“ЭМЭГТЭЙ ХҮН Л ЭР ХҮНИЙГ ЧИГЛҮҮЛДЭГ ЮМ ШҮҮ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЭМЭГТЭЙ ХҮН Л ЭР ХҮНИЙГ ЧИГЛҮҮЛДЭГ ЮМ ШҮҮ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Би нөхөртэйгөө танилцаад хамгийн эрх дураараа, хүссэнээ хийдэг, хэрүүл маргаанд би л дийлэх ёстой гэсэн бодолтой ер нь айлын ганц дураараа охин байсан л даа. Тийм ч болохоор бид хоёрын хэрүүл маргаан дандаа нөхөр гар хөлөөрөө юм цохих, гарч гүйх, эсвэл бөөн уйлаанаар дуусдаг байлаа. Салъя гэж бодовч маш их хайртай учраас тэр үг амнаас нэг ч гарч байгаагүй ээ. Тэгсэн мөртлөө л би бууж өгөх үнэхээр дургүй. Яахаараа би энэний дор орох ёстойн гэж бодогдоод ёстой үзэлцэнэ гэдгийг үзүүлдэг байлаа. Дээр нь айлын ганц, гэрийн ажилд 00, ааш муутай. Одоо бодохоор нөхөр минь яаж тэсээд тэвчээд л байсан юм болдоо гэж боддог. Харин ганц авах зүйл нь орой 6 цагаас хойш гэрээсээ гардаггүй, бар саваар явдаггүй аав минь аpxи ууж ээж бид хоёрыг байнга зовоодог байсан учраас аpxийг үзэн яддаг байлаа. Ингээд 5 жилийн турш үерхээд яваад л байсан, яваад л байсан. Арай гэж их сургуулиа төгсөөд нөхөр маань гадагшаа 3 сараар явж хар бор ажил хийж 7 сая төгрөг олж ирээд түүгээрээ хуримаа хийгээд тусдаа гарч байв.

Удалгүй анхны хүүхэд маань төрлөө. Нөгөө их хайр нэг л багасаад байгаа ч юм шиг. Заримдаа нөхрийн хэлсэн үг, үйлдэл нь хүртэл дургүй хүрмээр санагддаг болов. Биедээ хүргэхээс ч заримдаа дөлмөөр. Аз болж би ном унших маш дуртай учраас жирэмсэн байхаасаа эхлэн баахан ном уншиж судалсан байв. Тэгээд энэ нөгөө гаpмоны өөрчлөлт гэдэг нь байх, ингэж байгаад зүгээр болно гэсэн гэж гүрийх тэсэхийн дундуур явсаар нэг л мэдэхэд нөхрийгөө харахаар эргээд хайр, эгдүү хүрдэг болсон байлаа. Нөхөрт минь их хэцүү байсан нь мэдээж. Хүүхдээ авсангүй гэж уурална, гэрийн ажил хувааж хийсэнгүй, намайг тоосонгүй, тэгээд бүр унтсангүй хэвтсэнгүй гэж хүртэл үглэнэ. Хэрүүл ч их гардаг болсон байв. Тэгээд хэрвээ би энэ янзаараа амьдраад байвал нөхөр минь энэ чигээрээ амьдралаа золиосолж намайг тэсч амьдрах хэрэг гарна, эсвэл сална ийм л зам надад ирэхийг мэдэрсэн юм. Яах ёстойгоо үнэхээр мэдээгүй ээ. Аав ээжээсээ сурсан зүйл минь дэндүү ядмаг, маш их шархтай байсан болохоор тэр амьдралыг үргэлжлүүлэхийг хүсээгүй.

Ингээд хүүгээ хэдэн сартай байхад нь гэр бүл судлалын ангид магистраар суралцаж эхэлсэн юм. Хажуугаар нь гэр бүлийн холбогдолтой бест селлер болсон номнууд, сайн гэсэн бүх номыг авч уншиж судалж, өөртөө хэрэгтэйг нь тэмдэглэж авдаг байв. Хайрын 5 хэл, хайрлагдсан эмэгтэйн зурвас, эрчүүд ангарагаас эмэгтэйчүүд сугараас энэ номнууд бол миний шүтээн. Заримдаа асуудал гарах үед лам дээр очих биш номоо бариад суудаг байлаа. Энэ нь надад бодит үр дүнг өгдөг байсан л даа. Ингээд нүд минь нээгдэж эхэлсэн. Өөрийнхөө алдааг дэндүү өнгөтөөр харж эхэлсэн, нөхрийнхөө надаас өөр бүтээгдсэн болон яаж харьцах хандах хэрэгтэйг бага багаар гадарлаж эхэлсэн. Нөхөр маань ч бас мэдэрч эхэлсэн. Чи минь их өөр болжээ, улам хайр хүрэх боллоо, дахиад дурлаад байна гэдэг үгийг сонсох болсон. Гэр бүлийнхээ төлөө нэг ч гэсэн зөв алхам хийж чадсандаа одоо маш их баяртай байдаг. Одоо бид хоёр нэг үеэ бодвол архаг гэр бүл болж байгаа юмуу сүүлийн үед амаараа биш харцаараа хэрэлддэг болсон ккк мэдээж хэрэлдэх үе ч байна, нөхрийн зарим зан чанарт уурлаж бухимдах үе ч байна.

Гэхдээ салах арга замыг сонгох, гэрээсээ гарч гүйх, бие биенээ дийлэх гэж хэрүүлээ тасралтгүй үргэлжлүүлэх гэх мэт зүйлүүд хол болжээ. Хүмүүс хэлдэг л дээ. Амьдрал аяндаа сургана гэж. Гэхдээ миний бодол өөр байдаг. Хүн сураагүй зүйлээ хийхэд мэдээж алдаа гарна. Алдаагаа багасгахын тулд заавал сурах хэрэгтэй болдог. Харин гэр бүлийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаа гэдэг зүйлийг бид дэндүү амархан бодож, урсгалаараа л, аав ээжээсээ харсан сонссноороо л давтаж хийх гээд байдаг талтай. Охидууддаа хэлэхэд ямар ч эрэгтэй хүний дотор муу ч гэсэн би “Эр хүн шүү” гэсэн маш том итгэл байдаг. Тэрийг нь дараад дарлаад байгаа эмэгтэйг тэвчдэггүй, харин хайрлаад хүндлээд байгаа эмэгтэйгээс салж чаддаггүй юм. Ямар ч хэрүүл маргаанд түрүүлээд буулт хийж сураарай. Энэ нь та ялагдаж байна гэсэн үг огт биш, харин амьдралаа аз жаргалтай байлгах 2 секунтийг аварч байна гэсэн үг. Нөхрийн маань хэлэх дуртай үг л дээ ккк. Хэрүүл маргаанд хорон муу, аль мууг нь хэлээд та дийллээ гэсэн үг ч биш.

Эргээд заавал эвлэрэх учраас уурын мунхгаар хорон муухай үгийг хэлэлгүй залгиж сураарай. Өөр тэгээд хэлж зөвлөмөөр юм дэндүү их байх юм. Бид ямар гэрлэлтийн амьдрал гэдэг их сургууль төгсдөг ч биш заримдаа унах бүдрэх үе зөндөө байх нь тодорхой. Харин энэ салбар дээр тасралтгүй суралцаарай. Асуудал гарах үед санаа зоволтгүй мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, ном уншиж, энэ байдлаас чадварлаг гарч чадсан бусад хүмүүсийн амьдрал, түүх, туршлагыг судалж, зүгээр аав ээжээс харж сурч ирсэн арга барилаар биш, та өөрийнхөө сурч мэдсэн толгойдоо бодож боловсруулсан зөвхөн та хоёрын амьдралд таарах арга барилаар асуудалтай тэмцэж байгаарай гэж хэлмээр байна. Эмэгтэй хүн л эрэгтэй хүнийг чиглүүлдэг юм шүү. Гэхдээ эмэгтэй хүн урд нь гараад дагуулаад явсан амьдрал их дэгэн догонтой байдаг. Эр нөхрийнхөө араас нь түшиж, алдааг нь хэлж, магтах зүйлийг нь магтаж нэг хүн шиг байж чадвал нөхөр чинь ч бас танд уусаж таныг боддог, таныг хайрладаг, эхлээд таны талаас хардаг болдог юм шүү. Бүх хөөрхөн охидууддаа амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!