“ЭГЭЛХЭН БА ЭГЭЛГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ЭГЭЛХЭН БА ЭГЭЛГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Хорвоо хатуудаа хатуу ажээ. Энэхүү явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрчээ. Донид гуай тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө бас энд тэндээс хамж цуглуулсаар дээр дурьдсан бяцхан хашаа, умгархан оромжийг босгож авчээ. Өмссөн хувцастайгаа үлдсэн болохоор өвлөөс өрсөж дулаан хувцас, хөнжил сэлттэй болох бас ч жаал зугаа түлээ түлш базаах санаатай өглөөнөөс үдэш болтол ажиллана. Ажиллах ч гэж дээ орчны орон сууц, баар цэнгээний газар гудамжаар явж ундааны сав, лааз түүнэ. Энэ нь ч зүгээр гуниглаж шаналж суухын оронд сэтгэлийг нь сатааруулж цаг хугацааг хорооно. Өвгөн нэгэн үдэш бөөр нийлүүлэн эмх замбраагүй барьсан гараашнуудын дундуур гэрлүүгээ явж байлаа. Гэтэл хүүхэд уйлах дуулдав. Сэртэсхийн чагнаснаа дуу авиаргаар баримжаалан явж очвол хоёр том нь хоёр багаа дундаа хийж цаасан хайрцаг задлан дороо дэвссэн дөрвөн бяцхан жаал хогийн савнаас түүж авсан тал зүсэм хатсан талх, гялгар ууттай хоолны үлдэгдэл идэн чичирч сууцгаах ажээ.

Хамгийн бага нь даарч уйлна. Тэдний өмссөн хувцас, өнгө зүс гээд авах юм алга. Өвгөн багш тэднийг өрөвдөл, харамсал, хайр аль нь болох нь мэдэгдэхгүй харцаар хэсэг харж зогссоноо: – Хүүхдүүдээ та нарын гэр хаана вэ? Гэхэд – Гэр… гэр… байхгүй гэж том нь хариулав. – Аав ээж нь байгаа юу? – Бүүр холоо явсан тэнгэрлүү гэж долоо орчим насны жаал ээрч түгдчин хэлэв. Донид гуай гүнээ санаа алдан хэсэг харж бодолхылэн харж зогссоноо: – Алив хүүхдүүдээ манайд очицгооё, энд байвал хөлдөж үxнэ шүү, бас нохой шувуу ч айлгаж мэднэ гэхэд жаалууд эргэлзэх мэт бие биерүүгээ харж байснаа уван цуван босч ирлээ. Иймхүү Донид багшийн умгархан оромжинд хатуухан тавилантай таван ам бүл нэгдэн амьдрах болжээ. Энэ өдрөөс өвгөний ажил улам нэмэгдэж, хоёр том хүүхэд ч шил лааз хуванцар сав түүж нэмэр хамжаа болно. Амьд хүн аргатай гэгчээр ямар ч байсан мань тав хоногийн хоолоо олоод идэж дөнгөвч үүнээс илүү хэрэглээ, тансаглал гэж үгүй. Нөгөө дөрөв ч өвгөнд дасч “өвөө” гэж дуудах болжээ.

Насаараа хүүхдийн дунд бужигнаж, насны бөгсөнд ханиа алдсан түүнд энэ дөрөвтэйгээ үдэш оройн цагаар умгархан оромжиндоо шуугилдаад, дайвар хэмээн нэрлэгдсэн дотор махан хүнснийхээ шөлөн дээр будаа хаясан шөлөө ууцгааж суух нь ч сайхан мэт. Үүнд нь хөлд нь угалчих гутал, түүнд нь малгай олоод өмсгөчих юмсан гэж сэтгэл зовнино. Тэр үедээ төрийн түшээ, эрдэмтэн доктор, мянгат малчин зэрэг өндөр алдарт хүрсэн шавь нараа дурсч тэдэндээ хандаад үзвэл тосоод л авна дэмжээд л өгнө гэж бодно. Ингэж бодмогцоо “нүгэл гэм. Би чинь байтлаа хэдэн муу сайн шавь нараасаа ач нэхэж харамж горьдох нь уудаа, таван хэлхээ зовлого минь хөдөлж л байвал өнөө маргаашаа дөнгөнө өө, шавь нар минь өөрсдийгөө л болгож байвал болно. Харин энэ хөөрхийсийг уншиж бичдэг болгочих юмсан, би чинь нэртэй зүстэй багш явсан хүн шүү дээ” гэж бас ч жаахан омогшино. Чухам эрдэнэ эрдэнийн дээдийг алган дээр нь тавьчихаад эргэж хариу нэхдэггүй бурхан гэмээн багш ажээ.

Ийн сар улиралыг үзсээр гурван он улирчээ. Сүүлийн үед өвгөний зүрхээр хатгуулах болжээ. Хаврын шороон хавсаргатай зэвэргэн нэг өдөр Хархорин захын хажуугийн бетон хашааг түшин суусан чигтээ нас барсан хэр тааруу хувцастай атигар бор өвгөнийг цагдаа нар бүр үдэш олжээ. Өвгөн хана түшин баруун гараар зүрхээ дарж, зүүн гартаа хонины бөөр зүрх, уушиг элэгхэн хийсэн цаасан тор авгаж хөшсөн байлаа. Цагдаа шинжээчид зураг хараг аваад эмнэлэгт аваачиж цoгцосны хувцасын тайлахад хуучирч гандсан хүрмэн дотор өмссөн бараан пиджакны дотор энгэрт дэлгээтэй номын дүрсэн дээр “БАГШ” хэмээсэн бичиг бүхий эрхий хурууны хумсан чинээ жижиг тэмдэг байжээ. Хөөрхийдөө. Багш алдраараа бахархаж тэр л бяцхан тэмдгээ төрийн одонгоос илүү эрхэмлэн, тэр сайхан бахархлаа бусдад муугаар харагдуулахгүй гэсэндээ дотоод энгэртээ буюу өөртөө л харагдахаар нандигнаж дээ. Нарангийн налгар энгэрийг зорьсон оршуулын цуваа гуравдугаар эмнэлгийн шapил хадгалах газраас хөдөлжээ.

Цувааны тэргүүнд яваа тас хар өнгийн лимузин машин таван шар хүрч байхад сүүлчийн машин дөнгөж хөдөлж байлаа. Бүхэн бүтэн дөрвн автобусны буудал дамнасан урт цувааны эхэнд өвгөн багшийн цoгцос бурханы орон руугаа залран буй нь энэ ээ. Цагдаагийнхан мэдээллийн хэрэгслээр талийгаачийн зургийг тавьж “Тань мэдэх хүн холбоо барьна уу” гэсэн зар цацагдмагч утас нь завсар зайгүй дугарч эх орны өнцөг булан бүрээс шавь нар нь хэдэн зуугаараа цугларсан нь олны гайхширлыг төрүүлжээ. Тэд хэл сураггүй болсон ачит хүмүүнтэйгээ ийм байдлаар учран буйдаа харамсаж харуусал, хайр, гомдлын нулимсаа унаган гашуудна. Оршуулгын цувааны сүүлд явах ачааны машин дээр ачсан томоос том гантиг цагаан хөшөөн дээр мөнөөхөн багш тэмдгийг алтан өнгөөр сийлж дор нь: Буцааж төлөвч үл дуусах Буяны дээд эрдэм хайрласан Ачлал нэхэж хариу шаарддаггүй Аугаа хүмүүн багшдаа мөргөе! Эрин зууны дамжин хөврөх Эрдмийн харгуй тань үл тасарна хэмээн бичжээ. Тийм дээ. Ядруухан дорой мэт харагдавч ялгуусан алдрын нэгэн эзэн мянга мянган хүмүүний тархинд оюуны суварга цогцлоочихоод мөнх бусын хорвоогоос тасран одох нь энэ ээ. Ум сайн амгалан болтугай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!