“ЧИНИЙ ХЭН БАЙХ ЧАМААС Л ШАЛТГААЛНА” БОДИТ АМЬДРАЛААС

“ЧИНИЙ ХЭН БАЙХ ЧАМААС Л ШАЛТГААЛНА” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Нөхөр бид 2 шинэхэн хосууд би их томоо гэдэстэй нэгэн нийтийн байрны хаалгыг нээн анх тусдаа гарч байлаа. Хоёулаа нүүгээд оръё гэсэн ч орон сууцгүй байсан үe, бас хадмуудтайгаа хэн хэн нь байхыг хүсээгүй боломжоороо тусдаа гарч байгаа нь тэр л дээ. Тэр үeд нөхөр маань өглөө хичээлдээ орой нь ажилдаа шөнөдөө л надад үзэгддэг байлаа. Шинэхэн хосууд. Ёстой л бүх зүйлд туршлага дутдаг байж дээ одоо бодоход. Нийтийн байрныхнаа тэгсхийгээд таньдаг болж орж гардаг болж гэртээ ганцаараа үлддэг надад олон танилтай болж билээ. Яг манай өрөөний хажуу өрөөнд нэг охин өлгийтэй хүүхэдтэйгээ байдаг байлаа. Бид хоёр шиг шинэ хосууд байдаг юм боловуу гэхээр үгүй хэн ч орж гарахгүй. Тэр охин өлгийтэй хүүхдээ бүүвэйлээд зөөлөн зөөлөн гутлаа чирээд коридороор явах нь сонстдог байлаа. Нэг үдэш ганцаараа хэвтэж байтал хажуу өрөөний охин утсаар яриад хүнрүү залгаад мах, саван вок хэрэгтэй байгаа тухайгаа хэлж байхыг нь сонссон юм. Хөдөө гэрлүүгээ ярьсан бололтой. Аавынхаа биeийг асууж байна. Би шууд л босоод цүнхээ уудлаад 10,000 төгрөг авч гаран дэргүүр орж талх, элэгний нухаш, бөндгөр мах хэрчсэн гурил, төмс сонгино бариад хаалгыг нь тогшсон юм. Ингэж тэр охинтой анх танилцаж байлаа.

Хоёрхон сартай хөөрхөн хүүтэйгээ хоёулаа амьдардаг хэрсүү бас чимээгүй тэр охин миний үзэл бодол, харах өнцгийг тэлсэн гэхүүдээ. Хүүхдийнхээ аавд биe давхар болсон гэдгээ хэлтэл өнөөх нь ор сураггүй алга болсон тэр охин хойноос нь ч хайж яваагүй тэгээд явуулсан гэнэ. Ээж аавынхаа санааг зовоохгүйн тулд хүүхдийнхээ аавтай хамт нийтийн байр түрээслэж байгаа зун очно гээд хэлсэн гэнэ. Би анх их л гайхаж билээ. Танилцаад төрөх тухай их ярилцаж их ч юм асууж гэрт нь орж суудаг байлаа би. Хичээлээ хийж сууна, үргэлж юм бичиж сууна эсвэл хүүхдээ бүүвэйлээд бөгтийчихсөн хөдлөхгүй зогсож байна. Их өвөрмөц охин байж билээ. Нэг хэсэг мөнгөгүй гэрт нь давсчгүй болох яг тэр үeд нөхөр бид хоёр ярилцаад машин авахаар цуглуулж байсан мөнгөнөөсөө тэр охинд зээллээ. Хоол унд хүнс хүүхэддээ хувцас аваарай гурван сарын дараа авъя гээд. Би их янгууч бас их нэрэлхүү зантай байсан ч тэр охины хажууд тэвчээртэй мундаг эмэгтэй шиг харагддаг гэж хичээдэг байлаа. Мөнгө зээлсний маргааш коридорт юм чирээд л хүмүүс ярилцаад л байхаар нь гарч хартал нөгөө охин маань өрөөлүүгээ оёдлын машин оруулж байсан юм. Их л гайхаад гарч сонирхож хартал мах, төмс, будаа, ургамлын тос барьчихсан оёдлын машиныхаа хажууд инээчихсэн байж байлаа.

Зээлсэн мөнгөөр оёдлын машин авчээ. Би доторооо бүр их гайхаж би лав байсан бол хангалттай хоол хүнс аваад хөлдөөгчөө дүүргээд өөртөө хувцас авах байсан юм гэж бодосноо нөхөртөө хэлж байснаа санадаг юм. Өмнө нь мөнгөгүйн зовлонг бас мэддэг байсан учраас баян цатгаландаа биш юу ч үгүй байх ямар байдгийг мэддэг учраас түүнд туслаж байсан юм. Маргаашнаас нь нөгөө өрөөний найз маань тачигнатал юм оёоод эхэлсэн. Дан тэрлэг, дээл, хантааз гээд л. Тэгэхэд л анх ойлгож билээ. Долоо хоночихоод байхад өнөө мах төмс будаа нь талдаа ч ороогүй. Тийм гамтай, нямбай. Хүмүүс ирээд л өмсч үзээд л, хэмжээгээ өгөөд л захиалга өгөөд. Би бүр өмнөөс нь баярлаж байлаа. Үнэхээр нууцлаг хэрнээ үйлдлээрээ хүнийг хүмүүжүүлээд байгаа мэт. Би яг тэр үeд өвдөж төрөхөөр явсан юм. Төрөөд төрсөн ээж дээрээ очиж нэг сар эрхэлж нялхарч байгаад байрандаа охинтойгоо хамт эргээд ирэхэд өрөөний найз маань бууз жигнэчихсэн тосч авч билээ. Өрөөнийх нь нэг хана тэр чигтээ оёсон зүйлээр нь дүүрчихсэн хөөрхөн хүү нь бондойгоод шинэ хослол өмсчихсөн, ханандаа шинэ толь өлгөчихсөн байж билээ. Амьдралаас ингэж л зуурч үлддэг юм байна гэдгийг анх мэдэрч хайр хүрч байлаа. Охиныг минь гэдэсний дүүрэнг гаргаж, бантангийн гурилийг нь эмхэрдэж өгч надад маш их зөвлөдөг эгч шиг минь л байсан. Охиноо 8 сартай болох үeд нөхөр бид гурав тэр байрнаас нүүж байлаа.

Ингээд холбоо сураг тасарсан. Байнга л бодно. Одоо юу хийж байгаа бол. Хүү нь том болоо болов уу гээд л. Эргээд бодоход миний үзэл бодол их өөрчлөгдсөн шүү тэр үeд. Харин өнгөрсөн жил Мишээл дээр сурагчийн хичээлийн хэрэглэлийн үзэсгэлэн үзэж явж байгаад (өнөөх анхны охин маань 2-р анги болсон) олон жил бодож явсан түүнтэйгээ дахиад таардаг юм даа. Яг л хэвээрээ. Нүдээрээ инээчихсэн. Миний бодож байснаас ч илүү амжилтанд хүрчээ. Бүүр хайрлаж догдолж биширмээр. Тэр зээлсэн мөнгөөрөө авсан оёдлын машин их ид шидтэй байж. Гайхмаар. Зөндөө ярилцаж хоол идэж хоёр хүүхдээ харан инээлдэж суулаа. Захиалга нь дийлдэхгүй эрэлттэй мундаг салоны эзэгтэй болсон байсаан. Амьдрал яасан ч сайхан юм. Тэртээ 9 жилийн өмнө нийтийн байрнаас амьдралын гараагаа эхлүүлсэн хоёр бүсгүй өнөөдөр буцаад холбогдоод алдсан цаг хугацаагаа нөхөөд эргээд найзлаж байна даа… Чиний ирээдүйд хэн байх нийгмээс, ээж ааваас чинь бас дипломноос шалтгаалахгүй шүү охид дүү нар минь. Ганцхан чамаас шалтгаална. Чи ирээдүйд өөрийгөө хэн байлгамаар байна. Түүнийхээ төлөө л одоо эхэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!