“ШООВДОРЛОГДСОН ЭМГЭН” ӨГҮҮЛЛЭГ
С.ХИШИГСҮРЭН
Сэндэн эмгэн аймгийн төвөөс ачааны машинд суусаар дэнхэл донхолтой замд сэгсчүүлэн, аяншиж ядарсаар Улаанбаатарын бараа харлаа. Энд тэнд ад үзэгдэн хэдэн хүүхдийнхээ дунд шоовдорлогдон хэсч явдаг Сэндэн эмгэн энэ хэдэн хэлхээ яс хэмхэрвэл ч хэмхэрэг гэж санажээ. Өвгөн нь дөрвөн жилийн өмнө өөд болж, өөдсийн чинээ өмгөр гэрээ бага хүү Тулгадаа өмчилж өгөөд эмгэн Сэндэн том хүү Төмөрбалдангийндаа уригдан очсон нь саяхан мэт. Төмөрбалдан нь Улаан суга сумын зоо ухаантай ч мэдлэг боловсрол багатайн дээр мунхаг. Бэр Урнаа нь ам, ажил хоёроороо сумандаа нэртэй хүүхэн. Төмөрбалданг зажлахгүй залгичихалгүй яахав. Сэндэн эмгэн эхэндээ хүүгээ өмөөрч бэртэйгээ тар тур хийж сүүлдээ хүү бэр хоёртоо зад загнуулаад зуух хавьцаа бөхөлзөж суудаг болсноо нэг л өдөр зориг шулуудан эдэнд ингэж ад болж суухаар дунд хүү Төмөрийндөө очдог хэрэг хэмээн ганцаар шийдэн сумын шуудангийн өмнөөс хөлсний машин барин хэнд ч хэлэлгүй яваад очжээ. Замдаа Төмөрбалдан, бэр хоёрыхоо хэрхэн сандарч эрэл сурал болохыг сэтгэлдээ төсөөлөн инээд алдаж явлаа. Бас хормой дэвсэн, хошуу цорвойн гуйна гэж ч итгэж байваа. Тэгэх тусам нь очихгүй л юм шүү гэж бардамхан бодож суусан. Гэтэл Төмөрийндөө очоод сар болсон ч хэн ч эрж сурж ирээгүйгээр үл барам асуугаа ч үгүй билээ. Битүүхэн тэднийг хүлээсэн ч сэтгэлдээ горьдон хэдэн өдрийг авч аажимдаа гомдох сэтгэл нь багасч тэгээд мартагдсан ч яавч тэднийх рүү дахин очихгүй гэж хатуу шийджээ. Аймгийн төвийн дунд сургуулийн мужааны багш Төмөр хүү нь дараалж гарсан дөрвөн бандитай бөгөөд эхнэр Пүрэвээ нь аймгийн захиргааны гуанзанд ажилладаг. Тэднийх Сэндэн эмгэнийг хадаг барьж угтаагүй ч хөөж туусангүй. Орой нь гэрийнхээ баруун талын орыг зааж өгснөөр хоол цай боллоо. Бэр Пүрэвээ нь олон таван үггүй гэрийн ажлаа яв цав хийтэл амжуулах хийгээд нөхөр Төмөрийнхөө ая тухыг голчлоно. Хүү Төмөр нь угийн дуу шуу муутай хүн, ээжийгээ эхнэртээ даатган суугаа нь харваас ил! Том банди нь орой унтахын өмнөхөн би хаана унтах юм хэмээн хошуу цорвойлгосныг эс тооцвол илүү дутуу юм гарсангүйгээр сар илүү хоножээ. Сэндэн эмгэн Төмөр хүүгийндээ дасах төлөвтэй болж, нэг өдөр толгойдоо алчуур зангидаад гэрийн хормогч зүүж хэдэн боорцог хайрав. Дараа нь борц дэвтээж, ногоо арилгаж, гурилтай хоол, аагтай шаргал цай чанаад тэднийгээ хүлээв. Эхлээд бэр Пүрэвээ баахан идэх уух юм барьсаар бага хоёр хүүтэйгээ, дараа нь хүүхдүүд цуварсаар орж ирцгээлээ. Пүрэвээ хадам ээждээ учиргүй баярлан хоёр аяга цай дараалан ууж хөлсөө гаргаад хоолноос ч аяга илүүтэй идлээ. Тэгээд хадам ээж бэр хоёр сэтгэлийн үгээ ярьж суулаа. Бэр: – Ээж энд л байж бай! Олон сахилгагүй бандитай гэж л тээршээхгүй бол бидэнтэй амьдар. – Өө тэр яахав. Хүүгийнхээ хүүхдүүдийг юунд ад үзэхэв дээ. Хөгшин хонины насгүй би хаана ч байсан ялгаа алга. – Манайх гэдэг айл гэрээ томсгоё гэсээр л жил жилийг үдчих юм даа. Хүүхдүүд том болж, хот суурин газар сургууль номд явах биз гэж сэтгэлээ хуурсаар өдий боллоо. – Төмөр хэдийнээ уужуу хүн дээ. – Манай хүн тайван амгалан хоёр нь дэндсэн хүн. Сайн ханийнхаа хүчээр сайхан л явна. – Айл гэрийн аз жаргал гэдэг эр эм хоёрын сэтгэлийн нийлэмж дээр тогтдог доо! гэж ярьж суутал хүү Төмөр нэлээд согтуу орж ирэв ээ. Пүрэвээ нөхрийнхөө хувцсыг тайчиж, хөлий нь бүлээн усанд дүрж халуун цайнд цийдэм холиод өгөв.
Сэндэн эмгэн дотроо: – Арайхийн бэртэйгээ аятай хэдэн үг сольж, дотносох шахаж байтал манай энэний байж байгааг ээ! хэмээн өндөлзөж суув.Төмөр дуу нь чангарч агсрах төлөвтэй үг нь олширчээ. Миний муу ээж айл айл хэсч, ааштай авгай хүүхнүүдэд адлагдаж яваа ч гэх шиг. Төмөрбалдан ах бол дурак. Эхнэр нь шулам, хүүхдүүд нь мангас энэ тэр гэж нүүр улаймаар үгс ундарна. Сэндэн чимээгүйхэн уйлж суулаа. Амьдрал гэдэг элдэвтэй аж. Өмгөр ч болсон өөрийн гэр гэдэг хамгийн хэрэгтэй байж дээ гэж сэтгэлдээ уулга алдаж байв. Эхнэр Пүрэвийгээ муу санаатай хүний үг чагнаж, ул шагайдаг. Өөрийн гэр лүүгээ ил далд зөөдөг гээд байж суухын аргагүй үгс чулуудахад нь Сэндэн эмгэн гэрээс гарлаа. Тэрбээр анх удаа түрүүлж одсон өвгөндөө атаархав. Алгын чинээ эмгэнд чинь орох газар алга даа. Намайгаа дуудаад аваач хэмээн асгартал уйллаа. Уулс сонсч, тэнгэр харавч эмгэнийг өвгөн авсангүй. Гай газар доороос гэгчээр хүү Төмөр нь согтуу ирж эрх чөлөөг нь бүү хэл тэнд байх аргагүй болгосноор ийн хот руу гурав дахь хүү Төгсөөгийндөө очихоор ачааны машинд сууж яваа нь энэ. Ерөөсөө Сэндэн эмгэнд амьдрал нь ямар ч утгагүй санагдаад амьд явах ч хэрэггүй болсон мэт. Нулимс ч гарахаа больжээ. Зүгээр л ингээд үхчих юмсан даа гэж бодохоос өөр юм орж ирэхээсээ өнгөрчээ. Тээврийн товчоон дээр ирэхэд Төгсөөгийн охин Бадам тосч авлаа. Хүү Төгсөө нь хувийн компанитай, эхнэр Чимэгээ нь дотрын их эмч хүн. Дахиад л мэдэхгүй айлын хаалга татаж тэнд дасах гэж үйлээ барна гэхээс үстэй толгой нь өрвийж явлаа. Ач охин Бадам эмээдээ аль болох түшиг болох гэж зөөлөн машины намбагар түшлэгт тохойноос нь түшиж зөөлөн инээмсэглэн явав. Нэг л шил толь болсон байрны дэргэд ирж буугаад эмгэнийг оруулав. Эмгэний өмссөн хувцас, барьсан баадан сав энэ орчинд даанч тохирсонгүй. Гэвч яавал ч яаг гэсэн зөрүүдхэн бодол төрсөн Сэндэнд энэ бүхэн огтхон ч хамаа байсангүй. Хүн хөгширнө гэж хүүхэд нохойн доог болно гэгч энэ аж. Хир дагь болсон тэрлэгтэй, маажийсан гуталтай, цонхийж ядарсан дээрээ уурлах, ичих, нэрэлхэх гээд олон янзын араншин хуримтлагдсан Сэндэн эмгэнд хүү Төгсөөгийнх нь хэд хоногийн хугацаатайг тааварлаж үл чадавч удахгүй яав ч удахгүй гэсэн таамаг сүүтэгнэж байв… Сэндэн эмгэн хэдэн хүүхэдтэй вэ? Тэдний хөвгүүдийн нэрийг жагсаан бичээд ээждээ хэрхэн хандсаныг нь зохиолоос жишээ татан яриарай. Бэр Чимгээ нь улам ч ялдам, улам ч сайхан болжээ. Ээж ээж гэсээр урдуур хойгуур нь идээ будаа барьж гүйвч энэ бол зүгээр л манж ёс гэж Сэндэн эмгэн хатуу бодоод албаар дуугаа хурааж суулаа. Сум, аймгийн төвд байдаг борог бүдүүн тэдэнтэйгээ тааралгүй ирсэн би нийслэл хотын тансаг айлд хир удав гэж. Болохгүй бол хиртэй баадангаа үүрээд нутагтаа очиж ясаа тавина даа гэж бодож байв. Чимгээ: – Ээж цай хоол идэхийн өмнө ус цасанд орох уу, яах уу? гэж асуухад нь: – Үгүй ээ үгүй. Бие жаахан тавгүй байна. Бага зэрэг хэвтмээр байна гэж үнэнээ тоочлоо. Чимгээ ч аргагүй аргагүй хэмээн гүйж өрөөгий нь, зааж өглөө. Модон ортой, хувцасаа хийх шургуулга савтай, хивстэй, ширээтэй юм юмтай хөөрхөн өрөө! Муу дээлээ тайлж дотуур даашинзтайгаа үг сүггүй хажуулаад өгөв өө. Гэсэн ч нойр нь хүрэх янз алга. Хэдэн хүүхдийнхээ гэрийг тойрч бадарчилсаар бараг л “Тэхийн зогсоолдоо” ирээд байх шиг санагдах нь энүүхэнд болжээ. Эднийхээс хөөгдвөл өөрийн өмгөр гэр бага хүү Тулгындаа очих л үлдэнэ гэж бодохуйд нулимс хамрыг нь дагаад урсав. “Надаас хойш чи минь яана даа” гэж амьсгаадан байж хэлсэн өвгөний үг орой руу нь орно. Хэдэн хүү төрүүлж, чадлынхаа хэрээр өсгөж өндийлгөн хүний дайтай явуулах сан гэж хоёул амь амьдралаа зориулсан.
Гэтэл тэдний хариу ердөө л энэ ажээ. Бригад, сум, аймаг, нийслэл дамжин өртөөлж, буух газраа олохгүй ад шоо болж яваа алгын чинээ эмгэн намайг гэх хүн энэ ертөнцөд алга болжээ гэсэн бодол хөвөрнө. Хүйтэнд даарах вий, халуунд халах вий гэж бөөцийлж өсгөсөн хэдэн хүүхэд нь өнөөдөр холын хол, хөндийгөөс хөндий харийн улс болчихсон мэт. Ээж нь тэдэнд өнөөдөр хэрэггүй, эхнэр хүүхэд нь л хэрэгтэй ажээ. Хүн гэдэг юуны төлөө амьдарч явдаг юм бэ дээ хэмээн гайхширан бодож хэвтлээ. Гэнэт өрөөний хаалгыг аяархан цохиж хүү Төгсөө нь орж ирлээ. Орон дээр бүхлээрээ шахуу хажуулж байгаа атигархан ээжийнхээ дэргэд ирж үнсүүлэх хэмээн бөхийв. Тэгээд магнайгаа үнэрлүүлж аваад ээжийнхээ хөлд суулаа. – Ээж их ядарч ирэв үү? – Гайгүй ээ. – Өчигдөр Төмөр ах, Чимгээ эгч хоёр дахин дахин аймгийн төвөөс утасдаж ээж очсон уу? гээд санаа нь зовцгоогоод байсан. Аягүй бол ойрноос хоёулаа ирэх байх. – Би ч дээ тэдэнд хэрэггүй дээ. – Ээж юу ярьж байгаа юм бэ? Би таныгаа эндээс явуулахгүй. Хүү нь ээжийгээ хажуудаа байлгана. – Дараа болох биз дээ гээд хоолой нь зангирлаа. – Төгсөө ээжийнхээ буурал үсийг илж, уйлчих шахсанаа, – Өнөөдөр таныгаа ингэж нааш цааш явуулж байгаадаа сэтгэл өвдөж байна. Тэнэг биднийгээ уучилж үз дээ ээж минь гээд энгэрт нь толгойгоо наалаа. Элдвийг бодон ээдэж байсан сэтгэл нь хачин уярч уруул нь өмөлзөв. Эх хүү хоёр нялхамсан жаргав. Гомдох өдөр байхад баярлах өдөр ирдэг л аж. Орой нь Сэндэн эмгэн усанд орж, шинэхэн хувцас өмсч ер нь шинэ хүн боллоо доо. Ингэсээр хэдэн өдөр өнгөрөв. Нэг өдөр дэмий суухаар гэж бодоод дэл сул харагдсан бүх л хувцас хунараа авч угаалга хийж гадаа тагтан дээр дотуур гадуур хувцаснуудыг өлгөж тавиад учиргүй их хөлхөх машин тэрэгний урсгалыг харжээ суутал бэр нь иржээ. Орж ирүүт – Үүдний жижүүр эмнэлэг рүү утасдаж хэллээ. Ээж гадаа ийм дотуур хувцас өлгөж болохгүй. Ийм муухай дотоожоо одоо хая! Би таньд өнөөдөр авч өгнө гээд өнөө хөлсөө цувуулан угаасан хүний өөрийн бүх хувцас хунарыг хогийн саванд хийж орхих нь тэр. Сэндэн эмгэнд гомдолтой л байв. Миний муусайн өнгө алдсан дотоожийг хаяж болох ч хамт угаасан өөрсдийнхөө хувцасыг ярвайн сэжиглэн хаяж байгаа нь даанч эвгүй. Халдварт өвчтэй хүний эд юмнаас сэжиглэх шиг нэн гомдолтой. Сэндэн эмгэн ч за ингээд гууль нь цухуйж эхэлж байгаа нь энэ дээ хэмээн лавтайяа бодож, уярч хайлсан сэтгэл нь дахиад уймарч эхлэв. Орой нь эмгэнд дуулдахуйц хүү бэр хоёр нь ам муруйв. Ээж чамд л тус болъё гэж бодоо биз. Юу нь буруу байгаа юм. – Ёстой нэг балиар. Үүдний жижүүр хэлэх үгээ олж ядаад байсан даа. – Балиаргүй Монгол хаана байсан юм. Чи зүгээр хэлэх үгээ олж ярь. – Чиний нэр төрийг л бодож байна. Төгсөө захирлынх ийм л дотоож өмсдөг энэ тэр гээд цаадуул чинь ам нь загатнан ярих вий. – Яриг, тэрнээс болж ичиж үхчих гээд байвал эндээс явж болно шүү. – За за бүр иймдээ тулсан уу? Чи ч энүүгээр далимдуулж намайг явуулж нөгөө шөмбөгөр цагаанаа л авчирах гэж байгаа л даа. – Чи бол ийм л юм сэтгэж бодож явдаг өчүүхэн амьтан даа. Дуугаа хураагаад унтвал унт. Эс чадвал яв! – Хаашаа яв гэж? – Хандсан зүгтээ. – Хаанаас яаж авчирсан тэр газраа хүргэж өгөөрэй! – Чамайг хүргэж явдаг зав алга. Хөлөөрөө гүйгээд явахгүй юу…
Сэндэн эмгэн толгойгоо хөнжлөөрөө бүтээв. Эр эм хоёр хэрэлдэж л байдаг. Гэвч эдэн шиг ийм хатуу ширүүн үгээр бие биеэ дайрч зүрхэнд нь зүү шивүүлээд эргээд яаж эвлэрдэг улс байна. Төмөр, Төмөрбалдан одоо энэ Төгсөө бүгд адил аж. Уурлаж согтохоороо юу ч хамаагүй хэлчихээд уурлахаа болихоор, архиа гарахаар хүүхнийхээ хөлд сөхөрч суудаг урагшгүй, унхиагүй улс. Миний өвгөн эдэн шиг залуу, золбоотой явсан даа. Гэвч надад ийм хатуу үг хэлж байгаагүй л юм даа. “Салшгүй сайн нөхөртөө марташгүй муу үг бүү хэл” гэдэг сэн. Хэрүүлийн бай нь би болж таарлаа. Ядуу нь ч, баян нь ч адил юм гээч! гэж элдвийг бодож үймэрсээр нэг мэдэхнээ унтаж орхижээ. Хүү, бэр хоёр нь урьд шөнө ер хэрэлдээгүй улс шиг, ихэр хоёр шувуу шиг эвлэлдэн гараад явлаа. Сэндэн эмгэн юм угааж, юм хийж болохгүй л юм байна даа гэж бодсон ч уйдаад болсонгүй. Гадаа гарч жаахан сууя гэсээр гадаа гарав. Намрын шар нар над дээр, чам дээр тусаад нэг л сайхан. Нутаг минь аль зүгт байдаг бол доо гэж бодов. Өндөр өндөр тэнгэр баганадсан байшин барилга нүдний өмнө тусна. Ингэж байтал нэг хүү иржээ. – Эмээ та Төгсөө захирлын ээж үү? гэж танимхайран асуув. – Мөөн гэвэл, -Захирал гэнэт хүлээн авалттай болсон тул гэрээс очоод ёслолын хувцас хунар аваад ир гэж намайг явууллаа. Бас танд энэ зөөлөн боов өгүүлсэн. Би жолооч нь гэв. Эмгэн: – Тийм үү гэсээр яаран гэр лүүгээ орлоо. Гэрт орж эмгэн голын өрөөнд цай ууж, хоол идээд яв хэмээн хүүд тал засав. Хүү – Цай л ууя! Цаг давчуу яваа. – Хоол бэлэн л дээ. Халаагаад л болоо. Шинэ хонины мах чанасан бантан шүү дээ. – Тэгвэл жаахан амсъя! Болсон идээнд ам хүргэдэг биз дээ. – Бага залуу хүн гэхэд ёс журам мэддэг, настай хүнийг хүндэлдэг сайн хүү байна даа. – За эмээ та цай хоолоо бэлтгээдэх. Би даргын захьсан зүйлсийг бэлтгэе! Ажил их, цаг бага гээд цаад өрөө рүү орлоо. Эмгэн ч өөрийг нь тоож ярьж, хүндэлсэнд сэтгэл нь хөдөлж, хоол халааж, цай аягалан махнаас огтлон жижиглэж бантанд хийв. Хүү ч буцаж орж ирээд, хоол цайны амтыг магтан, өөрийгөө эмээ дээрээ өссөн хэмээн нулимс цийлэгнүүлэн ярьж эмгэнд духаа үнэрлүүлээд дахин зөндөө ирнэ гээд гарч явлаа. Эмгэний сэтгэл сэргэж, өөрийнхөө өрөөг засч цэвэрлээд гал тогооны өрөөнд орж хэдэн бууз хийхээр мах татав. Буузаа ч хийв. Чингэтэл хүүхдүүд нь цуварсаар орж ирцгээлээ. Ширээ тойрч суугаад хооллон бага зэрэг өөх нь их юм гэснээс өөр шүүмжлэлгүйгээр дууслаа. Оройхон хүү, бэр хоёр нь хамт ирэн эмгэнд үнсүүлээд өрөөндөө орцгоов. Тэгснээ бөөн л дуу шуу болон нүд нь орой дээрээ гарцгаан буцаж гарч ирээд хамаг үнэтэй хувцас хунар, бэрийн зүүлт ээмэг, цаг алга болчихсон гэлээ. Эмгэн инээж Төгсөөгийн жолооч хүү ирээд аваад явсан гэвэл Төгсөө би жолоочгүй, өөрөө машинаа барьдаг гэв ээ. Эмгэн эргэлзэж тэр хүү худлаа ярьж, хулгай хийхээр хүн биш дээ гэсэн ч дуу нь суларлаа. Сэргийлэх ч дуудлаа. Эмгэнийг айхтар ширүүн байцаав. Хүн болсоор сэргийлэх цагдаа гэдэгтэй анх нүүр тулж буй нь энэ тул их л айж сүрдэв. Чингэж хүү Төгсөө нь гарлагагүй орлого гэж юу сан. Гарах л ёстой юм гараа биз гэж хэргийг дуусгахыг оролдсон ч бэр нь хамаг үнэ цэнтэй гоёл чимгээ алдсан тул уурсан “хулгай хар мөртэй” хэмээн адын үг чулуудна.
Төгсөө ч “Аваад өгнө шуналт минь” гэх нь дахиад л хэрүүл болох шинжтэй. Хамаг л өө сэв өөрөөс нь ундраад хаана ч явсан, яаж ч хичээсэн буруутаад нэг л биш. “Үхэх цаг ойртоод байгаа юм бол эрлэг номун хаан минь хурдан авчихаасай билээ” гэж хэнд ч гомдохоо үл мэдэвч бухимдан бухимдан уйлж суулаа. Бүтлийг минь бүлээн усаар угаачихаж ээ гэж бодов. Тэгээд “Хотын хулгайч гэдэг ер бусын соёлтой, жирийн хүмүүсээс ер ялгагдахааргүйгээр үл барам бүүр сэтгэлийг уяраах ид шидтэй улс байдаг юм санж” гэж бодохуйд инээд гэрэлтсэн нөгөө хүүгийн царай үзэгдэж “Эмээгээ санадаг” гээд нулимс унагаасан нь бодогдоод ер үзэн ядаж чадсангүй. Хулгайч муу хүн ч гэж өширхөх сэтгэл төрөхгүй нь гайхмаар. Ийн элдвийг эргэцүүлэн үймэрч суутал бэр Чимэгээ нь – Ингэж байж чадахгүй. Явна гэж байгаа бололтой. Хүү Төгсөө нь ч – Яв, яв буцаж ирвэл хүлээж авахгүй шүү гэж тавлах дуу гараад нэг л биш болоод явчихлаа. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв. Сэндэн эмгэн бэрийнхээ өрөөний хаалгыг татан шагайваас уурлаж цамнасан бэр нь хамаг хувцасаа шүүгээнээс гарган ор луу цацаж байлаа. Эмгэнийг харснаа зогтусан хэсэг бантсанаа дахин хувцасаа гаргав…
Сэндэн өрөө рүүгээ буцаж, өөрийнхөө хиртэй хэдэн хувцасаа хийгээд үүрч явдаг том баадангаа авчирч шалан дээр дэвсээд жижиг шүүгээнүүдийг татлан гоё ганган торгомсог дотоожуудыг нь гарган асгаж – Май ингээд энэнд боогоод үүрээд яв! Айл айл хэсч явах ямар сайхан гэж бодно оо! Би чиний араас ч очиж мэднэ. Энэ баадан хиртэй ч гэсэн бадарчилж явахад өлзийтэй байдаг юм. Чи ч бас анх удаа гэрээсээ явах гэж байгаа, бас их эмч хүн болохоор дотоож чинь цэвэрхэн юм аа. Аргагүй дээ над шиг хэзээ хэзээгүй үхэх гэж байгаа хөдөөний хөгшин эмгэн биш! гээд нулимсандаа хахаж цацан хувцас хунарыг нь шидлэв. Гайхсан бэр нь эмгэнийг тэвэрч – Ээж минь болно доо, болно гээд уйлав. Дараа нь хоёулаа цацалсан хувцасан дээрээ суугаад нулимстай нүдээр бие биенээ дотноор харцгаалаа. Сэндэн эмгэн угийн хар бор гаралтай бидэнд сурвалжтай та нараас ялгаатай юм их бий дээ гээд санаа алдлаа. Тэгээд хэдэн тэнэг хүүхдээс минь арай овоо яваа нь л энэ маанаг Төгсөө! Бидэн дотроо л овоо нь болохоос биш яаж та нарт хүрэх аж гэвээс бэрийн царай хувьсхийж: – Маанаг биш ээ! хэмээн уурлан үнэнээсээ өмөөрч уруул нь өмөлзөв. Хэдий хэрэлдэж муу үг хоорондоо чулууддаг ч нөхрөө бусдад муулуулахгүй гэх чин сэтгэлийг нь мэдэрч эмгэн баярлав. Тэднийг ингэж байх зуур бага хүү Тайванаа нь хаалгыг нь онгойлгож харснаа аавдаа, – Хоёулаа эвлээд сууж байнаа гэх баясалтай дуу нь тод дуулдав.
Удсан ч үгүй Төгсөө орж ирүүт, – Хатагтай авхай нарыг цайнд урья гээд эхнэрээ гараас нь татаж босгоод, хоёулаа ээжийгээ түшиж босгов оо. Энэ удаад ийн өнгөрч Сэндэн эмгэн ч хот маягт удаан боловч дасч эхлэв. Овоо хянуур, бас цэвэр дэгжин ч болж бэртэйгээ өдрөөс өдөрт дасч хааяа хүүгийнхээ үнэтэй машинд сууж дээдсийн очдог газраар ч явдаг “Ямбатай эмгэн” болох шахаж байлаа. Нэгэн өдөр хажуугийн хүнсний захаар алхаж явтал: – Сэндээн! гэж эмэгтэй хүний дуу хажууханд нь гарав. Гайхан хартал нүүр ам нь харахын аргагүй халтартсан гурван нялх хүүхэд хөтөлж, нэгийг тэвэрсэн нутгийн нь авгай Должид байх нь тэр. Танигдахын аргагүй болжээ. Уг нь цагтаа Должид нутагтаа сайхан хүүхний тоонд орж тэр үеийн залуусыг дагуулж л явсан сан. Муу өвгөнийг нь хүртэл уруу татаад авсан удаатай. Сэндэн эмгэнээс лав л арваад дүү хүн. Одоо ядарч зүдрээд танигдахааргүй өөрчлөгджээ. Сэндэнгийн авч яваа идэж уух юмс дээр хүүхдүүдийнх нь өлөн нүд тусахыг хараад бүгдийг нь өмнө нь дэлгэж тавилаа. Ёстой хурмын зуур хэдэн сайртай гар уралдан оров. Должид ч нэрэлхэж ичсэнгүй идэж гарав. Нөгөө траншейн гэгчид амьдардаг болсон гэнэ. Нутгаас нь дагуулж гарсан хүн нь хотод авчраад золбин нохой шиг хаяж орхисон бөгөөд муу хүмүүстэй нийлсээр ийм замд орсон ажээ. Сэндэн өрөвдөж хэдэн төгрөг өгч гэрээ зааж орхив. Ингэснээр хотжиж явсан эмгэн Сэндэнд дараагийн шинэ зовлон нэмэгдэх юм гэж огт зүүдэлсэнгүй, өрөвдөж, хайрласандаа хорвоо гэдэг хүний үрээр хэрхэн тоглож болдгийг бодож нулимс урсгаж явлаа. Өрөвдөж, нүүр өгч болдоггүй учир гэж байдгийг эмгэн ухаарсангүй алхав. Маргааш өглөө нь үүдний жижүүр Төгсөө захиралд зарга мэдүүлж ээжийн тань танил авгай ирээд коридорын үнэтэй шил, зарим айлын үүдэнд дэвссэн үнэтэй хивсийг аваад явчихсан тул төлж өгөхийг тулган шаардав. Хөрш айлууд ч тэдэнд үг хаяж, сэргийлэхэд мэдэгдэнэ гэцгээв. Сэндэн эмгэний өчигдрийн өрөвдсөн улс ийн өр лүү нь өшиглөв. Нэг айлын үнэт эдлэл алдагдсанд хэдэн сая төгрөг төл гэж сүрдүүллээ. Дахин хэрэг мандаж хүү Төгсөө нь ч уурлан “Угаав ч уг нь хар” гэж ээжийгээ загнав. Одоо Сэндэд босох ч тэнхэл алга болов. Босоод ч хэрэггүй мэт. Амьд явах ч төвөгтэй ажээ. Хичээж яваад л яршигтай шуурганд хөл алдчихдаг. Хөнжлөө нөмрөөд нүдээ анив. Хүү нь ээж минь! Ээжээ! гэх дуулдах шиг.