“ШУГАМ” ХОЁРДУГААР ХЭСЭГ

Муруй зураас

Шугам харандаа зодолдуулсаар нэг жилийг үзэж, наймдугаар ангид дэвшлээ. Хатуу багшийн гарт орсных манай ангийнхан шугам зурагтаа эрс сайжирлаа. Би нэгэн хичээлд нэвт нүхтэй цилиндр хэлбэртэй эд анги зурснаа шалгуулав. Хажуугийн проекц дээр нэвт гарсан нүхний амсар муруйгаар дүрслэгдсэнийг багш улаан балаар эгц шугам болгон засчихлаа. -Энэ яахаараа муруй болчихдог билээ? гэж сүртэй асууж байна. “Багш хүн эндүүрч болно гэж үү?” хэмээн би мэл гайхлаа. Бид хоёр маргаж эхлэв. Би зөвөө батлахаар шохой аван самбарт зурж эхэлтэл багшийн тэвчээр алдрах нь тэр!

-Балай юм уу, чи! Юу гэж муруй байх вэ! гэж тэр чарлалаа. Миний ч уур дүрсхийж, Үгүй муруй гарна! Та өөрөө балай юм уу? гэж шазуур заалаа. Эрхлэгчийг дуудуулж, багшийг балайгаар дуудсан сурагчид арга хэмжээ авахуулах болов. Манай ангийн охидоос ганц нэг нь уйлж байна. Надад ч “Сургуулиас хөөчих болов уу…” гэсэн айдас төрөв. Эрхлэгчийн албан тушаалыг хашдаг Г.Цэвэгсүрэн багшийг ирэхэд би шалдаа буугаад байлаа. Их нэр хүндтэй, энэ бурхан шиг хүний өмнөөс сургуулийн захирал ч үг хэлдэггүй байсан болов уу. Цэвэгсүрэн багш намайг өрөөндөө авч ороод, сурагч хүн багшийг хэрхэн хүндлэх ёстой болоод, их юм мэдчихсэн мэт санагдах нь бидний насны онцлог болох тухай удаан ярьж сэнхрүүлж билээ. Хичээл тармагц яаран гэртээ ирээд, ном ухаж үзвэл яах аргагүй миний зөв байлаа. Сайн нягталж хараагүйгээс санамсаргүй гаргасан энэ алдаагаа багш ч бас мэдсэн байж таараа. Гэхдээ хэн нь ч дахиж энэ тухай ярилгүй чимээгүй өнгөрсөн дөө.

Хожмын эргэцүүлэл
Эхэндээ би багшийг буруугаа улаан цайм дараад өнгөрсөн жудаггүй хүн гэж бодох болсон. Гэвч түүний зөв байсныг амьдралын дэнс шүүн тунгаажээ. Багш хүнд өндөр шалгуур тавьж, хатуу хариуцлага тооцдог асан тэр цагт энэ санамсаргүй алдаа нь түүнийг ажлаас нь холдуулж мэдэх байсан. Тэгсэн юм гэхэд нэг сургуулийн бүхэл бүтэн хэдэн үеийнхэн шугам зургийн ер бусын сайн сургалтыг мэдэхгүй өнгөрсөн байхсан. Түүний хатуу шалгуурт зурах дөртэй болсон хүүхдүүдээс олон сайн инженер төрж гараад, зам, барилга, уул уурхай, үйлдвэр, их дээд сургууль, хаа сайгүй мэдлэгээ гайхуулж явна.

Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн инженерийн бэлтгэл тэнхимд манай сургуулиас 1986 онд таван хүн очсон. Тэгтэл тавуул таван өөр ангид шугам зургаар толгой цохиж, оюутны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд зургаа тавиулж байлаа. “Выполнил: ” гэсний ар дахь танил нэрүүдийг хараад сургуулиараа, бас багшаараа бахархах сэтгэгдэл төрж билээ. Тэнхимийн шугам зургийн багш хижээл эмэгтэй “Монголд шугам зургийг үнэхээр зааж чадах юм аа” гэж хэлж байсан. Шугам зураг хэмээх агуу ухаанд үнэн голоосоо хайртай, инженерийн эриний бүх хүн шугам зургийг ягштал мэддэг байх ёстой гэсэн үзэлтэй нэгэн багш тийнхүү гэнэт гарч ирэхэд, захирал, багш, сурагч, эцэг эх, хэн ч ойлгохгүй байж дээ гэж одоо бодогддог. Бүгд түүнийг галзуу солиотой, хэнхэг хэнээтэй, ер бусын амьтан хэмээн адалж байж.

Гэвч цаг хугацаа хэмээгч асар хүчирхэг шалгуур түүний хэн байсныг хэдийнэ тодотгосон байх юм. Цэдэн-Иш хэмээх энэ ер бусын сайн багш бидний зургийн дэвтэрт ер бусын тод шугам үлдээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!