MngNews

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ” ӨГҮҮЛЛЭГ

Х.БАТМЭНД

Элсэлтийн шалгалтад ирсэн хүүхэд залуучууд, эцэг эхчүүд аймгийн төвд хөл хөдөлгөөн нэмжээ. Сэтгэл нь гэгэлзсэн сурагчид сургуулийн гаднах талбайн дэргэдэх сүүдрэвч, анги танхимд ном дэвтэр дэлгэх нь дэлгэж, үүгээр түүгээр хэд гурваараа холхих нь холхиж, зарим нь гитар тоглон, “Салаа хархан гэзгэн дээр чинь туузан цэцэг дахиад ургахгүй ээ” хэмээх төгсөлтийн дуу аялцгаана. Хаа нэгтэйгээс гэнэн цайлган инээд цангинахын хажуугаар удахгүй салан одохоо мэдэрсэн дурлал шохоорхолын зүрх тэсгэлгүй шүүрс алдах дуун, бургас модны нялх ногоон навчсын битүүхэн шаагих чимээ, зуны өглөөний болжморын шулганаатай сүлэлдээд л нэгэн ер бусын яруу тунгалаг цав цагаахан аялгуунд 10 жилийн сургууль төдийгүй Алтай хот бүхэлдээ аз жаргалтайхан умбаж, хаа нэгтэйгээс хөнгөн гуниг сэмээрхэн сэтгэл хөдөлгөж, санаа бодол сэвэлзүүлэн байлаа. Бямбаа охин найз нөхөдтэйгээ сургууль соёлд сурахаар хот хүрээ орох нь сайхан ч гэлээ муу ээжийгээ хэдэн бор дүү нартайгаа орхиод явж зүрхлэх үгүйдээ эргэлзэнэ. Үе тэнгийнхэн бүгдээрээ л баяр хөөрт умбаж догдолж байхад гагцхүү Бямбаагийн сэтгэл нь л дэгэлзэнэ. Жаргал үзээгүй бяцхан бор нүд нь хэдий гунигтай ч найз нөхдөөсөө ялгарахгүй, тэдний адил хөгжилдөхийг хичээнэ. Манай Бямбаа онц сурдаг юм чинь их сургуулийн хувиар авах нь гарцаагүй гэх багш сурагчдын магтаал түүний сэтгэл зүрх болон, ирээдүйд нь гэрэл асаана. Хоног ирэх тусам “Яг ямар сургууль авах вэ?” гэсэн асуултад улам бүр ээрэгдэн, сэтгэл нь гэгээн өдрөөр дэгэлзэж, харанхуй шөнөөр зүүдлээд тогтож өгсөнгүй. “Уг нь ургамал судлалаар л” гэх бодол үе үе төрнө. Аймгийн хар захын гадна хувинтай хуушуур буузхан зардаг Ээж нь ,охиныхоо сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, хувцас хунарт нэмэрлэх өч төчнөөн мөнгө төгрөгийг хэнээс ч гуйхгүй товхийтэл бэлдчихнэ дээ гэж итгэлтэй нь аргагүй хэлжээ.

Хэдий бие муутай ч өглөө үдэшгүй мах татан, гурил зуурч, хиншүү ханхлуулан, хэн нэгнийг хоёр гурван хуушуур авчих болов уу гэсэн гуйж хүссэн нүдээр царайчлан суудаг ээжийгээ бодохоор түргэхэн шиг л онц сайн сурч төгсөөд, өндөр цалинтай сайхан ажилтай болж, ээж, дүү нараа хотруу татаж авна даа, ээжийнхээ нурууг амраана даа, халуун устай сайхан байртай болохоор дүү нар минь яаж баярлах бол гэж бодоход нэг л сайхан мэдрэмж төрж, өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Хотод хичээлийнхээ хажуугаар ажил хийж болдог гэсэн. Тэгвэл ажил хийгээд төлбөрөө өөрөө төлчихөж чадвал ээж минь өдөр шөнөгүй хуушуур хайрч, гадуур хөхөртөл алхаж, хүн царайчилж явахгүй дээ гэсэн сайхан бодол төрнө. Захын цайны газрын авгайчуулд хөөгдөн барин, хэл амаар доромжлуулж зүтгэн байж олсон тав гуравхан юмаа урдаа барих уу, ардаа барихуу гэсээр хоёр нарны хооронд халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, хэдэн хүүхдийнхээ төлөө, унтаж амрах нь бүү хэл, ядарч зүдрэхээ ч тэсэн тэвчих ээж нь охиныхоо эл бодлыг хэдийнээс гадарласан юм. “Эгчийгээ хотруу сургуульд явчихаар та нар ээжийнхээ үгэнд сайн ороорой. Эгч нь хичээлийн хажуугаар ажил хийж мөнгө олоод, дүү нартаа хувцас, гоё гоё чихэр аваад шуудангаар явуулна, за юу” гэж дүү нартаа ярьж байхыг нь сонсжээ. Бас тэднийгээ хөөргөж дэвэргэн миний “Дөрвөн бэрх” гэж нэрлээд л шагайгаар тоглоно. Нэг удаа Бямбаа охин удаах дүүдээ ихээхэн аминчилж хэлэхдээ – Гурван дүүгээ сайн харж байгаарай. Чи бид хоёрт ийм ээж олдсон нь дээдийн заяа гэж ойлгоорой, эгчийн дүү. Аав гэдэг хүн чи бид хоёрыг сайн хойд ээжтэй болгож өгөөд л хувийн жаргалаа хөөгөөд алга болсон доо… Өөр ямар бид хоёрыг гэх хүн байх биш. Аав ядаж эргээд нэг ч удаа холбоо барихгүй байгааг нь бодохоор л гомдоод байдаг юм. За яахав гэсэнд Нямаа дүү нь – Би өөрийгөө угаасаа энэ ээжээсээ гарсан л гэж боддог байсан ш дээ гээд хоолой нь зангирахад Бямбаа дүүгээ тэврэн, нулимстай хацраа нийлүүлэн суугаад сэтгэлээ жаахан онгойлгожээ.

– Жинхэнэ ээж минь байсан бол одоо ямар байх байсан бол? дүү нь гэнэт асуув. – Одоо битгий ийм юм асуугаад байгаач дээ. Ээж сонсчихвол яах юм гээд Бямбаа дүүгийнхээ духан дээр үнэрлээд толгойг нь илэв. Дарам тав ч хүрээгүй хоёр охинтойгоо үлдчихээд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу бэдэрч явахдаа Тээвэрчдийн баяраар Хүнхэр зусланд сархад хүртээд, зовлонгоо дэлгэн уйлан хайлан ярьж, олны сэтгэлийг сэмрээж орхижээ. Тэр сэтгэл нь сэмэрсэн улс дотор Сэржээ хэмээн нэгэн доройхон номхон бүсгүй байж, хөөрхий эрийг өрөвдөн, халамжлах болсноор, төдөлгүй хоёр өнчин охин ээжтэй болоод зогсохгүй бас хоёр охин, нэг эрэгтэй дүүтэй ч болцгоожээ. Ингээд өнчирсөн хагацсан элэг бүтэн болж, арваад жил амьдарч ядан явтал нэг л өдөр алга урвуулах шиг юм болж, амьдралын их далайд дахин нэг сэлүүр нь хугаран унав. Харин энэ удаад үхэл зовлон тэднийг салгасангүй. Өнчин хоёр охинтой торойтол үлдэж байснаа хэдийнэ мартсан Дарамд эхнэр Сэржээ нь номхон ноолгор арчаагүй дорой харагдах болж, өөр суманд хаяагаараа халгисан хөрөнгөтэй, ташаагаараа халбилзсан харвинтай, галзуу шар эхнэр дээр орж суужээ. Сэржээ хэд хоног өөд уруугүй уйлаад, гэнэтхэн нулимс нь дуусчихсан мэт дахиж уйлсангүй. Үг дуугүй босоод ажиллаж эхэлжээ. Тэр цагаас хойш Сэржээ амьдрал хүнд хэцүү байгаа талаар нэг ч үг унагасангүй, туулах л ёстой амьдралаа туулж, үүрэх л ёстой ачаагаа үүрч яваа мэт чимээгүй, гэхдээ шургуу зүтгэх болов. Дарамын хоёр том охин эхлээд аавыгаа явчихсанд ээжийгээ буруутгах мэт хардаг, үг хэл нь хөндий цэрвүү байдаг байв. Сэржээ түүнийг тоосон ч үгүй, магад анзаараагүй ч байж мэднэ. Учир нь тэр зөвхөн ажиллах, бас дахин ажиллах, тэгээд хэдэн хүүхдээ хоосон хонуулчихгүй, бүтэн хиргүй хувцастай байлгах юмсан гэснээс өөрийг огт бодох сөгөөгүй байв. Угийн хамаатан садан муутай Сэржээд өөртөө л найдахаас өөр найдах зүйл үгүй байжээ. Нэг удаа зовлон жаргал нэгтэй үеийнх нь танил бүсгүйчүүдийн нэг нь түүнд хандан, “Наад хүний үнэргүй Дарамынхаа хоёр охиныг аав дээр нь хүргээд өгчихөөч.Чи түүнийг ямар л хачин ядарсан юм байхад нь өргөж босголоо доо. Одоо хоёр охиныг нь тэжээх гэж ингэж явахдаа яахав дээ” гэсэнд Сэржээ түүн лүү харж харж байснаа

“Тэд чинь миний л охидууд шүү дээ” гэжээ. “Өө, энэ авралгүй Сэржээ. Үнэн тэнэг. Тиймдээ л Дарамд дээрэлхүүлж хаягдаа биз” хохино гэлцээд, найз бүсгүйчүүд нь ахиж түүнд юм хэлсэнгүй. Сэржээ бүсгүй юм юм л хийж. Барилга дээр хэсэг ажиллажээ. Яваандаа барилгын ажилд бие нь хүрэхээ байсан тул шил, ундааны сав цуглуулж, хүн амьтны дээл хувцас оёж, уулын бэлээр холхиж аргал түлээ үүрч, айл амьтны гэр цэвэрлэж, сүүлдээ бууз хуушуур хийж, зах дээр борлуулах болжээ.Түүний хувьд хатуу ширүүн амьдралынх нь нар, гэрэл гэгээ бол таван үр нь байв. Гэртээ ирээд дөрвөн дүүгээ том хүн шиг харж, хамгаалж сурсан Бямбаа охиныг хамгийн түрүүнд үнсэнэ. Яваандаа охин ээжийгээ улам ойлгон, улам дотносох болжээ. Гэдэс дотор жижиглэн, голдуу идэж өссөн ч таван хүүхэд нь өсгөлүүн, үймээн шуугиан ихтай ч хоёр том нь хичээл номдоо чамбай. Бямбаа 10 дугаар ангид байхдаа аймгийн шилдэг сурагч болон орон нутгийн ТВ-ээр гарч, Сэржээгийн баярласан нулимс сул асгарч байх үед гэнэтхэн нэг эр тэднийд ирсэн нь Дарам байв. Дарамыг ирэхэд хоёр том охин хичээлдээ явчихсан эзгүй байжээ. Өмнө нь Дарамыг өнөөх галзуу шар авгайдаа хөөгдөөд аймгийн төвд ажил хайн яваа гэж дуулсан байв. Мах татаж суусан Сэржээ өчүүхэн ч гайхсангүй, баярласан ч үгүй, бас уурлаж уцаарласан ч үгүй. Өглөөхөн гараад явсан хүнийг тосож буй мэт “Дээшээ суу” гээд цай чанан аялгалж, хийж байсан буузнаасаа хэдийг жигнэж өгчээ. Дарам ч гурван багыгаа харж жаал сууж байснаа, нэг том санаа алдчихаад гарчээ. Сэржээ хаачих нь вэ ч гэсэнгүй, тэр бүү хэл араас нь ч гарсангүй. Хэд хоногоос Бямбаагийн сургууль дээр Дарам ирж нэг уулзжээ. Сургуулийнх нь үүдэн дээр нэг хүн ханцуйнаас нь татахад харсанд үрчгэр царайтай, гунигтай харцтай хөгшин эр зогсож байжээ.Охин анхандаа таньсангүй. “Чи намайг таньж байна уу?” гэхэд нь л орхиод явсан аавыгаа болохыг таньжээ. Охин чимээгүй толгой дохив. Архины ихүүн нисүүн үнэр ханхалж ой гутав. Охинд ямар нэгэн харь холын хүн шиг л санагдаж, харин удаан харвал нэг л юм болохгүй болчих мэт эвгүй зөн төрөөд бушуухан гүйгээд орчихжээ. Өдөржин толгойд нь элдвийн юм эргэлдсээр өнжив. Багш нь Бямбаа чи өнөөдөр яачихав аа? Гэж гайхжээ. Орой аягатай хоолоо дутуу идэв. Орондоо ороод унтаж чадахгүй хөрвөөн хэвттэл, харанхуйд ээж нь тэмтчин ирж, охиныхоо духыг дарж үзсэнээ зөөлөн дотно үнэр ханхлуулсаар хацарт нь духаа наагаад “Аав нь ирээ юу?” гэж асуужээ. Бямбаа “Аанхан” л гэв. Түүнээс хойш Дарам дахиад үзэгдээгүй юм. Сэржээгийн сонсохоор хот явсан дуулджээ…

Уул ус, ургамал мод нь жигдэрсэн үзэсгэлэнт Тэрэлж нутгийн нэгэн бяцхан амралтын газарт хөл хөдөлгөөн ихтэй, хүүхэд шуухад шуугилдана. Энэ амралтын газрыг шинэхэн худалдаж авсан Бат-Очир түүний хоёр баз, бас нэг хүр дүүгийнхээ хүүхэд шуухадтайгаа шинэхэн амралтын газартаа цуглаад байгаа нь энэ ажээ. Баруун модтой энгэрт хөхөөн дуу уянгалан цэнгэнэж, амралтын газрын хашаан дотор цэцэгс алаглана. Багачууд эрвээхэй хөөцөлдөн гүйлдэнэ. Буурал толгойтой толиолог эмэгтэй тэдгээр багачуудтай наана цаана орон наадаж байв. Царай нь аз жаргал дүүрэн. -Ээжээ, та хүрээд ирээч. Бямбаа эгч ирж явна гэнэ гэж гол гэрийн үүднээс дунд охин дуудав. Бямбаа нь Бат-Очирын эхнэр, тэрбээр хотод үлдээд, нэг хүн аваад араас нь ирэхээр болжээ. Их гэрт гурван баз хүргэн хорхог боодог хийж, идээ будаа жимс дүүрэн өрсөн ширээний ард суугаад ярилцана. – Ээж яадаг бол? -Харин ээ, гайгүй байгаа. Манай ээж ч мөн амгалан хүн шүү дээ. Уурлаж, уцаарлаж байхыг нь би л энэ айлын хүргэн болсоор харсангүй гэж нэг нь өгүүлнэ. – За юутай ч гурвуулаа хадам аавайгаа танилцахад бэлтгэнэ ээ. Бат –Очир ах та ахмадаараа тэгээд яах ийхээ мэднэ шүү дээ, бид бол таныг л хараад сууж байна шүү. – Ээ, яана аа. Гурвуулаа хамжихгүй бол би одоо юугаа хэлж хуйхаа мааждаг билээ. – Зүгээр зүгээр, эхлээд гурвуулаа нэг нэг зүрхээ чангалчихая гээд гурван хархүү харжигнатал хөхрөлдөөд стаканд ихэн тал тал виcки хийн “за удахгүй танилцах гэж байгаа хадам аавын төлөө” гээд тулган уув. Гаднаас Нямаа ээж Сэржээгээ дагуулан орж ирэхэд гурван баз нүд ирмэлцсээр гарцгаав. Нямаа ээжийгээ суулгаад, гарыг нь илж дэргэд нь суунгаа,зөөлөн дуугаар – Ээжээ, танд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна гэв. – Хэл хэл, охин минь. Ингэхэд та нар чинь нэг л биш ээ. Юу болчихоод байгаа улс вэ? Нэг л юм надаас нууцгаагаад байх юм. – Нуух юу байх вэ? Ээжээ. Удахгүй аав ирнэ. Бямбаа эгч аваад хотоос наашаа гарсан, сая Тэрэлжийн гүүр давж байна гэж утсаар ярилаа.

Сэржээ эхлээд дуугарсангүй. Охиныхоо царай өөд удаан харав. – Охин минь, тэгээд та нар чинь баярлахгүй байгаа юм уу даа. – Баярлалгүй яахав, ээжээ. – Тэгээд наад царай чинь нэг л баярласан шинжгүй байх юм. – Би , би ч гэж бид бүгдээрээ л баярлаж байгаа л даа. Харин таныг л… – Би яасан гэж? – Таныг яах бол гэж болгоомжлоод… Сэржээ охиноо татан тэврээд хэсэг суув. – Ээ, миний хүүхдүүд, ээж нь энэ л мөчийг та нартайгаа хамт хүлээсэн юм шүү дээ. Ээж нь ч гэсэн бас баярлана, та нараасаа ч илүү баярлана. – Тийм үү, нээрээ юу, ээжээ гээд Нямаагийн нулимс мэлмэрч, – Ээж ээ, таныг таван нялх хүүхэдтэй нь ёстой л нэг үнсэнд хаясан шалз шиг ориход явчихсан болохоор энэ хугацаанд таныгаа ямар хүнд хэцүүг туулсныг бид нүдээрээ харж, зүрхээрээ шархирч явсан болохоор таныг дуртай байх эсэхийг сайн мэдэхгүй, яадаг бол л гэж эргэлзээд байсан юм. – Яалаа гэж дээ, охин минь. Би ийм сайхан таван үрийнхээ эцэгт яалаа гэж гомдох билээ, яалаа ч гэж муу юм санах билээ – Ээ ээж минь дээ, та минь ийм л хүн шүү дээ. Тиймээс л бид таньдаа хамгаас хайртай гээд нулимсаа арчжээ. – Аав нь тэгээд сайн гэнэ үү? Мааньтад байхад нь би хоёр удаа эргэж очсон юм. Тэгэхдээ та нарт хэлээгүй ээ. Сэтгэл чинь өвдөх байх гээд. – Ээж ээ, та аавыг хаана байсныг нь мэдэж байсан юм уу? – Мэдэлгүй яахав дээ. Би дандаа л асууж сураглаж явсан юм чинь. Шоpонгоос гараад удаагүй байгааг нь бас мэдэж л байлаа. – Тэгээд та бидэнд хэлдэггүй, хачин хүн шүү. – Аав нь хүүхдүүд дээрээ “Би өөрөө яваад очно оо” л гэсэн шүү дээ. – Тийм үү, бид бодохдоо… Ээ, ээж минь дээ, ээж минь гэсээр Нямаа ээжийгээ дахин халуунаар тэврэв. Гаднаас хүргэчүүлийн нэг нь “За нөгөө хоёр ирлээ шүү” гэх дуунаар Нямаа ээжийгээ хөтөлсөөр гэрээс гарч ирэв. Амралтын хашааны үүдээр хар өнгийн Тоёото ланд машин гулгасаар орж ирээд зогсоход Бямбаа нүүр дүүрэн инээд цацруулсаар буув. Нөгөө хаалганаас нь хэдий өтөлж хөгширсөн ч нуруу цэх эр бууж ирэв. Тэгээд эгнэн зогссон дөрвөн охин, хүү, ач зээ нараас нэг ч хүүхэд рүүгээ явсангүй, харин тэднийхээ өмнө жанжин мэт зогсоо майга хөллөж, буурал толгойлсон Сэржээрүү гараа сунгасаар алхжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!