“ШҮРЭН БУГУЙВЧ” 2-Р ХЭСЭГ

Жака Аянга 2 өөд өөдөөсөө хараад мөрөө хавчицгаав. Харин тэднийг Намуун цонхоороо харсаар зогслоо. Тэр өнөөдөр эмээгийндээ хонохоор иржээ. Дискон дээрээс сандран гарахдаа бугуйвчаа хаясанаа бүүр таксинаас буусан хойноо л мэджэээ. Тэгээд эмээгийнхээ өгсөн нандин бэлгийг хаясандаа харамсаx, араас нь даган давхисан залуугаас бултаж чадсандаа баярлах 2 нь зэрэгцэж билээ. Гэтэл шүршүүрт орчихоод гарч ирээд санамсаргүй хөшигний завсраар шагайтал нөгөө айхтар цоргисон харцтай нүдээрээ өөрийг нь хараад байсан өндөр залуу нь байрны гадаа ирчихсэн найзтайгаа хоюулаа айлуудын цонх руу хараад зогсож байх нь тэр. -“Бурхан минь, ямар сонин залуу бэ? надаар яaх гээд байгаа юм бол? ямар азаар гэртээ харилгүй эмээгийндээ ирэв ээ. хэрвээ гэртээ очсон бол манайхыг мэдэж авчихаад яах ч гээд байх юм билээ. Эмээгийн эндээс бол намайг олтлоо л өдий биз. Шөнө дунд болчоод байхад яасан явдаггүй амьтан бэ?” гэсэн юм бодон харж зогстол дахиад 2 найз нь машинтайгаа хүрээд ирэв. Бүсгүй буйдан дээр суугаад өрөөний гэрлийг унтраав. Харанхуйд юм бодож суух сайхан. Өдөр бүр заавал ганцаараа байж юм бодож бай гэсэн Далай ламын сургаалыг тэр давтах дуртай. “Юун залуу бэ? ер нь яагаад тэр дискон дээр намайг өдөх гээд байсан юм бол?” тэр утсаа авч Жавхаа руу залган дискон дээр маяглаад байсан залуучууд танай гадаа очоогүй биз гэж асуув. Тэднийх эмээгийнх нь хажуугийн байранд байдаг билээ. Шал нойрмог Жавхаа “чи нойр сэргээчихлээ. өдийд унтахгүй юугаа хийж байгаа юм бэ?” гэж үглэсээр цонхоороо хараад “хэн ч алга л байна даа. Танай гадаа тэд нар байгаа юмуу, хаашаа юм?” хэмээн уцаартай гэгч нь асуув. – Харин тийм. Манай гадаа 4-үүлээ байж байна. Эмээгийнхийг яаж олж ирэв ээ – за ингэсгээд явчих байлгүй дээ. – явах нь ч явах л байх л даа. За за, чи сайхан нойрсоорой. Намуун утсаа ширээн дээр тавиад босч цонхоор харав. Нөгөө хэд ашгүй машинд хуваагдан суугаад хөдөлж байгаа харагдав. Цаг харвал шөнийн 2 цаг болчихжээ. Бүсгүй өвөөгийнхөө зургийн өмнө зул асаагаад орондоо орлоо. 

Харин Итгэл гэртээ хариад хоолоо хүйтнээр нь идчихээд, зочны өрөөнийхөө буйдан дээр бодолд автан үүр цайтал суужээ. Анхны харцаар дурлана гэдэгт тэр урьд нь хэзээ ч итгэдэггүй байсан нь үнэн. Тэр 21 нас хүртлээ хэд хэдэн охинтой үерхэж , дажгүй гоё охидыг уйлуулж уяраан өвөртөө оруулж явсан ч, хангал зүрх нь хайр амсаагүй яваа билээ. Түүнтэй хэдэн сараар үерхсэн, уулзаж учирдаг, амрагийн жаргал эдэлж явсан олон олон охид, хүүхнүүдээс хэн нь ч өнөөдрийн сортолзсон нүдтэй охин шиг сэтгэл зүрхийг нь донсолгож явсангүй. Хайр гэдэг түүний төсөөлж байсан шиг дэмий ч эд биш, бас шүлэг зохиолд гардаг шиг, хосгүй сайхан ч мэдрэмж бас биш бололтой. Нэрийг нь хэн гэдэг юм бол? Лав л гоё нэртэй охин байгаа даа. Сонин юм даа . Би яагаад тэр охиныг мартаж чадахгүй байна аа? Заа байз маргааш гэрийнх нь тэнд очоод сураглавал олдох бол уу? Хайр майр гэдэг чинь дундад зууны юм гээд томроод байсан чинь өөрө ингээд дурлачихдаг байж ээ. 

– Тэгээд тэр охин намайг тоох бол уу? Энэ бол Итгэлийн хувьд өөрөө өөртөө эргэлзсэн анхны тохиолдол байлаа. Урьд нь тэр ямар ч охинтой танилцахдаа өөртөө итгэлтэй байж чаддаг, хараад өөрт нь таалагдсан л бол ирлээ, үзлээ, яллаа гэдэг шиг ямар ч зовлонгүй гартаа оруулаад авдаг байсан билээ. Итгэлийн эргүүлсэн ганц ч охин түүнд татгалзаж байсан удаагүй. Эр хүнд амархан хүүхнүүд үнэгүй санагддаг болхоор Итгэл ч тэдний хэнд нь ч сэтгэл алдарч явсангүй. Өнөөдөр сайхан харагдаад, шохоорхоод, маргааш нь танилцан хоолонд ороод, хэд хоног амраглаад л түүний хувьд бүх юм төгсдөг байв. Түүнийг ийнхүү бодолд автан амьдралдаа анх удаа эмэгтэй хүнээс болж харанхуй өрөөнд буйдан дээр хэвтэж байх энэ мөчид Намуун ч бас түүний тухай бодон үүр цайлгаж байлаа. – Тэр ийнхүү оройтож ирэх бүрдээ ээжийгээ сэрээхгүйн тулд өлмий дээрээ гишгэн гэт сээр гэртээ ордог ч ээж нь заавал сэрчихсэн байдаг юм. Энэ удаа ч гэсэн ээж нь унталгын хувцсан дээрээ нимгэн шөнийн халад нөмөрчихсөн зочний өрөөний үүдэнд -*Миний хүү унтахгүй яагаав? гэчихсэн зогсож байв. –Ээж та яагаад сэрээ вэ?  -Чамайг унтаж уу гүй юу, гээд өрөөг нь шагайсан чинь ор нь хоосон байхаар нь 

-Нойр хүрдэггүй ээ, та унт л даа, өглөө хар үүрээр босдог байж. -Миний хүү хоолоо идсэн үү? -Идсээн. Гоё хуушуур байна лээ. –Одоо миний хүү орондоо очиж унт даа гэж ээж нь хүүгийнхээ дэргэд суун үсийг нь илэнгээ хэлэв. – За ээжээ. Ээж хүү 2 өрөө өрөө рүүгээ очиж ор орондоо оров. Тэр охин зүүдэнд ороосой гэж Итгэл орондоо орон бурханаас ингэж гуйх шахав. Гэвч зүүдэнд нь өнөөх охин орсонгүй харин ээж охин дүү 2тойгоо нил их нэлийсэн усан дундуур туучаад явна. Тэгснээ ойд гав ганцаараа төөрчихсөн байна гэхчлэн утга учиргүй юм зүүдлэн их л муу унтаад сэржээ. Намууны хувьд өглөө нойрноосоо их л сэргэлэн сэрэв. Эмээг нь онгоцны буудал хүргэж өгөхөөр аав ээж 2 нь хүрээд иржээ. Ээж нь гал тогооны өрөөнд цай ууж сууснаа охиноо хараад – Хүүе миний охин ээж нь үнсье хэмээн нялуурахыг бодвол өчигдрийн ажлаа бүтээн сарвайснаа авч чадсан бололтой. – За над шиг хөгшин юмыг үнсэж мүнсээд байхдаа яадгийн. Ээж зүгээр дахиж нэг жоохон хүүхэд гаргаад тэгэж нялуурахгүй юу гэлээ. – Хүүхэд том болохоороо дэмий юмаа, тийм ээ өвгөөн. – Намуун ингээд л аав ээж 2-ыгоо үгээр идээд байдаг шдээ. өнөө нохой чинь чамайг ирэхгүй болохоор шөнөжин худлаа боргоод, хаалга сахиж хононолээ гэж аав нь янзгүй хэллээ. – Мики юу? Тэр чинь Америк яваад ирэхэд ээжийн нохой болчихсон байсан муу урвагч, худлаа тэгэж байгаа юм. Миний Чука байсан бол тэгэхгүй л дээ. Чука гэдэг нь түүний багадаа тэжээж байсан овчарка нохой. Хэдэн жилийн өмнө гудрага тусаад үхчихсэн юм. Хээ цэссс… Нохойд хүний нэр өгчихсөн болохоор ямар олиг байдаг юм, нэр нь хүнддээ биз гэж Самбуу хэлдэг юм. – Ортой л байх гэж аав нь хэллээ. Гэтэл мухрынхаа өрөөнд түнтэгнэж байсан эмээ нь орж ирэн – Алив хөдлөе, хүүхдүүд минь. Онгоцноос хоцрох нь гэсээр тэдний яриаг таслав. Эмээгээ гаргаж өгчихөөд Намуун гэрийг нь янзлахаар буцаж ирэв. Эмээгийнх нь хөрш байранд суудаг болохоор Жавхаа ч ороод ирлээ. 2 охин ч өчигдрийн залуусын тухай яриа дэлгэж байгаад санамсаргүй цонхоор хартал өнөө өндөр залуу бас л ирчихсэн тоглоомны талбайн сүүдрэвчинд байгаа хэсэг жаалуудыг шалгааж байгаа харагдав. – Хөөе, нөгөө зөдуу чинь ирчихэж, хэмээн дуу алдахад Жавхаа ч нээлттэй цонхоор хараад нүдээ бүлтийлгэн мөрөө хавчив. – Энэ одоо яах гээд энүүгээр эргэлдээд байгаа юм бол? –Чи л таалагдсан юм байгаа биз дээ. – Ямар сонин залуу вэ? Өчигдөр шөнө энэ чинь бас энд байж байж явсан шдээ.. хэмээн Намууныг хэлээд буйдан дээр суухад Жавхаа – Хөөрхий амьтан, чамд дурлачихсан ч юм билүү, юундаа маяглаад байгаан, танилцал даа, таалагдахгүй бол танилцахгүй гэнэ биз хэмээн цонхоор харан зогссоноо би өчигдөр нээх сайхан унтаж байсан чинь эд нараас болоод чи намайг сэрээчихсэн биз дээ, тэгээд миний нойр сэрчихээд баахан хэвтсэн гээч.- Чөтгөр өө, нөгөө манай ширээнд хүрч ирээд намайг татаад байсан урт үстэй нь бас тэр гулсуурын хажууд зогсож байна гээд хажуу тийш үсрэн, хөшигний араар орсоноо эсвэл энэ залуу нь бас намайг эргээд байгаан бол уу? Би ерөөсөө гараад байдлыг нь үзчихээд ирэх үү? Гээд Намууны юу хэлэхийг ч хүлээлгүй үүд рүү гүйлээ.

Жавхаа, чи байж бай л даа. Чамайг тэр 2 чинь хараад л танина. Чи юу гэж хэлэх гээд байгаа хүн бэ? Яах санаатай ч яваад байгаа юм билээ? – За яав л гэж гээд тэр углаашандаа хөлөө шургуулав. – Хоёулаа цаад хоёртой чинь муур хулгана болж тоглочихвол яаж байна? Тэр 2 чамайг хараад шууд л танилцъя энэ тэр гэнэ биз. Чи нэрээ хэлнэ үү, байна уу өөрөө л мэд. Харин намайг асуувал битгий хэлээрэй. – Мэдээж чамайг асууж л таараа ш дээ. Тэгээд би улайм цайм хамт явж байсан найзынхаа нэрийг мэдэхгүй гэх юм уу? – Намайг Алтаа гэдэг. Энд ахындаа түр байсан юм. Гэр нь биш гээд л хэлчихгүй юу. Жинхэнэ гэр нь хашаанд байдаг юмаа, хөөрхий гэвэл цаадах чинь дахиж наашаа зүглэхгүй биз. – Тэгээд л хэлчихвэл наашаа зүглэхээ больчихно гэж чи яаж мэдсэн юм бэ? Ер нь би тэгэж худлаа хэлж чадахгүй ээ. Дараа нь тэр чинь үнэнийг нь мэдчихвэл би л худалч болж таарна, зүгээр. Чи юундаа тэгэж нуугаад бариад байгаа юм? – Хасараас болж хангалттай шаналлаа. Одоо энэ ч бас юу билээ дээ. Чи миний найз л юм бол тэгээд л хэлчих л дээ. Энэ чинь хэрэв манай гэрийг мэдчихвэл бүр салахгүй. Углаашаа өмсч байсан Жавхаагийн нүдэнд дүрсгүй инээмсэглэл тодорч – Хүүшээ, энэ чинь харин тэр залууг чамд дурласан юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэх гоё арга биш үү? Чамайг гэрт байдаг гэж надаас сонсоод яахыг нь үзье, тэгэх үү? Хэрэв чамд жинхэнээсээ сайн л юм бол гэр хороололд хаана байдгийг чинь бас асууна ш дээ. Тэгвэл яах юм? – Ямар яршигтай юм бэ? Би сайн танихгүй. Эмнэлэгт ажил хйидэг гэнэ лээ гээд л хэлчих. Энэ үеэр үнэндээ Намууны сэтгэлд Хасарын өөдгүй явдал бодогдоод байсан тул Жавхаагийн сэдсэн зугаатай тоглоомонд оролцох, Итгэлийг сонирхох сөхөө ч байсангүй. Намрын нар илчтэйеэ ээсэн сайхан өглөө байлаа. Бага үд дөхөж гудамж хүн машины дуу чимээнд умбаж байлаа. 

Хүүхдийн тоглоомны талбайн модон сүүдрэвчэн доор суусан Жака ийш тийш залхуутай гэгч нь хараачилж байснаа Жавхааг олоод харчихлаа. Тэр найзыгаа нудран – Хараач, нөгөө өчигдрийн цэнхэр даашинзтай охин явж байна гээд үсрэн босож – Хөөе охион, юм асууя гэсээр гүйж очоод – За сайн уу? Өчигдөр найзтайгаа хоёулаа нээх мангасаас зугтаж байгаа юм шиг гүйлдээд гарсан охин мөн биз дээ? – Тэгээд яах гээд байгаа юм? – Танилцъя, болдоггүй юм уу? – Болдоггүй юм гээд бүсгүй яарч байгаа хүн болж явахаар зүтгэв. Сүүдрэвчийн доороос Итгэл ч хүрээд ирлээ. – Өчигдөр хамт явж байсан найз охинтой чинь танилцах гэсэн юм. Намайг Итгэл гэдэг. Чи гэрийг нь заагаад өгчих л дөө гэж тэр Жавхаагийн нүд рүү ширтэж байгаад шаардангуй хэллээ. Тэр шаардангуй дуу, нухацтай харц нь түүнийг бүүр балмагдуулчихав. – 1-рт тэр чинь миний найз биш. Зүгээр л танил охин. 2-рт тэднийх энд байдаггүй юм. Тэгэхээр та 2 энүүгээр битгий эргэлдээд бай. Жавхаа биеэ барьж чадалгүй нэгэн амьсгаагаар энэ хэдэн үгийг хэлчихээд явах гэсэн хүн болж урагшаа зүтгэв. Ер нь шалтаг л гарвал маргачих гээд байдаг нь түүний зан билээ. Итгэл түүний урдуур нь хэрж зогсоод – Тэгвэл чи танил охиныхоо нэрийг нь хэлчих л дээ гэж нөгөө л шаардангуй өнгөөрөө асуулаа. – Алтан зул гэдгийн. – Гэр нь хаана байдаг юм бэ? – Мэдэхгүй ээ, Гэр хороололд л байдаг ш дээ. Хайлаастад бил үү, Толгойтод билүү. – Тэгвэл яагаад өчигдөр энд буусан юм бэ? – Аан юу л даа. Алтаа энд айлын хүүхэд хардаг байсан юм аа. Одоогоор гэртээ харьчихсан. Ажилдаа орно л гэж байсан. Сургалтын төлбөрөө дийлдэггүй болохоор сургуулиасаа гарчихсан юм. Аа тийм, нэг хувийн эмнэлэгт асрагчаар орох гэж байгаа гэсэн. Заа би явъя хөөе. Жавхаа цүнхээ савласаар Их дэлгүүр рүү гунхлан одлоо. 2 залуу араас нь өөд өөдөөсөө харалцан мөрөө хавчаад машин руугаа алхав. Араас нь Итгэл – Хөөе, чи өөрийнхөө утсыг өгөөч гэсэн ч тэр сонсоогүй юм шиг хурдлан алга болов. Намуун тэднийг цонхоороо харсаар зогсов. Өөрийнх нь хувьд харь танихгүй ертөнц мэт санагдах тэр өндөр залуу хэн юм бол? Үнэхээр Намуунд дурлачихаад хөөцөлдөөд байгаа юм уу? Аль эсвэл аавыг нь баян гэдгийг мэдчихээд хүргэн орох гэсэн амьтан уу? Хэн мэдэх билээ? Хар багаасаа үерхсэн Хасар тийм хогийн зан гаргаж байхад дөнгөж өчигдөр дискон дээр л бараагий нь хальт харсан залуугийн юунд нь итгэх билээ. Энэ бодол нь Хасараас болж зүрхийг нь базсан шархыг нь сэдрээчихэв. Хэдийгээр унан тусан дурлаагүй ч зуны бороонд норон алхаж, өвлийн цастай үдэш хөтлөлцөн гүйлдэж, 4-н жил үерхсэн Хасар нь шүү дээ. Анхны болзоо, анхны үнсэлт, анхны шөнө гээд л ер нь түүний хувьд анхны юм бүхэн нь Хасартай холбоотой. Эмэгтэй хүн дасч хайрладаг гэдэг үнэн. Ямар ч гэсэн Намуун түүнд өөрийнхөөрөө л хайртай байсан. Гэтэл өөрийнх нь хажуугаар загвар өмсөгч охинтой… Энэ тухай бодохоос л дургүй нь хүрсэн тул тэр цонхноосоо холдон буйдан дээрээ суулаа. Маргааш Хасар Бээжингээс ирнэ. Ямар нүүрээрээ өөртэй нь уулзаж яаж хуурамч зан гаргах бол? гэж бодохоос дургүй нь хүрнэ. 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!