“ЭМЧ” ӨГҮҮЛЛЭГ

“ЭМЧ” ӨГҮҮЛЛЭГ

СОЁРХЫН ПҮРЭВСҮРЭН

Аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ шөнө дуудлага тасарсангүй. Эмчийн албанд тангараг өргөсөнөөс хойш цахилж одсон хорин жилийн хугацаанд ийм шөнө олон л байсан санагдавч өнөөдрийнх шиг аяга кофе уух завгүй баруун зүүн жигүүрлүү гүйсээр хоносон шөнө таараагүй мэт. Нуруу чилж, хоёр хөл эзэнгүй мэт салхийн бохироход ойрхон санагдана. Аль эсвэл цаг хугацааны хуулиар урсан одох мөч бүрд зүүгдэж одоод мартагдсан байхыг үгүйсгэхгүй. Хүнд өвчтөнг алдчихгүйн тулд хөлс дуслуулан зүтгэсээр арайхийн торгоож хэсэгхэн амрах зуур энэ л хуучин цонхоор харж зогсох дуртайсан. Эмнэлэгийн баруун талын шинэхэн байранд айлууд нүүн орсоор л байна даа. Сайхан юм даа. Хүмүүсийн амьдрал хангалуун л байна. Ийм нэг байранд ороод муу хөгшинөө баярлуулахсан. Даанч тийм боломж надад заяасангүй дээ. Шөнө дунд хэвийж байхад унтацгаахгүй айлууд юм аа. Гоё байдаг биз дээ. Байраа тохижуулж, найрлаж дуулж байгаа байх даа. Анх л энэ эмнэлэгт шинэхэн эмч ирж байлаа. Цаг хугацаа гэгч нүд ирмэх зуур л урсан одох юм . Бүтэн хорин жил энэ эмнэлэгт ажиллажээ. Бодлогоширон зогсох Ганаа эмчийг цочтол хашгирсаар сувилагч орж ирэв. -Эмчээ яаралтай өвчтөн ирлээ. Дотуур цус алдаж байгаа бололтой. Түргэлээрэй. -За очлоо. Ганц тамхи татчихмаар байдаг. -Хурдлаарай. Шокын байдалтай байгаа шүү. Хүнд өвчтөн гэсэн түгшүүрт дуудлагаар дахин тэнхээжих шиг болж сульдсан биеэ ор тас мартан шат уруудан гүйсээр хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ирэв. Илжиг модон хударгандаа гэдэг үг үнэн бололтой.

Олон жил гар нийлэн ажилласаар харцаараа ойлгох болсон мэс заслын сувилагч түгшсэн шинжтэй угтав.-Өвчтөн ямар байна. Артерийн даралт, пульс -Даралт дөч жар. Авто осол юм шиг байна. Эмчээ дараагийн ээлжийг хүлээх үү. -Хүний амь нас биднийг хүлээдэг билүү. Сонин юм сонсох нь ээ. -Үгүй юу л даа. Нөгөө шүүхийн дарга ш дээ. -Хн Өвчтөн хагас ухаантай биеийн байдал хүнд байлаа. Дотуур цус алдаж байгаа нь илт. Зүрхний цохилт хэм алдагдсан цаг алдах боломж алга байв. -Яаралтай мэс засалд бэлтгэ. Зүрхний үйл ажиллагаа дэмжих тариа булчинд гэсэн товчхон заавар өгөөд эргэв. Энэ үед өвчтний ар гэрийнхэн ирээд гадаа бөөн шуугиан болж байна. Шүүгчийн эхнэр охиныг нь дуудаж түргэн зуур уулзав. -За тайван байцгаа. Биеийн байдал хүнд байна. Яаралтай мэс заслалд орох хэрэгтэй байна. Энд өөр муу хүмүүс байгаа учир дуу чимээгээ аядацгаахыг хүсье. -Авто осол учраас хагалгааны явцад ямарч хүндрэл гарч болзошгүй тул сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. -Эмчээ таньд л найдаж байна. Нөхрийн минь амийг аварч өгөхийг гуйя гэж уйлан царайчлах хүүхэнд яаралтай мэс заслалд орох тул удаан уулзах боломж үгүйг тайлбарлаад мэс заслалын тасагруу яарав. -Эмчээ та өөр сувилагчтай орчих уу. Миний даралт ихсээд байна. Би энэ хүнд ормооргүй байна. -Эрхэмсэг хатагтай минь та тангараг өргөсөн сувилагч. Таныг эрхлүүлэх зав алга. Хурдал. -Та бид хоёр энэ хүнээс болж амьдралгүй болохоо шахсан.

Үхчихвэл дагуулаад явах байлгүй гэж үглэсээр халат малгайгаа өмсөх сувилагчаа хараад инээд хүрэх шиг санагдав -За за би л дагаад явна гайгүй. Чамайг үлдээе гэж бодож байна. Нээрээ л энэ хүнээс болж бүтэн сар цагдаагийн үүд сахисан даа. Гэтэл өнөөдөр амь амьдралаа гарт минь даатгаад хэвтэж байдаг. Хорвоо ч бөөрөнхий юм даа. Хоёр жилийн өмнө аймгаас урагшихнаа ойрхон газар хүний бие муу байна гэсэн дуудлага ирж, Ганаа эмч өөрийн гарын сувилагчаа аваад давхиж очжээ. Дуудлага өгсөн айлыг битүү хатуу сурагласаар очтол өвчтнийг аймагруу аваад явчихсан байлаа. Цус харвалт өгч ухаангүй байгаа гэдгийг сонсоод яаран сандран иртэл өнөө өвчтөн өнгөрчихсөн байв. Тэр өвчтөн аймгийн шүүхийн даргын ах байсан бөгөөд эмнэлэгийн хаалгаар ортол хоёр залуу үг сүггүй барьж аваад хоолойг нь боож унаган тархи толгойгүй өшигчихөд яаж ч чадаагүй билээ. Гэтэл маргааш өдрөөс нь аймгийн цагдаад дуудагдаж, хүний амь насанд хайхрамжгүй хандсан хэргээр золтой л дээлээ нөмөрчихөлгүй салж билээ. Гэтэл өнөөдөр шүүхийн дарга өөрөө амь нас нь дээсэн дөрөөн дээр ухаангүй хэвтэж байна гэж хэн бодох билээ. Сувилагчийн болгоомжлох нь нэг бодлын аргагүй байлаа. Шүүхийн дарга ахынхаа нэр нөлөөн дор хоёр дүү нь давилуун дээрэлхүү нь нэт болсныг аймгаараа шивэр авир хийвч ил гаргах нь үгүй билээ. Эврийн сүрэнд буга данхайж, эрийн сүрэнд эхнэр данхайна гэдэг л тэр бизээ.

Өвчтний цээж, хэвлийг нээхүй гурван хавирга хугарч уушигаа нэвт сүлбэсэн, элэгний гялтан эдийн гэмтэлтэй, хэсэг газар няцарсан болох нь тодорхой байлаа. Өчүүхэн төдий анхаарал сарнихад цус алдахаас гадна өвдөлтийн шоконд орж, даралт огцом унаж сандаргах ажээ. Ганаа эмч хоёр сувилагчийн хамт хөлсөө ч арчих завгүй ажилллана. Цаг хугацаа урссаар… Нурууны сэртэн ясны гэмтэл ерөнхийдөө гайгүй тул нэг их санаа зовсонгүй. Уушиг нөхөх мэс заслаас гадна элэгний няцарсан хэсгийг тайрах үед зүрхний үйл ажиллагаа доголдож, даралт огцом унаж Ганаа эмчийг сандаргав. Мэс заслын үед тооцоолоогүй хүндрэл гарах үед Ганаа эмч улам тайван болдог сонин онцлогтой билээ. Гурван цаг сэхээ самбаагүй ноцолдсоны эцэст өвчитний амь насыг тогтоож дөнгөв. Дараагийн ээлжийн эмч нарт яаралтай хагалгаанд орсон өвчитнүүдээ хүлээлгэж өгөөд өрөөндөө орж ирвэл сувилагч Тамираа халуун ус аягалан өгч -Яана аа эмч ээ баахуй цай дуусчихаж. Та кофе уух уу. Муу энергитэй хүнд эмчилгээ хийхэд хүртэл хүндрэл гараад байдагын цус. -Чи наад ам хамраа. Хамрын доорхи хагархайгаа хянаж яв.Ар гэрийнхэн нь сонсвол юу болно гэж бодож байна. -Хэ би яахав дээ. Энэ муусайн юмнуудад дээрэлхүүлж үзээгүй биш. -За за эртхэн явж амар. Би ганц нэг эргэж тойроод харина. Гаднаас шинэхэн эмч залуу орж ирээд -Та хоёрыг эргэлтийн өрөөнд дуудаж байна. Цай ууж, бууз ид гэнэ ээ гэхэд -Эмч бид хоёр очихгүй ээ. Ус буцалгаад уучихлаа.

Өөрсдөө идэж ууна биз гэж сувилагч хэлэхэд -За зоо би хэлчихье гэсээр эмч залуу гарч одов. Сувилагч бүсгүй цүнхээ үүрэн гарч одоход зөрөөд шүүхийн даргын эхнэр орж ирлээ. -Эмчээ танд баярлалаа. Та цай хоол идэж уул даа. Бид сая шинээр хийж ирсэн юм. -Үгүй дээ танд баярлалаа. Би харих минь. Өнгөрсөн шөнө хүнд шөнө байлаа. Гэвч бид чадсан. Таны хоол цай надад хэрэггүй дээ гэж хэлэхдээ сэтгэл урагдах шиг болов. Шүүгч түүний гэмгүйг мэдсэн хэрнээ яаж дарамталж байсан нүднийх нь өмнүүр жирэлзээд өнгөрөв . -Таны нөхрийн амь нас аврагдсан. Гурван хавирга хугарч уушгаа нэвт хатгасан, элэгний гялтан гэмтэж, няцарсан байсан. Шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Одоо амь нас айлтгүй. Та наад хоол цайгаа өөрсдөө хэрэглэ. Би харих минь -Эмчээ та богино жолоотой бүсгүй миний баярласан сэтгэлийг ойлгож ядаж ганц аяга цай уучих л даа. -Хэрэггүй дээ. Би гэртээ эртхэн очиж бор цайгаа ууж, будаатай шөлөө идье. -Өдөр ирж өвчитний биеийг үзнэ. За баяртай гээд гарч одов. -Эмчээ та ойлголдоо. Би элдэв юм бодоогүй л юмсан. Гэм хийгээгүй эмчийг буруутгасан нөхрийн минь нүгэл цайраасай билээ. Цай идээгээ зориулж авчирсан эмч сувилагч нар цээрлэх мэт гараад явчихлаа. Надад гомдолтой байна. Хүний нүүр харахаас ч ичмээр санагдаж байна хэмээн голт зүрхнийхээ угаас гомдон гомдон уйлжээ. Бага мөртөө бачимдмаар гомдол шорвог хар нулимс болон хацрыг нь эсгэн урссаар…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!