“ХӨРӨНГӨ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ХӨРӨНГӨ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Тэр зүгээр ирээд авахгүй цэнгээний газар бүрийн гадна талбай бүрийг цэмцийтэл цэвэрлэж орхино. Үүнд нь тэд маш дуртай. Лаазаа зүгээр л гаргаад хаячихдаг байсан бол одоо зөөгч охидууд нь Болороо эгчдээ өгнө өө гээд савлаад бөөгнүүлээд хураачихдаг болжээ… Орцны жижүүр хийж цалингаараа хүнсээ бөөнд нь авч тавьчихаад бүгдийг нь маш нарийн хуваарилж яг нэг сар хүргэхээр жижиг жижиг таслан хадгална. Тэр орцны айлууд Болороод тун элэгсэг хандана. Гэрийнхээ шал туургыг угааж байгаа мэт үнэн сэтгэлээсээ цэвэрлэж арчина. Цалингаасаа илүүчлэн давхар болгоныхоо цонхон дээр цэцэг тарина. Ганц хоёр литр будаг аваад шатаа хээ гаргаж будна. Яг л гэрээ гоёж байгаа эзэгтэй шиг тэр орцыг хачин цэмцгэр байлгана. Зах дээр явж байгаад нутгийн буурал ахтай таарч тэр хөгшин Болороог дагуулан хотын захын гэр хороолол руу дагуулж гэртээ аваачив. Өвгөн Очир Болороог ажсаар л. Өмссөн хувцас нь хир буртаггүй цэвэр цэмцгэр хэдий ч цаанаа л ядарч яваа нь харагдана. Хөдөө нутгийн хэрэгт дурлаж байгаа мэт боловч ардаа элдэв бодол агуулдаггүй цагаан асуулт асууна. Миний дүү хаана амьдарч байна. Нөхөр чинь сайн биз дээ. Хэзээ төрөх вэ? Чи ажил хийж байна уу, аль эсвэл оюутан болсон уу гэх мэт асуух бүрт нь Болороо гэмгүйхэн худал зална. Аав ээж нь хөөрхий хүний дээд байсан даа. Олигтой үг ер ярихгүй шинжтэй шүү. Ямар чиг л байсан сайн сайхан яваагүй нь илт юм.

Би уул нь аль ч талаа бодсон энэ муу охинд тус болох ёстой хүн дээ гэж өвгөн Очир бодно. Арга ч үгүй юм. Нутаг усандаа нэр хүндтэй баян тарган гэж цоллуулж явсан хүний ганц охин эдэлж хэрэглэсэн өнгөтэй нэг юм өмсөж зүүгээгүй, ихэд хуучирсан хувцастай нилээд ядарсан царайтай явахад хэн ч ингэж бодохоор. Түүнд байгаа хуучны юм гэвэл хоёр хацраа хонхойлгон үргэлж инээмсэглэж явдаг төрх л байна. Өвгөн Очирын эмгэн аав ээжийг нь дурсан залуу зандан насны нөхөрлөлөө дурсан хааяа хөхрөн заримдаа нулимс унаган байж сайхан банштай хийцтэй цай хийж өгснийг нь идэхэд ёстой зад хөлөрч ядаргаа гарах шиг болов. Тэдний хашаанд маш том чингэлэг байхыг харсан Болороо, Очир гуай энэ том кантинер чинь юутай юм бэ? гэхэд өвгөн Очир хоосон хоосон. Манай том банди ноднин жил энд байж байг. Яваандаа хэрэг болно гээд л авчирсан юм. Чамд хэрэг болоо юу? гэхэд нь би тэгвэл хэсэг хугацаанд жаал юм хийе. Дүү нь түүхий эд авдаг юмаа. Тэр маань багтах газаргүй болчихоод гэж хээв нэг хэлэв. Аав ээжийнхээ ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ л худал хэлэв. Хоёр хөгшнийхөө буяныг барчихаад хог түүж явна гэж амьтан ах дүүс ярих вий гэхээс яс нь хавтайна. Хоёр хөгшин ухайн тас ам уралдан тэг тэг хүү минь. Манай хүү мөд авахгүйдэг ээ. Авах дээр нь тулвал ах нь цаадахыг чинь үглэж дуулаад ч болов аваад үлдэнэ. Миний хүү ирж бай л даа. Хэрэг чараг гарвал хэлж ярьж байгаарай гэж ихэд уриалагхан зөвшөөрөв.

Очир ахаа би их төвөг болохгүй ээ хагас сар болоод л жаахан юм авчирч хийж байна гээд явахаар завдав. Болороо хураасан лаазаа хийх тун сайхан савтай болсондоо бөөн баяр болж байв. Тэр жижүүр хийдэг байрныхаа даргыг гуйж байж байрны подволд хурааж байсан нь бүр багтаж шингэхээ больж байсан билээ. Тэр оройдоо Болороо өвдөж эхлэв. Хэзээ нэг өдөр өвдөж эмнэлэг бараадана хэмээн бүх зүйлээ базаасан байсан тул тэр огт сандарсангүй. Анх удаа төрөх гэж байж огт мэгдсэнгүй. Хэзээ язааны төрж сурсан олон хүүхдийн эх мэт тайван байлаа. Тэр баярлаж байв. Аав ээжийнхээ удмыг тасалчилгүй хүүхэд төрүүлэх гэж буйдаа маш их баяртай байлаа. Уул нь өөрөө ганц хажуу орцны жижүүр хүүхэнд л найз нь өвдөөд байна. Чи энэ түлхүүрийг СӨХ-н даргад өгөөрэй гэсэн л болохоос огт өөр хүнд дуулгаагүй юм. Тэгтэл бүгд мэдэж орхиж. Орцных нь айл бүрээс хүмүүс гарч ирэн түүнийг хамт явъя гэцгээв. Хоёр давхрын хүн амьтантай тэр бүр дуугараад байдаггүй хямсгар тарган залуу том жиптэйгээ ирж би хүргэж өгье гэхэд нь тэр айх ичих хослон, зүгээр дээ би өөрөө явчихна гэхэд бүгд шуугилдан түүнийг машинд бараг хүчээр шахаж суулгаж нэг давхрын авгай ач охиноо дагуулан хамт явцгаалаа. Одоо тэр уйлж байлаа. Уйлахгүйг хичээсэн боловч нулимс нь зүгээр л урсаад байв. Баатарт гомдоод орох газаргүй гадаа сууж байхад гараагүй нулимс одоо гарч байв. Гомдохоороо бус баярлахаараа илүү их нулимс гардаг аж.

Хүнд дутагдах гачигдах зүйлгүй амьдраад явах ердөө л дөрөвхөн зам бий гэж Болороо боддог. Нэгдэх зам бол идээд барахгүй баян чинээлэг айлын хүүхэд болж төрөөд алдаж асгаад байлгүй мөрөөрөө амьдрах. Хоёрдох зам нь бусад хүмүүсээс эрдэм чадал, авъяас билгээрээ ялгарч оюун ухаанаараа хоолоо олж идэх. Гуравдах зам нь онцгой хөөрхөн бие хаа, царай зүстэй хаанаас нь ч харсан үнэхээр дуу алдам сайхан гоо бол хэн нэгэн хөрөнгөтэй хүнээр тэтгүүлэн насыг элээх. Дөрөвдэх нь хэн хүний хайрыг татсан ажилч хичээнгүй, ааш зан сайхантай олон хүнтэйгээ явах. Ёстой л хуучцуулын ярьдгаар хүний амандахыг булааж идсэн сайхан хүн байж насаа дуусгах. Ийм л дөрвөн замыг гэж бодно. Тэр ганцаараа биш байжээ. Ажиллаж амьдардаг байрнаас нь хоёр ч хүүхэн төрөх болж явахад хэн ч тэднийг анзаараагүй Гэтэл Болороог өвдөөд явах болоход тэр байрныхан эгээл эгчийгээ дүүгээ явуулж буй мэт хандсанд тэр баярласандаа уйлж байлаа. Ийм жаахан биенээс энэ их эрч хүч яаж гарч байдаг юм бол гэж бодохоор эцэс төгсгөлгүй ажиллаж байлаа. Арваас хориод бар ресторан цэнгээний газрын гадаа талбайн цасыг шүүрдэх, муу муухай хог новшийг цэгцлэхийн хажуугаар нь хоёр орцыг цэвэрлэж тохижуулах байрныхаа гадаа цэцэгт мандал хийх, мод тарих, эцэст нь нялх үрээ хүн болгох гэж зай завсаргүй ажиллаж байв. Гадаа дулаан цагт хүүгээ холхон шиг байрныхан нь мөнгө цуглуулан бэлэглэсэн хүүхдийн тэргэнд унтуулж орхиод л цэвэрлэж эхэлдэг байв.

Хураасан цуглуулсан лааз бүрээ шамшийтал гишгэж байгаад тоолон шуудайлна. Пиг чихэж дүүргээд амыг нь боож гадна бөөрөнд нь хичнээн лааз орсныг нь бичиж давхар тэмдэглэл хөтөлнө. Энэ нягт нямбай занг хоёр буурлаасаа л авч үлдэж. Гурван жил гарангийн нөр их хөдөлмөрийн нөр их хөдөлмөр шүү… Тэр өлсөж байсан, даарч байсан, ганцаардаж бас бас үхмээр ч санагдаж байсан. Гэхдээ бууж өгөөгүй, сөхөрсөнгүй… Гурван жил сөгдөж унатлаа зүтгэсний эцэст 60 тонн ордог аварга том чингэлэг зөвхөн лаазаар дүүрлээ. Болороогийн мөрөөдөл бас зорилго нь энэ л байсан. Тэмдэглэлээ гаргаж тоолов. 5сая 35800 лааз бөөгнүүлж чаджээ. Гайхамшиг… тэр хөрөнгөтэй болсон байлаа. 1ш лааз арван төгрөгөөр авдаг. Тэр одоо 53 сая 580’000 төгрөгтэй болов. Хотын төвд Болороогийн цайны газар бий. Тэнд үргэлж хүн шаваастай очер ихтэй. Яг л ээжийнхээ гарын хоолыг идэж цайг нь уусан мэт улаа бутарч инээд алдсан хүмүүс л гарцгаана. Тэр өнөөх л хацар дээрх хонхорхойгоо тодруулан инээмсэглэсээр энгийн даруухан хэвээрээ ажилласаар. Алт эрдэнэ, байр, машин энэ бүгд хөрөнгө биш ажээ. Хөдөлмөрч хичээнгүй зан сайхан сэтгэл, сайхан амьдралын төлөө өчүүхэн ч гуйвалгүй зүтгэж чаддаг тэр гайхамшигт чанар л жинхэнэ хөрөнгө аж. Аавынхаа сийрэг ухаанаас жаахан ч гэсэн юм аваа байлгүй л гэж найдаж суухаас. Эцгийнхээ зан авир, ухаанаас авч үлдсэн бол миний охин алзахгүй ээ хэмээх тэр нэгэн жил ээжийнх нь хэлж байсан дахин сонсдох шиг болов. Амьдрал үргэлжилсээр л. Амьдрах сайхаан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!