“ЧИГЧИЙ ХУРУУ” ӨГҮҮЛЛЭГ

Бидний уулзсан жижигхэн кафе хэрэндээ л тохилог. Бид хоёр өмнөө халуун кофе тавьчихаад юу ч ярилгүй зөвхөн өөд өөдөөсөө харан инээмсэглэж суулаа. Тэгэхэд бид юу ч ярилцахгүй байгаа хэрнээ бие биенийхээ харцнаас бүхнийг ойлгож байсан юм. Тэр надад, би түүнд таалагдаж байлаа.Түүний давхраатай алаг нүд, долгиотсон хар үс, бага зэрэг монхорыг эс тооцвол шулуун гэж хэлж болохоор хамар, үргэлж инээмсэглэх нимгэн уруулыг нь харсан хэн ч түүнийг царай муутай залуу гэж хэлэхээргүй. Ялангуяа түүний хүн хүнээс онцгой, миний гарыг хоёр нийлүүлчихсэн юм шиг том гар нь миний сонирхлыг гойд татлаа. Хүн ийм том гартай байна гэж миний ой тоонд урьд нь хэзээ ч бууж байгаагүй болохоор тэр гар миний анхаарлыг татах нь арга ч үгүй биз дээ. Ердөө л, би тэр чигээрээ түүний хоёр алганд багтахаар юм шиг санагдсан юмдаг. Харин миний бяцхан, турь муутай гар, түүний хүчирхэг том гар хоёрын чигчий хуруунууд яг адилхан дотогшоогоо муруй байсанд бид хоёр элгээ хөштөл инээж билээ. Гэтэл бидний тэр гэмгүйхэн инээд сүүлд ханиад болно чинээ бид хоёр санаагүй юм. 

Зоригоо утас андуурч манайх руу залгаад, бид хоёр танилцсан юм. Хэдийгээр энэ бүхэн ердөө гуравхан хоногийн өмнө болсон боловч түүнийг уулзъя гэхэд би татгалзаж чадалгүй зөвшөөрч одоо уулзаж байгаа нь энэ.Түүнийг анх харахад төсөөлж байснаас тэс өмнөө хүн байсан ч гэсэн яагаад ч юм өөдөөс нь харан өөрийн мэдэлгүй жаргалтай нь аргагүй инээмсэглэснээ би санаж байна. Тэр ч бас намайг хараад инээмсэглэхэд би түүнийх шиг тийм ид шидийн юм шиг нууцлаг бөгөөд өөрөөсөө гэрэл цацруулах мэт инээмсэглэлийг урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй.Зоригоо надаас хэдэн насаар ах боловч надад түүнийг ах гэж бодох сэтгэгдэл ердөө ч төрөөгүй юм. Хэрэв түүнээс өөр хүн байсан болж гэм би лав “чи” гэж хэлж зүрхлэхгүй байсан биз ээ. Гэтэл би түүнийг хараад “ийм ахтай байсан бол мөн гоё оо” гэх бодол зэрвэсхэн орж ирсэн боловч “чи” гээд л дуудчихсан юм. Яагаад гэвэл би түүнийг анх хараад л энэ миний хайртай хүн байх ёстой гэж бодсон юм. 

Кафенд уулзсанаас хойш нэг бол тэр намайг сургуулиас тосож, үгүй бол би түүний ажил дээр нь очин тартал нь хүлээж бид хоёр өдөр бүр уулздаг болсон юм. Ажил дээр нь очоод түүнийг хүлээж суух надад ямар их аз жаргалтай байдаг байсан гээч. Би элдвийн юм бодож ялангуяа тэр адилхан чигчий хуруу бид хоёрын хувь заяаг ямар нэгэн байдлаар холбох шиг санагдаж, зүрх минь догдолдог байлаа. Би аавыхаа хамар, эрүү, муруй чигчий хурууг нь яг хуулаад төрчихсөн болохоор аав минь намайг өхөөрдөхдөө чигчий хурууг минь дандаа үнсдэгсэн. Тэгвэл Зоригоо бид хоёрын чигчий хуруу адилхан юм чинь тэр ч гэсэн намайг өхөөрдөж хурууг минь үнсэж байх болов уу гэж бодоод, энэ бодлыг минь хэн нэгэн мэдчихээгүй байгаа даа гэж ийш тийшээ ичингүйрэн харна.Зоригоо намайг өөрийгөө хүлээж байгаа гэдгийг мэдээд сэтгэл нь догдлоод, ажлаа дуусгах гэж яарч байгаа даа гэж бодохоор би түүний хувьд эрхэм хүн, тэр миний хувьд үнэтэй хүн болсныг ойлгосон юм. Тийм ээ. Бид бие биедээ хайртай болсон байлаа. 

Удалгүй тэр маань намайг гэрийнхэнтэйгээ танилцуулах боллоо. Түүний аав ээж нь манай аав ээжтэй л адил дунд эргэм насны сайхан хүмүүс байв. Зоригоогийн аав нь хэдийгээр түүний төрсөн эцэг нь биш боловч Зоригоог юугаар ч дутаалгүй төрсөн эцэг шиг нь л өсгөжээ. Түүнийг 5 настай байхад аав ээж хоёр нь салаад ээж нь энэ хүнтэй суусан юм байж.Бид хоёр тэднийхээс гарахад гадаа аль хэдийн харанхуй болсон байв. Зоригоо намайг өдөр бүр гэрт хүргэж өгдөг байсан болохоор энэ удаа ч мөн хүргэж өгөхөөр явсан юм. Бид хоёр хөтлөлцөн орц руугаа ортол аавтай улаан халз тулгарчихав. Би өдий болтол Зоригоогийн тухай гэрийхэндээ хэлээгүй байсан болохоор сандран: 

– Өө, аав. Ийм орой хаачих нь вэ? хэмээн түгдчисэнээЭнэ миний найз хэмээн Зоригоог зааж аав өөдөө хулгасхийн харав.Гэтэл гадаа харанхуй, орцны гэрэл хэдий муу байсан ч аав Зоригоо хоёр бие биенээ хараад аянганд цохиулчихсан юм шиг дороо нам зогсч, юу ч дуугарахгүй, одоохон унах нь уу гэлтэй аймар царайтай болсон байх нь надад илхэн харагдаж байв.Би юу ч ойлгосонгүй. Гэтэл аав гэнэт сэхээ авсан юм шиг миний гараас шүүрэн авч гүйхээрээ шатаар өгсөн гэрт оров. Би үнэхээр юу ч ойлгосонгүй. Юу ч дуугарч чадсангүй. Дэмий л айж, гайхсан харцаар аав өөдөө ширтэн хэр удаан зогссоноо ч мэдсэнгүй.Харин аав минь нулимс цийлэгнэсэн нүдээр өөдөөс минь харж: – Та хоёр чинь эцэг нэгтэй ах дүүс шүү дээ гэж сөөнгөтөж цахиртсан арчаагүй дорой дуугаар сонсдох төдий шивэгнэх нь тэр ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!