“ШҮРЭН БУГУЙВЧ” 7-Р ХЭСЭГ

Xарин тийм, бид 2 яараад л.. – 2-уулаа түр гарах уу? – Юу, миний ажил тараx болоогүй байна л даа. Намуун ингэж хэлээд Итгэл рvv харав. Өтгөн тод хөмсөг, өндөр шулуун хамартай, урт ургуулсан дэгжин vстэй, шулуухан үнэнч харцтай гоё нүд… Итгэл үнэхээр сайхан залуу юм гэж бодчихоод ичсэндээ үснийхээ угийг хүртэл улайж харцаа тvргэxэн шиг буруулав.  – Aлтaa, чамайг тарианы өрөө цэвэрлэ гэнээ гэх дуунаар бүсгүй давхийн цочиж дөнгөж сая тайлж гүйцсэн 2 бээлийгээ мушгин байж: – Намайг дуудаад байна, би 6-гаагаас нааш тарахгүй байх аа, за баяртай гээд хувингаа авлаа. – Би тэгвэл 6 гээд хүрээд ирэх үү? Итгэл эмнэлгийн чулуун шатаар нисэх мэт үсрэн бууж гадаа түүнийг хүлээн цаашаа харан зогсож байсан Батбаярыг араас нь тэврэн авч: – Ёоох, уузлчихлаа, ёстой xалуун байдаг юм байна. Жака макаг дагуулж ирсэн бол насны онигоонд орох байсан байх. Яг нөгөө охинтойгоо уулзсан чин толгойд юу ч орж ирдэггүй. – Манай Жака ч марзаганахдаа л сайн юм чинь.. за тэгээд юу гэж байна? – Би уулзангуутаа тэнэг юм шиг бугуйвчийг чинь өгөх гэсэн юм гэчихсэн юм чинь.. баярлалаа л гэж бна лээ. Тэгээд сүүлдээ овоо нүүр хагараад ирсэн чинь цаанаас нь дуудаад. Орой 6-д тарна гэсэн. – Тэгвэл 2-уулаа хамт ирий.. – Тэгий. Ямар гоё юм бэ? Тэр дуу аялсаар машиндаа суулаа. Одоо түүнд тэнгэрт гэрэлтэн байгаа нар зөвхөн өөрт нь зориулан мишилзээд байгаа ч юм шиг замын голд зогсоо цувтай цагдааг тэврээд үнсчихмээр ч юм шиг, хажууд нь хань болон суугаа Батбаярыгаа үүрээд гүймээр ч юм шиг цээжинд нь баяр хөөр багтаж ядан байлаа. Итгэлийг явангуут бvсгvй сая л нэг тайвширлаа.

Сэхээ оронгуутаа, би сая түүнд ямаршуу харагдсан бол гэсэн бодол орж ирэн тарианы өрөөний толинд өөрийгөө харав. Нүүрнийх нь энгэсэг бараг арилчихаж. Ажил хийхэд саадтай гээд санд мэнд шуучихсан үс нь хэсэг хэсгээрээ унжиж, хамар дээр нь хөлс бөнжигнөж, нүд нь харин баяртай гэгч нь гялалзаж байлаа. Шал тэнэг харагдсан байна. Итгэл миний юунд нь болсон юм бол оо. Гаргууд хөөрхөн царайтай ч биш, нэг их гоё биетэй ч биш. Тэгээд ядарсан нэг асрагч охинд шүү. Нэр нь хүртэл Aлтaнзул шүү дээ гэж бодсоноо өөрийн эрхгүй цаг руугаа харав. Залууг явснаас хойш дөнгөж 5 минут л өнгөрчээ. Хаячихаад даxин олдоно гэж зүүдлээ ч үгүй шүрэн бугуйвчаа гарган үзээд буцааж далд хийв. Бүсгүй тарианы өрөө цэвэрлэж, күарцийн гэрлээр өрөөнүүдийг ариутган, хонгилын цонх арчиж тасралтгүй ажиллах зуураа хэдэн ч удаа цагаа харсныг бүү мэд. Урд нь нисэх мэт өнгөрдөг байсан цаг хугацаа л харин өнөөдөр тийнхүү яст мэлхий мөлхөж байгаа мэт явж өгсөнгүй. 6 цаг болов уу үгүй юу 2 хаалгатай жижиг улаан Тоёота жип эмнэлгийн гадаа ирчихсэн зогсож байв. Намуун цонхоор Итгэлийн машиныг хармагц зүрх нь дэлбэ үсрэх дөхөн цохилоход хувцасны өрөө рүү сандран гүйлээ. Асрагчийн ногоон хувцсаа санд мэнд тайчиж байхдаа л Aлтaaгийн дүрд тоглох ёстойгоо санав. Одоо тэр урьдын адил их дэлгүүрийн урд 40н мянгатад буух биш, зайсан толгойн өвөрт байх аавынхаа тансаг байшинд ч бус, Хайлааст руу явах ёстой. Aлтaнзул бол гэр хороололд амьдардаг асрагч охин шүү дээ. Ашгүй Хажид эгчийнхийг өөрийнхөө гэр гээд заагаад өгчий гэж дор нь сэтгэв. Хувцаслаж дуусаад тарианы өрөө рүү шагайж хүнд дусал хийж байсан Хажид авгайгаас: – Танайx Xайлаастын яг хаана байдаг билээ гэж сандчин асуув. – Хуучин эцэс дээр. Миний охин бүтэн сайнд очоорой. – За за. Тэр яаран гүйсээр гол хаалган дээр очвол Итгэл хүлээн зогсож байв. Тэнэг юм шиг яах гэж гүйв ээ. Өдрийнх шиг хөлрөөд шал тэнэг харагдаж байгаа байх даа гэж бүсгүй түүнтэй яг уулзахдаа өөртөө уур нь хүрэв. – Ашгүй найзаа дагуулалгүй ганцаараа ирээ юу? – Харин тийм, манай 3 сумо узэж байгаа л даа.

Итгэл өдөр өмссөн байсан улаан цамцаа сольж өөрт нь илүү зохьсон, захтай саарал цамц өмсөн улам л гангалчихсан иржээ. Тэр 2 машинд орж суугаад юу ярихаа мэдэхгүй таг болцгоов. Намуун өөрөө машин бариагүй үедээ хэзээ ч жолоочийн хажуу дахь “хадмын” суудалд суудаггүй зантай. Энэ удаа ч хойд суудал дээр нь суучихлаа. Энэ нь залууд их л таалагджээ. Урьд нь элдэв хөнгөн охид эзэгнэж байсан урд суудалд хайртай бvсгvйгээ суулгахаас тэр бяцхан эвгүйцэж байжээ. Ялангуяа нөгөө Сэни жуулчны баазаас буцахдаа л энэ суудлыг тавтай гэгч нь эзэгнэн Батбаярын хэлснээр тэргүүн хатагтай мэт эрхэмсэгээр суугаад авсан билээ. Сэни гэснээс сүүлийн үед гар руу нь ч, гэр рүү нь ч байнга утасдан нойтон хамуу шиг наалдсаар байгаа тэр хүүхнийг өөр рүү нь залгах вий гэж айсан залуу яг энэ мөчид утсаа яаран салгаад хөдөллөө. Үе үе шаргал, хүрэн хавчис хийснэ. Модод хавчсаар уйлан, буцах цагийн зэвэргэн салхи үлээсэн энэ орой шиг жаргалтай өдөр амьдралд нь байгаагүй мэт санагдана. Гайхалтай нь өнөөдөр энэ охинтой уулзсанаас хойш уурлах уцаарлахыг ч мэдэхээ больж, хүнд нэр хоч өгөх донтой Жакагаас инээмтгий хүн гэсэн шинэ нэр сонсоод нэг их тоогоогүй билээ. 0доо ингээд Намууныгаа суулган явахдаа ч гарцгүй газраар зам хөндлөн гарсан хүмүүсд урьдын адил уурласан ч үгүй. Бараг л машинаа зогсоон “гар гар” гээд инээх нь холгүй сайхан ааштай амьтан явж байлаа. Тэр 2 нэг мэдэхэд хотын төв рүү ороод иржээ. Энэ таагүй нам гүмийг эвдэн “2-уулаа нэг газар хоол идэх үү, хаана очих уу” гэсэн Итгэлийн асуултанд бүсгүй шууд хариулчихаж чадаcaнгүй. Намуун бол ийрэмхүү үед Сити ч юмуу Вэнэрц-д орж хөнгөн зууш, мөхөөлдөс захиалдаг байсан. Гэтэл тэр бол сарын 50н мянгын цалинтай, Хайлаастад амьдардаг, Aлтaaгийн дүрд тоглох ёстой шүү дээ. Aлтaa эмнэлэгт хамт ажилладаг хүүхнүүдийнхээ бишрэн ярьцгаадгийг нь санаад бушуухан шиг л Берлин бургэр гэж хэлээд дотроо инээд нь хүрлээ. Тэдний хувьд Бэрлин бургэрт орно гэдэг мөрөөдлийн тансаглал байдаг аж. Энэ удаа бол Итгэлийн инээд хүрэх дөхөв. Одоо ажил тарах цаг, Бэрлинд хүн ихтэй байгаа л даа. 2-уулаа жаахан ярьж суух нам гүм газар очъё, Сити кафед суух уу? Тэр бас Сити-д дуртай юм байна гэж Намуун бодоод үүргэвчнээсээ уруул өнгөлөгч гарган инээдээ барьж ядан нуух гэж оролдов. Хэдий болтол ингэж жүжиглэх юм бэ, эрт орой хэзээ нэгэн цагт Итгэл үүнийг мэдэх л болно. Тэр энэ үед бүх жүжиг сайн дурын уран сайханчийн тоглолтоо юу гэж тайлбарлах бол. Ядаж л кафэд сууж байхад нь таньдаг хүн тааралдах юм бол жинхэнэ онигоо болно ш дээ. Би харилаа гээд Намуун бууж зугтах гэв. – Aлтaa би чамайг хүргээд өгье л дөө гэж Итгэл гуйлаа. Түүнийг буух гэж хаалганы бариулд хүрэхэд нь Итгэл шүрэн бугуйвчаа зүүснийг нь ажиглажээ. Анх танилцахдаа л нэрийг нь асууж чадахгүй хоцорчихоод энэ бугуйвчаас эзнийх нь тухай бүхнийг мэдэх гэж явсан тэр өдрүүдэд Итгэл оддын зурхайн ном хүртэл уншиж шүрний тухай судалж билээ. Тэгээд шүр хилэнцийн ордод ээлтэй гэж мэдээд түүнийг хилэнцийн орд юм болов уу гэж хүртэл бодсон. Шүр муу санаа, аянгын аюулыг зайлуулж, ад зэтгэрийг тонилгож, элдэвт хорхойсох сэтгэлийг дарна. Ой ухааныг бэхжүүлнэ. Мэрэгч төлөгчдийн сайн сахиус болдог гэж тэр номонд бичсэн байсан. Зүүж явсан эзнээ орлон сэтгэлийг нь зогоож байсан энэ бугуйвч эзнийхээ нарийхан бугуйнд байxийг хараад тэссэнгүй гараас нь бариад авлаа. Яг энэ мөчид тэр 2-ын харц тулгарлаа.

Анх чих дөжрөм чимээтэй диско танхимд зөгийн үүр шиг дүнгэнэлдэн, үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг хүн бужигнасан тэр их хөлийн газар шууд л харцыг нь булаасан тэр тунгалаг нүд, гэрэвшүү харц… Итгэл бүсгүйд битгий буу л даа гэж аяархан хэлээд гарыг нь барьсаар л байлаа. Xоромхон зуур нvvр нь улсхийсэн бүсгүй, цочихдоо гараа огцом татаж аваад Манайх Хайлаастад ш дээ гэж шивнэх шахам хэлэв. Эндээс Хайлааст хүртэл зөндөө хол байгаа нь ямар их аз вэ гэж Итгэл бодлоо. – Чи бугуйвчаа хаясанаа хэзээ мэдсэн бэ? – Тэр дороо ч мэдээгүй л дээ. Эмээ надад өгсөн болохоор би их хайртай байдаг юм. Гэртээ ороод л гараа угаах гэсэн чинь бугуйвч байхгүй байсан. – Та 2 плаcаас яaгаад тийм хурдан гараад явчихсан юм бэ? Би бугуйвчийг чинь олонгуутаа хойноос чинь гараад гүйцээгүй… – Aлтaa? чи хилэнцийн орд юмуу? – Үгүй. Би яагаад хилэнцийн орд байх ёстой юм? гээд Намуун инээд алдсанаа – Би үхрийн орд ш дээ. Ууртай болхоор нь хилэнцийн орд гэж байгаа юмуу гэлээ – Үгүй л дээ. Би чамайг олох гэж дэнүү удаан хайсан. Тэгээд яагаад шүрэн бугуйвч зүүдэг юм бол гэж бодоод л.. Хилэнцийн ордныхонд хамгийн ээлтэй чулуу нь шүр гэж сонссон юм. Би өөрөө хонины орд л доо. Чиний төрсөн өдөр хэзээ болдог бэ? – 5н сарын 1нд. Дээр үед майн баярын өдөр байсан ш дээ. – Би тэгвэл 4н сарын 12нд төрсөн. Бид 2 чинь 2 уулаа баярын өдөр төрсөн юм байна. Би монгол хүн сансарт анх ниссэн өдрөөр төрсөн. Аав намайг жаахан байхад Гагарины зурагтай тэмдэг цуглуулж өгдөг байж билээ. Ээж одоо тэр тэмдэгнүүдэд их дургүй байдаг юм. Тэр 2 салаад их удаж байгаа л даа.

Залуу өөрийн эрхгүй санаа алдчихлаа. Түүний сэтгэлийн тэр гуниг Намуунд ч гэсэн нөлөөчихөв. Уг нь Итгэл хэзээ ч энэ сэдвийг хөндөх дургүй байдаг байлээ. Гэтэл энэ бүсгүйд болхоор бодож санаж, эмзэглэж явдаг бүхнээ ярьж, сэтгэл зүрхээ тэр чигээр нь нээчихмээр санагдаад байлаа. Машиных нь арын суудалд шигдэн явсан Намуун үсээ нэг илээд: – Чи аавтайгаа уулздаг уу? гэж асуулаа – Үгүй ээ. Аав одоо Польшд байдаг гэсэн. Уулзаагүй олон жил болж байна. Ээж амьдралаа ганцаараа авч яваа болохоор аавд их гомддог юм шиг байна лээ. Тэгээд би аавын тухай ярьдаг ч үгүй. Миний дүү охин л ээжээс аавын тухай асуугаад байдаг юм. Би ээж дүү 2 тойгоо байдаг. Миний дvv гэж хэл ам сугалчих шахсан нэг айхтар амьтан бий. Бас надаас дандаа мөнгө шаналгана хэмээн ярьсаар явлаа. Түүний тэр илэн далангүй, сая буух гэхэд нь гарнаас нь барьчихаад ширтсэн харц зэрэг нь бүсгүйд гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ. Итгэл яриагаа таслан толь руугаа харж: – Би дэндүү их яриад байна уу? Уг нь би тийм чалчаа амьтан биш л дээ. Чамд л хамаг юмаа яриад баймаар санагдах юм. Чи өөрийнхөө тухай ярь л даа гэж гуйсан өнгөөр хэлжээ. Бvсгvй толинд түүнтэй харц тулгарчихаад ичэнгүйрэн цонх руу нүүр буруулж: – Би аав, ээж 2 тойгоо байдаг. Энэ жил ажил хийчихээд дараа жил Анагааxд орно доо. Эмээ намайг эмч болгох дуртай байдаг юм гэчихээд түр түгдрэн чимээгүй боллоо.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!