“ЭГЧДЭЭ НӨХӨР ЧИНЬ ТАТАЖ ЧАНГААГААД ОРОЛДООД БАЙНА ГЭЖ ХЭЛЭЛТЭЙ НЬ БИШ ДЭЭ”

“ЭГЧДЭЭ НӨХӨР ЧИНЬ ТАТАЖ ЧАНГААГААД ОРОЛДООД БАЙНА ГЭЖ ХЭЛЭЛТЭЙ НЬ БИШ ДЭЭ”

Арваад жилийн өмнө ээж маань зуурдаар бурхан болоод аав минь бор дарсанд орж ганц эгч минь хүнтэй суугаад гэрээсээ явж аравдугаар ангийн би ганцаархнаа бөртийгөөд үлдэж билээ. Амьдарч байсан хашаа байшинг маань ээжийн эгч дүү нар авчихсан.

Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор яагаад байшинг маань авч байгааг ч мэдээгүй, ингэх ёстой юм байлгүй л гэж бодсон. Тэгээд би гэдэг хүн ямар ч сонголтгүйгээр хамаатаны эгчийндээ толгой xoрогдож эхэлсэн дээ.

Эгч ээлжийн ажилтай болохоор заримдаа ирж хонохгүй, хүүхдүүд нь бас тусдаа гарсан. Эгчийг ажилтай үед нөхөр нь байнга намайг татаж чангааж оролдоно. Байнгын түгшүүр айдастай яахаа мэдэхгүй хий дэмий л уйлна.

Тэгээд эгчийг ажилтай гэртээ ирэхгүй үед нөхөртэй нь хамт үлдэхгүй гэсэндээ ангийнхаа хүүхдийнд очиж хонодог боллоо. Эгч их хатуу дүрэм журамтай гадуур хонож болохгүй гэдэг учраас эгчийг явангуут найзынхруугаа яваад өглөө ирэхээс нь өмнө гэртээ амжиж ирээд цай чанаад хувцасаа солиод хичээлдээ явдаг байв.

Нэг өдөр ядраад найзтайгаа нам унтаад хичээлээсээ хоцроод гэрээр дайраад орж чадалгүй шууд хичээлдээ явчихсан юм. Тэгээд өдөр хичээлээ тараад гэрт иртэл бүх хувцасыг маань торонд хийгээд орцонд гаргаад тавьчихсан байж билээ.

Эгч хэлэхдээ манай удамд чам шиг жаахан хирнээ гадуур хонож явдаг зaвxaй зайдан амьтан байхгүй, манайхаас явж үз гээд үгийн зөрөөгүй хаалгаа тас хаасансан.

Би ямар нөхөр чинь оролдоод татаж чангаагаад байдаг болохоор гэж хэлэлтэй биш дээ, угаасаа тухайн үед бол тэгж хэлсэн ч надад итгэчхгүй байсан байх.

Ингээд л орох оронгүй оочих аягагүй болж айл айлд хоносоор арван жилээ төгсөөд шууд л Улаанбаатарт ирсэн. Өнчин, нэн ядуу гэсэн шалтгаанаар их сургуульд тэтгэлэгтэй ороод хотод хамаатны ахынд байдаг болсон ч эхнэр нь бас л надад дургүй байдаг байсан.

Хэзээ босож сууж гээд унтах цагийг маань хүртэл заана. Хайж байгаа юмаа олохгүй бол миний цүнх халаас бүгдийг нэгжиж хардана, мэдээж би аваагүй болохоор надаас гарч ирэхгүй.

Гэрээ цэвэрлээд, хоолоо хийж дуусчхаад бүх хүмүүс орондоо орсоны дараа л нэг юм хэвтэх эрх надад гарна даа. Оюутан болохоор хичээл ихтэй оройтож тарна автобус хүлээнэ ихэнхдээ л гэхдээ автобусны мөнгөгүй алхана.

Тэгээд л хоол оройтууллаа гэж толгой түрийгүй хашигaчуулж загнуулна. Нэг өдөр хүйтэнд алхаад ханиад хүрээд хүндэрчихвээ, шөнөжин халуураад ханиалгаад хоносон.

Тэгсэн маргааш өглөө нь шөнөжингөө ханиалгаад ажилтай хүмүүсийг унтуулсангүй, ханиадаа эдгэхээр ирээрэй гээд гэрээс нь хөөгдчихвөө. Хөөрхий гараад хаачихаа мэдэхгүй халаасандаа сохор зоосгүй.

Автобусны буудал дээр дэмий зогсож байхдаа автобусанд суух гэж хаа нэг тийшээ яараад явж байгаа хүмүүсийг хараад маш их атаархаж билээ.

Амьдрах гэртэй, элэг бүтэн хүмүүс сайхан юмаа гээд л. Замын цаад талын байрнуудын гэрэлтэй цонхнуудыг хараад энэ айлууд ямар аз жаргалтай байгаа бол ямар хоол идэж байгаа бол гэж өч төчнөөн бодолд автаж өөртөө бас ээждээ, apxичин болсон аавдаа гомдож дэмий л уйлна.

Тэгээд оюутан ангийн нийлдэг найзындаа байдаг боллоо. Аав нь бас apxи уунаа. Гэхдээ элдэв ааш агсан согтуу гаргаад байх гайгүй ээ. Аавынх нь эхнэр, манай найзын хойд ээж нь их муухай ааштай.

Заримдаа найз маань аавтайгаа эсвэл хойд ээжтэйгээ муудалцахаараа гэртээ хонохгүй гээд гараад явчихдаг, би тэгээд айлд ганцаараа үлдэлтэй нь биш хонох газаргүй болно. Заримдаа танилуудынхаараа хононо, заримдаа орцонд хүртэл хононо.

Ингэж явсаар аргагүйн эрхэнд сургуулиа төгсөж чадалгүй дундаас нь хаясан. Баар караокед ажилладаг болж ажлынхаа газрын хүмүүстэй байр түрээслэдэг болоод сүүлдээ ч цалин арай гайгүй болоод ганцаараа түрээслэдэг болсон.

Угаагч, зөөгч, үйлчлэгч, тогооч, барилга гээд хийж үзээгүй ажил тун ховор надад. Аав маань заримдаа над дээр ирж байдаг байлаа. Эгч маань хоёр хүүхэдтэй, нөхөр нь хүнд өвчнөөр өөд болж манайх гэдэг айл эргэн нэгдсэн юм.

Аав, эгч, эгчийн хоёр хүүхэд, би. Ам бүл тав. Аль болох өндөр цалинтай л бол юу ч хамаагүй хийдэг байлаа, давхар давхар ажил хийгээд гэрийнхнийгээ тэжээдэг байсан.

Ганцаараа ажил хийж мөнгө олдог болохоор гэрийнхэн маань намайг их хүндэлнээ. Эгчийгээ нөхрийгөө алдсан болохоор сэтгэлээр унаад ганцаардахвий гэж санаа зовсондоо гадуур гарч найз нөхөдтэй бол шинэ хүнтэй танилц уулз гэж үглээд сэтгэлээ сэргээгээд ир гээд хэдэн төгрөг өгөөд гаргадаг байсан.

Одоо бодоход шал дэмий тэгж хэлсэн юм гэж харамсдаг. Эгч шоуддаг болоод гэртээ ирэх нь багасаад бүр хоёр хүүхдээ ч тоохоо больчихсон. Би өөрөө ээж шиг нь байдаг болов.

Аав уух нь арай багассан ч хаяа ууна. Нэг уухаараа гэхдээ хэдэн долоо хоногоор уучихна, энэ тэнд согтуу явж байгаад хэрэг тарина нөгөөхийг нь аргална цагдаа сэргийлэхээр явна бөөн мөнгө төлнө. Ингээд би хоёр хүүхэдтэй, apxичин нөхөртэй юм шиг амьдралаар удаан амьдарсан даа.

Харин ингэж их зoвсны эцэст гэж бурхан шиг сайхан хань заяаж орох оронгүй түрээсийн байраар хэсүүчилдэг байсан үе минь дуусч жирэмсэн ч болсон. Ёстой өөрөө гутлаа ч өмсөж үзээгүй дээ. Нөхөр маань халамжилсаар байгаад төрсөн.

Нөхөр маань хүү бид хоёртоо амь, дүү нартай маань ч өөрийн юм шиг дотно харилцаад гадуурхдаггүй. Аав биднээс тусдаа байдаг ч хаяа бас яаж зүгээр байхав хэрэг тарина. Тэгсэн ч төвөгшөөдөггүй нөхөр маань л аавын хэргийг аргалчихлаа ханиа гээд ирнэ.

Тэр маань бурханаас миний амьдралд өгсөн хамгийн том бэлэг. Одоо би өөрийн гэсэн ажил төрөлтэй баян тансаг биш ч гэсэн айлд байж болох бүх л эд материаллаг зүйлтэй элэг бүтэн сайхан гэр бүлтэй болсоон.

Заримдаа дэндүү их жаргаад байгаа болохоор энэнээсээ санаа зовж айх ч шиг. Энэ хүнтэй учраагүй бол ямар хэцүү амьдарлыг туулах байсан бол гэхээс дотор минь харанхуйлдаг.

Энэ захидлаараа юу хэлэх гэсэн бэ гэхээр хүн дандаа зовдоггүй юм байна лээ шүү. Хар буруу санаагүй зөв л явж байхад цаг нь болохоор жаргал өөрөө хүрээд ирдэг юм билээ. Амьдарлынхаа ханийг л зөв сонгоорой гэж охидууддаа захиж байна бас битгий шантраарай.

Аавууд минь бор дарснаас хол байж гэр бүлээ хайрлаарай, охид залуучууд минь зөв бодолтой ирээдүйгээ сайн төлөвлөхгүй бол юу юугүй хүүхэд гаргаж өөрийгөө ч зовоож хүүхэд ч өнчрүүлэх зүйл битгий хийгээсэй гэсэндээ өөрийнхөө амьдралыг бичлээ.

Заримдаа боддог юм автобусны буудал дээр гэрэлтэй цонхруу харж атаархаад уйлж сууж байсанаа. Одоо бол би өөрөө гэрэлтэй цонхны цаана байдаг инээд хөөр дүүрэн жаргалтай гэр бүлийн нэг болсон.

Магадгүй хаа нэгтээ миний туулсан шиг зовлонгоор амьдарч байгаа хүүхэд байвал шантарч болохгүй улам хүчтэй байгаарай. Мөн бусдаас зөвлөгөө тусламж авахаас хэзээ ч битгий ичээрэй гэж хэлэе дээ. Нуршиж урт юм бичсэн бол уучлаарай. Бүгдэнд нь аз жаргал илгээе…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!