“ЭГЧ” ӨГҮҮЛЛЭГ

СОЁРХЫН ПҮРЭВСҮРЭН

Лууль шарилжны үнэр хамар цоргисон шургааган хашааны хойд өнцөгт өрөөсөн өвдгөө босгож, нөгөө хөлөө жийн суусан гучин найм ес орчим насны намхан бор хүүхэн хацар эсгэн урсах шорвог хар нулимсаа гарынхаа араар шудран арчаад, нусаа шорхийтэл татаж, ойрд самнаагүй болов уу гэмээр ширэлдэх шахсан богинохон үсээ таван хурууныхаа салаагаар самнан илж, амандаа зуусан боолтоороо дээш нь шуулаа. Өдрөөс өдөрт тамир тэнхээ нь алдран буй ижийгээ өргөж тойлон, нойргүй сахисаны гэрч гэлтэй бөлцийтөл хавдаж, мах болтлоо улайсан нүднийхээ холцруутах шахсан зовхио эмжээр нь салмарсан ханцуйгаараа зөөлөн арчих Бурмаагийн хоёр дүү нь дөнгөж сая хотоос ирээд, нус нулимсаа урсган, орь дуу тавин уулзацгаасан билээ. Шөнөжин хар нүд хамхилгүй хоносон бүсгүй нүдний хор гарган дугхиймээр байвч, отгон дүүгийнх нь хэлсэн гашуун үг цээж уран, гомдлын манан нүдийг нь хорсгож, нулимс болон урсах тул ийнхүү хашааны сүүдэрт суугаад, түр амсхийн байгаа нь энэ ажээ. -Өөрсдөө ганц өдөр эхийгээ харж хоноогүй байж, ийм хатуу үг хэлж яаж чадав аа. Cогтуу cолиотойгоороо хэлэгдэн ад шоо үзэгдэвч миний муу хань л хэдэн бор хүүхдээ бөөцийлж, зав чөлөөгөөр нь нааш цааш гүйн, хорвоогоос буцах хоног өдрөө хүлээн тарчлах настай эхийнхээ амьсгааг чагнаж, хэвтрийг нь засах боломжийг надад олгож байна даг. Энэ хоёрын явуулсан мөнгө төгрөгнөөс ганц тагш аpxины мөнгө надаас нэхээгүй гэдгийг бурхан гэрчилнэ. Ээж доройтоод байна хурдан ирээч ээ гэж гуйж шаардан зөндөө л ярьсан даг. Тийм л их эхдээ хайртай юм бол эртхэн ирэх нь яагаав вэ. Бүлээн амьсгаатай дээр нь ирж, барааг нь харахгүй юм уу гэж хэлсэн миний ханийн үгийг хэн гуай ч хэлэх л байсан биз. Ээж тэсэхгүй нь ээ, хүрээд ирээч дээ гэж хэлэхээр л хэдэн бор юм явуулдаг нь эхийгээ асарч буй дээдийн өглөг нь юм гэж үү.

Ядуу зүдүү ч гэлээ бид хоёр л эхийнхээ чилсэн нурууг илж, холгосон өгзөгийг тосолж байсан шүү дээ хэмээн сэтгэл зүрхэндээ хуралдсан гомдол харууслаа гадагшлуулах мэт уртаар эхэр татан санаа алдав. -Ажаа хаачив аа. Ороод ирээч ээ. Ээж сонин болоодохлоо гээд гүйхээрээ гарч ирсэн бүсгүй дүүгийнхээ айсан царайг хараад түрүүчийн их гомдол цөхрөл нь хийсэх мэт арилж, тохой нь цоорсон тэрлэгнийхээ хормойд наалдсан нойтон шороог гөвөн гэрийн зүг гүйлээ. -Ээжээ та зүгээр үү. Мөнгөлөө, Баганаа хоёр маань ирсэн шүү гэхэд гал нь буурсан цэхэр хүрээтэй нүднийхээ хүүхэн харааг тогтоон барихыг хичээх мэт огцом огцом сэрвэлзэн харж, бөглөчих шахан хоолой дээр нь хоржигнох шүлсэндээ хахан алдан ханиалгах зуур дотогшоо орсон мэт бөглүү дуугаар ямар нэг үг хэлэх шиг болов. Дэрийг нь өндөрлөн нурууг нь дагуулан дээрээс нь доош нь зөөлөн хэд илээд, -Бүлээн юм оочих уу ээжээ гэж чихэнд хошуугаа наан зөөлхөн дуугаар асуухад, үг дуугүйхэн толгой дохих шиг болов. Амны халбагаар бага багаар уулгах зөлгөөн хярамнаас хоёр гуравхан балгаад, нүдээ анин унтах мэт чимээ алдрав. -Та чинь хаачдаг юм гээд дуу нь цахиртан уйлагнах отгон дүүгийнхээ толгойг зөөлөн илээд, -Ажаа нь гадаа жаахан суулаа. Толгой дүүрээд болдоггүй ээ гэхэд -Ажаа та жаахан унтаад авна уу гэж удаах дүү нь сая л санах мэт эгчрүүгээ харав. -Зүгээр ээ та хоёр ирсэн чинь сайхан байна. Танайхан сайн биздээ. Боргилсайхан, Цэцэгмаа хоёр ирэхгүй юм уу гэсэн эгчийнхээ асуултанд хулчиганах мэт өөд өөдөөсөө хараад -Манай Боргилын ажил зуун задгай. Ээжийг бүр болохоо болихоор л дуудъя гэж Мөнгөлөө дүү нь учирлав. Цэцэгмаа хүүгээ харахгүй бол болохгүй биздээ. Нялх хүүхэд энд авчираад тээр болохоос нэмэр болохгүй биз гээд отгон дүү Баганаа нь эгч өөдөө царайчлан харлаа. -Уг нь хань ижлүүд чинь хамт ирэх л юм болов уу гэж бодож байлаа.

Ажилтай хүмүүсийг ч яая гэхэв дээ гэсэн Бурмаагийн үгийг зөвших мэт хоёр дүү нь зэрэг зэрэг толгой дохицгоож байв. -Мятав ах аpxи уугаад л байна уу. Мөн ч онгорхой дотор саруул ухаантай хүн юмаа гэсэн отгон дүүгийнхээ өмнөөс санаа зовон дүүгээ зэмлэн хяламхийн харсан Мөнгөлөө -Ахын нуруу татдаг нь хэвээрээ юу гэж эгчийнхээ сэтгэлийг засан зөөлөн харав. -Мятав ахад чинь аpxи уух зав яахин гарах вэ дээ. Хоёр хүүхдээ өглөөд нь сургуульд нь явуулж, оройд нь тосч аван хичээл номыг хийлгэж байна. Ядарсан хүний тусыг хэн ч ойлгож байлаа даа гээд чимээгүйхэн санаа алдахад, болчимгүй үг хэлсэндээ ээрэгдэх шиг болсон Баганаа эрүүгээ тулан хоймрын авдар дээр анивчих зулын гэрлийг харж, хэдэн жилийн өмнө бурхан болсон ааваа санан давхраатай нүднийх нь аньсага чийгтэн, сэтгэл нь сэмрээд байгаагаа сая л мэдрэв. Сүүлний тос базгадан ижийнхээ нурууг тослосоор зөөлөрч борлосон жижигхэн гараа угаан, урд хормойг нь унинд хавчуулсан цоохор даавуун хөшигний ар дахь ханын толгойд зүүсэн шулдан хаа гаргаж, хэдхэн буузны мах татаад, гурил зуурч суугаа том эгчээ харж суусан Мөнгөлөө бас гараа угаан бууз чимхэлцэв. -Миний дүү жаахан амар. Хол газар машинтай давхиад ядраа байлгүй гэсэн эгчийнхээ үгийг сөргөөн, -Мөнгөлөө даадай ч яахав. Хажууд дүнгэнэтэл хухираад л унтаж ирсэн. Харин зогсоо зайгүй жолоо барьснаараа муу дүү нь л ядарлаа гээд бага дүү Баганаа нь эрхлэх мэт эвшээлээ. Хот газрын зөөлөн боов идэж, амттай чихэр хүлхэн суугаа эгчийнхээ гил хар үсэнд сувдан сондор буусныг харсан Мөнгөлөө -Ажаа энэ цамцыг Мятав ахад авсан юм. Орос дэлгүүрээс авсан шүү. Харин аpxиа ахад өгөх үү яахав гэхэд -Өгмөөргүй санагдаад байгаа бол, буцаагаад аваад явчихгүй юу даа миний дүү гэсэн эгчийнхээ өдөнгүй харцнаас дайжин, -За ажаа дандаа нөхрөө өмөөрдөг ш дээ. Балга тагш аpxи амсчихаад олон үг хэлээд байх юм болов уу л гэж саналаа гэхэд, хоёр эгчийнхээ дунд буузны шөл шоржигнотол сорж суусан Баганаа босч

-Би ч муу ахдаа аpxийг нь өгнө өө. Дуртай юм зайлуул. Балгавал балгана л биз яадаг юм гээд том эгчдээ авсан үнэтэй торгон дээрээ ууттай чихэр тавин хоёр гардан барив. Гэтэл хашааны хаалга дуугаран, тив тивхийсэн алхаатай нэгэн хүн гэрийн гадаа ирээд, нусаа пүрхийтэл нийх сонсогдоход -Ах чинь ирлээ. Та нарын уух усыг булаагаад уучихсан аятай олон долоон юм яриад байв даа гэж хэлж дуусаагүй байхад, хаалга онгойж, хамрынх хянган яс ялимгүй муруйсан шөвгөр хөх эр орж ирсэн нь Бурмаагийн нөхөр Мятав байлаа. Эвэршиж моонийсон хуруугаараа амаа арчиж, ханцуйгаа сэгсрэн инээмсэглэх сахал нь гозолзсон хүргэн ахынхаа өмнөөс зэрэгц команд авсан цэрэг шиг дэрсхийн боссон хүр дүү нар нь цувралдан очиж золгон, үнсүүлэв. -За сайн явцгааж ирэв үү та хоёр гэснээ, гэргий өөдөө харж -Ээж яажшуухан хонов хө. Утсаа чагнан дэг дугхийсээр үүр цайлгалаа гэхэд, -Зөнгөөрөө шүү л хонолоо. Харин түрүүхэн жаахан үймэрлээ гэсээр цай аягалан өгөөд, урд нь тавагтай бууз тавив. -За ашгүй та хоёр ирж, халуун чихийг атгалаа. Танайхан ирээгүй юм уу гэсэн нөхрийнхөө өөдөөс зөөлөн харцаар аргадангуй харж -Эдний хоёр ирж амжсангүй ээ. Яаж ч цугаар цугаараа нэг дор ирэх вэ. Янзыг нь хараад дуудъя гэнэ ээ хэмээн хоёр дүүгийнхээ өмнөөс яаран хариулав. -Үгүй нээрэн тэгэх л байхдаа. Над шиг хийх ажилгүй, хэсэх газаргүй хүн биш гэсэн үгнийх нь мухарт ялимгүй зэмлэсэн янз цухалзаад байх шиг санагдана. Хүр дүүгийнхээ задалсан харь нутгийн хатуу идээнээс амсах төдий уруул хүргэсэн Мятавыг гайхан харсан дүү хархүүгийн өөдөөс -Ах нь уухгүй ээ. Та хоёр ахынхаа занг мэдэхгүй биш. Жаахан юм балгачихаараа түүндээ хорхойсоод уг мухрыг нь харж байж санаа амарна гээд хөлсөө арчин буй эр нөхрийнхөө өөдөөс өрөвдөнгүй харсан Бурмаа -Миний өвгөн ганц нэг балгахгүй юу даа. Хоёр дүү маань хол газраас чамд л зориулж авчирсан идээ юм чинь гэхэд, нүдэнд нь баярын гэгээ гялсхийн харвах шиг болж, очтон гялалзаад -Яах юм бэ хө. Ижийгийн минь буян заяа гомдоно биз дээ гээд буузны шөл амтагдсан шүлсээ гудхийлгэн залгилаа.

-Эр нөхрийнхөө өөдөөс урам хайрласан харц шидэн, -Энэ цамцыг өмсөөд үз дээ. Мөнгөлөө орос дэлгүүрээс авсан гэнэ ээ гэхэд эхнэрийнхээ шавдангуй занг мэдэх Мятав хир суусан саарал цамцаа тайлж, хэрзгэрдүүхэн цээжиндээ цоо шинэ цамц өмсөж, жижигхэн толинд харан эхнэр өөдөө жуумалзав. -Мятав ах залуудаа зодог нь шалдарсан гуалин шиг чилдгэр хөх залуу байж билээ. Гурвын даваанаас хойш онгод нь орсон аятай ам угтуулаа дүүгүүрдэж шидээд нугасыг нь тас цохичих шахдаг сагсуу эр байсан даа гэхэд бүгд инээлдэв. Гэтэл чив чимээгүй нүдээ анин хэвтсэн ээж нь тэдний яриаг сонсчихов уу эсвэл зөнгөөрөө инээв үү бүү мэд, ядрангуй шаргал царайндаа инээвхийлэл тодруулан сулхан инээхийг бүгд харлаа. -Ээж дотуураа ухаантай байна. Саяын яриаг сонсоод инээлээ гэж Мөнгөлөө эгч өөдөө баяртайхан харж шивэгнэв. -Ажаа нь та хоёрыг байгаа дээр гэрээрээ ороод толгойтой сэгсгэрээ угаачихаад ирье гэсээр дүү нарынхаа өгсөн бэлэг сэлтийг уутлан нөхөртөө бариулан гарав. Ууган охин, хүргэн хүү хоёроо гарснаас хойш нэг их удалгүй буурал хөгшин нүдээ алгуурхан нээж, -Мөнгөлөө миний охин ижийдээ балга хярам хийгээд өг дөө арай чамай хэлээд, үрчийж харласан арьстай чөргөр гараа өргөн, отгон хүүгийнхээ хацарт хүрч хошуу цорвойн үнсэв. -Ээжээ та чинь охиноо үнсэхгүй юм уу гэсэн Мөнгөлөөгийн зүг энхрийлэх мэт харж, эхүүндүүхэн үнэртэй уруулаар зөөлөн үнэрлээд, -Ажаа ах хоёр чинь гэрээдээ явсан уу. Та хоёрыг хүлээсэн ижийнх нь сэтгэл цадлаа. Цаад муу эгчийгээ надаас хойш сайн харж хандаж яваарай. Хэдэн сар л хажууд нойр хоолгүй хонолоо. Муу хүргэн минь ч ялгаагүй ээ, олийж харлачихаад л хоёр гэрийн дунд гүйж явна. Хүний жудаг гэгч ядарсан цагт л танигддаг бололтой юм.

Үхэхийн цагт толгойгоо түшүүлж, ядрахын цагт хөлөө хучуулах гэж хүний нялх үр үрчилж авсан юм байлгүй гэхэд, ижийнхээ юу яриад байгааг ойлгоогүй хүү охин хоёр нь өвчиндөө дэмийрч байна уу даа гэсэн харцаар өөд өөдөөсөө харалцав. Миний муу бор хүүхэн хоёрын хоёр сайхан дүү дагуулж ирсэн буян заяатай охин шүү гэхэд хэний тухай яриад байгааг ухаарч, мэл гайхав. -Мятавыг аpxи дарc ууж, агcам cогтуу тавилаа гэж та нар түүнийг адлах хэрэггүй. Эцэг чинь амьддаа хүргэн ахыг чинь өмөөрөөд амиа тавьдаг байсан юм. Эцэг хүн гэдэг хүний сайныг олж таньдаг л юм байна. Та хоёроос илүү цаад хоёр чинь намайг өргөж тойллоо гэхэд -Ижий минь танд хэрэглэх эм тариа, хоол ундны мөнгийг чинь Мөнгөлөө бид хоёр л өгч байсан шүү дээ гэж хэлж суугаа хүүгийнхээ өөдөөс хайр шингэсэн харцаар инээвхийлэн харсан ижий нь -Эгч нь та хоёрын өгсөн мөнгийг бичээд л суугаа харагддаг юм. Бодвол та хоёрын дараа нь хэлэх үгийг охин минь мэддэг байсан юм болов уу даа гэсэн ээжийнх нь хатуу үг тархин дундуур нь тас хийн буух шиг санагджээ… Энэ өдрөөс хойш арваад хоногийн дараа ижийнх нь бор гэрийн гадаа бөртийтөл зогссоор үлдсэн том эгчийнхээ тухай санаашран явсан Мөнгөлөө бүсгүй их хотын зүг жолоо мушгин яваа ганц дүүгээ хажуунаас нь харж явснаа -Бурмаа эгчийг үрчилж авсан гэсэн ээжийн үг үнэн болов уу. Харахаар л буй төрхөөрөө ижий минь харагдаад байх юм гэхэд -Үнэн ч бай худал ч бай надад ялгаагүй. Та харин дахиж битгий дурсаарай. Ижийг минь орлож үлдсэн том эгчийгээ та бид хоёр л хамгийн их хайрлах учиртай гэж хэлээд цийлэгнэж ирсэн нулимсаа сэмхэн арчиж харагдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!