“ШАР СЭМЖИЛСЭН ХАДАМ ААВТАЙ…” – БОДИТ АМЬДРАЛААС
“ШАР СЭМЖИЛСЭН ХАДАМ ААВТАЙ…” – БОДИТ АМЬДРАЛААС
Сайн байна уу. Би одоо 33 настай дөрвөн хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртэйгөө ханилаад арван жил болох гэж байна. Нөхөр маань их сайн хүн, хүүхдүүддээ амь гэж жигтэйхэн амьдралынхаа төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг мундаг залуу байдаг.
Би харин ажил хийхгүй гэртээ хүүхдүүдээ хардаг. Ажил хийдэггүй ч гэсэн хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөгөөд, олон хүүхдийн хоол унд хийх гээд өдөржингөө л нуруугаа тэнийлгэх завгүй өнждөг.
Нөхөр маань хоёр жилийн өмнөөс тогтсон цалин сайтай ажилд орсон, манай дүү ярьж байгаад оруулж өгсөн юм. Урьд нь ахынхаа хий гэснийг хийгээд өдөр шөнөгүй зүтгээд сард ердөө үлгэн салган л 500 мянга төгрөг авдаг байлаа.
Тэгээд цалингаа бүтэн ч өгдөггүй мөртлөө ах нь өөрөө бол хагартлаа баяжаад манайх гэдэг айл хоолтой хоолгүй өдрүүд их байдаг байсансан.
Миний харсанаар манай хүн л хамаг ажлыг нь нугалдаг байсан. Тэгээд хөөрхий минь ажиллаж, ажиллаж ирчихээд шөнө нь халтууранд явна.
Тэгэхээр нь манай хадмууд энэ муу шулам л хүүг минь зовоолоо, хүүхэд гаргахаас өөр ид шидгүй гэж намайг нүүрэн дээр минь хэлэхгүй ч урдуур хойгуур элдвээр л хэлдэг юм билээ.
Яс юман дээрээ манай ээж гадаадад байдаг, намайг нөхөр хүүхдүүдтэй минь хамт хувцаслачихна заримдаа мөнгөний хэрэгцээ гарсан үед минь их биш ч боломжоороо цөөхөн хэдэг төгрөг явуулаад буцааж авъя энэ тэр ч гэхгүй их л дэмтэй байдаг юм.
Анх нэг гэрт орж байхад маань байр ав гээд мөнгө явуулахад нь ашиглалтанд ороогүй байр захиалаад хориод сая төгрөгөө xулхидуулаад үлдсэн мөнгөөр нь одоо амьдарч байгаа хашаа байшингаа авч байлаа.
Манай хүн надтай суухдаа иргэний үнэмлэх байтугай төрсөний гэрчилгээ ч үгүй байсан. Тэглээ гээд хэн ч энэ нэг ядуу боловсролгүй гэж манайхан муулах битгий хэл муухай ч харж байгаагүй. Харин ч ээж маань охинд минь хань болж байгаа миний алт шиг ганц хүргэн гээд маш сайн ханддаг.
Надад харин эсрэгээрээ хадмууд маань тун дургүй бололтой байдаг. Яагаад тийм их дургүй байдгийг нь даанч мэдэхгүй юм даа.
Одоо манайх хэдий өр зээлтэй байгаа ч гэсэн дотроо нойлтой, халуун хүйтэн устай хашаа байшинд, өөрсдийн гэсэн унах унаатай хэн ч харсан ядруу гэж хэлэхээргүй л тохьтой сайхан амьдарч байна.
Тийм байхад хадам аав маань анх л намайг бэр орж байхад муулж элдвээр хэлдэг байсан одоо ч яг энэ хэвээрээ. Муу бэртэй болвол хүүгүй болсонд тооц гэдэг юм гээд л согтохоороо надруу залгаж элдэв янзаар хэлнэ.
Уг нь амьхандаа л сайн эхнэр, сайн ээж байхыг хичээж явна. Би тэгээд л нөхөртэйгөө ярилцана, намайг яагаад ингээд ад үзээд байдаг юм бол миний хань нэг гэрийнхэнтэйгээ ярилцаад хэлээд үз л дээ гээд тойруулж ч хэлж үзнэ, шууд ч хэлнэ.
Даанч тэр талаар олигтой юм аавтайгаа ярихгүй. Нөгөө хоёр бэрдээ бол их сайн байдаг. Ажил төрөл хийдэг болохоор нь ч тэгдэг юм болов уу гэж бодох шиг.
Би ажилд ороод гэртээ үзэгдэхгүй болчихвол энэ дөрвөн хүүхэд минь яах бол л гэж их санаа зовж байна. Гэхдээ мэдээж бага маань том болоод учиртай болоод ирвэл дахиж хүүхэд гаргахгүй ажил хийнэ л гэж боддог.
Нэг удаа хүүгийнхээ эцэг эхийн хуралд сууж амжихгүй болоод хадам аавыг суугаад өгөөч гуйсан юм. Тэгсэн хүүгийн маань багшид бас л намайг муулж элдвээр хэлээд хүүхдүүдийг маань өвөө дээр нь авчирдаггүй энээ тэрээ гээд хэлсэн байсан.
Манай хүүхдүүд өөрсдөө л өвөө дээрээ очих дургуй байдаг. Яагаад очих дургүй байдаг юм гэхээр очихоор аpxи уугаад танай ээж чинь миний хүүг зовоож байгаа гээд таныг бид нарт муулаад агсан тавиад байдаг гэсэн.
Ийм болохоор нь өөрсдөө л бараг миний шахаасаар тоотой хэд л очдог. Хамгийн гол асуудал гэвэл нөхөр маань сүүлийн үед яг аав шигээ зан гаргаад байдаг боллоо. Ажлаасаа ирээд ганц нэг пиво ууна тэрэндээ согтоод олон долоон юм яриад байдаг болсон.
Нас нь яваад ирэхээрээ аав шигээ эрүүл согтуугүй үглээ, уухаараа агсан тавьдаг болох вий гэж маш их айж байна. Одоо ч бараг л тэвчээр минь алдрах гээд байх шиг. Эсвэл нэг бол би гэртээ байсаар байгаад нийгмийн харилцаанд орохгүй болохоор зожигроод иймэрхүү зүйлсийг нь хэтэрхий эмзэгээр хүлээж аваад байгаа юм болов уу.
Хүүхдүүд маань бол аавдаа амь, аавыгаа оройтоод ирэх юм бол аав яачихваа гээд санаад унтахгүй хүлээгээд суучихдаг. Нөхөргүйгээр үлдсэн амьдралаа төсөөлөхөд ч хэцүү байна л даа.
Даанч энэ аpxи пиво гэдэг юманд дэндүү дурлаад гарч орж хонож өнжөөд уухгүй ч гэсэн ганцаараа уухаараа тэрэндээ согтоод олон юм яриад хамаг тэвчээрийг минь бараад байх юм. За одоо ёстой уухгүй ээ гээд л долоо хоног ч тэсэж чадахгүй дахиад л уучихна.
Хань нь хоёрхон пиво уучихъя гээд гуйна тэгээд тэр хоёртоо согтоод агсан тавих маягтай болоод ирнэ. Би ч эхэндээ за согтуу хүнтэй юугаа ярих вэ гээд дуугүй л байдаг байсан, сүүлрүүгээ бүр арга ядаад тэсэхээ байгаад хэрэлддэг болсон.
Хадам аав бол apxи уухын хажуугаар үнэн аймар явдалтай, залуудаа ямар байсныг нь мэдэхгүй ч одоогийнхоосоо лав гайгүй байсан гэж бодохооргүй л хүн. Одоо бол хөгширсөн гэж бодолтгүй янзан бүрийн хэд хэдэн авгай солиод л заваараад явна.
Нэг удаа бүр СӨХ-ийнх нь үйлчлэгч гээд бараг надтай чацуу өөрийнхөө охин шиг хүнлүү улаан цайм сээтэн хаяад тэврээд авах нь л холгүй байсан, хүнийг хөгширсөн гэж бодож ёстой болохгүй юм байна лээ.
Хадам аав маань биш танихгүй хүнийг ингэж байхыг харсан бол шар сэмжилсэн балиар өвгөн байна даа л гэж бодохоор юм байна лээ. Энэ явдал суудал нь надаа хамаагүй л дээ. Гэхдээ л нөхөр маань аавыгаа дуурайх юм биш биз дээ гээд сүүлийн үед айдаг болсон.
Одоогоор тийм элдэв янзын хүүхэн шуухан энээ тэрээ гэж явж байгаагүй ч эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг яваандаа нас тогтоод амьдрал тэгшрээд ирэхээрээ аав шигээ явдал суудалтай ихтэй гашуун ундаанаас ч буцдаггүй болчихвий л гэж их санаа зовох юм. Та бүхэн минь хар буруу саналгүй амьдралынхаа туршлагаас харамгүй зөвлөөрэй. Бүгдийг нь уншиж хүлээж авнаа.