“ЦАРАЙ МУУТ” ӨГҮҮЛЛЭГ

“ЦАРАЙ МУУТ” ӨГҮҮЛЛЭГ

Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ

Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна. Ээж биднээс түрүүлэн ирж гуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм. Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов. Халуун ус тасалдахгүй, шөнө дүл болсон ч машин тэрэгний дуу тасрахгүй л болохоос энэ байрны хувьд аймгийн төвийн байрнаас маань онцын ялгаагүй санагдаж байлаа. Хичээл эхлээд гурав хонож байсан үе. Хотын охид яасан ч нүүрэмгий юм. Би энэ жил есдүгээр ангид орж байгаа ч найз охингүй яваа хүн Аав маань аймагтаа л нөлөө бүхий хүмүүсийн нэг. Mанайx шинэхэн супер 69-тэй, бас би гэдэг хүн сургуульдаа л гайгүй царайлагт тооцогддог зэргээс болоод охид над руу их л хандарна. Гэвч ухаан алдтал дурлаж үзсэнгүй гэх үү дээ. Түүнээс гадна хөвгүүд рүү өөрөө наалддаг охидыг би сонирходоггүй юм. Тэгсэн мөртлөө эр хүний л хугархай юм болoхоор би сэтгэл дотроо ухаалаг, бас хөөрхөн охиныг мөрөөддөг гэж байгаа. Гэвч уртаашаа ганцxан арван жилийн сургуультай аймгийн төвөөс тийм дагина яаж олдох билээ. Хичээл эхлээд удаагүй, найз нөxөдтэй болж амжаагүй болохоор хотод нүүж ирсэн эхний сарууд онцгүй л байлаа. Ээжийн хувьд бол хотод амьдрах ганц мөрөөдөл нь биелсэн болохоор ааш зан ч гэж амтат бялуу шиг, аав бол ажил төрөлд орoх гээд найзуудтайгаа уулзан хор найруулах ажилтай орой бүхэн алга болчихно. Хоёр охин дүү амралтын өдрүүдэд хамаатнуудаараа хэсээд, гэрийн хажууханд байх Тэнгист кино үзээд шинэ ахуйдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. Миний хувьд өссөн төрсөн буйдхан жижиг хотоо санаад ч байгаа юмуу, 9 жил үерхсэн ижилдсэн найзуудаа үгүйлээд ч байгаа юмуу, намар гэж сэтгэлд дурсамж эгшиглүүлсэн хачин улирал намайг гэгэлзүүлээд ч байгаа юм уу. Хотод ирсэндээ тийм ч их сэтгэл хөдлөхгүй байлаа. Ээж хөөцөлдсөөр байгаад намайг математикийн сургалттай тусгай сургуульд оруулсан юм. Ажиглаад байхад манай ангийнхан үндсэн гурван төрөлд хуваагдах юм шиг санагдана. Нэг хэсэг нь үнэхээр толгой сайтай, бодлого бодохын төлөө төрсөн мэт, математикаас өөр юу ч сонирхдоггүй ёстой номын амьтад.

Дараагийн хэсэг нь мөнгөтэй эцэг эх нь арын хаалгадаад энд авчирчихсан болохоос хичээлдээ нойл, зугаа цэнгэл хөөсөн эрхийн балайнууд. Гурав дахь хэсэг нь хичээлдээ гавих юмгүй ч муу сураад байдаггүй, нийгмийн байлдлаараа ч гадаад байдлаараа ч алтан дунджууд. Тэдний эгнээнд одоогоор би орж байлаа. Ээж манай сургуулийн хичээлийн эрхлэгч, аав аймгийн дарга байсан болoхоор л би гэдэг хүн тэнд өргөсөн дүнгээр А сураад байсныг хотод ирээд мэдлээ. Хотын сургуульд над шиг амьтны жинхэнэ булай илэрдэг бололтой. Англи хэлээр би гэдэг хүн чин ангидаа алтан дунджад ч орж чадахгүй байлаа. Хувцсаар ч гэсэн ээж Бээжин яваад л ирэнгүүт сургуульдаа ганган дэгжинээр дээгүүр тооцогдож байсан хүн чинь хотод ирээд фирмийн хувцсаар дэгжирхсэн хүүхдүүдийн дунд ямар ч донж маяг байхгүй хувцасладаг амьтан гэдгээ ухаарав. Аавын машины тухайд ч бүр ярих юм биш. Гэвч царай зүс сайтай зовхи өөдөө бандийн хувьд удалгүй алтан дунджийнханд багтахаар ч дорой амьтан биш гэдгээ нотолж эхэллээ. Сургуульдаа нээлттэй мэтгэлцээний клуб байгуулж ерөнхийлэгч нь боллоо. Жудогийн секцэнд 4 жил сурсаных тамирын хичээл дээр ангийнхаа бүх бандийг өвдөг шороодуулсаар охидыг бишрүүлж гүйцэв. Ингээд нэгдүгээр улирлын амралт эхлэхэд манай ангийн болон зэргэлдээ ангийн хоёр охин надруу харц шидлэх болсон ч миний омголон зүрхийг байлдан дагуулах өнөө мөрөөдлийн гүнжтэйгээ учраагүй байлаа. Тэр гуравын хамгийн хөөрхөн нь манай ангийн Халиун. Даанч сурлага муутай, манай 40 хүүхдийн адагт нь ордог. Тэгээд ч амнаас нь ганц ч хэрэгтэй үг унана гэж үгүй болохоор их дуу муутай охин. Ялангуяа самбарт гарахаараа ээрч мууран таг болж, багш нарын ад болно. Тийм охинтой үерхэх юм бол над шиг хийморьтой эр уйдаж үхэх биз. Харин түүний дэргэд 10-ын В-гийн Хонгороо бол гал цогтой охин билээ. Гоё биетэй өндөр, хувцаслана гэж ганган гэдэг ч үг багадана. Сурлага сайтай. Хотын математик, англи хэлний олипиадын хэд хэдэн медальтай. Сул тал нь барзгардуу нүүртэй, ангалзуур гэж жигтэйхэн. Манай 10-ын аль гайгүй гэсэн хөвгүүдтэй үерхэж болзож байсныг дуулаад миний эр хүний бардам зан хөдөлсөн ч юмуу шууд л дургүй хүрчихсэн юм.

Номингоо бол гоё нэрнээс цаашгүй охин. Бас л манай ангийнх л даа.Сурлагаар ч царайгаар ч бие галбираар ч гавихгүй жинхэнэ дундчуудын нэг. Царай муутай бов бор юм байж галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр ангийн аль ангалзуур охидыг дагаж гүйхийг харахаар инээд хүрмээр. Уучлаарай, би хөдөөнийх ч гэсэн аймгийн төвийн хэрдээ л хотожсон хүний хувьд эмэгтэй хүний борхон царайг нэг их үнэлдэггүй юм л даа. Миний үнэлэмжээр бол эмэгтэй хүн цайвар арьстай байх нь чухал бөгөөд, ямар ч cэдэвээр ярьж хөөрөхөд ам хуурай байдаггүй, өөрөөр хэлбэл мэдлэгтэй охидод би дуртай. Улирлын амралтаар аймгаас манай найзуудын нэг нь ч амласнаараа хотод ирж чадсангүй. Шинэ жилээр л хамт очно гэж Билэгт, Доржсүрэн хоёр надад бичсэн и-мэйлдээ амалсан байлаа. Ингээд улирлын амралтаа багын найзуудтайгаа хотод доргиж өнгөрөөх төлөвлөгөө минь нурчихлаа. Ээж хотод ирээд нийгмийн бүлгийн хувьд боловсорлын салбараас хувиарааа эрхлэгчдийн эгнээнд шилжиж гуравдугаар хорооллын нэг дэлгүүрт гуталын лангуу ажиллуулан гэртээ орой өвдөг нь нугарч унатлаа ядарчихсан ирэх тул бараг бага үд болтол унтана. Харин би өглөө эрт сүүнд явна. Өглөө бүхэн байрны хажууд байдаг модон мухлагт хавийн өвөө, эмээ нартай хамт оочерт зогсох нь хүсмээр ажил биш л дээ. Гэвч яая гэхэв. Намрын хүйтэн өглөө охин дүү нараа сүүнд явуулалтай биш. Тэгж явахдаа би дугуй унасан царай муутай, нүдний шилтэй охинтой дандаа тааралдана. Бодвол манай байрных бололтой. Дэндүү туранхай биетэй, тэгээд арай хэтэрхий эв хавгүй хувцасладаг тэр охин нүдний зузаан шил нь цантчихсан мөртлөө 11-р сарын өглөөний чаcхийм жаварт огт ажирсан шинжгүй, даарсандаа гэр рүүгээ шогших хөөрхий миний хажуугаар салхи татуулан өнгөрдөгт нь л би атаархдаг байсан юм. Би түүний аль орцонд суудгийг ч мэддэггүй. Өглөө бүхэн түүнтэй тааралддаг ч тэр дорхоноо ор тас мартчихдаг байв. Нэгэн орой. Аав, ээж хоёрын ээлжит хэрүүлээс залхсан би тагтан дээрээ тамxи татан зогсч байлаа. Гэтэл хажуугийн айлаас хийлийн зөөлөн аялгуу эгшиглэж байснаа, өөр нэг гайхам сайхан хөгжим дуурсаж эхлэв. Тэр хөгжмийг сонсох тусам чих рүү нэг л уянгалаг цэнхэр, ер бусын тансаг торго шиг ч юмуу, нэг тийм үгээр илэрхийлж болшгүй, ертөнцийн бус ая урсан орж тайвшруулах мэт таатай байсан тул даартлаа зогсов.

Намайг гэртээ орж ирэхэд аав хувцаслаад гараад явчихлаа. Ээж харин гал тогооны өрөөнд хумсаа будан суусаар хаалга тас хийхэд хөдөлсөн ч үгүй үлдэв. Энэхэн мөчид ээжийгээ туйлын их өрөвдөж билээ. Хөөрхий ээж минь насаараа хүсээд байсан хотдоо ирээд өөртөө бүр ч их зовлон хурааснаа ойлгохгүй байгаа юм байхдаа. Яагаад гэвэл аймагт байхад аавыг олж авчиръя гэвэл алга урвуулах шиг амархан байсан билээ. Аймгийн төв шиг жижигхэн газар аав ерөнхий эмчийнх юмуу, аймгийн засаг дарга, эсвэл намынхаа дарга гээд 10-ын тоонд багтах хэдхэн найзынхаа нэгнийд, эсвэл аймгийн төвийн зоогийн газар, хоёр баарны аль нэгэнд л сууж байх нь мэдээж юм чинь. Гэтэл одоо сая хүнтэй энэ хотын хаанаас гэж түүнийг хайх юм билээ. Би орондоо ороод “Авгай л авахгүй юм шүү. Аав ээж хоёр шиг ингэж дандаа хэрэлдэж байх гэж яршиг” хэмээн бодсоор нам унтчихсан байлаа. Аав маань нэг удаа ээжтэй хэрэлдээд #та гурвыг бодосндоо би ээжтэй чинь амьдарч байна.. Чи том болж байгаа хүн аавыгаа зөв ойлгоорой” гээд л баахан зовлон ярьсан удаатай. Миний аав бол сайхан эр л дээ. Одоо дөнгөж 37-той. Хотын эрчүүд шиг том гүзээ байхгүй, эр хар махтай, өндөр гуалиг биетэй, алаг нүдтэй, тас хар үс хөмсөгтэй. Ер нь аймагтаа бол хамгийн сайхан эр байсан. Бид хоёрыг явахаар хүмүүс аав, хүү гэхэд үнэмшдэггүй ах дүү хоёр уу л гэнэ. Харамсалтай нь энэ сайхан эрийн гэр бүлийн амьдрал нэг л бүтэмж муутай. Ээж түүнийг хардаад байдаг ч юмуу байнга хэрүүл хийнэ. Би бас аавыг дуурайсан юм байлгүй, гайгүй царайлаг төрхөөсөө болж өөртөө элдэв хандтай охидоос залхаж гүйцсэн хүн. Миний бодлоор ээж ааваас илүү овортой, түргэн хөгширч байгаадаа ч юм уу, аавд олон хүүхнүүд дурладагаас болж тэр хоёр таарахаа больсон юм биш. Ертөнцийг үзэх үзэл, оюун санааны хүрээгээр тэр хоёр улам улам холдсоор байгаад хамаг учир нь байх шиг. Ээжийн хувьд бол аль эрт аймагт байхын л “Манайх 69-өө солихгүй бол хотод очоод амьтны нүүр яаж харнаа. Чиний авч өгсөн энэ цагаан алтан бөгжийг зүүхээр хүүхнүүд намайг хөөрхий төмөр зүүчихээ юу гээд байх юм. Ийм үнэтэй ганц юм авч байхаар харахад нүнжигтэй хэдэн алтан бөгж авчихгүй” гэх ч юмуу , мартын 8-наар манай ангийн багшийнд согтож унаад нөхрөөр нь хүргүүлэн ирэх, эсвэл юмтайгаа гайхуулах гээд тав зургаан хуруундаа ижил буруу шигтгээтэй баахан алтан бөгж эгнүүлээд зүүчихдэг хүн.

Гэтэл аав бол хөгжлийн ирээдүй, хотжилт, соёл иргэншлүүд сөргөлдөөн, дэлхийн олон туйлт улс төрийн бодлого гээд сонин сонин сэдвээр юм унших, найз нөхөдтэйгээ элдэв юмсын тухай маргах, мэтгэлзэх, зугаалж цэнгэх дуртай. Би нэг явдалыг ерөөсөө мартдаггүй юм. Бид гурвыг бага байхад аав нэг удаа ойруу дагуулж яваад баахан шогшгой, багваахай цэцэг түүн гэртээ авчирч бамбарууш, илжиг, туулай хийж өгч билээ. Гэтэл ээж гэр цэвэрлэхдээ бидний тоглоомуудыг “нoвш” гээд хаячихснаас болж бид уйлалдан, аав тэр хоёр хэрэлдснийг ер мартдаггүй юм. Тэгэхэд аав “Чи ийм тэнэг юм байж яаж хүний нялх хүүхдийг сургадаг юм бэ. Нүдээ жаахан нээгээч” гэж билээ. Гэвч ээжийн нүд нээгдсэнгүй. Алтан бөгж айлын авгайчуудын шинэ шубаны тухай ярьж, аавыг алхам бүрд нь хардан хэрэлдсээр. Миний л ээж юм болохоор би түүнд хайртай л даа. Гэхдээ том болох тусам би аав, ээж хоёрыг хэрэлдэх бүр ээжид уур хүрдэг, дотроо аавынхаа талд ордог болсноос гадна тэр яршигтай хэрүүлээс нь залхдаг болчихжээ. Тэр нэгэн үдэш гэртээ орж ирсний дараа ч өнөөх хийлийн эгшиглэнт аялгуу, нэрийг нь үл мэдэх гайхамшигт хөгжим сэтгэлд эгшиглсээр байсан. Маргааш нь би сүү авч яваад дахиад л нөгөө охинтой тааралдав. Nike гэсэн бичигтэй час улаан өдөн хүрэм өмсч эрэгтэй хүний хар ноосон малгайг угласан хачирхалтай охин миний хажуугаар дугуйтайгаа урьдын адил өнгөрөхдөө гартаа мөчидхөн барьж байсан бидонтой сүүг минь шүргэхчихсэнд би ч яах ийхийн завдалгүй сүүгээ унагаад асгачихлаа. Өөрийн эрхгүй уур хүрч эгшин зуур аман дээр *П..* гэсэн хараалын үг гарч иртэл өнөөх чинь дугуйнаасаа яаран бууж нүдний шилээ аваад гүйсээр хүрч ирэв. Ойртоод харах юм бол тийм ч муухай царай муутай амьтан биш юмаа. -Яанаа, чадвал намайг уучлаарай, жаалаа. Би юм бодож яваад чамайг дайрчих шахлаа. Би сүүг чинь төлөөд өгөх үү? Гэж тэр охин сандран хэлэв. Надад хэлэх үг олдсонгүй. Зузаан шилний цаанаас л мэдэгддэггүй болхоос урт сормуустай, ухаалаг харцтай гоё нүдтэй юм гээч. Даанч дэндүү өндөр туранхай, эмэгтэй хүн гэхэд хачин эв хавгүй хөдөлгөөн, ямар ч донж маяггүй хувцасладагаас гадна, харцанд нь охидын сээтэгнүүр зангийн сүүдэр ч алга. Бас нүүрэн дээрх хэсэг хэсэг сэвх, шингэн хэлбэр муутай хөмсөг нь тэр гоё нүдийг гутаах мэт санагдав. Би газраас бидоноо аваад түүнд хэрэггүй ээ цаашдаа урьдах замаа харж явмаар юм.гэж уцаартай хэлэхдээ намайг жаалаа гэсэнд нь бүр ч дургүй хүрч байлаа.

Орц руугаа орох замдаа нойрондоо хар буусандаа “Ингээд сүүгээ асгачина гэж мэдсэн бол унтаж л байдаг байж” гэсэн бодлоос өөр юу толгойд орж ирсэнгүй. Өглөөний хүйтэн жавар нимгэн хүрмийг минь нэвт жиндүүлэх тул яаран алхалсаар орц руугаа орохын алдад яагаад ч юм эргэж хармаар санагдаад эргэн харвал нөгөө охин хажуугын орц руу дугуйгаа хөтлөн орж явсанаа намайг олж харчихаад гар даллан инээмсэглэв. Миний дургүй хүрч мөрөө хавччихаад хүнд төмөр хаалганы хүйтэн бариулаас чангаалаа. Аав ажилдаа явчихсан, ээж дүү нар орондоо нам унтацгааж байсан тул өглөөнийхөө цай уух санаатай гал тогооны өрөөндөө орж өчигдрийн цуйванг халааж идэхээр цахилгаан зуухан дээрээ тавиад фм-ийн аятайхан суваг дээр тааруулах санаатай хөгжмөө оролдож гарлаа. Гэнэт хаалганы хонх дин дон. Өдийд дөнгөж 9 цагт хэн манайд ирж хонх чарлуулдаг байнаа. Бас хэн нь ирдэг байнаа гэж уцаарласаар дурангаар ч харсангүй шуд тайлбал өнөөх “Царай муут” охин хоёр “Өэлүн эх” сүү барьчихсан зогсож байв. -Сүүгий чинь асгачихсан болхоор төлж өгч байгаа юм гэж хэлээд сэргэлэн нүдээрээ нүүрэмгий инээмсэглэв. -Би, хэрэггүй ш дээ -Би тэгээд шатан дээр сүү бариад зогсоод байх юм уу? -Ор л доо. Тэр сүүгээ хувцасны өлгүүрийн тавиур дээр тавиад гал тогооны өрөө рүү шагайснаа: -Хөөх, тэнд нэг юм түлэгдээд байна. Хоол юм уу даа гэхэд би үсрэн очиж хайруулын тавагтайг зуухан дээрээс авлаа. -Хуучин хоолоо халааж иддэг юм уу? Халаасан хоол ходоодонд хортой, бас яваандаа элэг муутгадгийг мэдэх үү? Гэж тэр мэдэмхийрсэнээ: -Яасан? Бас уурлачихсан уу? Чи яагаад ийм амархан уурладаг юм бэ? Ингэж уурлаад байвал нас чинь богиносно шүү гээд гал тогооны өрөөнд орж сууснаа: -Манай хоёр чинь ганцхан ханаар л тусгаарлагддаг жинхэнэ хөршүүд юм байна ш дээ. Гэтэл бид хоёр бие биенээ огт танихгүй байдаг гэхэд нь овоо ярианы шалтаг гарч ирсэнд би олзуурхан: -Өө танайх чинь яг манай хажуугийн айл юм уу? Танилцахад татагалзах юу байхав. Намайг Зоригт гэхэд ноосон цамцныхаа урт ханцуй дотроос жижигхэнэ гараа сунгаад: -Сэргэлэн гэснээ манай гал тогооны өрөөний тавилга сэлтийг эргүүлэн тойруулан харснаа: За, за. Хөрштэйгээ сайхан танилцлаа. Ууртай л болохоос чи дажгүй банди юм шиг байна. Хамгийн гол нь надтай адилхан 9-р ангид сурдаг биз дээ? Танайх дөнгөж энэ намар нүүж ирсэн гэхэд дажгүй тохижсон айл байна. Харин гал тогооны өрөөнд торгон хөшиг онцгүй юм биш үү? Гээд цагаа харснаа -Өө, би харихгүй бол болохгүй нь Ээждээ меил бичих ёстои гээд үүдний өлгүүрт тохсон улаан хүрэм рүүгээ ухасхийхэд нь би монгол хүн байж зочиндоо идээ амсуулаагүйгээ санаж тавагтай чихрээ барин зогсож: -Айлд орж ирсэн хүн чинь чихэр амсаач гэхэд тэр нэг л хөөрхөн инээмсэглэн ганц чихэр авч дор нь задлан ам руугаа хийгээд: -Баярлалаа. Уг нь би хатуу чихэр иддэггүй. Шүдэнд муу. Гэхдээ хүн дайлж байхад нэгийг идчихье гээд гарч одов. Хаалга хаагдсаны дараа л би түүний авчирсан хоёр сүү тавиастай үлдсэнийг харж их л ичсэндээ бушуухан хаалгаа онгойлгон: Хүүе охион, үгүй ээ Сэргэлээн. Энэ сүүгээ ааваач. Би чамаар юу гэж төлүүлж байдаг юм гэхэд тээр доор хоёр давхарт оччихсон Сэргэлэн ноосон малгайгаа сэгсрэн: -Би сүүгий чинь дайраад асгачихсан юм чин төлж өгөлгүй яадаг юм. Тэгээд ч задгай сүү битгий авч бай. Бруцеллёз гэж нэг аюул байдгийг мэднэ биз дээ? Гэчихээд миний үеийн охин гэмээргүй яг л дэггүй жаал шиг хоёр хоёр шат алгасан пижигнэтэл гүйсээр гарч одов. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!