“ЦАРАЙ МУУТ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ЦАРАЙ МУУТ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Би сүүгий чинь дайраад асгачихсан юм чин төлж өгөлгүй яадаг юм. Тэгээд ч задгай сүү битгий авч бай. Бруцеллёз гэж нэг аюул байдгийг мэднэ биз дээ? Гэчихээд миний үеийн охин гэмээргүй яг л дэггүй жаал шиг хоёр хоёр шат алгасан пижигнэтэл гүйсээр гарч одов. Түүнийг гарч явсаны дараа би хөрчихсөн цуйвангаа хараад “Нээрээ л халаасан хоол элгэнд муу гэсэн шүү” гэсэн бодол төрж хөргөгчнөөс өндөг гаргаж шарж идэх зуур урьд нь дотроо “Царай муут” гэж нэрлэсэн тэр охины тухай бодсоор л байгаадаа өөрөө гайхаж билээ. Тэр бид хоёр өөр сургуульд сурдаг ч гэсэн адилхан 9-р анги болохоор хичээл, ном сурах бичиг гээд л асуух ярих зүйл мундахгүй тул нэг л мэдэхэд дажгүй найзууд болчихлоо. Анх танилцахдаа Сэргэлэн манайд орж ирсэн ч гэсэн би түүнээс хойш тэднийх рүү гүйдэг болов. Ганган дэгжин биш, харин ч үеийнхнээсээ этгээд гажууд зантай эв хавгүй хувцасладаг, танихгүй хүнд бол мэдэмхийрэх дуртай ч юм шиг, анх харсан хүнд царай муутай гэмээр тэр охин ойртоод танилцаад ирэхэд шууд надад таалагдсан юм. Тэр ихэнх хичээлдээ жигд сайн, ялангуяа байгаль шинжлэлийн хичээлүүд химидээ гоц мундаг, их ном уншдаг, ямар ч сэдвээр маргах мэдлэгтэй, миний хамгийн муу хичээл англи хэлийг нэвтэрхий эзэмшсэн нь намайг үнэхээр татсан биз. Сэргэлэн рок сонсдог, тэгсэн мөртлөө хөгжимд ёстой нугасгүй. Урьд нь сонгодог хөгжмийг нойрны эм гэж боддог байсан би Сэргэлэнг дагаад нэг л мэдэхэд Бетховенийг сонсох дуртай, нэг ёсны улаан фен нь болчихлоо. Аав ээж хоёрын хэрэлдсэн орой тагтан дээрээ зогсож байгаад сонссон тэр сайхан хөгжим тэднийхээс эгшиглэж байсан Бетховений 5-р симфони байсныг би сүүлд мэдэв. Бид хоёр сүүлдээ өдөр бүхэн уулздаг болов. Сэргэлэн эрдэмтэн аав ээжтэй, айлын отгон охин, ах нь Америкт сурдаг. Анхандаа тэдний амьдрал манайхаас тэс өөр болохоор надад сонин санагддаг байв. Аав ээж хоёр нь ээлжлэн гадаад явчихна. Ээжийнхээ эзгүйд аав нь гэрийн ажлаа гялалзуулна. Харин манайд бол аав гэрийн ажил хийнэ гэсэн теором байхгүй, хэдийгээр аавтай дандаа хэрэлддэг ч эр хүн гэрийн ажил хийх ёсгүй гэж ээж үздэг юм. Тэднийд бас эцэг эхийн дарангуйлал гэж байхгүй. Аав ээж хоёр нь манай хоёр шиг хэрэлдээд байна гэж үгүй.

Гурвуулаа яг нэг үе тэнгийн улс шиг харилцах бөгөөд аав, ээж нь хэзээ ч түүнийг загнаж, зааж зааварлахгүй. Харин ч охиноосооо асууж байж шийднэ. Ялангуяа нүдний мэс засалч ээж нь гэрийн бараа бараг харахгүй агаад гэртээ байхаараа манай ээж шиг үглэж яншихгүй утсаар хэдэн цаг ярих ч үгүй. Компьютерийнхээ ард юм бичиж суух агаад бусад авгай нар шиг шуба, алтан бөгж энэ тэр өмсөж зүүсэн байхыг би ер хараагүй. Гадаад яваад ирэхээрээ охиндоо шинэ ном, СД авчирна. Нэг удаа Америкаас ирэхдээ надад бас охиндоо Рики Мартиний дөнгөж худалдаанд гарсан шинэ СД авчирч бэлэглэсэн билээ. Би яагаад тэр охинд татагдаад байгаагаа мэдэхгүй улам дотноссоор байв. Нэг амралтын өдрөөр Сэргэлэн бид хоёр тэдний аавын машинаар Шарга морьтод байх зусланд нь очив. Хавар эрт, 3-р сар байлаа. Шарга морьтын эх өөд модон дотор байх тэдний хоёр давхар дүнзэн байшинд бүх юм нь тоосонд дарагджээ. Бид байшинд юмаа оруулж тавьчихаад цасанд дарагдсан ойгоор баахан тэнэв. Сэргэлэн надад мөчрөөрөө нийлэн ургасан хоёр хус мод, дээр үед Богдын хатан эх дагины зусдаг байсан гэрийн буурь, өвөл хөлдддөггүй, ус мэлтгэнэсэн толь мэт дув дугуй цөөрөм гээд л зуслангынхаа сонин хачныг үзүүлэв. Ангийнхантайгаа кино үзэж, бааранд суухын оронд өдөржин ойгоор зугаалсан бямба гариг мартагдашгүй сайхан өнгөрөв. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа Сэргэлэнгийн төрсөн өдөр болж, намайг урилаа. Цэцэг ном барьсан намайг бага зэрэг хожимдон очиход ангийнх нь хэдэн найзууд ирчихсэн шуугилдах нь сонсогдож, өнөөх завгүй ээж нь хаалга тайлангуутаа надад бушуухан шовгор цаасан малгай өмсгөчихөв.. Сэргэлэнгийн аав ээж нь хүүхдүүдтэй адилхан шовгор малгай өмсч гэрээ баахан бөмбөлөг “Happy birthday” гэсэн бичгээр чимсэн нь надад гайхал төрүүлэв. За энэ ч яахав. Хамгийн гайхалтай нь Сэргэлэнг харангуутаа би эхлээд таньсангүй, гайхсандаа амаа ямар том ангайсан болоо гэж бодохоос одоо хүртэл ичдэг юм.”Аливаа юмсын хэлбэр агуулгаа илэрхийлдэггүй” гэж гүн ухаандаад нүүрэндээ өчүүхэн ч будаг хүргэдэггүй, хэзээ ч юбка, даашинз өмсч моод хөөдөггүй сэргэлэн энэ өдөр ёстой л Үнсгэлжин болж хувирчээ. Биеийнх нь гоолигийг илтгэх нарийнхан мөртэй богинхон час улаан даашинз, гоёлын засалттай гөлчийсөн үс, дэрвийсэн сормуус, унждаг улаан чулуун ээмэг, цаанаа л ялдамхан инээмсэглэл..

Би түүний тийм хөөрхөнийг яагаад урьд нь олж хараагүй юм болоо? Сэргэлэн хүсвэл нүд унагам гоёж чаддаг, эгэл өдрүүдэд гоё сайхан нь хэн бүхнээс далд байдаг тийм охин юм байна гэсэн бодол төрнө. Харамсалтай нь төрсөн өдрийнхээ маргааш л өнөөх маань дахиад нүдний зузаан шилээ зүүж хамаг будгаа арилгаад, эрэгтэй хүүхдийн том ноосон малгай, өдөн хүрэм хэдэрсэн “Нугасны муухай дэгдээхэй”-н дүрдээ орчихсон байлаа. Гэвч тэр өдрөөс хойш Сэргэлэн надад нэг л өөр харагдах болсон юм. Бодоод байхад бид хоёрын харьцааг ямар ч гэж нэрлэхэд хэцүү болчихжээ. Ямар ч байсан бид хоёрын үерхэж байгаа хос гэхэд хэцүү, зүгээр найзууд ч юмуу гэхээр биш нэг л тийм гээд нэрлэчихэд бэрх. Ямар ч гэсэн их л дотно харьцаатай болсноо л мэдэж байлаа. Гэхдээ манай найз нар энэ тухай сонсоо ч үгүй л байв? Яагаад ч юм бэ энэ үерхлийнхээ тухай би сургуулийнхандаа би юу ч цухуйлгаагүй юм. Гэвч нуусан бүхэн илэрдэг хойно. Ямар ч байсан манай сургуулийн охид миний үерхлийн талаар сэжиг авчихсан. Зоригоо даанч Номингоо, Халиун хоёрыг тоохгүй байсан нь аргаггүй. Гадаадад амьдардаг мисс охинтой үерхдэг болсон гэнэ. Энэ тэр гээд худлаа баахан хов дэгдчихсэнийг би дуулаад нэг өдөр бодолд орж билээ. Сургууль дээр ийм яриа тархчихсан байхад Сэргэлэнг манай ангийн охид эсвэл найзууд маань “Нугасны муухай дэгдээхэй” -н дүртэй байхад нь харчихвал яана гэхээс өгүүлэшгүй их санаа зовж байсан юм. Нэг өдөр би хичээлийн дараа найзуудтайгаа кафед орлоо. Миний хамгийн дотны найз нарын нэг Хашаа Номио хоёр үерхэж эхэлсэнээ бидэнд мэдэгдээд: -Маргааш шоуны өдөр. Бүгдээрээ Номио бид хоёрын үерхэж эхэлснийг тэмдэглэх үү? Ялангуяа биднээс нууцаар нэр үл мэдэгдэх охинтой үерхээд байгаа Зоригоог заавал найз охинтойгоо ирэхийг шаардаж байна гэлээ. Би гэдэг хүн энэ үгийг сонсоод мэлхий гүнжтэй гэрлэсэн хөөрхий хаан хүү шиг яс хавталзаж суулаа. Зөвшөөрхөөс өөр арга байсангүй. Аль хэдийн Хашаагийн өвөр дээр гарч хүзүүгээр нь тэврэн дэндүү янаг суусан Номингоо надруу матрын харц илгээж, -Яг үнэн. Зоригоогийн мисс охиныг харах юмсан гэсэн мөрөөдөл минь биелэх нээ гээд будмал сормуусаа буулган ноцтой харах аж. Орой нь би Сэргэлэнгийнд орж маргааш болох уулзалтанд дээд зэргээр бэлтгэх. Тухайлбал төрсөн өдрийнх шигээ гоё болохыг гуйлаа.

Өрөөнийхөө нэг буланд байх бяцхан лаборатордоо элдэв туршилт хийн зав муутай суусан Сэргэлэнд миний санал огтхон ч таалагдсангүй. -Химийн олимпиад болох гээд толгой өөд татах завгүй байхад юун уулзалт муулзалт вэ?Тэгээд ч би хүнд байгаагаараа л харагдах дуртай гэхчилэн гөжүүдэлж гарснаа инээд алдаад, -Зоригоо хараач. Би усыг цуc болгох уу?гэснээ шатдаггүй шилэн аяганд хуруу шилтэй өнгөгүй шингэн юм хийвэл хоромхон зуур өнгө нь хувиран цусан уусмал болчихов. Энэ туршилт үнэндээ надад сонин байсан ч би албаар гайхаагүй царай гаргаж -За за. Мундаг юм. Би ямар химидээ чам шиг лаг биш гэчихсэнээ гэнэт түүний баяр хөөртэй харц бүүдийгэд явчихыг хараад, бас нуулгүй хэлэхэд ус ягаад улаан болсныг дотроо сонирхож байсан болохоор, Хүүш нээрээ наад ус шиг юм чинь юу вэ?Яагаад ингэж улайчихав?гэж асуусан ч дотроо бол түүнийг найзуудтайгаа уулзуулахдаа яаж мэлхий үзэсгэлэнт гүнж болсон шиг гоё болгох тухай бодсоор байв. Харин Сэтгэлэн намайг сая усыг яаж цуc болсоныг сонирхож байгаад өчүүхэн ч эргэлзсэнгүй шинжтэй нөгөө хүнхэр шилэн аягаа авчиран миний нүдэнд тулгах шахан үзүүлээд, -Энэ чинь ёстой амархан туршилт байхгүй юу. Энэ шилэн аяганы ёроолыг глицрений уусмалаар норгоод дараа энэ хуруу шилнээс хлорт төмрийн сулруулсан уусмал хийчихсэн. Энэ хоёрын дундаас раданид төмрийн уусмал үүсэж цус шиг улаан харагдаж байгаа. Ойлгов уу жаалаа?хэмээн инээд алдсанаа, намайг жаал гэхэд дургүйг гэнэт санав бололтой:-За яахав, тэр уулзалт чинь тийм чухал юм бол би чадах ядахаараа гоёчихоод л очихыг бодъё. Гэхдээ би эхлээд ээжийг тосох ёстой. Бас химийн сонгонтой Зохицуулахыг л бодъё. Тэгэх үү?За битгий уруу царайлаач дээ хэмээн бараг бууж өгөв. Маргааш нь намайг хичээлдээ иртэл ангийн бүх охид жиг жугхийн шивнэлдээд л, Дөлгөөн хэмээх нэрэндээ огтхон ч зохиогүй ам султай, инээд муутай,манай ангийн хамгийн аалигүй охин суудал солин миний дэргэд ирж сууж аваад , Өнөө орой та нарын party-д очиж чиний мисс охины гэгээн дүрийг харж болох уу?Манай Зоригоо шиг хөөрхөн бандийг ухаангүй дурлуулчихдаг ямар чика охин байгаа болоо?гэх мэтчилэн ангалзаж байтал ашгүй тооны багшид загнуулаад чимээгүй болов.

Энэ өдрийн турш би элдэвт санаа зовсоор мангар юм шиг л өнгөрөөв. Одоо бодоход юунд тэгэж санаа зовж,нэрэлхэж элдэв дэмий юм бодон уймарч сууснаа огтхон ч ойлгодоггүй юм. Гэвч хүн тэнэг юм хийж байгаагаа тэрхэн үедээ ухаарах биш дээ. Хичээлийн дараа арай гэж Сэргэлэнгээс мессеж авлаа санаа зовох хэрэггүй шүү би палаажаа аваад гарсан мамму-г тосчихоод очно гэжээ. Бид тохирсон ёсоороо оройн 7цагт Медуза-д цугларав. Сэргэлэн байдаггүй. Уг нь бид хоёр гучин минутын өмнө үсчин дээр уулзаад хамт ирнэ гэсэн боловч нөгөөх маань утсаа салгаад алга болчихов. Би гэдэг амьтан боож үхэхэд бор шидэмс дутуу цаг уруугаа хялалзсаар суулаа. Номингоогийн хэрэгт дурласнаа нууж ядсан харц,Дөлгөөн тэргүүлэгчтэй урилгаггүй зочдын өдөөн хатгалт улам л сэтгэл зовооно. Бид хэсэг бүжиглээд хүйтэн юм уухаар дөхөж суугаад байтал… Найм өнгөрчихсөн хойно Сэргэлэн сандарч тэвдсэн амьтан хар гүйхээрээ ороод ирдэг байгаа. Даанч дээ. Түүнийг ирж явааг би яагаад түрүүлж харсангүй вэ?-Зоригоо гэж байдагаараа хашгирах түүнийг надаас түрүүлээд Номингоо харчихсан Дөлгөөнтэй нудралцан инээд алдаад, -За манай Зоригоогийн нөгөө мисс найз ирчихсэн байгаа юм бишүү?гэхэд би Сэргэлэнг олж хараад үс босох шиг болж ичсэндээ сууж байгаа ширээн доогуураа орчихмоор санагдав. Сэргэлэн надад амласан ёсоороо үсээ янзалж,нүүр нүдээ будаж янзалах нь битгий хэл нөгөө зузаан шилээ зүүчихсэн томдсон Nike цамц, паарийсан жийнстэй,байдгаараа улайж хөлөрчихсөн, нүүрэн дээрх сэвх нь улам тодорчихсон гар даллан зогсож байдаг байгаа. Би яахаа мэдэхээ больж найзууддаа юу гэж хэлснээ ч санах юм алга,осолтгүй амандаа үл ойлгогдох юм бувтнаад юу ч болоогүй юм шиг инээмсэглэн зогсох Сэргэлэнгийн дэргэд очиж шуун дээрээс нь бүргэд мэт шүүрэн авч чирэн одсон сон. Замдаа өлгүүрээс хувцсаа авч сугавчлаад гадаа гарсан хойно сая сэхээ орсон Сэргэлэн намайг түлхчээд, -Тавиачээ. Галзуу юм уу?Би ээжийг тосчихоод,үсээ засуулаад,хувцсаа солиод ирэх гэсэн чинь Сөүлийн нисэх онгоц цагаасаа хоцорчихоод арай гэж амжиж хүрч ирж байхад, гэхэд би өдөн хүрмээ хагас дутуу углаад уурандаа амьсгаадсаар нэг такси зогсоож: -Чи яасан, хүний нэр төр боддоггүй, яасан маанаг амьтан бэ? Чи чи… эмэгтэй хүн мөн юм бол ганц удаа ч гэсэн толинд харчихаж бай мэдэв үү… ёстои нээрээ,ёстой нээрээ гээд хэлэх үг олдсонгүй түүнийг бараг түлхэх шахан суулгаад баяртай ч гэлгүй салж өөр нэг такси бариад харьж билээ.

Гартаа нөгөө том ноосон малгайгаа барьчихаад,нүдний шил нь цантчихсан,амаа ангалзуулсаар таксинд суун одсон Сэргэлэнг би тэр үедээ огтхон ч өрөвдөөгүй. Найзуудын минь өмнө намайг тэгэж муухай шараа болгосонд л уурлах, нэрэлхэх, ангийнхаа аальгүй охидоос ичих зэрэгцээд тархинд бодох, сэхээрэх зав зай өгөөгүй биз ээ. Тэр оройноос хойш бид хоёр дахин уулзсангүй. “Зоригоогийн нөгөө мисс охин ёстой матар байсан гэнээ” гэсэн хов яриа охидын ам дамжин тарсан ч долоо хоногоос илүү насалсангүй. Хэдэн сайн найздаа би Сэргэлэнгийн тухай ямар ч тайлбар хийсэнгүй Тэд маань ч эр хүмүүсийн зан гаргаж элдэвт дурлан намайг зовоосонгүйд би энэ сайн найзуудаасаа үерхлээ юунд тэгэж нууж байснаа хожим нь гайхаад гайхаад бараагүй юм. Үнэн хэрэгтээ хоёрхон хоноод л би Сэргэлэнг өөрийн эрхгүй үгүйлж эхлэв. Гэвч нөгөө л өөдгүй нэрэлхүү бардам зандаа баригдан гүрийсээр байсан юм. Өөрөө л мэдээгүй байснаас биш тэр миний анхны хайр байж, өнөөх мөрөөдлийн охин тэнгэр минь Сэргэлэн байж гэдгийг би тэр өдрүүдэд л ойлгосон мөртөө хүлээн зөвшөөрч чадаагүй. Түүнтэй уулзах сан, хамтдаа хичээл давтах сан, зузаан нүдний шилний цаанаас тормолзох урт сормууст ухаалаг нүд рүү нь ширтэх сэн, элдэв гайхалтай юмсын тухай ярилцах сан, эсвэл зүгээр хэн хэнийхээ дуртай дууг сонсон юу ч үл ярилцан хамтдаа байх сан гэж яасан их хүсч байваа. Тэгсэн мөртлөө л би түүнтэй уулзахгүй л байлаа. Хамгийн харамсалтай нь Сэргэлэнг би тэр тэнэг зангаасаа болж үүрд алдсан юм. Тэр нэгэн орой диско бааранд тэгтлээ нэрэлхэж, эр хүнээс гарамгүй мунхаг өөдгүй зан гаргасанаа би ойлгосон ч хожимдсон байлаа. Тэр утгагүй баасан гаригаас хойш ганцхан сарын дараа билээ. Би хулгаж хулгаж гар утас руу нь залгавал салгаатай байлаа. Гэрийнх нь утас руу залгавал ээж нь авч “Сэргэлэн Америк явсан Чи хэн бэ? Хүү минь?” гэхэд би утсаа тавьчихлаа. Ангийнх нь найзуудаас меил хаягийг нь аваад бодож байгаа бүхнээ бичье гэсэн санаа толгойд гялсхийв. Маргааш нь Сэргэлэнгийн мейл хаягийг олчихлоо. Гэвч юу бичихээ мэдэхгүй байв. Би түүнийг дэндүү муухай гомдоосон шүү дээ. Тэгээд ч би түүнийг занг дэндүү сайн мэднэ. Тэр аав шигээ виpуc судлаач болж, Пентагон ч юм уу, Наса-д ч юм уу дэлхийд нэр хүндтэй том судалгааны төвд ажиллах юмсан гэж мөрөөддөг сөн. Түүн шиг гайхам мөрөөдөл, хонгор шулуухан зантай, амьдралын том зорилготой хүний замд би саад болоод ч яах юм билээ гэж бодоод мейл бичихээ больсон юм. Тэр бид хоёр дахин уулзсангүй нэлээд хэдэн жил өнгөрчээ. Харин Сэргэлэнгийн надад үлдээсэн гэрэлт дурсамж улам ч эрхэм нандин болж, би яг л түүн шиг ухаалаг эхнэр авна даа гэж баттай бодох болсон шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!