“ЧАМАЙГ ХАДАМ ААВД ХЭЛЖ ЗАГНУУЛНА ДАА”
“ЧАМАЙГ ХАДАМ ААВД ХЭЛЖ ЗАГНУУЛНА ДАА”
НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ
Офицерийн автобусны буудал дээр хэсэг зогслоо. Хоёр залуухан хос. Барагцаалбал нэг үү, хоёрдугаар курсийн л оюутнууд бололтой. Бүсгүй уурлажээ. Залуу түүнийг аргадах гэж эр хүний 13 мэхний 12-ыг хэрэглээд дуусч байх шиг… ”Уучлаарай хайраа” гээд бүсгүйг явуулахгүй хоргоох. Үнсэх гэвэл өнөөх нь бүр ч халгаахгүй. Гэм хийсэн мэт өмнө нь хүлцэнгүй номхон зогсоод л байна. Бүлтийтэл ширтээд “Битгий яв л даа” гэж зогсоо залуугийн харцнаас дүүрэн хайр мэдрэгдэнэ лээ. Тэгтэл автобус ирж бүсгүй суухаар дөхвөл нэгэнт аргадаж чадахгүй хүчин мөхөсдсөн залуу “Хайртай шүү, за” гээд үлдэв. Би ч бүсгүйн хамт ХМК-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд суулаа.
Уурлаад огт ойшоохгүй байсан бүсгүй харин автобусанд суусан даруйдаа цонхоор залууг хараалж залуу тэндээс даллаж л байна. Бүсгүй мөн л харцаа буруулж автобусны хамгийн арын сандалд суулаа. Удалгүй утсаа гаргаж ирээд учир зүггүй мессеж бичиж эхлэв. Төд удалгүй утас дуугарч бүсгүй “За за тэгвэл би дараагийн буудал дээр буулаа. Чи гялс хүрээд ир” гэв. Залуучууд сайндсан бололтой. Өнөө бүтэл муут өдийд хар хурдаараа гүйж яваа даа… Удахгүй тэд гэр бүл болж “Уучлаарай” гээд урвайж зогссон залуу “Ханиа нуруу маажаад өгөөч” хэмээн буйдан дээрээ тухалж, харин бүсгүй хэдэн жилийн өмнөх энэ явдлаа санаж шалтгаангүй уурлаж, сална гэж айлгаж явснаа санах биз. Харин тэр үед “Сална” гэвэл хань нь “Хадам аавд хэлж чамайг загнуулна даа” гээд хээв нэг инээх биз. Сэтгэлдээ хэдий нь уучилсан хэр нь уурлаад гардаг, хараагүй, сонсоогүй царайлж үл тоодог нь магадгүй бүсгүйчүүдэд л байгалиас заяасан зан биз…