“ШҮРЭН БУГУЙВЧ” ТӨГСГӨЛИЙН 19-Р ХЭСЭГ
Тэр сонинг шүүрэн авч нөхрийнхөө өрөө рүү орон: -Өвгөөн , Намууны нөгөө үерхээд байгаа залуу чинь дээрмийн хэрэг хийчихсэн гэнэ. Чи энэ сонин хараач . Үнэн юм болов уу? гэсээр ширээн дээр нь сонингоо шидэхэд : -Аль сонингийн худлаа үнэн юм сараачихыг тэр гэх вэ , хө. Биш байлгүй гээд тоосон ч үгүй. Харин Цолмон эргэлзсээр л байлаа. Гэвч гэртээ хариад эмээгээ налан таг дуугүй суух охиныхоо шаналсан царайг хараад юу ч хэлсэнгүй тэсч өнгөрөв. Харин Чимид өөрийнхөө өмгөөлөгчийг Итгэлд туслуулахаар болсонд охин нь овоо сэргээд иржээ. Зовлон хүнийг нэгтгэдэг юм болохоор энэ айлынхан тэр орой их л эвтэй найртай байж билээ. Маргааш нь Намуун өмгөөлөгчөөр дамжуулан Итгэлд шүрэн бугуйвчаа өгүүлжээ. Өөрөөр түүндээ яаж туслахаа мэдэхгүй байв. Жака , Баагий хоёр хотын бүх цагдаагийн хэлтсээр Борхүү нэртэй цагдаа хайсаар гурвыг олж , хоёртой нь уулзсан боловч тэд Итгэлийн машиныг манасан тэр цагдаа биш байв. Харин гурав дахь нь хувийн ажлаар хөдөө явчихжээ. Энэ хооронд Итгэлийн хоригдох 72 цагийн гуравны хоёр нь өнгөрчихөв. Гэтэл энэ хэргийн гол зохион байгуулагчдын дунд үүссэн маргаан санамсаргүйгээр Итгэлд ашигтай тийшээ эргэхэд бэлэн болсон байлаа. Тохиролцсон ёсоор бол Хасар буурал Доржоод үлдсэн гурван саяынхаа хоёрыг нь өгөх цаг болжээ. Гэвч тийм их мөнгө олдсонгүй. Машинаа нэгэнт барьцаанд тавьчихсан. Ээжээсээ мөнгө авчихсан. Гэтэл мөнгийг нь өгөхгүй бол хүн хорлох гэсэн биш өөрөө гэмт хэрэгтнүүдийн гарт орчих гээд байдаг. Оргилд энэ тухайгаа хэлбэл : -Зүгээр, зүгээр. Цаадхидаа Таны “Таван саяар энэ ажлыг ах нь амжуулчихна. Доошоо нэг ч төгрөг буухгүй шүү” гэсэн ярианы бичлэг байгаа. Тэрийг цагдаад өгчихөж болно шүү гээд хэлчих хэмээн үг зааж өгөв. Харин буурал Доржооо бол мань хоёр шиг жулдрайнуудаас дутуу сэтгэх толгой биш байжээ. Анх Хасар , Оргил хоёртой хийсэн уулзалтаа бичил камераар бичээд авчихсан байснаа Итгэлийн хэргийг шалгаж буй төлөөлөгчид илгээчихэлгүй яахав. Ийнхүү Итгэлд дээд тэнгэр туслав уу, СЭЧ -ийнх энерги хэрэг болов уу. Ямар ч гэсэн баривчлагдсанхаа 70 дахь цагийг ч дуусгалгүй суллагдаж , захиалгаар хүн гүтгэсэн зохион байгуулалттай хэрэгт Хасар , Оргил хоёр ороогдон хэргийн учиг ч тайлагджээ. Энэ бүхний эцэст хамгийн их шаналж хоцорсон хүн Намуун л байлаа. Итгэл өөрөөс нь болж хэрэгт орох дөхлөө шүү дээ. Харин Итгэл “Надад итгэж байсан чинь баярлалаа. Чи надад хамгийн үнэтэй хүн гэдгийг энэ гурван хоногт ойлгосон. Чиний төлөө энэ зэргийн үнэ төлөлгүй яахав дээ” гэсэн.
Харин Цолмон охиндоо “Цаад залуу чинь хэрэг хийхээсээ ч буцахгүй хүн юм биш үү? Хасар л хамаагүй дээр байсан юм. Ямар буруугүй хүний гар утас тэндээс олддог юм” гэхчлэн санаж бодсоноо хэлчихээгүй тэссэндээ залбирч байлаа. Хэрэв тэгээд хэлчихсэн бол охиноо зовж шаналж байхад нь мартахын аргагүй гомдоох байж . “Та надад дандаа өөрийнхөө бодлыг тулгаж байдгаа болиоч ” гэж тэр нэгэн орой Намуун хэлж байсан. Үнэн л юм байна. Хэрэв тэр тэнэг үгсийг хэлсэн бол бас л өөртөө тэрхэн үед төрсөн бодлыг тулган дараа нь амаа барих байж. . Энэ хэргээс хойш хоёр залуугийн үерхлийг хоёр гэрийнхэн нь бүрэн хүлээн зөвшөөрчээ. Одоо Итгэл ирээдүйн хадмындаа орж гарах болсноор барахгүй оройтвол хоночихдог ч болжээ. Тэр хоригдож байхдаа “Аливаа азгүй явдалд амжилтын , магадгүй бүр их амжилтын үр байж болно” гэсэн үгэнд эргэлзэн амжилтын үрийн тухай бодох цаг биш гэж бодож байж билээ. Харин тэдний найз нараас Жака , Жавхаа хоёр л энэ дотно үерхэлд нь бага зэрэг сэтгэл дундуур явах болжээ. Ажлын дараа Аянга , Итгэл хоёр болзоондоо яаран гарцгаахад Жака “За, ганц биеэрээ муу Баагий бид хоёр л үлдэх шив дээ. Хоёулаа гоонь залуучуудын клуб байгуулах уу?” гэнэ. Гэвч хүүхэн эргүүлэхэд Баагий Итгэл шиг гар нийлж чадахгүй болохоор даанч урамгүй. Ёстой л айхын бараа , идэхийн нэмэр юм биз дээ. Заяа ч “Чи мөрөөрөө л мөөмөө хөхөөрэй. Наад Баагий чинь чам шиг хүн биш. Битгий хүүхэд уруу татаад бай” хэмээн үг хаяна. -Яг үнэн. Эр хүний дотор эмээл , хазаартай морь багтдаг гэгчээр наадхи чинь улс төрч болохыг мөрөөддөг хүн. Чамаас болж ирээдүйн мэдээлэл холбооны технологийн яамны сайд хүүхэн шуухны элдэв паянд орооцолдчих ч юм бил үү? хэмээн Итгэл явуулна. Харин Жавхаагийн хувьд Намууныг найз залуутай болсноос хойш их л ганцаардах болжээ. Шинэ жил болох гээд Жавхаа сургуулийнхаа оюутнуудын дунд зарласан гоёлын даашинзны уралдаанд оролцох загвараа оёж нэг загвар өмсөгч охиноос хэмжээ авч байлаа. Гэтэл ширээн дээр нь байсан нэг зургийг тэр охин авч харангуутаа “Чи энэ Итгэлийг таньдаг юм уу? Ёстой жинхэнэ Дон Жуан гээд л бодчих. Ноднин манай найз Сэни, Жавзаа хоёртой долоо долоо хоног л явсан гэж байгаа юм. Уг нь сак гоё залуу л даа. Сэнитэй авахуулсан зургийг нь ч би харсан .Итгэл тэгээд чиний юу юм бэ? “ хэмээн шалгааж гарав. Энэ бол Жавхаагийн хувьд чих соотойлгосон сонин мэдээ байлаа. “Юу ? Чиний хоёр найзтай тэгээд зэрэг явж байсан юм уу?” -Бараг л зэрэг шахуу. Сэниг хаячихаад л Жавзаатай долоо хоног унтаад бас больчихсон гэсэн. Жавхаа Намууны өмнөөс эхлээд уурлав. Тэгснээ баярлах шиг. Намуун Итгэлийгээ юу , юу гээд л магтаад байлаа? Бараг өндөг шиг өөгүй, арилсан гэгээн архад гээд байсан биш үү? Гэтэл нөгөө муу Хасараас нь дээрдэхгүй л амьтан юм биш үү?Өнөөдөр тэр сайн хүн шиг харагдаж л байна.
Сурсан юмыг сураар боодоггүй гэдэг биз дээ? Одоо ч гэс эн нэг тийм урт хөлтэй, ухаан богинотой юмтай Намуунаас далдуур сэвж явдаг ч юм бил үү? Гэтэл Намуун юу гэж байлаа? Жавхаа л болсон хойно нэг удаа би хэнээс дутуу болохоороо ингэж ганцаараа явдаг юм бэ. Гоёж гангалаад л байх юм. Нэг ч аятайхан залуугийн нүдэнд торохгүй . Чи яаж Итгэлийг ингэж өөртөө татчихав аа? гэхэд Намуун “Байгаа байдлаараа л. Энүүхэндээ гэхэд эрчүүд энгийн даруухан , элдэв хуурамч чимэггүй , өөрийн гэсэн онцлогтой хүүхнүүдийг л сонирхдог юм шиг ээ. Итгэл намайг үсээ боож байгаарай. Урт үс задгайлсан охидоос бүр залхаж гүйцсэн гэдэг юм. Чи ч гэсэн үсээ өөрчлөөд үзээч гээд л сургаал айлдаад байл уу? -Алив чи битгий хөдлөөд байгаач. Хэмжээгээ буруу авахуулах гээд хэмээн тэр үглэснээ “Хүүш ээ, чи надад тэр зургаа аваад ирж чадахгүй юу?” гэхэд нөгөө охин дуртай нь аргагүй зөвшөөрөв. Маргааш нь нөгөө зургийг Жавхаа гартаа оруулж чадав. Тэгээд Намууны ажил дээр хэрэг болгон очиж, гэр рүү нь хамт явлаа. Найз нь шинэ жилийн өмнөх өдөр Хонконг руу явах болчихлоо гэсээр Намуун хамаг сониноо хаман ярьж гарчээ. Хонконгд болох банкны маркетингийн семинарт Намуун оролцох болжээ. Энэ тухай сонсоод Жавхаа” Чи нэг хүнд хэтэрхий ихдэхээр азтай байгаа юм биш үү?” гээд хэлчихэв. -Яасан? Юу нь ихдэхээр гэж? -Зүгээр л тэгээд хэлчихлээ. Чи битгий уурлаарай. Би өнөөдөр нэг ийм зураг оллоо. Оллоо ч гэж дээ. Найздаа сэрэмжлүүлээрэй гэж хүн өгсөн юм л даа. Итгэл чинь Дон Жуан байна. Энийг Сэни гэдэг гэнээ. Энэ Сэнитэй долоо хоног яваад хаячихаад найзтай нь бас явсан гэж сонслоо. Янзын хүүхэн байгаа биз? Итгэлийн гэрийнхэн нь ч мэддэг гэсэн гээд нөгөө зургийг гаргаад өгчихөв. Энэхэн мөчид тэр найзынхаа аз жаргалд атаархсандаа л ийм алхам хийснээ өөрөө ч мэдсэнгүй. Намуун зургийг авснаа царай нь хувираад хойд талыг нь эргүүлж харав. “Үүрд чамтай шүү, “ гэж балаар бичсэн байх аж. -Хасар бас л нэг ийм загвар өмсөгчтэй … гэснээ Жавхаа амаа хамхисан ч оройтжээ. Уг нь ингэж хэлэх хэрэггүй л байсан юм. Намуун уурандаа зургийг хэдэн хэсэг болгон ураад : -Чи хаанаас энэ зургийг олж ирээв? Надад яагаад үзүүлж байгаа юм? гэж хоолой зангируулан асуув. Жавхаа “Хэрэггүй ч юм боллоо. Үзүүлдэггүй л байж” гэж т эрхэн зуур бодоод: -Зүгээр л. .. юу ч гэх юм дээ. Чамд үзүүлэх хэрэгтэй л гэж бодсон юм. -Баярлалаа гээд Намуун өрөөндөө ороод хаалгаа түгжчихэв.
Жавхаа хойноос нь очихын ч хэрэггүй гэж мэдэж байв. Намуун түүнийг явсны дараа Итгэлийн дүү Навчаа руу утасдан Сэни гэдэг хүүхнийг мэдэх эсэхийг нь асуув. “Манайх руу утасдаж л байдаг юм” гэж Навчаа хэлжээ. Ядахад энэ орой Итгэл гэрт нь ирнэ гэчихээд алга. Намуун хойноос нь утасдсан ч үгүй. Итгэл ийм хүүхэмсэг амьтан байсан юм уу? Бас л нэг загвар өмсөгч гэж Жавхаа яагаад хэлэв ээ?Итгэл энэ эрээ цээргүй гуя хасаа гаргасан хүүхэнтэй юун чянаг халуун тэврэлдсэн юм бэ гэж бодохоос уур нь хүрч утасдахад нь ч авсангүй. Тэр Сэнитэйгээ ярина биз. Маргааш нь ч тэр Итгэлд нүүр өгсөнгүй. Ажил тараад аавынхаа жолоочийг дуудан гэртээ хүргүүлэв. Итгэл Хойноос нь баахан дагаж дахиад гэрийнх нь үүдэнд зогсоход нь бүсгүй хараагүй юм шиг гүйгээд орчихов.
Намуун юунаас болоод уурласныг залуу бодоод бодоод олсонгүй. Гэтэл Навчаа охин л ахынхаа дүнсийчихээд өрөөндөө суугаад байхаар нь Намуун эгчтэй муудалцчихаж хэмээн тааварлаж: -Ах аа, арай нөгөө Сэни гэдэг хүүхэн чинь Намуун эгчид элдвийн юм ярьсан юм биш байгаа? Өчигдөр Намуун эгч надаас сэни гэж хэн байдаг юм? гээд асуугаад байсан гэх нь тэр. Итгэл утсаа шүүрэн аваад залгавал Намуун гар утсаа унтраачихжээ. Гэр рүү нь ярихаар “дийд , дийд “ . ажил дээр нь очихоор уулзалтын өрөөндөө гарч ирэхгүй. Тарахаараа бие хамгаалагчтай машинд суугаад яваад өгнө. Гурав хоног өнгөрсөн ч учраа олж чадалгүй байсаар Намуун Хонконг руу нисчихжээ. Намууныг явсны дараа Итгэл Жавхаагийн сургууль дээр очиж уулзав. Яагаад ч юм Жавхаа өөрийг нт хараад хулгасхийх шиг болсон нь итгэлд гайхалтай санагдав. Гэвч тэр тоймтой юм хэлсэнгүй. -Сэни гээд нэг хүүхэнтэй авахуулсан зургийг чинь Намука үзчихсэн юм биш үү? Дүү чинь бас тэр хүүхнийг мэдэж байна гэсэн. Гэхдээ Намуун явахдаа надтай уулзаагүй ш дээ гэснээс өөр юм хэлсэнгүй. Итгэл түүнтэй уулзаад буцахдаа “Жавхаа гэж нэг юм үймүүлчихсэн юм шиг байна даа. “ хэмээн бодож явлаа. Маргааш шинэ он гарах гэж байдаг. Би ч гэж би. Яах гэж хөөрцөглөж тийм зураг хөрөг авахуулж солиорсон юм бол? хэмээн өөртөө уур нь хүрнэ. Түүнд энэ удаагийнх шиг уйтгартай шинэ жил тохиолдож байсныг санахг үй байв. Сургуулийнхаа шинэ жилд үзэгдчихээд л “М-4”-ийнхэнтэйгээ ч ресторанд суусангүй. Цаг тутамд и-мейл хаягаа шалгавч таг. Намуун ч яг өөртэй нь адилхан байгаа гэж бодохоос хойноос нь Хонконг нисчихмээр санагдана. Арванхоёрдугаар сарын гучны орой дүүдээ гацуурыг нь засч байхдаа л овоо сэтгэл нь сэргэжээ. Аав нь явчихсанаас хойш Итгэл л дүүдээ гацуурыг нь чимж , цонх , хаалган дээрээ Санта , Клаус , Мики хулгана, Дональд нугас гээд Диснейн хөгжилтэй амьтдыг зурж өгч баярлуулсаар зургаан шинэ жилийг үджээ. Гучн нэгний өдөр Итгэл шинэ жилийн бэлэг авахаар Их дэлгүүр орлоо. Хэдийгээр муудалцсан ч гэсэн Намуундаа хамгийн түрүүнд бэлэг авлаа. Намуун үнэтэй бэлгэнд дургүйг мэдэх болохоор жижигхэн чихмэл тугал авч хүзүүвчинд нь тэнгэрийн өнгөт индранил шигтгээтэй зүүлт углав. Индранил бол түүний ээлтэй чулуу. Нам уун бол үхрийн ордных болохоор бяцхан тугал авсан хэрэг. Алгын чинээхэн тэр цагаан тугал индранил хүзүүвчээ гялалзуулан амьгүй нүдээр өөдөөс нь ширтэхэд Итгэл гунигтай инээмсэглээд ээж , Навчаа хоёртоо бэлэг авахаар хөл тавих зайгүй хөлхөлдсөн хүмүүсийн дундуур зүтгэлээ. Дараа нь Их дэлгүүрээс гараад нэг л мэдэхэд Намууных руу явж байв. Гэрт нь очвол мэдээж аав, ээж нь байсангүй. Хүлээн авалтанд явчихсан байв . Гэрийн үйлчлэгчид нь бэлгээ өгөөд Намууны дэрэн дээр тавьчихаарай гэж захив. Орой нь түүнийг гэртээ байж байтал Жака , Баагий хоёр ирж ятгасаар дагуулан гарав. Гурвуулаа шөнөжин дискодоод үүрээр шинэ он гарсан хойно буцаж ирэхдээ Итгэлийн сэтгэл нэлээд сэргэчихсэн байлаа. Дүү нь дэрэн дээр нь “Happy new ear” гэсэн бяцхан ил захидал тавьсныг дэлгэвэл “Ах аа, танд шинэ оны мэнд хүргэе. Би танд ааваас илүү хайртай шүү” гэжээ. Дүүдээ баярлан орондоо орж хэвтлээ. Шинэ он гараад хэдэн цаг өнгөрсөн ч гадаа хөөрүү хөршүүд нь оргилуун дарс буудуулан , гэрэлт пуужин харвасаар байх чимээнд зүүрмэглэв. Итгэл шинэ оны анхны өдөр бараг үд дунд босов. Ээж дүү хоёр нь айлд зочлохоор явжээ. Баахан салат таваглаж аваад зурагтын өмнө суулаа. Утас нь шинэ жилийн мэнд хүргэсэн мессежээр дүүрчээ.
Нэг цагийн үед хонх жингэнэв. Дурангаа ч харалгйү нээгээд нүдэндээ ч итгэсэнгүй . Намуун инээмсэглэн зогсч байв. -Шинэ жилийн мэнд хүргэе. Итгэл шууд л тэврээд авлаа. Хоёулангийнх нь нүд нулимсаар дүүрчээ. – Би чиний бэлгийг авсаан. Ёстой их таалагдсан. – Тийм үү? Зөрүүд бяцхан үхэр минь? – Би чамд бэлэг авсан. Минийхтэй яг ижилхэн шүрэн бугуйвч гээд Намуун цэнхэр туузаар ороосон жижигхэн хайрцагтай юм өгөөд : – Би нөгөөдөр ирэх байсан юм. Тэгсэн чинь чамайг с анаад баярын хөтөлбөрт нь оролцолгүй онгоцонд суучихсан. Миний суусан онгоцны тал суудал нь хов хоосон ирсэн. Аргагүй ш дээ. Яг шинэ он гарах гэж байхад .й. Надтай зэрэгцэж суусан хятад эмээ “Чи их гунигтай явна. Хайрттайгаа муудалцаа юу? Би чиний нүднээс бүхнийг харж байна. Тэр чинь их сайн залуу юм . Яг одоо чамд бэлэг авч байна. Чиний ээлтэй чулууг оролцуулаад. – Чи түүнд итгэх л юм бол аз жаргалтай болно гэсэн. Мэргэн эмээ байгаа биз? Тэгээд гэртээ ирсэн чинь дэрний хажууд чиний бэлэг байж байсан. Аав , ээж , эмээ гуравт ганц ганц үнсүүлчихээд л чам руу хүрээд ирлээ. Би чамд дэндүү хайртай болохоор л тэгж хардсан байх. Тэгсэн мөртөө цаг минут бүр чамайг л бодож байсан шүү . Дараа нь бодоод байсан чинь чи намайг асрагч гэж гололгүй бүтэн сар эрж хайсан байж хуурч мэхлэх байсан гэж үү? гэж бодохоор би шал тэнэг юм. Ер нь ч би зөрүүд зангаа дийлдэггүй , жаахан олон ааштай ийм л хүн. Чамаас хол байхдаа л ямар их хайртайгаа ойлгосон шүү… -Одоо болноо. Тийм их юм ярьсны хэрэггүй. Ингээд л тэврэлдээд байя хоёулаа … – Асар их хайртай хүмүүст үг ярихгүйгээр ойлголцох үе байдаг шүү дээ. Тэр хоёрын тэврэлдсэн гарын бугуйнд ижилхэн шүрэн бугуйвчнууд зүүлттэй байлаа.