“ШҮРЭН БУГУЙВЧ” 13-Р ХЭСЭГ
Ид шилжилтийн насандаа эцэггүй болоод , оюутан болонгуутаа сургуулиа орхин байж энэ амьдралын төлөө зүтгэсэн биш үү? Ядаж нэг амиа аваад явах чадалтай айлын охинтой л сууж үзээрэй гэж хичнээн хэлдэг билээ. аягүй бол цаадхи энэ гартаа ороод ирсэн энэ сайхан залууг дөнгөлж авах гээд жирэмсэн болчихно. Аавыгаа явчихсаны дараа хүү нь нэг хэсэг дуу муутай бол хоолондоо муудан их л шаналж , нэг хэсэг үхлийн рокын хорхойтон хүртэл болж явсан. тэгээд ээждээ нэг удаа хүн яагаад хүүхдээ хаягдаг юм бэ? би лав том болоод үхсэн ч хүүгээ хаяхгүй гэж билээ. эцэггүй байхын зовлонг ухаан орсон хойноо амссан хүү нь тэр хүүхнийг хүүхэдтэй болчих юм бол уг дуугуй сууна гэдгийг ээж нь мэдэж байлаа. Өнөө гар утасны хайрцаг, гэрээ хоёрыг уурандаа ширээн дээрээс авч хаяд гал тогооны өрөөндөө орж чанадаг кофе гарган өтгөн шиг чанаж уугаад сэтгэл нь овоо тайвширч охиндоо лаазтай мах будаагаар хачирлаж өгчихөөд хүүгээ хүлээлээ. байдаггүй, охин нь математикий даалгаврын бодлого шалгаад өгөөч гэхэд нь ойлгогдох ойлгогдохгүй хэдэн юм бувтанаад 00-ийн өрөөндөө орж баахан тамхи татаад орондоо оржээ. Тэднийх төв зам руу харсан цонхтой тул, машиний тасралтгүй дүнгэнээн давхилдан чимээ үл тасарна. нойр нь ч хүрсэнгүй, тэгсэн мөртлөө бодол нь цэгцрэхгүй бухимдал нь багасахгүй л байлаа. Тэгтэл шөнө дунд 2 цагийн үед хүү нь дуу аялан орж ирээд гутлаа тайлаад л өрөөндөө орж түгжив. Энэ орой Чимэдийнд бас Перс-ийн булангийн хямралхуу юм болжээ. Намууныг гэртээ ороход ээж нь ёстой л галтайгаа буух нь тэр. Үүдний өрөөнд Мики нохой нь сагсагнан угтаж ирээд хөлд нь орооцолдсоноос болоод Итгэлийн өгсөн утсыг нуухаа ч мартчихжээ. Гутлаа тайлаад нохойгоо тэвэрсээр зочны өрөөлүүгээ ортол ээж нь хувцсаа ч солиогүй сууж байв. -Чи чинь яаж галзуурч байгаа нь энэ бэ?
Үнэндээ Намуунд хэлэх үг олдсонгүй, шинэ ягаан ноолууран хослол, ягаан болор ээмэг, зүүлт, торгон алчуур, гоё үнэртэй ус. Ээж нь унэхээр өөлөх юмгүй сайхан харагдах боловч харц нь гэж яг л цасан гоо гүнжийн хойд ээж л гэсэн үг. Намууны дуугүй зогсоод байгаад ч тайвширсангүй. тийм намбалаг хатагтайд зохихгүй огцом хөдөлгөөнөөр буйдан дээрээс босч хажууд нь ирээд элгээ тэвэрсэнээ -Багахан галзуураарай. энэ чин юу юм гээд өнөө Итгэлийн өгсөн гар утсыг хүзүүнээс нь шувт татан авлаа. -Наадахи чинь миний утас. -Чиний нөгөө утас хаана байгаа юм? хэзээдээ ийм хачин юм барьдаг болоов чи? -Үүргэвчинд байгаа. Яг энэ үеэр энэ чинь юу болоод эхнэрийн маань дуу хадаад байнаа гэсээр Чимэд орж ирэв. тэр хэзээнээс дуугаа өндөрсгөх дургүй, охин, эхнэр хоёроо ам муруйхад бүр ч таагүй байдаг билээ. Намуун ээжийнхээ гараас утсаа шүүрэн авсан боловч ээж нь тэр дор нь булааж авлаа. -Энэ галзуурсан охин танай найзтай хуйвалдаад эмнэлэгт нь асрагч хийж байсан байна. санхүүгийн хэлтсийн Баасан өчигдөр энийг Хайлаастын микро автобусанд сууж явахыг харсан байгаа юм. тэгсэн чин өнөө өглөө надад нэг хачин мэссэж ирлээ. Танай охин чинь Ачлал эмнэлэгт асрагч хийж байгааг дуулгачий ч гэх шиг. тэгэхээр нь Оргилыг явуулсан чинь үнэн байдаг байгаа. Гэрийн эзэн буйдан дээр очиж суугаад -Энэнд чинь болохгүй юм юу байгаан? Хүүхэд юм сонирхоо л биз. амьдрал таниад зүгээр юм биш үү? мини охин дээшээ гарч хувцасаа сольчих. 2-уулаа хоолны дараа сайхан ярилций гэлээ. -Энийг чин харин өгөхгүй шүү гэж ээж нь заналтай хэлээд утсыг нь оосроор нь гартаа ороолоо.. Намуун шатаар гишгүүр алгасан дээшээ гүйлээ. шал балай юм. аль эртний зохицуулах байсан юм. ороод Итгэл руу утасдая гэж бодсоор өрөөндөө орж орон дээрээ налмайн уналаа. Өнөөдөр дэндүү хүнд өдөр байлаа. Итгэл руу яриж амжаагүй хэвтэж байтал чи өнөөдөр эмээгийндээ ирэхгүй юмуу? гэсээр Жавхаа залгав. Асрагчаар ажиллаж байсныг ээж нь мэдсэнийг, Итгэлийн өгсөн гар утсыг хураалгаснаа, нөгөө муу сувилагч Сараа ээжид нь алтан хошуу хүргэснийг бүгдийг нь найздаа ярьж сэтгэл нь онгойлоо. ээж чинь маргааш гэхэд уурлахаа больно доо. харин Итгэлд яаралтай үнэнээ хэлсэн нь дээр дээ гэж Жавхаа зөвлөв. Итгэлийн гар руу залгавал салгачихажээ. Зай нь суучихсан биз. Гэр рүү нь залгавал нэг охин аваад ах ирээгуй байна. Та хэн бэ? гэхэээр ни шуудхан тасалчихлаа. Нөгөө айхтар дүү охин нь бололтой. HI Би бна. маргааш Тэнгис дээр 12 цагт уулзах уу? яаралтай ярих юм байна Намуун гэсэн Мессэж явуулчихав. Мессэж явчихсан хойноо баахан алдаа хийснээ мэдэв. Намууний дугаарийг Итгэл мэдэхгүй ш дээ. Түүнээс гадна Итгэлтэй анх танилцан цагаас хойш өөрийгөө Алтанзул гэж ойлгуулсан биш бил үү? гэтэл Намуун гэж тэр мэдэхгүй . Зулаа байна аа. HI би утасаа хаячихлаа . Маргааш 14 цагт Тэнгис дээр уулзъя гэж дахин нэг мессэж явуулж байж санаа амрав.
Дараа нь эмээ нь ярив. Ээж нь өдөр утасдаж загнасан бололтой. Хуйвалдагчийн дуугаар -Миний охин одоо наад ажилаасаа гарчихгуй юмуу? ээж чинь өдөр их ууртай утасдаж байсан. эмээ нь ч мэдэхгүй л гэсэн шүү. дахиад ээжийгээ уурлуулаад хэрэггүй. Хичээл номоо хийж үз. Чамайг ингээд байвал дахиад америк явуулна гээд цамнаад байна лээ хэмээн хов хүргэлээ. эмээтэйгээ яриж дуусангуут өрөөнийх нь хаалгийг нууц дохиогоор тогшив. Аав нь хоолоо идэхгүй юм уу гээд тавиуртай юм баричихсан зогсох аж. Аав нь охиноо бүр бага байхаас нь ийнхүү 2 удаа чанга, 2 удаа зоолон тогших нууц дохиогоор өрөөнийх нь хаалгийг тогшдог байсан юм. Түүнийг ээжтэйгээ муудалцахаар нь ингэж хоолыг нь тавиур дээр тавиад өрөөнд нь авчирдаг нь ч аль хэзээний юм. Итгэлтэй хамт хоолонд оролгүй ирсэн тул чоно шиг өлссөнөө сая л мэдэв. Жигнэсэн будаатай бифштекс л бололтой. Аав нь дээрээс нь бяслаг, кимчи, дарсан мөөг гээд санаагаараа баахан хачир нэмээд иржээ. –За тэгээд юу болоод байгааг аавдаа ярихгүй юмуу? Намуун хоолоо том томоор нь үмхлэнгээ аавдаа бүгдийг ярьчихлаа. Ялангуяа Хасарын тухай, сонин дээр гарсан хүүхэндээ өөрийнх нь тухай юу гэж ярьж байсныг, хүмүүс баян айлын охин гэж ханддагт дургүйцдэгээс болж л энэ бүх будлианыг хутгаснаа, эмнэлэгт ажилласнаар хичнээн их юм ойлгосноо ярив.. Гэхдээ Итгэлтэй танилцсангаа л хэлсэнгүй өнгөрчээ. Охиныхоо хичээл хийдэг ширээг тохойлдон суугаа аав нь том гараараа духаа маажлан хөмсгөө атируулан сонсоно. Тэгээд инээмсэглэн босч: -За аав нь ойлголоо. Ээж нь яахав дээ, чамд санаа зовоод л амархан уурладаг хүн. Маргааш л уур нь гарчихна. Харин миний охин дахиад тэр эмнэлэгтээ ажиллахгүй биз дээ? гээд гарах гэхэд нь Намуун Отгоогын тухай ярьж, түүнд туслахыг гуйв. Ааваас нь тусламж гуйсан хол ойрын хамаатнууд, элдэв хандив хүссэн хүмүүс зөндөө ирдгийг, гэр оронгүй бүх хүнд би тусалж чадахгүй гэж хэлэхийг нь мэдэж байсан ч Отгоод туслахыг аминчлан гуйлаа.
Аав нь зальтай инээмсэглээд -Энэ тухай хоёулаа жичид нь ярилцана аа гээд өрөөнөөс нь гараад явчихав. Зүгээр ч үгүй гарахдаа нүдээ ирмэсэн болохоор охиндоо татгалзахгүй гэсэн үг. Удалгүй тэр 2 саунд суухаар яваад өгөв. Баасан гаригийн орой бүр аав, ээж 2 нь найзуудтайгаа саунд сууж, бүтэн биений иллэг хийлгэдэг юм. Дараа нь далайн хоолны ч юм уу аль нэг үнэтэй ресторанд сууцгааж шөнө хагаслан ирцээнэ. Харин Намуун тэр 2-ыг дагаж хэсэх дургүй. Гадаадад амрах бол өөр хэрэг л дээ. Элдэв найр цэнгээн хэсэхэд нь дагах ясны дургүйг нь мэдэх болохоор тэр 2 ч дагуулъя энэ тэр гэдэг ч үгүй билээ. Ингээд Намуун ганцаараа үлдэж, угаалгын өрөөндөө өөрийн гэсэн саундаа орон жаргаж байгаад унтжээ. Тэр шөнөжин Итгэлийг зүүдлэв. Тэр яагаад ч юм компютерийн дэлгэц дээрх шиг эцэс төгсгөлгүй хонгилоор яваад л байх юм, яваад л байх юм, тэгсэн мөртлөө тэр хонгилуудаар огтын танихгүй хүмүүс сүлжилдэнэ. Тэд бас л түүн шиг энэ эцэс төгсгөлгүй хонгилын үзүүрийг хайн бэдэрч буй бололтой, нүд нь шаналлаар дүүрэн. Гэтэл гэнэт Намууны зам дээр Итгэл гараад ирэх юм. Намуун түүнийг хараад гараа сунгахад нүүрнийх нь ганц ч булчин үл хөдөлнө. Яг л төмөр хүн мэт. Итгэл ээ, би байна гэж Намуун байдгаараа хашгирах гэтэл дуу нь үл гарна. Тэгээд л өнөөх нь яваад өгнө. Эргээд харахаар алга болчихно. Намуун тэр төгсгөлгүй муухай саарал хонгилоор явсаар дахин нөгөө нүүрний хувиралгүй, Итгэлтэй тулгарна. Маргааш нь бүсгүй хар дарсан уртын урт зүүднээсээ болоод толгой нь хүндэрчихсэн сэрж, нохойгоо дагуулаад гарлаа. Зайсан толгойн хөшөө өглөөний манан дунд ганцаардсан удган мод шиг сүүтийн харагдана. Мики нохойны зангаар баярласнаа илэрхийлэн хөлийг нь ноцон тоглосноо, тээр хол яваа машин руу боргон гүйснээ хар хурдаараа эзэн рүүгээ чавхдан ирнэ.
Ээжээсээ Итгэлийн өгсөн гар утсыг авч чадаагүй тул өөрийнхөө утсанд хариу мессэж ирсэн байх гэж горьдсон нь талаар болов. Хүний сэтгэл гэдэг ямар тогтворгуй байдаг юм бэ. Өглөөний сэрүүн цэнгэг агаарт гараад толгой нь сэргэсэн ч Итгэлтэй уулзах юм сан, өчигдөр ярьж амжаагүй бүхнээ ярьж сэтгэлээ онгойлгох юм сан гэж тэсгэлгүй хүснэ. Урьд нь хэзээ ч ингэж сэтгэл зүрхэндээ бүрэн захирагдаж явсангүй. Хасартай үерхэж байхдаа түүнийг ингэж цээж хөндүүрлэн санахийн амтат зовлонг эдэлж байгаагүйгээ л тодхон санаж байв.
Цаг 11 болж байлаа. тэдний амьдардаг тохилог хотхон бямба гаригийн өглөө аажуухан сэрцгээдэг тул хашаанаасаа гараад тэр хэнтэй ч тааралдсангүй.
Яг энэ үеэр Итгэл Зулаатайгаа ганц мессэжийг солилцож чадсангүйдээ харамсан хотоос гадагшаа давхиж явлаа. Тэр шөнө компани дээрээ очин Жака, Баагий 2-той хамт захиалгат вэб хуудас хийх ажлаа бараг дуусгаад харьж явсан билээ.
Аль эрт Хайлаастад хайртыгаа хургээд буцаж явахад нь гар утасных нь цэнэг суучихсан тул Намууны мессэжийг уншиж чадсангүй гэртээ харьж шууд л нам унтаад өгчээ.
Гайхалтай нь нөгөө тасралтгүй урт саарал хонгил Итгэлийн зүүдэнд ч оржээ.
Хонгилын үзүүрт Зулаа гар сунган зогсох мөртлөө дуудахаар нь сонсох ч үгүй байснаа гэнэт алсран холдох ажээ. Өглөө нь хар үүрээр Жака, Батбаяр 2 гэрт нь хүрээд ирэв. Баагийгийн өвөө нь өнгөрчихжээ. Угийн дуу цөөтэй дээрээ бүр таг дуугүй болчихсон Баагийгийн өмнөөс Жака хамаг учрийг нь ярив. Цаг 7 өнгөрч байлаа. Ээж нь сандран өглөөний унд бэлтгэсэн боловч Итгэл аяга ус уугаад хиамтай талх бариад л гарааш руугаа гарчээ. Гар утас нь цэнэггүй тул тэр чигт нь орхив. Баагий ямар ч үед түүнд хамгийн найдвартай хань болдог байсан болохоор энэ хүнд үед нь уг дуугүй үйлчлэх ёстой. Тэр 3-ыг 22-ын товчоогоор гарч явахад ч их хот нойрноосоо бүрэн сэрээгүй л байлаа.