“ШУНАЛ” ӨГҮҮЛЛЭГ
Л.ПИОНЕР
Cалхины аяcаар үе үе өрх сэвэлзэх эсгий гэрийн хойморт нүүр дүүрэн инээмсэглэх хөрөг зургийг гэрэлтүүлж жаргаж байгаа зулын гэрэлд элдвийг бодон эрхи эргүүлэх эмгэний үрчийж мойнысон хуруу нь сэтгэлийнх нь тэнхээг илтгэх мэт аажуухан хөдөлнө. Гэнэт гэрийн хаалга сэв хийн онгойж саяны бүх анирыг эмгэний бодолтой үргээж охин хүргэн хоёр нь орж ирлээ. -Ээж та одоо унтаж амардаа. Ядарчихваа. Хүмүүс бүгд ажил төрөл гээд явчих шиг боллоо. -За яах вэ миний хүү гэж хошуугаа цорвойж охиныхоо хацарт хошуугаа нааж үнэрлээд авдараа уудалж нэгэн хайрцагтай зүйл гаргаж өгөв. -Энэ юу вэ ээж гэж нэхэн асуухад -Аав чинь ганц охиндоо өгнө гэж үргэлж ярьдаг байсан юм. Өөрөө өгч чадаагүй дээ хөөрхий гээд санаа алдан шинэ зул асаалаа. Аавынхаа өгсөн зүйлийг юу гэдгийг ч шалгаж үзэлгүй өөрийн унтаж байгаа орон дээрээ аваачиж тавилаа. -Ханиа хоёулаа хэзээ явах юм. Би маргааш ажилтай байдаг гэж Туулын нөхөр толгойгоо илэн чихэнд нь шивнэх шахуу хэлэв. -Чи яв даа. Би энд ээжтэй үлдье. Ер нь ажил явдал дуусахаар хажуудаа авдаг юмуу даа. -За за би ажлынхаа хажуугаар ирж байя. Тэр аавын өгсөн зүйл юу юм бол? – За мэдэхгүй дараа нь нэг мөсөн үзье. Чи хайрдаа тэгэж байгаад хэдэн хувцас ойртуулаад өгөөрэй гээд уруул дээр нь үнслээ. Туул дөчин есөн хоног дуустал ээжийнхээ хажууд байж ойр зуур үнээ малыг нь нааш цааш болгож байв. Хотоос жар гаруйхан километрийн зайд байрлах жирмийн цагаан нуурын дэргэд бага насаа үдсэн юм.
Айлын ганц охин болохоор эрх танхи өссөн бөгөөд хайртай аав ээжээ орхиод хот газар сургууль соёл гээд бишгүй хугацааг ардаа орхижээ. Насан өндөр аавдаа сүүлчийн удаа үнсүүлээд алсын замд үдчихээд дахин ээжээсээ холдохыг хүсээгүй юм. Дуунд гардаг шиг жилээс жилд жижгэрсэн ижий нуур хоёроо орхиод явахыг хүссэнгүй. Жирмийн цагаан нуурын жижигхэн мандал дээгүүр цэн тогорууд чуулаад аль хэдийн буцах болсоноо илтгэх нь бас л уйтай. Ээжийгээ хотруу дагуулж явахаар болоод малыг нь ойрхон танилынд орхиод гэрийг нь хотод байдаг нагацын гадна бариад орхихоор боллоо. Ээж нь ч ганцаараа үлдэхийг хүсээгүй байх эсэргүүцэх ундууцах зүйл байсангүйд бүх зүйл амархан өрнөлөө. Рагчаагийнх нарны хороололд гурван өрөө байртай аж. Туул Рагчаатай найр хийж хуримлаагүй ч гэр бүлээ батлуулаад хамт амьдарч байгаа юм. – Ээжээ та энэ өрөөнд унтана шүү. Таны авдар ор хоёрыг маргааш аваад ирнэ. Өнөөдөр бид хоёрын орон дээр унтчих. -За яах вэ миний хүү. Ижий нь газраар унтчихъя. Миний xоёр хүү өөрсдөө орон дээрээ унт. -Үгүй ээж та орон дээр унт. Бид хоёр зүгээр гэж Рагчаа инээмсэглэн хэлэв. Рагчаа элдэв аашгүй ч хааяа аpxи уучихдаг муу зуршилтай. Хадам ээжтэйгээ төдийлөн их уулзаж байгаагүй. Өөрийн ээж нь Америкт амьдардаг. Харин аав нь хаана байдгийг өөрөө ч мэдэхгүй яваа нэгэн. Туулаас дөрөв ах юм. Туул банкинд ахлах теллер хийж байсан ч хоёр сар орчим ажлаа орхиж яваад ажлаасаа халагдсан байна. Өөрөө ч гаръя гэсэн бодолтой байсан болохоор эргэж очоогүй юм.
Хэсэгтээ ээжийгээ харж дасахаар нь ажил олж хийе гэж бодож байв. Аавынхаа өгсөн гэх хайрцагтай зүйлийг задалж үзтэл нэгэн хуучирч элэгдсэн цагаан цаас байж. Дэлгээд харахад хуучин Монгол бичгээр ямар нэгэн зүйл бичсэн байж. Сайн уншиж мэдэхгүй болохоор эргүүлэн хийгээд тагийг нь хаалаа. Хайрцаг нь гэвч маш хүнд аж. Ямар нэгэн утга учиртай л байх. Дараа нь мэддэг хүнээр хөрвүүлүүлье гэж бодлоо. Ээж нь өдөр бүр нэг давхарын супермаркет орж сүү авдаг ажилтай өөр онц хол газар явдаггүй байв. Рагчаа хувийн бизнес амжилттай байна гээд орой болгон бага зэрэг халамцуу ирж Туулд болон ээжид нь үнэтэй хувцас авч ирж өгдөг болсон юм. Туул ажилгүй удсан болохоор нэг л баригдмал санагдаж үе үе шалтгаангүй уурладаг болов. Энэ байдал ээжид нь хааяа хүнд тусах ч хүний эх болсон хойно байнга зөөллөж бодно. Нэг өдөр найзтайгаа уулзахаар болов. Найз нь ерөнхий боловсролын сургуульд хэл уран зохиолын багш хийдэг тул өнөөх бичгээ аваад явлаа. -За сайн уу миний найз гээд тэврэлдэн уулзлаа. -Сайн сайн. Миний найз чинь яасан сайхан тураа вэ гэж Туулыг дээрээс доош шинжин хараад хэлэхэд -Харин ч ажилгүй гэртээ хэвтээд таргалж байх шиг байна гээд царайгаа ярвайлган хэлэв. Хоёр найз хэсэг хууч хөөрч улаан вино шимэн бага зэрэг халж ирэв. Энэ үед Туул цүнхээ уудлаад өнөөх бичгээ гаргаж ирээд – Сараа чи найздаа үүнийг хөрвүүлээд өгөөч. Аав маань өгсөн юм. Би гэдэг хүн Монгол бичиг мэдэхгүй утгыг нь ч ойлгохгүй үxтэлээ хадгалах бололтой.
– Өө тэгье тэгье. Нээрээ найзыгаа уулчаарай. Яг хичээлийн жил эхэлж таараад очиж чадсангүй. -За зүгээр дээ. Би ойлгоно ш дээ. За тэгээд юу гэж байна? “Сайн байна уу миний охин. Аав нь ойрд бие тэнхээ муу тиймхэн л байна. Энэ захидлаа өгч амжих эсэхээ мэдэхгүй л байна. Төрснөөс чинь өдийг хүртэл чамд юу хийж өгснөө үл мэднэ. Чи бол энэ орчлонд эжий аав хоёртоо ирсэн хамгийн том бэлэг минь билээ. Аав нь эцэг өвгөдөөс өвлөж авсан зүйл байвч ганц ч удаа түүнийг хэрэглэж байсангүй. Магадгүй чамд хэрэг болох байлгүй. Хүн ер нь эд хөрөнгөтэй байлаа ч элэг бүтэн байхаас илүү жаргал гэж үгүй юм. Эжий аав хоёр нь одоо хэдий урт наслаав гэж. Тиймээс миний охин сайн хань ижил, үр хүүхэдтэй болж жаргаарай. Энэ хайрцаганд байгаа алтыг зарж идэх, хадгалж явах нь чиний л дур. Аав нь өдийг хүртэл энэ алтыг өөрийн хөрөнгө гэж бодож явсангүй. Чи л миний бүх зүйл шүү. Ээжийгээ сайн ачилж яваарай…” гэж бичсэн байв. Туул хэдэн өдөр бодол болж өнөөх хайрцагийг эргүүлж тойруулж үзээд учрыг үл олно. Алт нь хаана байгаа юм бол оо?! Эсхүл зүгээр л алт байхгүй юм болов уу?! хэмээн элдэв бодолд автана. “Аавын өгсөн хайрцаганд юу байгаа юм бол?” гэж Рагчаагийн асууж байсан нь гэнэт санаанд оров.За үгүй байлгүй дээ миний хань ч бас арай тэгэхгүй байхаа гэж бодлоо. – За миний хайр өнөөдөр ямар хоол хийв гээд Рагчаа угаасан үсээ арчингаа гарч ирэв. -Цуйван сүүтэй цай хийлээ. За миний хайр суугаад хоолоо ид. Ээж хоол болсон шүү гэж ориллоо.
Охиныхоо халамжинд байгаа ээж нь бие хаа нь ч хөнгөрч бишгүй л жаргалтай байв. -За тэгэхээр хань нь нэг юм дуулгахад миний бизнес илүү их амжилт олохоор байна. Алт олоод гэнэт баяжих шиг л болж байна гэж Рагчаа инээхэд -Яамайдаа миний хүү. Бие хаагаа л бодоорой гэж ээж нь хэллээ. Харин Туул тэс өөр юм бодож байлаа. Алт олоод гэнэт баяжих гэнээ. Арай үгүй байлгүй дээ. Гэхдээ л сүүлийн үед нэлээн нотой байгаа шүү гэж бодоод нэг л хөндий оргиод явчихав. Энэ өдрөөс хойш эхнэр нөхөр хоёр байнга ам мурийж ээжид хандах халамж ч үгүй болсон байв. Юунаас болж яагаад байгааг мэдэхгүй ч ихэд шаналж байв. Ингээд өөрийн гэрээ хураалгасан дүүгийндээ хэд хоног амьдархаар явав… – Чи энэ захидлыг хар. Энэ хайрцаган дотор алт байгаа гэж бичсэн байна. -Тэгээд би яаж мэдэх юм бэ? Би наад хайрцаг байсныг ч мартчихсан байна. За арай ч дээ Туул минь. Чи бид хоёр өдийг хүртэл хэрүүл уруулгүй сайхан л байлаа. -Чи миний аавын надад үлдээсэн хөрөнгөнд яагаад гар хүрч байгаа юм гэж Туул юуг ч бодох сөхөөгүй улам л асаж байв. -Би чамд ер нь хэчнээн хэлэх ёстой юм бэ? Би мэдэхгүй гэж байна гээд гарах гэтэл -Чи муу нoвшоо гэж чангаар орилоод өнөөх хайрцгийг шидтэл Рагчаагийн толгойд онож залуу ч хайрцаг ч газарт уналаа. Рагчаагийн толгойноос цyc гарч ухаан алдчихав. Туул сандарч түргэн дуудаад эмнэлэгт хүргүүллээ. Хүнд доргилтноос болж тарxиндаа гэмтэл авсан тул яаралтай хагалгаа хийлгэхээр боллоо.
Нийт далан долоон сая төгрөгийн хагалгаа хийлгэж Рагчаа амь гарсан юм. Тархийг нь хагалсан хайрцагнаас үнэнийг илрүүлэх алт гарч ирсэн юм. Хайрцагны доод хэсэгт алтыг хийсэн байсан бөгөөд яаж ч харсан, бас хайрцгийг барьсан ч алт байгаа нь мэдэгдээгүй аж. Гарч ирсэн алтаар хагалгааны зардал хийсэн байна. Чухам яагаад тэгэж хийснийг бодоод үл олно. Туул нагацын хашаанд барьсан өссөн гэртээ очиж ээжтэйгээ хамт байсан юм. Цагдаагийн газраас хэрэг үүсгэх гэсэн ч Рагчаа гэнэтийн осол байсан гээд өргөдөл гаргасан гэсэн. Энэ үед ээж нь Рагчаа дээр очиж ярилцаад дахин эвлэрэхийг гуйхад тэрээр үгүй гэж хэлээгүй ч холбоо бариагүй юм. Цагаан сар болж ээжтэйгээ хоёулханаа золгохоор жижигхэн таваг засаад хэсэг мах чанан ширээ засав. Шинийн нэгний өглөө жирмийн цагаан нуурын эрэгт жавар тачигнаж жижигхэн гэрийн тооноор уур савсан жаргалтай инээмсэглэсэн хөрөг зурагны өмнө зул бадамлан асаж ээж охин хоёр гар зөрүүлэн золгов. Үхрийн зэлэн дээр хөлдүү баас зөөгөөд нуруу нь жаахан чилээд гэдийн зогсоход сая хажууд нь хүн ирж зогссоныг анзаарлаа. Зэрвэс хараад хий юм харчихлаа гэж толгойгоо сэгсрэн инээгээд эргэх гэтэл өнөөх дүр замхарч алга болсонгүй. Бүх насаараа өртэй мэт санагдавч дэргэд нь очоод эрхлэхийг хүссэн хүн үнэхээр мөн байсанд өөрийн эрхгүй уйллаа. Бүсгүйн сэтгэлийг дагаад нуур хүртэл уураа савсуулж үүлсийн зүг жаргалын хов зөөхөөр дэгдэх мэт. Аавынхаа өвлүүлсэн хамгийн том эрдэнэсийг нуугдсан шуналын тачааллаар авcанд хийх дөхсөндөө харамсаад уйлавч нулимс дуусахгүй.