“ЦАГ ХУГАЦАА Л УУЧЛАЛ БОЛДОГ ЮМ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“ЦАГ ХУГАЦАА Л УУЧЛАЛ БОЛДОГ ЮМ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Сайн байна уу эрхэм гишүүд минь. Яг энэ цаг мөчид цээжиндээ байгаа энэ баяр гуниг талархал хосолсон энэ мэдрэмжээ гаргахгүй бол үнэхээр болохгүй мэт санагдаж байна. Хэдхэн хоногийн өмнө группээс аавын тухай захидлууд уншаад миний зүрх маш ихээр өвдөж шаналж гэмшиж энэ л өдөр би аав дээрээ заавал очих ёстой юм байна гэсэн бодол төрж догдолж эхэлсэн юм. Тэр аавуудынхаа тухай захиа бичсэн бүсгүйчүүд бүгд л миний адил аавын хайраас хол хөндий ааваа гэж дуудах тавилан дутуу хүүхэд насаа элээсэн бүсгүйчүүд байсан. Тиймээ би бас л тийм байсан. Яг л өсвөр насны гэнэн томоогүй насан дээр минь хүүхдийн зусланд амраад буцаад гэртээ ирэхэд минь аав маань гэрээсээ явчихсан байсан.

Түүнээс хойш 21 жил өнгөрчээ. Би тэр өдрөөс хойш аав гэж дурсахаас үзэн ядаж ирсэн. Маш их үзэн ядаж хорсож гомдож өссөн. Үргэлж… Ааваас хойш гав ганцаараа гурван хүүхдээ өсгөх гэж ганцаараа зүдэрсэн ээжийгээ хараад өрөвдөж тэгэх бүрт л хурдан том болоод ээжийгээ асарч юугаар ч дутаалгүй жаргаана даа. Тэр үeд аав гэдэг харамсах болноо гэж дотроо бодон үнэхээр их гомдолтой өссөн дөө. Хоёр ах минь эрэгтэй хүн болохоор арай өөр байсан байх. Аавтай хааяа уулзана. Харин би уулзхыг үнэхээр хүсээгүй. Их сургуульд дөнгөж ороод байхад минь их сургуулийн минь үүдний дэргэд уулзах гээд хүлээгээд сууж байсан. Тэгэхэд л олон жилийн дараа анх удаа аавтайгаа нүүр тулж байлаа. Хүүхдийн зусланд амарч байгаа охиноо эзгүйд гэрээсээ явж одсон тэр аав хэдийн хөгширч эхэлсэн духанд нь үрчлээ нэмэгдэн гунигтай нүдтэй болсон байсан.

Тэр үeд би зориг орон дахиж над дээр битгий ирээрэй тань шиг аавтай байснаас байгаагүй нь дээр гэж хэлээд цааш алхаж байсан. Түүнээс хойш аав маань xагалгаанд орж намайг дуудуулсан ч би очоогүй. Гэсэн хэдий ч дотроо xагалгаа нь сайн болоосой гэж хэнд ч хэлэлгүй залбирч байсан. Хүмүүсийн утасны хадгалсан дугаар дээр хайрт аав гэсэн үг байхыг харах, аавтайгаа дотно байгаа найзуудаа харах, ач зээгээ асарч цугтаа сайхан байгаа аавуудыг харах маш хэцүү. Харин одоо би өөрөө хэдийн ээж болон ажил амьдралд хөл тавин явж байна. Хэд хоногийн өмнө уншсан захидлууд, аавыгаа уучлахын тухай гомдлууд, доор нь бичигдсэн коммент бүрийг анхааран уншиж би энэ өдөр аавтайгаа уулзахаар дотроо зориг шулуудсан юм.

Өнөөдөр аавруугаа зорин амьсгаа аван анх удаа гэрлүү нь явж байхдаа нүд бүрэлзэн дотор дүүрээд нэг л тайван биш байж билээ. Хашааныхаа гадаа намайг ирэхийг мэдсэн юм шиг аав маань жижигхэн модон сандал дээр нарлуу ширтчихсэн ганцаараа сууж байсан. Гадаа нь очоод машинаасаа буух тэр мөч үнэхээр их сэтгэл зориг шаардсан. Буугаад очих мөчид хүүхэд шиг тормолзон өмөлзөж хэлэх үггүй болтлоо баярлаж байгаа аавыгаа хараад аавдаа гомдоод очиж байгаа охин биш хүүгээ аргадаж байгаа ээж шиг л санагдсан. Түшихийн завдалгүй өөдөөс сөхрөн сууж тэврэн уйлж үг хэлэх ч тэнхэлгүй маш их уйлж хоёр зүрх тайвширлаа. Үнэндээ надаас илүү аав минь намайг санадаг байж. Хүлээдэг байж.

Толгойд нь цагаан үс сааралтан духанд нь түмэн үрчлээ бий болж нуруу нь намхан болсон аавыгаа хараад 21 жил гомдсон гоморхол ул мөргүй болж энэ чинь миний аав гэж дотроо шивнэж ааваа гэж чангаар хэлэн 21 жил гадагшилж чадаагүй нулимсаа гаргаж тайтгарлаа. Аавтайгаа уулзах үгээр хэлэмгүй сайхан байлаа. Аавын маань гунигтай нүд өрөвдмөөр харц үрчгэр гар тэр бүгд миний сэтгэлээс уучлал хэдийн гуйсан байсан. Би уучиллаа гэж хэлээгүй ч би аавыгаа өнөөдөр уучилсан. Цаашдаа ч 21 жил хийж амжаагүй бүхнээ нөхөж аавтайгаа уулзаж ярилцаж дутуугаа хамтдаа нөхөж байна. Цаг хугацаа л уучлал болдог юм байна. Үнэхээр сайхан байна. Тэр захиануудыг бичсэн сахиусан тэнгэрүүдэд бүгдэнд нь баярлалаа. Админдаа ийм сайхан ухаарал сэрэхүйг өгдөг бүлгэм бий болгосонд баярлалаа. Аавыгаа уучлах тухай коммент бичсэн бүх сахиусан тэнгэрүүдэд баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. Би аавдаа хайртай…

One thought on ““ЦАГ ХУГАЦАА Л УУЧЛАЛ БОЛДОГ ЮМ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!