан.

Эл тухай бодох бүрт үгнээс түрүүлээд нулимс гарчихаад байгаа болохоор энэ удаа уйлахгүйн тулд бодмооргүй байгаа боловч ой санамжинд минь эргэлдээд байх бодлыг би яалтай нь билээ. Тамxи асааж гэрэлтэй шонгийн доор байх сандал дээр суулаа. -Чи ч бас нэгэн цагт яаж явсанаа санаж байна уу? Гэх хэн нэгний хоолой, суунаглах хөх утаан дотроос намайг зэмлэх шиг. Гайхангуй дээш хартал гэрэлд бүжиглэх хөх утаа намайг миний өнгөрсөн дурсамж руу минь хөтлөн алхуулав. Цас бударсан өвлийн үдэш гурван жил үерхэж буй найз залуугаа гудамжны үзүүрт хүлээж зогсох миний сурагч насны сүүлчийн өвөл. Зэргэлдээ гудамнаас нь уур савсуулан гүйсээр ирэх миний анхны хайр. Цас ширхэг биднийг л чиглэн орж буй мэт тэр үдэш ээж аавыг эзгүйчлэн сэтгэлтэй хөвгүүнийхээ гараас тас атгачихсан хорвоогийн хамаг зовлон шаналалыг би түүнтэй л хамт байх юм бол бүгдийг нь туулаад гарчихна гэж бодож явсан миний гэнэн хүүхэд нас. Хашааны хаалга онгойхтой зэрэгцэн нямбайлан шүүрдсэн явган хүний замыг орж буй цас, цасан ширхэгээрээ ахин далдалж байх юм. Түүний амьдардаг байшин. Би энэ байшинд анх удаа орж ирж байгаа минь энэ. Миний нүдэнд тусах хэдхэн зүйлс байсан нь анхны хайртын минь авсан цом, өргөмжлөл, медалиуд байв. Намайг ирэхийг мэдэж байсан тул гэрээ цэвэрлэчихсэн саяхан түлсэн гал нь дөнгөж асаж эхлэж байгаа бололтой. –Би нээх хоол хийгээд байдаггүй юм. Чамайг ирнэ гэхээр хийсэн юм. Муухай бол битгий идээрэй гээд миний дурласан инээмсэглэлийг надад үзүүлээд өгөх будаатай хуурга. Юу хийх учраа олохгүй хэсэг сууснаа бид зурагт үзэв. Тэднийх хоёр ортой боловч тэр нэг орыг нямбаалан засаж байгаа анхны хайраа харан нүдэнд нь оч бударч өнөө шөнө түүнд юу тохиолдохыг үл мэдэх хүүхэд насны минь сүүлчийн шөнө.

Эмэгтэй хүн болж их сургуульд ороод хүссэн мэргэжлээрээ сурч анхны хайртынхаа хүүхдийг хэд л бол хэдийг гаргаж өгье хэмээн бодож байсан үе минь. Энэ үед юу ч мэдэхгүй гэнэн балчираараа явж байхдаа амьдрал мэддэг хүн шиг аашилж байснаа одоо бодоход инээд минь хүрдэг юм. Сургуулийнхаа учрыг олох гэж хэсэг бужигнасны дараа хайртайгаа уулзана гэж сар гаруй хүлээлээ. Хүлээсэн мөч минь ирж түүнтэйгээ уулзах гэсэн боловч тэр ямар нэгэн шалтгаанаар хэд хэдэн удаа надтай уулзаж чадсангүй. 3 жил үерхэхэд юу эс тохиолдохов. Гэлээ ч түүний надад хэлсэн сүүлчийн шалтгаануудыг би одоо болтол ойлгоогүй явдаг. Хүнийг мууг үзэх гэсэн юм шиг найзууд хэнд ч байдгын адилаар манай ангийн охин -Чиний хайр урьд шөнө тэд нартай шоудсан, Дуяагийн төрсөн өдрөөр яагаад ирээгүй юм. Найз залуу чинь ирж ингэсэн тэгсэн гээд найз залуугийн минь хийсэн үйлдэл, хэлсэн үг болгоныг нь тоть шиг л надад үргэлж хэлдэг болов. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог юм гэдгийн адил миний ч санаа зовинон тэр ч надад ямар нэгэн шалтгаан хэлэн уулзах өдрийг сунгаж байгаа нь надад хар төрүүлсэн юм. Тэр надаа хаана амьдарч байгаагаа хэлэхгүй, асуухаар хайр нь дагуулж очиноо гээд ам таглачихдаг байв. Өглөө ер бусын бодол намайг эзэмдэн авч сургууль руугаа биш найз залуугийнхаа хаана амьдарч байгааг мэдэж авсан байр руу нь явлаа. Түүнтэй уулзаагүй удсан болохоор догдолж тэднийд хонохоор шийдэж хаалгыг нь нүдэв. Хүн байхгүй бололтой удаан хүлээж зогсов. Шатаар уруудаад явж байхад ард хаалга онгойв. Баярласан би эргэн гүйж хаалгаа онгойлгон цээж нүцгэн зогсох хайртынхаа хүзүүнээс нь зүүгдэн учиргүй үнсэх миний гэнэн үе. Энэ үеийн явдлаа би хар хайрцаганд хийгээд ой санамжныхаа хогийн савруу шидчихсэн байсан юм. Хайраа хэн бэ? Гээд нүцгэн биеэ алчуураар ороон гарч ирэх над руу ярьдаг манай ангийн охин. Саяхан баяр баяслаар дүүрч байсан сэтгэл минь орвонгоороо эргэж уйлах инээхийн зааг дээр ирж тэвэрсэн хүзүүгээ ахиж хэзээ ч харахгүйг мэдээгүй би түрүүн уруудаж байсан шатруугаа нулимстай нүдээр харж гүйнэ. Хачин юм шүү? Энэ утаа надад миний санахгүй гэж мартсан тэр бүх дурсамжийг сануулна. Амьдрал \зовлон\ гэхчийг мэдэрсэн тэдгээр өдрүүдэд нэг л хүн миний хажууд байсан юм байна гэж өөрийн эрхгүй бодно.

Тэр явдлаас хойш эр хүн гэдэг миний хувьд зугаагаа гаргах тоглоом болж хувирав. Надад таалагдсан нэгэнтэй нь хүссэнээ хийж тэднээс хүснээ авдаг миний саваагүй ухаангүй үеийн дурсамж. Намайг гэх нэгнийг харах хүртлээ олон ч залуугийн өврийг дамжиж ухаангүй явсан миний харанхуй үе. Би тэр явдлыг мартах гэж ууна. Сэрэх болгонд танихгүй залуугийн хажууд байна. Тэд нар сэрэх болгондоо би чамаас хүссэнээ авлаа одоо баяртай гэх инээвхийлэх харцнаас залхаж намайг гэх нэгнийг олтолоо явж байв. Хүссэнээ авдаг миний занд нэг залуу бүдэрсэн нь миний хажууд үргэлж байдаг нойтон хамуу шиг тэр нэгэн хүн. Би түүнийг эр хүний нүдээр бус надад ашигтай нэгний нүдээр хардаг байлаа. Тэр ч миний хүссэн болгоныг өгдөг бирд шиг нэгэн байв. Хачирхалтай нь би түүнийг яаж бирд шиг байгааг нь огт анзаардаггүй байсан юм. Би тэрнийг нэг ч удаа өөртөө ойртуулаагүй байхад тэр намайг заяаны ханиа гээд шийдчихсэн зүтгэж байсныг нь сүүлд мэдсэн.Сэвэлзүүр салхи их жиндүү байгаа учир удаан суусангүй. Гүн бодлоосоо гарч үргэлжлүүлэн алхах зуураа, тэр намайг ойлгож өдийг хүртэл тэвчиж хайрласан байхад би ийм зүйлдээр ингэж туниж гутах байсан гэж үү? Хүний хань нэг алдаа биз? Эцэс сүүлд нь чамайг гээд ирж байхад чиний наад байгаа байдал чинь хэмээн өөртэйгөө ярих намайг согтуу хүүхэн байна гэж бодох хүн цөөнгүй зөрнө. Олон тамxи угсруулан татсан учир гэнэт учиргүй цангаж эхлээд ойрхон байгаа 24 цагийн дэлгүүр орохоор шийдлээ. Харанхуй үеэсээ намайг хайрласан нөхрийнхөө тусламжтай гарч бүх зүрх сэтгэлээ түүндээ бүр мөсөн зориулж миний амьдралын цор ганц эр хүн бол эр нөхөр минь гэж хэлж ярьж явсан үе минь өчигдөрхөн мэт санагдана. Тэр нэгэн бороотой орой бидний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үйл явдал болсон юм. –Манай дэлгүүрт тавтай морил гэх залуу эмэгтэйн цангинасан хоолойг сонсоод би хэдийн дэлгүүрт байгаагаа ойлгов. Гарт тааралдсан эхний ундааг аваад касс руу явлаа. Би ер нь юу өмсөж гэрээсээ гарсанаа сая л анзаарав. Унтлагын хувцас, бор углааш, ягаан халаад. Халаасанд тамxи, аcаагуур, тамxины хариулт бололтой хэдэн бутархай мөнгө. Үүгээр ундаа авч хүрлээ. –Баярлалаа таньд манайхаар ахин ирж үйлчлүүлээрэй хэмээн хэлж байгаа охиныг хараад өнөөх бухимдал минь ахин төрөв. Ард дэлгүүрийн хаалга хаагдахтай зэрэгцэн өнөөх охины царай дурсамжийн харгуйд минь тодроод ирлээ. Бусад өдрүүдийн адил сайхан орой. Нөхрийн маань ажил тарах цаг болсон тул түүнийхээ хамгийн дуртай хоолыг нь хийгээд хүлээж суулаа. Цагийн зүү намайг анзаараад байна гэсэн шиг хурдан эргэлдэж хоолоо халуун байлгах гэж гурван удаа халаалаа. Энэ удаа хөрөх юм бол ахиж халаахгүй гэж бодон сууж байтал хаалганы хонх дуугарна.

Өдөржин нөхрөө гэртээ хүлээж суух зовлонг гагц эмэгтэйчүүд л мэднэ. Хурдхан гүйж очтол нөхөр маань хонх дараагүй аж. Хаалганы ард зогсох танихгүй эмэгтэй. Түүний амнаас гарах үг болгон зүрх сэтгэлийг минь төрсөн өдрийн бялуу шиг зүсэж тэр эмэгтэй өөрт нь тохиолдсон явдлыг уйлж ярьж байсан бол би бас түүнийг уйлж сонсож байлаа. Зүгээр хаалга хаагаад гэртээ орж болох л байсан. Гэхдээ тэр эмэгтэйн амнаас гарах үг болгон намайг амьдаар минь булшилж буй мэт болгож хөшөө болсон миний нойтон сормуус минь л ганцхан хөдөлж байв. Юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад өнөөх эмэгтэй \залуухан бүсгүй\ миний гар дээр нэг юм тавьчихаад гүйгээд явлаа. Тэр сэтгэлийнхээ үгийг хэлж дуусгаагүй ч байж магадгүй. Гагц тэр эмэгтэйн тухай ганц тод үлдсэн зураг \дурсамж\ бол надад өгсөн юмаа учиргүй энгэртээ нааж нус нулимс нь хутгалдсан уруулаараа мянгантаа үнсэж буй эх үрийн хагацлын мөч байсан. Түүнээс хойшхи явдлыг би санадаггүй. Үгүй ээ санахыг хүсдэггүй юм. Түрүүнийхээ сууж байсан сандал дээр ирээд суулаа. Хотын хөл хөдөлгөөн нэгэнт эхлэж нуугдаж байгаад гэнэт гараад ирдэг шиг зам машинаар, гудамж хүнээр дүүрч намайг анзаарч харах хүмүүс ихсэж байна. Би олны харцанд бас олон хүнтэй байдаг газарт дургүй. Хүнгүй газар руу гэрлээс зугтаж байгаа цус сорогч шиг л хурдан алга болж өсөж төрсөн байрныхаа ард байх хэний ч мэдэхгүй гэж боддог жижиг шатан дээр ирж суулаа. Миний баримжаагаар гадаа долоон цаг болох гэж байгаа бололтой. Би одоо болтол уурлаад байгаа шалтгаанаа олохгүй байгаадаа өөртөө уурлаж эхлэв. Намайг хайрласан эр нөхөр эвсэл түүний гэнэт ирээд явсан нууц амраг уу? Үгүй бол алгын чинээхэн нууц амрагийнх нь хүүхэд үү? Би юунд уурлаад байгаагаа мэдэхгүй байна. Эд нараас болж лав уурлаагүй гэдгээ сайн мэдэж байгаа хэдий ч үүнээс өөр уурлах шалтгаан надад байхгүйсэн. Намайг уучилж хайрласан нөхөр, түүний үр гэх учраа мэдэхгүй нялх хүүхэд, хүүхдээ авья гэж хааяа ирдэг нөхрийн минь нууц амраг би алинд нь ч уурлаагүй юм байна гэдгээ сайн ойлголоо. Би одоо яах ёстой юм бэ? Тэр чимээ. Уйлах чимээ. Намайг түүний ээж биш гэдгийг хором бүр сануулах шиг байн байн уйлах жаахан хүүхэд. Ээжийгээ эрж мөөмөө санагалзан уйлагнах нялх амьтан. Надад огт түүний ээж болж чадна гэсэн итгэл төрдөггүй.

Уйтгар гуниг, зовлон шаналал, сэтгэлийн зовиурыг авчирдаг харанхуйг гэрэл гэгээ үлдэн хөөж хүнд баяр баясалыг авчирдаг болохоор би өглөөд дуртай. Нэгэн цагт миний хүсэн хүлээдэг байсан тэр үнэр гэрээр нэг ханхална. Ойрын хэдэн өдөр ажилдаа ч явахгүй хүүхэд харж байгаа нөхөр минь хүүхдийн угж барьчихсан шалан дээр хүүхдийнхээ хажууд хэвтэнэ. Би энэ хүүхдийг эгцлэн нэг ч удаа харж байгаагүй гэдгээ тэр жаахан амьтныг харж байхдаа мэдсэн юм. Түүнээс гарч байгаа үнэр, хаяа нэг нүүрээ самардах жижигхэн гар бас хуруунууд. Хоёр майга хөл нь бүр хайр хүргэм эгдүүтэйг миний нойрмоглосон нүд минь одоо л анзаарах шиг. Хөшигний завсраар тусах нарны гэрэл манай гэрт байх хоёр эрэгтэй хүний нүүрэн дээр гийж байна. Тэр хоёр ямар адилхан юм бэ? Аргагүй дээ хүүхэд нь юм чинь. Хэн ч төрсөн үрээ л гэнэ шүү дээ гэж бодон халаадаа сандал дээр тохож байхад нялх хүүхдийн час хийн уйлам чимээ. Нөгөө чимээ. Цочисон би эргэж харахад саргалзан уйлах тэр хүүхдийн сэтгэлийг анх удаа мэдрэв. Намайг хүүхдээс тусгаарлаж байсан тэр жигтэй чимээ хаашаа ч юм алга болж. Түүнд мөөм хэрэгтэй байгааг эмэгтэй хүний зөнгөөрөө ойлгож газарт хэвтэх түүний туяхан биеийг гар дээрээ авлаа. Энэ хүүхдийг тэвэрч байгаа миний хоёр дахь удаагийнх. Энэ удаа эхнийхээс шал өөр мэдрэмж авав. Миний хүсдэг тэр мэдрэмж. Эх хүний мэдэрдэг тэр мэдрэмж. Гүен хүүхдийг тэвэрч Хасын тас атган унтаж байгаа угжийг аваад хүүдээ өгөв. Энэ гэрт ирээд сонсож, мэдэрч байгаагүй эх хүний уянгалах бүүвэйн дуу, дулаахан өөриймсөг тэврэлтийг мэдрээд унтах хүүхэд. Хасын сэтгэл ч тайвшрах шиг нүүрэнд нь мишээл тодорч ойрд унтаагүй гүн нойрондоо умбав. Гүен хүүхдээ унтуулчихаад гэрээ цэвэрлэж эхэллээ. Өглөө болж бүх хүний сэтгэл тэнийж гуниглаж, ганцаардах завгүй нэг өдөр эхэллээ. Маргааш бас нэг өдөр эхлэнэ. Нөгөөдөр бас нэг шинэ өдөр. Сүүлийн амьсгаагаа татах хүртэл нэг нэг өдрүүд үргэлжлэнэ. Тэдгээр өдрүүдэд юу тохиолдохыг хэлж чадахгүй ч гүн нойрондоо үнэгчлэн унтах хүүхдийг харан баясах Гүенд энэ одоо хамаагүй. Гүенгийн амьдралд бас нэгэн шинэ өглөө ирж тэр жаргалтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!