“ЦЭВЭРЛЭГЧ ЮМ БАЙЖ ЗАХИРАЛТАЙГАА ААЛЬГҮЙТЭЖ CЭЭTЭГHЭЭД…”

“ХЭН НЬ ХЭН БЭ” – Л.ДАЙРИЙМАА

Золбаяр нэгэн компанид нягтлан бодогч хийдэг аж. Хамт ажилладаг хүмүүс нь түүнд жигтэйхэн сайн. Аргагүй ш дээ авдаг хэдийг нь боддог хүн юм хойно. Золбаяр хэн нь үнэнээсээ гэдгийг харин нэг мэдэлгүй дээ.

Золбаяр айлын том хүү. Багаасаа биеэ дааж, дүү нарынхаа учир зүйг олж ирсэн болоод ч тэр үү аливаа зүйлд нухацтай хандана. Харин гэрлээгүй ганц бие яваа нь гурван дүүгээ гэрлэж, хүнтэй суусны дараа болно гэж боддогтой нь холбоотой.

Хэдэн хүүхдээ өсгөх гэж энэ амьдралаа зориулсан эцэг эх хоёртоо тус дэм болох гэж өөрийн чадлаараа л хичээж яваа залуу. Түүнд дурлалаа, сэтгэлтэй боллоо гэх бүсгүйчүүд олон байх авч залуу яарсангүй.

Золбаярын хүүхэд байхынхаа сайн байсан охин нь аль эрт амьдрал зохиосон бөгөөд түүнийг сайн нөхөртэй болсон гэх үг сэтгэлийг нь баярлуулсан боловч хүний мөс улам л муудсан энэ цагт ганц охин дүүгээ үл бүтэх нөхөртэй болчих вий гэж ихэд болгоомжилно.

Хоёр эрэгтэй дүүдээ ч бас санаа зовдоггүй гэвэл худлаа. Олоод ирснийг нь зөв зохицуулж чаддаггүй хүн таарчихвал бас яах билээ гэж бодох аж. Заримдаа тэр – би арай ч их итгэлгүй зүйлс бодоод байна уу гэж өөртөө сануулна.

Өнөөдөр тэр – дэд захирал болох мэдээ сонсоод их л баярласан боловч, ямар хүн нягтлан болж энэ хэдийн маань цалин хөлсийг бодох ажлыг хийх бол, бас л эвгүй ш дээ гэж бодож эхлээд – за одоо нөгөөх л дэмий бодлоо бодож эхлэх нь гэж өөртөө хэлэв.

Тэр өдрөөс хойш хэдэн жил өнгөрч Золбаярын захирал болсны гурван жилийн ойн өдрийг хамт олон нь тэмдэглэнэ гэсэн мэдээ сонсоод – үгүй энэ амьдрал гэдэг яасан ч хурдан өнгөрдөг юм бэ дээ нэг л мэдсэн 30 гарчхаж, дүү нар маань ч сайн хань ижилтэй боллоо.

Алдаа оноогүй хүн гэж хэн байхав. Алийг ч өөлөхөв, хоёр идэхээ байг гэхэд хоосон хоночихгүй л амьдарч яваа нь сайн хэрэг. Авахаас хоёр бэр минь бас ч дажгүй ааш зантай хүүхнүүд юм. Хүргэн яахав ээ хөөрхий ажил төрөл нь тийм бүтэмжтэй биш ч элдэв муу зангүй хүн тэгэхээр л болоо гэж бодож зогсов.

Хаалга тогшин нарийн бичиг хүүхэн шагайснаа – захирлаа таныг манайхан дуудаж байна гэхэд Золбаяр – за удахгүй гэв. Түүнийг очиход бүх зүйл нь бэлэн ёстой л ок болсон харагдана.

Тэр их л олон баяр ёслолын ширээ засалтыг харж амттай сайхан хоолоор дайлуулж явсан боловч хамт олных нь даруухан ширээ засалт тэгсэн хэрнээ сэтгэл татам хүлээн авалтанд үнэхээр их баярлав.

Байгаа болгоноо эвлүүлж өрөөд л баяраа тэмдэглэдэг байсан хүүхэд насаа эргэн саналаа. Тэр – муу аав ээж хоёртойгоо сургууль соёл гэж гэрээсээ гарснаасаа хойш баяр ёслол бараг тэмдэглээгүй юм байна шүү одоо нэг бүгдийг нь цуглуулж байгаад энэ зун тэмдэглэнэ ээ гэж бодож суулаа.

Баяр эхлээд хэсэг хугацаа өнгөрөөд байтал гэнэт – уучлаарай гэх дуу дуулдав. Бүгд тийш харвал саяхан ажилд орсон үйлчлэгч бүсгүй зогсож байв. Золбаяр – захирлынхаа ойд хоцорч ирдэг хүн байдаг юм уу гэж инээмсэглэхэд үйлчлэгч бүсгүй – яана аа ёстой уучлаарай, энийг харуулах хүн олдоггүй тэгээд гэтэл нэг жаахан охин ээжийнхээ араас гараад ирэв.

Бүгд өхөөрдөцгөөн – хүүе наашан өөлхөн гүнж вэ – алив наашаа энд суу – охинд ундаа хийж өг гэцгээж байлаа. Золбаяр бүсгүйг хараад – өө нээрээ анкетан дээрээ нэг хүүхэдтэй гээд яаралтай холбоо барих утсан дээрээ аав, ээж гээд дугаарыг нь бичсэн байсан шүү, тэгэхээр нөхөргүй бололтой юм аа даа гэж бодов.

Ойн баяр сайхан болж өнгөрлөө. Золбаяр маргааш өглөө нь зохион байгуулагч залууг дуудан – шинэ үйлчлэгч хаана цэвэрлэгээ хийж байгаа вэ гэхэд – ажилтнуудын амрах өрөө, за ер нь тэр талын жигүүрийг бүхэлд нь гэл ээ.

Залуу – аан тийм үү гээд хуваарийг нь сольж спорт заал, нааших талбайг өг, жаахан хүүхэдтэй юм байсан энэ тал дээр нь анхаарч байгаа биздээ гэвэл зохион байгуулагч залуу – тийм ээ, за ойлголоо гээд гарч явав.

Золбаяр хааяа спорт зааланд тоглодог тул тэр үйлчлэгч бүсгүйтэй таарч магадгүй гэж бодсон аж. Үнэхээр залуу тэр бүсгүйтэй хэд хэд таарахдаа ажлыг нь асууж бас хэн хэнтэйгээ амьдардгийг нь асуугаад авав. Мөн охиныг нь ч мартсангүй.

Ийн үе үе таарч явсаар залуугийн сэтгэлд Саруул гэх тэр бүсгүй нэг л ойр дотно хүн нь юм шиг санагдах болжээ. Саруул – энд би охин, оюутан дүүтэйгээ өрөө хөлсөлж амьдардаг. Аав ээж хоёр маань хөдөө сумын төвд амьдардаг гэж хэлсэн аж.

Залуу ажилтнуудынхаа амьдардаг нийтийн байранд нэг өрөө гаргаж Саруулыг оруулжээ. Угаасаа захирал нь хэнд юу хэрэгтэйг мэддэг хүн тул ажилтнууд нь гайхсан ч үгүй. Золбаяр хамтран ажилладаг байгууллагынхаа урилгаар явахынхаа өмнө өдөр захиа бичиж Саруулд нарийн бичгээрээ хүргүүлжээ.

Харин нарийн бичиг нь түүний захиаг замаас нь задалж уншсан аж. Захиа нь угаасаа дугтуй, наалтгүй байсан болохоор түүнийг буруутгах ч аргагүй юм. Удалгүй байгууллага даяар энэ нууц тарж захирлыг ирэхэд түүний чихэнд хүрэв.

Ёс зүйн зөвлөлийн дарга нарийн бичиг хүүхний – хүний нууц задруулсан хэргийг авч хэлэлцэхээр болсон аж. Ингэх шалтгаан нь шинэ үйлчлэгч бүсгүй ажлаасаа халагдах өргөдлөө хүний нөөцийн ажилтанд өгснөөс болсон байлаа.

Бүсгүй Золбаярын өрөөнд орж ирж уулзахдаа – уучлаарай надаас болж та эвгүй байдалд орсон учраас би ажлаас халагдах өргөдлөө өгсөн юм гэв. Золбаяр гайхан – энэнд чи яагаад буруутай гэж тэр чинь миний бичсэн захиа шүү дээ гэлээ.

Бүсгүй – үгүй ээ захирлаа та үйлчлэгч бүсгүйг тэр тусмаа эцэггүй хүүхэдтэй хүнийг сонгох ёсгүй байсан гэсэн. Ажил алба өндөртэй хүүхэн сонгож хань ижлээ болгох ёстой байхад нь би таньд сээтэгнэж таныг уруу татсанаас болж та надад захиа бичих байдалд автаж захиа бичсэн гэсэн гэв.

Тэгээд – тиймээс миний таньд буруу сэтгэгдэл төрүүлэхүйц байсан харьцааг минь уучлаарай гэв. Золбаяр ойлгохоо болиод – хэн тэгж байгаа юм бэ гэвэл бүсгүй хэсэг чимээгүй зогссоноо – нөгөө үйлчлэгч нар гэв.

Залуу – за тийм бий вий гээд чи зүгээр л сайхан инээмсэглэж, надтай сэтгэлээсээ хүндэтгэлтэй л харьцаж байсан. Би хэн яаж харьцаж байгааг мэднэ. Түүнээс ямар нэг сээтэгнэсэн ааш зан гаргаагүйгээ чи өөрөө ч мэдэж байгаа ш дээ гэлээ.

Бүсгүй толгойгоо дохисноо – за би ингээд явъя даа гэлээ. Захирал төв дуугаар – очоод ажлаа хийж бай, чиний өргөдлийг захиргааны зөвлөлөөр шийднэ гэв. Бүсгүй – за гэж сулхан хэлээд гараад явчхав.

Харин ёс зүйн зөвлөл үйлчлэгч нарыг – ёс зүйгүй асуудал гаргасан байна гэж шүүмжлэн тэднээс сонссон гэх гэрч ажилтнуудыг байлган бүгдэд нь сануулга өгсөн билээ. Нарийн бичгийг зүгээр үлдээсэн нь Золбаяр захиагаа ингэж тараасан нь харин ч Саруултай ойртож дотно болоход хурдан арга гэж бодсон аж ээ.

Бүсгүйн сэтгэл ч тайвширч ажлаа улам л сайн, нямбай хийх болсон бөгөөд хаа нэгтэй захиралтайгаа таарч түүний сайхан инээмсэглэх царай өтгөн хөмсгөө өргөн ярихыг нь харахыг битүүхэн хүсдэг болсноосоо жаахан ичингүйрэвч түүний – “Чиний хүүхэдтэй байх ямар ч асуудал биш ээ, би хүүхэд байхдаа байнга хэрэг тарьдаг зүггүй хоёр эрэгтэй дүүгээ охин болж төрөхгүй яасан юм бол гэж боддог байсан юм. Ганцхан охин дүүтэй байсан бол би удахгүй хөөрхөн охинтой болно гэсэн үг гэж бичсэн байсан сэтгэл уярам үгс байжээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!