“ШҮРЭН БУГУЙВЧ” 15-Р ХЭСЭГ
Туул багадаа аавтайгаа гол дээр ирж чулуу харайлган тоглодог байснаа санав.Хайртай бүсгүйтэйгээ учирсан, алдчихлаа гэж айсан, дараа нь тэр нь өөртэй нь бараадхын аргаггүй баян айлын охин байсныг мэдсэн энэ л өдөр тэр аавыгаа энгүй их үгүйлэн санаж буйгаа мэдрэх аж. Эцэг гэдэг хүн ийм л үед хүүдээ үгүйлэгддэг юм байна. Даанч тэр хүн хаа холийн Варшавт алхалж яваа. Хүүгээ дурсдаг ч уу, үгүй ч юм уу бүү мэд. Усанд хаясан чулуу шиг таг чиг болчихоод удам залгах ганц хүүгээ яаж шүү явааг сонирхдог ч үгүй нь гомдмоор. Харин тэгэхэд Намуун, аав, ээжийнхээ тухай юу ярьлаа. Өдөр шөнөгүй мөнгөний төлөө явдаг хүмүүс. Ялангуяа ээж эмэгтэй хүн гэдгээ мартчихсан. Ганц охиндоо дандаа өөрийнхөө бодлыг тулгадаг. Аав бол хамаагүй зөөлөн сэтгэлтэй, бас намайг ойлгодог юм. би аавдаа л илүү хайртай гэж байсан Түүнийг ажил дээрээ ирэхэд нөгөө хоёроос гадна Баагий ч ирчихсэн юмаа хийгээд сууж байв. Аянга дахиад нэг вэб хуудасны захиалга олж иржээ Заяа хичээлээ давтаж байгаа нэрээр Аянгыг манасаар суугаа харагдана. Итгэл за манайхан чинь найм өнгөрч байхад бүрэн бүрэлдэхүүнээрээ зарим нь бүүр гэр бүлээрээ сууж байгаа нь ямар сайхан харагдаж байнаа гэсээр орлоо. Хэдхэн цагийн өмнө борооны хар үүл шиг барайсан амьтан гарснаа ийнхүү гэгээн Муза шиг инээсээр орж ирсэн Итгэлийг хараад нөгөө дөрвийн харц солилцов. Тэд Итгэлийн шоглодогоор архигүй хамт олон болох уриатай улс. тэр ирэх замдаа авсан ундаануудаа гарган ширээн дээр тавиад Аянгыг дуудан орлого зарлагийн тооцоотой танилцав. Жака хамгийн түрүүнд Заяад, дараа нь өөртөө ундаа хийж залгиланга -Манай дарга чинь яагаад гэнэт баян Намсрай шиг өгөөмөр загнаад байнаа гэхэд Итгэл дуугарсан ч үгүй, инээж л суув. Тэгээд -Бид дөрөв энэ сард тооцоолсноосоо хамаагүй ашигтай ажилласан байна. Ялангуяа нягтлантай болсноос хойш орлого, зарлагын бүртгэл нарийн хөтөлдөг болсон нь ч ийм ашигтай ажиллахад нөлөөлсөн. Анх таван сарын өмнө байгуулагдахад Баагий, Жака бид гурван сая зуун мянгаар эхэлсэн. Өнгөрсөн сард энэ мөнгөө нөхсөн. Энэ сараас эхлэн ашгаа олж эхэллээ. гэхдээ төмөр хаалга хийлгэх, өрөөгөө засуулах , тавилга авах гээд зардал их гарах юм шиг байна. Навсайсан өрөөнд ирсэн хэн ч дахиад шагайхгуй ш дээ гээд л баахан ажил яриад сарын ашгаа хуваажээ. Шинэ хаалга хийлгэх, өрөөний засвар хийлгэх, компьютерын сэлбэг авах зэрэг зардал зайлшгүй нөхцөлд үлдээх мөнгө, хуримтлал зэргээ авч үлдээд ашгаа хуваахад хүн бүрд хоёр хоёр зуун мянган төгрөг оногдсон ч бүгд баяртай байлаа. Тэгээд ашигтай ажилласан амжилтаа тэмдэглэхээр “Хан брой“ руу тавуулаа хөдлөх замдаа Намууны тухай ярив. Ачлал эмнэлгийн асрагч охин нь явж явж баян айлын охин байсныг сонсоод Жака л ганцаараа гайхсангү -Паласе дээр би тэр охиныг сайн хараагүй л дээ гэж Заяаг хэлэхэд Аянга -Аргаггүй ш дээ. Намайг хардаад үхэх гэж байсан биз дээ хэмээн цаашлуулах аж -Би өнөө өглөө чамд хэлээгүй юу. Экспэдишин хөлөглөчихсөн явж байсаан гэж. Азтай хүн гэж шал өөр юм даа. Ингээд баян айлын хүргэн болчих гэж. Эсвэл чи анхнаасаа мэдэж байсан байх аа? хэмээн Жака санаа алдлаа -Надад бол тийм баян айлийн охинтой суухад харин ч дэмий. сүрдмээр ч юм шиг гэж Баагий хамгийн сүүлд дуугарав. Найзууд “Хан брой” -д очоод л энэ сэдвээр ярьсаар сүүлдээ Итгэл залхаж гүйцлээ. тарахынхаа өмнө Аянгыг тусдаа гарсныг тохиолдуулан өгөх бэлэгний мөнгийг Баагийд хураалгаад гэр гэр рүүгээ одоцгоожээ. Итгэл санаанд оромгүй адал явдлаар дүүрэн өнгөрсөн энэ өдөр шалчийтлаа ядарснаа хариж явахдаа л мэдрэв. Шөнийн Улаанбаатарын замаар ийнхүү давхих үнэхээр урамтай. Замаар батгаж ядан багшралдах машин, тархины эд эсийг хэдэн саяаар нь үхүүлэх замбараагүй хөл хөдөлгөөн тасарч хааяа нэг сүрхийн өнгөрөх ганц нэг таксинаас өөр торох саад үл узэгдэнэ. Нойрсож буй их хотын дээгүүр нүүгэлтэн байдаг өтгөн утаа шингэрэн тэнгэрт түгсэн одод тодхон гялалзана. Итгэл FM сонсох гэтэл таалагдах юм алгаа. Тэгэхээр нь Намуунтай танилцсан нандин дурсамж болох оноох сүрдэм нүргэлсэн Дү Хаст-аа тавиад инээмсэглэн давхисаар гараашныхаа дэргэд ирэв. Түүнийг машинаа тавичихаад дуу аялан гэртээ орвол ээж нь унтаагүй хүлээж байлаа -Ээж унтахгүй яагаав гээд бохь зажилсаар гутлаа тайлахад нь ээж нь босч гал тогооны өрөөнийхөө хаалгыг налан гараа элгэндээ тэврэн зогсов Ингээд элгээ тэвэрчихээр ноцтой юм ярьдагийг нь мэдэх Итгэл ядарснаараа түрий барин бушуухан орондоо орохоор яара -Би унтлаа. Юм идэхгүй ээ. Нойр хүрээд яг үхэх нь хэмээн өрөөлүүгээ бултав. Хүүгээ ингээд орой ирэхэд голдуу л орондоо орчихсон байдаг, унтаагуй байлаа ч орыг нь засч өгөөд, толгойг нь илэн амар даа миний хүү гэхчилэн эрхлүүлчихээд нойрыг нь сэргээчихээс айн өлмий дээрээ гишгэлэн гараад хаалгыг нь аяархан хаачихдаг ээж нь энэ удаа ноцтой царайлан өрөө рүү нь дагаад ороод ирэв.
Орж ирснээ орныхоо бүтээлгийг хам хум хуулан хөнжилдөө шургахаас өөр бодолгүй нойрмоглосон хүүгийнхээ орон дээр суугаад -Миний хүү юун охинтой үерхээд байгаагаа ээждээ хэлэхгүй юм уу? гэж улаан цайм тулган асуулаа. -Ээж, юу яриад байгаа юм бэ, надад тийм охин байхгүй гэж мань хүн бухаад, нүдэн дээрээ гараа тавин орны дэргэдэх шөнийн гэрлээ унтраахаар гараа явуулав. Хүүгийнхээ амьдралд оролцоод байдаггүй ээж нь өнөөдөр юу болсон юм гэмээр хэрэгт дурлаад байгааг гайхах сөхөө ч түүнд байсангүй. -Ээж нь чамайг асрагч охин руу гүйгээд байгааг мэдсэн шүү -Та хүн мөрддөг бол оо юу? -Миний хүү ухаантай сан. Өөртөө тохирох аятайхан охин… -Эмнэлгийн асрагч байхаараа надтай тохирдоггүй юм уу? -Ямар өөдтэй айл хүүхдээ сургууль соёлд ч оруулахгүй асрагч хийлгэж байдаг юм. Гэр нь Хайлаастад байдаг юм гэх чинь билээ. Би чамайг хангалттай дураар нь тавьсан одоо бол үгүй шүү. Итгэлийн инээд нь хүрч байсан ч нойроо сэргээхээс айсандаа ээжийгээ цаашлуулсаар байгаад өрөөнөөсөө гаргачихав. Би хорь гарчихсан хүн. Миний амьдралд битгий оролцоод бай. Би тэр асрагч охинтой чинь удахгуй сууна за юу. Одоо би унтаж болох уу ээж ээ? хүүгээ ингэж хэлэхэд ээж нь ганц ч үг дуугаралгүй шогширсоор гарав. тэр орондоо ороод унтах гэтэл нойр нь хаашаа ч юм хулжин одсон байлаа. Жижиг хүүхдийн зовлон жижиг, том хүүхдийн зовлон том байдаг гэдэг юутай үнэн үг билээ. Өнчин дэрэн дээр өнгөрүүлж буй ганц бие эмэгтэйн бүүдгэр амьдралынх нь гэрэл гэгээ болсон хүүгийнх нь байж байгаа царай энэ. Ямар ч байсан гар хумхин сууж болохгүй. Хүүгээ яаж тэр охиноос нь холдуулах бэ гэж тэр түмэн арга сэдсээр үүр цайлгажээ. Үүр цайхийн алдад жаахан дугхийгээд сэрэхэд нь 7 өнгөрчихсөн байв. Сандран босч хоёр хүүхдээ дуудан босгов. Хэд хоног хэнээр ч дуудуулахгуй эртлэн босоод л төрөл арилжсан мэт байсан Итгэл өнөө өглөө бахь байдгаараа хэд хэд дуудуулан байж босоод шүүгээгээ онгичин баахан цамц гарган голж шилэн хуримын бэр мэт аашилж байснаа цайгаа ч уулгүй гарч одсон тул ээж нь өчигдөр шөнийн сэдвээр дахин үг ч солиж чадсангүй. Итгэл ч тэр ярианаас илт зугатан гарч одсон нь ойлгомжтой байлаа. Навчаа нь ээж миний богино ханцуйтай цагнаа цамцыг харсан уу, ээж юпка индүүдээд өг хэмээн элдэвт дайчилсаар арай гэж нэг юм хичээлдээ явж санааг нь амраав. Охиноо гарах гээд үүдний толинд харж зогсоход нь талдаа татчих санаатай. -Цаад ах чинь нэг асрагч охинтой үерхээд байна. Яаж тэрнээс нь салгадаг юм билээ хэмээн үг өдсөн чинь охин нь эргэж хараад тас ширвэн -Юу нь болохгүй байгаа юм? Өөрт нь л таалагдаж байгаа бол та нээх салгах гээд байхдаа яадаг юм. -Та одоо хүүхдүүдийнхээ хэрэгт оролцохоо боливол таарна гэчихээд хаалга саван гарч оджээ. Нөхөртэй хүүхнүүд бол ханиа халамжилаад, түүндээ сайхан харагдах гэж гоёж гоодоод, хоёр биендээ эрхэлж туниад хүүхдүүддээ нэг их нялуураад байх нь ховор биз. Гэтэл Цолмон нөхрөө явснаас хойш санаж сарвайх юм нь хоёр хүүхэд нь л болсон тул тэр хоёрыгоо дэндүү эрхлүүлж, юм юман дээр ээжийнхээ гарыг харсан хүмүүс болгосноо мэджээ. 7-р ангийн охин байж Навчаа нь өөрөө хувцасаа угааж, индүүднэ гэж үгүй. Тэгсэн мөртлөө эцэгггүй хүүхдийн толгой том гэгчээр үг сонсохгүй байх санаатай гэж бодохоос нэг талаар бухимдан, нөгөө талаар өдрөөс өдөрт өсч буй хүүхдүүддээ илүүдэж байгаа мэт санагдан гомдсоор ажил руугаа нойр дутуу сэтгэл гутруу гарчээ. Намууны хувьд энэ өдөр дэндүү сайхан өдөр байлаа. Одоо тэр өөртөө итгэлтэй болжээ. Зөрөөд өнгөрсөн залуу бүхэн эргэн харахаар гойд гоолиг хөөрхөн биш ч гэсэн таалагдсан залуугийнхаа зүрх сэтгэлийг энэ л эгэл төрхөөрөө татаж сайхан хайрын эзэн болж чадсандаа, аавынх нь хөрөнгөнд биш өөрт нь зөвхөн өөрт нь татагдсан тийм үнэнч дурлалтай учрах хүсэл нь биелсэнд хязгааргүй их баяртай байлаа. Ямар сайндаа хичээл дээрээ нүд нь гэрэлтээд, байн байн гар утсаа гарган хайрын мессэж солилцоод байгаа нь татварын онолын багш дүнсгэр өвгөн хүртэл анзаарчихсан манай Намуун чинь хичээл дээр утас мутсаа оролдохгүй овоо хүүхэд байсан чинь өнөөдөр мессэж мастер болчихжээ хэмээн онигоонд оруулаад авав. Хичээлийн дараа гэртээ ирээд байтал Жавхаа бөөн дуу шуу болсоор тэднийд ирэв. Нов ногоон намирсан даавуун хослол өмсч, хөдлөх бүрд нь гялалзсан шилэн шигтгээ, ногоон хашаар чимэглэсэн урт ээмэг зүүж, өөрөө оёсон бололтой ногоон илгэн үүргэвч үүрсэн нь моодны сэтгүүлээс буугаад ирсэн загвар өмсөгч шиг л дэгжин харагдаж байв. -Чи өнөөдөр ямар гоё харагдаж байнаа гэж Намууныг дуу алдан шагшихад муухай мушийгаад -Баярлалаа. Яахав дээ. Ядарсан амьтан чаддагаараа л гоёчихоод явж байна. Уг нь ганц чамаас биш ганц ч болтугай эр хүнээс магтаалын үг сонсдог ч болоосой гэснээ баахан гомдол тавиж гарав. Тэгэнгүүт нь Намуун түүнийг чирэх шахам шатаар өгсөж өрөөндөө оруулав. Сайхан залуутай болчихоод ганц бие найзыгаа мартсан л гэнэ, хааяа нэг мессэж бичхэд яадаг юм л гэнэ. Тэгээд Намууны ширээн дээр тавиастай Итгэлийн зургийг хараад -За тэгээд хайрт чинь ямархуу залуу байна? Бид хоёрын жүжгээс болоод уурласан уу? хэмээн шалгаав. Намуун ч түүний юм бүхэн нь таалагдагийг, асрагч болж жүжиглэсэнд нь уурлаагүй, харин ч хоёр биедээ улам хайртай болсноо ярив. Ийнхүү бүтэмжтэй сайхан байгаа хайр дурлалынхаа тухай, эсвэл золгүй явдлынхаа тухай найздаа хамаа намаагүй тоочдогоороо л эмэгтэйчүүд асар том алдаа хийдэг билээ. Намуун ч бүсгүйчүүдийн энэ алдааг давтаж байгаагаа мэдсэнгүй. Найзынхаа амьдралын нарийн ширийнийг гарын таван хуруу шигээ нэвтэрхий мэддэг хамгийн дотны бүсгүй нь нэг л өдөр хамгийн том дайсан нь болон хувирч байсан түүх тоогүй олон. Энэ нь бүсгүй хүнийг өр нимгэн, ам сул атлаа баахан жөтөөрхүү зантай болгон бүтээсэн бурханы алдаа ч байж болох юм. Найзынхаа яриаг инээд хөөр болон сонсч байсан Жавхаа сүүлдээ гуниглачихав. Герман яваад усанд хаясан чулуу шиг таг болсон Ганаагаас хариугаа авах төлөвлөгөө нь биелсэн юм алга. Охидууд сайхан хайртай учраад л байх юм. Ядаж л надад чинь физилогийн хэрэгцээ гэж нэг юм байна шүү дээ. Би ямар авгайтай хөгшин хүнтэй явалтай нь биш. Гэр бүлтэй хүнтэй явах нь аймаар там нүгэл гээд л баахан гомдоллов. Жавхаа католик сүмийн цуглаанд хоёр жил явж байгаа бөгөөд Намууныг ч Ертөнцийн эзэнд итгүүлэх гэж оролддог нь инээдтэй -Ийм сайхан өндөр гоолиг хүүхэн чин нэг л өдөр ханхүүтэйгээ учирна даа. ингэхэд чи тэр Ертөнцийн эзнээсээ сайн гуйгаагүй юмуу? залбираад гуйгаад байх юм бол есөн хүсэл биелдэг гээд л намайг ухуулаад байдаггүй бил үү? гэж Намуун хэлээд бүүр уурлуулчихав. Чи миний хамгийн сайн найз байж хүнийг ойлгохын оронд миний зовлонгоор тоглоом хийлээ. Тоглоом хийхдээ шашин шүтлэгээр минь дайрууллаа гээд л гомдоллон үглэж байснаа гадаа гарч тэдний хашаагаар зугаалаад тэр дороо л тайвширчихав.
Жавхаа буцаж орж ирээд Энрикүгийн дууг тавиад улам ч хөгжилтэй болчихов. Түүний энэ дуунаас Испани хүний халуун цус, аам омог шингэсэн хүчирхэг хоолой, амьдралын хамаг эрч хүч, хөгжил хөдөлгөөнийг илэрхийлсэн дууг сонсож мөрөөдлийн хөвгүүнээ ярих дуртай билээ. Тийм болохоор ч тэр үү түүнтэй нэр холбогдсон алдар цуутай хүүхнүүдийг өөлж муулж гарна. ялангуяа Оросын теннисчин Анна Курникиваг бүүр үзэхгүй. энэ мангар орос хүүхний юунд нь болдог байнаа. богинохон хөлтэй, хөл уртасгах мэс засал хийлгэсэн л юм байна лээ ш дээ гээд л. Өнөөдөр ч гэсэн Намууны өрөөний жижигхэн буйдан дээр хэвтэн гуурсаар жүүс сорж байснаа -Хүүе ээ, би яг Энрикү шиг гоё нүдтэй залуутай таарах юм бол ганц унтаад хаягдсан ч яахав гэж боддог юм гээд тас тас хөхрөв. Бодоод байхад Итгэлийн найз Батбаяр Энрикү-тэй яггүй адилхан давхраалаг гүнзгий хар нүдтэйг санаад Намуун түсхийтэл инээд алдчихав. -За яав? юундаа инээсэн юм? Хүн үнэнээ сэтгэлээсээ яриж байхад чинь гэж Жавхаа намжирдлаа. -Тийм залуу зааж өгөх уу? -Хаана байна? гээд Жавхаа өндийгөөд ирэв. -За за тоглосон юм. тэр чинь аймаар хүүхэмсэг гэсэн. Чи тийм нөхөртэй болчихвол уурлаж үглэсээр байгаад цус харвачих биз гэлээ. -Тийм сайхан нөхөртэй болчихвол яадаг юм, тэснэ ш дээ. -За мөн залж байна аа. Тэгдэг бол сайхан л байна. Чи тэсэж тэсэж нэг л өдөр хайруулын тавгаар тархийг нь хага цохих байлгүй гэлцэн баахан хөхрөлдөв. Намуун түүнийг дахиад уурлачихвал гомдол тавиад салахгүй гэж айсандаа Батбаяр бол яг Энрикү шиг давхраатай тунгалаг нүдтэй гэж хэлэх гэснээ больжээ. Даанч дэндүү дуугүй, хөдөөний залуу болохоор Жавхаа шиг ам хэл нь дийлдэхгүй, тэгээд юм бүхнийг өөлж үглэж явдаг хүнтэй яаж таарах билээ. Яг тэр үед Итгэл утасдав. Тэр хоёрын ярихыг Жавхаа атаархангүй сонсож сууснаа өрөөнөөс гараад явчихав. Итгэл Намуун хоёр цагийн дараа Тэнгист кино үзэхээр болов. Жавхаа зочны өрөөнд нь орж харандаагаар таталбар хийнгээ эмээтэй нь ярилцаж суугаад орж ирлээ. -Та хоёрын нялуурч байх хооронд би шинэ коллекцын санаа олоод зарим загварынхаа эскизийг хийчихлээ ш дээ. хараач “манан“ гэдэг авангард загвар. Гэхдээ зоригтой хүн бол үдэшлэгт өмсөж болно гээд баахан загвар зурснаа үзүүлээд -За за . Би ч найз майзтай болоогүй нь яамай. Тэгсэн бол ингээд л болзож бариад хамаг цагаа барчих юм байна. би сургууль руугаа буцлаа. Намрын гоёлд оролцохоор болсон гэв. -Мартсанаас, чи ногоо навчин дрэсс-аа хийсэн үү? гэж Намууныг хувцасны өрөөнөөс толгой цухуйлган асуухад -Хүүе ээ, Овоо ш дээ миний найз. Миний хийх гэж байсан загварыг мартаагүй санаж байдаг чинь. би хийчихсэн ш дээ. сургууль дээр байгаа. Чамд үзүүлэх гэхээр чи чинь нэг бол эрүүл мэндийн салбарт зүтгээд нэг бол хайр дурлалын асуудлаар хөөцөлдөөд олдохгүй юм байна ш дээ хэмээн гомдоллов. Тэр хоёр хотын төв явахааар гарав. Гэтэл Жавхаа тэдний цэцгийн мандлаас хэдэн цэцэг таслан авч ишийг нь нямбайлан янзлаад цүнхэндээ хийчихэв. тэгээд машинд орж суугаад -Өнөөдөр чин Зоригийн нас барсан өдөр. Энэ цэцгийг хөшөөнд тавих гэсэн юм гэв. Намуун юу ч хэлсэнгүй . Үнэндээ Жавхаа улс төр сонирхдог, нийгмийн идэвхээр түүнээс хавьгүй илүү амьтан билээ. Тэр хоёрыг Зоригийн хөшөөн дээр ирэхэд хамгийн гайхалтай нэг явдал болов. Юу гэвэл нөгөө Энриүк шиг нүдтэй сайхан залуу Баагий бас Зоригийн хөшөөнд цэцэг тавьчихаад явах гэж байхтай тааралдчихав. Намуун түүнийг найзтайгаа танилцуулаад, та хоёр чинь ийм эсрэг тэсрэг зантай юм байж хоёуулаа улс төрийн идэвхитэй гэж хэлээд авлаа. Баагий чимээгүйхэн инээмсэглээд -Зүгээр нэг улс төрийин идэвхитэй биш. Энэ хүнийг хүндэлдэг байхгүй юу гэлээ. Ямар нэгэн юмнаас дорхноо өө олж харчихаад элдэвээр шүүмжилэн байдаг Жавхаа л юу ч хэлсэнгүй. Тууз, чимэглэл болсон сүрлэг цэцгэн хэлхээ, ёроолд тавиад Намуунаа явах уу гэлээ -Энэ олон гоё цэцгэн дунд миний цэцэг дэндүү хогийн харагдаж байна уу гэж яагаад ч юм Баагийгаас асуув. Цаадахь нь Жавхаатай харц тулгарчихаад бушуухан харц буруулаад -Гол нь цэцэгний сүрэнд биш тавья гэсэн сэтгэлдээ л байгаа байх гэлээ. -Яг үнэн гэж Жавхаа хэлээд машин руу алхав. хэдийгээр Намуун ажил руу нь дөхүүлээд өгий гэсэн ч Баагий явган алхах нь эрүүл мэндэд тустай гээд яваад өгөв. -Баагий ёстой сонин залуу шуу. Хамгийн анх Итгэлт надтай уулзах гэж ирэхэд энэ Баагий дагаж ирээд нэг ч уг дуугаралгүй машинд байж байгаад явчихаж билээ. Хүнд хамгийн хэрэгтэй үед нь хань болчихоод тэрнийгээ их тус хүргэлээ гэж боддог ч үгүй тийм л залуу. тэгээд бас чимээгүй байж байснаа гэнэт ганц жинтэй үг хэлнэ. Ёстой сонин залуу гээд Намууныг машинаа асаахад хойд шилээр нь Баагийгийн араас харсаар байсан Жавхаа -Би дээр үед нөгөө дисконы маргааш танай эмээгийн байрний гадаа эд нартай тааралдахад энэ залууг яагаад анзаараагүй юм бол оо? Нүд нь яг Энрикүгийнх шиг гоё юм. Найз охинтой бол уу? гээд санаа алдав.
Тэр хоёр төв замаас Энх тайвны гүүр тийш эргэх гэтэл зам түгжирээд сигналаа чих дүлийртэл хангинуулах баахан машин дунд баахан зогсов. -Би л хотын дарга байсан бол хамгийн түрүүнд энэ замыг өргөн болгоно. Ер нь анхнаасаа яах гэж ийм тэнэг хавчиг зам тавьдаг байнаа хэмээн Жавхаа үглэж суулаа. Намуун түүнийг сургууль дээр нь буулгачихаад номын санд хэсэг суув. Амьдрал нь дэндүү утга учиргүй өнгөрөөд байгаа ч юм шиг. ядаж ээжийнхээ шахалтаар банкны эдийн засагч гэж ямар ч сонирхолгүй мэргэжлээр сурдгийг хэлэх үү. Жавхааг л харахгүй юу. Өөртөө хувцас хийж өмсчихөөд Зоригийн хөшөөнд цэцэг тавиад явж байхад.. Хамгийн гол нь өөртөө хувцас хийж байгаадаа биш амьдрал нь зорилготой байгаа нь л атаархмаар санагдана. Тэр Улаанбаатар зочид буудал орж бэлэн мөнгөний машинаас мөнгө авангаа ийнхүү элдэв бодолд дарагдан зогсож байтал -Хүүе сайн уу? Хүү минь гэх танил дуу ард нь гарав. Эргээд харвал түүний ажиллаж байсан эмнэлэгт хэд хоног хэвтсэн Ёндон гэх хүн инээгээд зогсож байлаа. Намуун тэгэхэд нэг удаа өрөөнийх нь цонхыг арчих гэж өрөөнд санаандгүй ширээн дээр байсан илтгэлийнх нь англи орчуулгын дүрмийн алдааг засаж өгөхөд ийм чадалтай хүүхэд энд юугаа хийж байгаа юм? гэж асуухад нь Намуун их сургуулын эдийн засгийн ангид сурдгаа хэлээд энэ тухай эмнэлгийхэндээ ч хэлээгүй болхоор та хүнд битгий хэлээрэй хэмээн тохирсон юм. харин энэ эр түүнийг хувингаа бариад гарахад чи энд байх ёсгүй л хүн байна даа ах нь юм бүхэн байр байрандаа байхад дуртай гэж билээ. -Миний дүү эмнэлэгтээ л ажиллаж байгаа юу? гэхэд нь толгой сэгсэрээд гарчихсан гэв. -Тэгвэл манай банкинд ажиллаач гэж санал тавья гэхэд нь Намуун шууд л зөвшөөрчихлөө. Түүний хэлсэн юм бүхэн байрандаа байхад дуртай гэсэн үг нь Намуунд их л таалагдсан болохоор ч тийм түргэн шийдвэр гаргасан байж болох юм. Ер нь тэр багаасаа л ингээд хэнтэй ч зөвлөлгүй нэг юм шийдчихдэг, тэгсэн мөртлөө амьдралынхаа гол гол асуудал дээр ээжийнхээ нөлөөнөөс гарч чадаггүй, тийм л хүн. Хэдхэн хоногийн өмнө Итгэлийн өгсөн гар утсыг ээж нь хурааж авчихаад маргааш нь учрыг нь баахан шалгаасан ч Намууны гөжүүд зан хөдлөөд хайрынхаа тухай ганц ч үг унагалгүй өнгөрсөн билээ. Хэдийгээр Намуун нууцаа дэлгээгүй ч ээж нь ингээд л нүдэн балай, чихэн дүлий үлдэх хүн биш.
Нөгөө олби оготно шиг овжин бөгөөд үгнээс нь гарна гэж байдаггүй Оргил туслахаа явуулан Итгэлийн тухай хуучны До яамныхаас дутахгүй мөрдлөг хийж эхэлснийг Намуун мэдээгүй л байв. Итгэлийн хувьд ээжтэйгээ энэ хайрынхаа тухай яриад, санаа бодлыг нь сонсоод байх хүсэл төрөхгүй, харин ч эсэргүүцэх тусам нь үерхлээ улам нандигнамаар тэрсүүд бодол төрөх ажээ. Тэгээд ч Намууныг асрагчаар ажилладаг ядуу айлын хүүхэд биш гээд үнэнийг нь хэлий ч гэж яарсангүй. Олны дотроос ганц бүсгүйг онцгойлон санаж тэмүүлэх, зүрх сэтгэлдээ хайрлан өмчлөх энэ шаналгаатай атлаа амттайхан мэдрэмжийг амьдралдаа анх удаа амсч байхад ээжтэйгээ ч бай бусад хэн нэгэнтэй энэ тухай бүх ард түмний санал агуулга гэдэг шиг яриж хэлэлцээд, сонжиж сортолзсон яриаг нь сонсохыг огт хүсэхгүй байлаа. Тэр дуусдаггүй ажилаа амжуулсаар Намууны сууж байгаа номын сан руу сэтгэл яаран хөдлөв. Мсж бичих юм уу, ярих гэснээ гэнэт очиж баярлуулъя гэж шийджээ. Машинаа номын сангийн үүдэнд тавьчихаад олон оюутан шуугилдсан танхимруу хайртыгаа харцаараа хайлаа. Намуун тэнд байх буланд цонхны дэргэд сууж байлаа. Урдаа нөүтбүүкээ дэлгэчихсэн мөртлөө үзэгнийхээ үзүүрийг хэмлэн их л идэвхитэйгээр номоо унших аж. Итгэл түүнийг хэсэг харж зогссоноо гар утас руу нь залгаж -Бүсгүй, үзгээ хэмлэхээ болиоч. Олон нийтийн газар их эвгүй харагдаж байна шүү гэхэд Намуун алгаараа амаа таглан инээгээд -Чи хаана зогсож байгаа юм бэ? гээд ийш тийш хараад түүнийг хайгаад олсонгүй.