MngNews

“ШАРХАДСАН ТЭНГЭРИЙН ЭЛЧ” ӨГҮҮЛЛЭГ

Эрт дээр үед хүмүүст хайртай тэдэнд туслах туйлийн хүсэлтэй нэгэн тэнгэр элч байж гэнэ.Тэрээр тэнгэрийн орноос хүмүүсийн   зовлон гунигийг ажиж суусаар тэсэлгүй нэг өдөр хүмүүст биеэр туслахаар газар дэлхий дээр буужээ. Ингээд түүний үзэгдсэн газар болгон  нэг нь хүнд өвчнөөсөө нөгөө нь өрнөөс салж гуравдах нь гээсэн итгэл найдвараа эргүүлэн авах …, мэтээр хүмүүсийн хувь заяа өрчлөгдөж байв.Нэн удалгүй хүмүүст сэтгэл харамгүй тусладаг, хүслийг биелүүлдэг  тэр  буянт тэнгэр элчийн тухай бүгдээрээ мэддэг болж  хүн болгон  түүнийг эрж хайх болжээ.

Нэгэн өдөр тэнгэр элч хөл ихтэй зээлийн гудамжинд гуйлгачин эмгэнд туслахаар  буутал хором ч өнгөрөөгүй байхад хэн нэгэн түүнийг таньж “Тэр тэнддд  баaaaииийна!!!!!!!” гэж  хашгирахад  гудамжаар хөлхөлдөж байсан хүмүүс бүгд дайраад гэсэн тушаал авсан цэргүүд мэт уралдан түүн рүү гүйлджээ.Тэд дусал балан дээр овооролдох сая живаа шоргоолжны арми эсвэл сүргээрээ ганц гөрөөс барьж байгаа ер бусын   өлсгөлөн араатнууд шиг   xүн бүр тэнгэр элчээс өөрийнхөө хүсэлтийг биелүүлэхийг шаардаж,орилж, уйлж хашгиран  бие биенээ дайрч унаган дэвслэн  тэмцэлдэж байв.Тэдгээр хүмүүс бол хүсэл шуналдаа хөтлөгдөн ухаан мэдрэлээ алдсан учраас хүн биш мангасууд л байжээ.

Ингээд хэсэг хугацаа өнгөрөөд хүслийг нь биелүүлээгүйд уурлаж хорссон хүмүүс түүнийг  зодож нүдэж, хараан доромжилоод таран явцгаахад хоосон гудамжинд тэр ганцаар үлджээ.Түүний сайхан үс гэзэг нь туг тугаараа зулгаагдаж толгой хөндүүрлэн ,цасан цагаан өмсгөл нь халтартаж урагдан, хөл нь доголж  нэгэн догшин авгайн самардсан  хумсны ороор хацарт нь цус шүүрч байв.Гэлээ ч тэнгэр элч элч тэдэнд гомдсонгүй.Харин ганцхан зүйлд туйлын их харамсаж байжээ.Тэр нь юу вэ гэвэл улангассан хүмүүс түүний өрөөсөн жигүүрийг хугалаад хаячихсан учраас тэнгэр элч  хүсэл байвч хүмүүст тусалж чадахгүй болсонд л байжээ.Өдөр хоног  он жилүүд өнгөрч  тэр шархадсан тэнгэр элчийн хувцас нооройж үс нь ширэлдэн харцанд нь гуниг шингэж гэрэлт царай нь тоосонд дарагдан  орон гэргүй тэнэмэл ядуу хүн мэт гудамжаар дэмий л доголон алхдаг болжээ.Хүүхдүүд түүн лүү чулуу шидэж, ноход хуцан ,энэрэлгүй хүмүүс түүнийг  ад үзэн өөдгүй амьтан, азгүй хог халтар новш гэж доромжилж байв.Аажим ажмаар хүний амьдралаар амьдарсан тэнгэр элч хүний мөн чанарыг ойлгож “Xүмүүсийн зовлон зүдгүүрийн шалтгаан нь тэдний хазааргүй шунал хүсэл , биенээ биенээ хорлох гэсэн өөдгүй муу санаанд нь байна.Мөн бүх хүмүүсийн бүх хүслийг биелүүллээ ч гэсэн тэд хэзээ ч аз жаргалтай болохгүй юм байна”  гэдгийг мэдэж авчээ. Тэр алтан нар цацрагаа гялбуулж хөвөн цагаан үүлс хөвсөн хөхрөгч тэнгэр өөд ширтэж тэнгэрийн орон луугаа дүүлэн нисэхийг хүсэвч өрөөсөн жигүүр нь хугархай тул яаж ч болохгүй хөрст дэлхий дээр үүрд үлдэх болсон байв.Өдөр бүр тэр дээд тэнгэрээр дүүлэн  явсан хязгааргүй эрх чөлөөтөй сайхан үеэ санан санан гунихарч байлаа.Нэг өдөр эрүүгээ өвдгөөрөө тулан замын хашлага дээр явган суугаад муу усны шуудуугаар аажуухан урсах бохир усанд дээд тэнгэрийг тольдон том том нулимс унагаж байтал гэнэт усны толионд нэгэн танил дүрс тодроод ирэв гэнэ .Цочин дээш хартал маргад ногоон нүдтэй, гэрэлт цасан царайтай , улаан уруултай үзэсгэлэнт охин тэнгэр  өмнө нь зогсож байжээ.Тэгэд хоёул биенээ биенээ ширтэв. Хоёулангийнх нь өрөөсөн жигүүр хугархай, хоёулангийнх нь зовлон гуниг хүсэл тэмүүлэл адил байжээ.

Шархадсан тэнгэр элч охин тэнгэрийн бэлхүүсээр тэврэхэд охин тэнгэр мөн адил тэврэв.Тэр хоёр бие биенийгээ нэг ч үг  хэлэлтгүйгээр ойлгож байлаа.Тэд нарын нүүрэнд баярын мишээл тодорч харцанд итгэл найдварын оч гэрэлтэн тэврэлдэж өрөөсөн жигүүрүүдээ дэлгэн дэвэхэд хотын гудамжинд хуй салхи дэгдэн тоос бужигнан навчис хийсэлдэж хос хоёр  сүр жавхлантайгаар урьдны адил тэнгэр өөд дүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!