“ХҮҮХЭЛДЭЙ УРЛААЧ” ӨГҮҮЛЛЭГ

“ХҮҮХЭЛДЭЙ УРЛААЧ” ӨГҮҮЛЛЭГ

Aaya Aaya

Бага ангид сурдаг байхад манай сургуулийн үүдэнд нэг эгч үе үе зогсож харагддаг байлаа. Тэр эгч гараар урласан хачин хөөрхөн хүүхэлдэй хэд хэдийг барьчихсан ирээд хүүхдүүдэд бэлэглэчихээд явдагсан. Долоо хоногт нэг удаа заавал ирнэ. Түүний урлаж бэлэглэсэн хүүхэлдэйг авахыг хүссэн охид олон. Гэсэн ч яагаад ч юм бэ, зарим хүүхэд бэлэглэсэн хүүхэлдэйг нь авахгүй, авсан ч хаа нэгтээ хаячихсан харагдана. Гэхдээ л тэр эгчийн урласан хүүхэлдэйгүй хүүхэд манай сургуулийн охидын дунд тун цөөхөн байх. Надад, бас миний охин дүүд тэр эгчийн урласан хөөрхөн хүүхэлдэй бий. “Гараар хийсэн гэхээргүй нямбай оёж, сэтгэлээ шингээн байж урласан хөөрхөн хүүхэлдэй шүү” гэж ээж минь магтана. Харин яагаад тэр эгч дандаа тийм хөөрхөн хүүхэлдэй урлаад түүнийгээ ямар ч үнэ хөлсгүй тараагаад байдгийг хэн ч мэдэхгүй. Би дунд ангид орлоо. Есдүгээр сарын нэгний өглөө хичээлдээ ирэхэд өнөө эгч бас ирчихсэн, зөндөө олон хүүхэлдэй урлачихсан, шинээр нэгдүгээр ангид орж буй охидод бэлэглэж байхыг харлаа. Энэ зун эгч ердөө ч амралгүй хүүхэлдэйгээ урласаар л байсан нь илт. Нэг өдөр ангийн маань багш “Энэ жилээс та нар маань дунд ангийн сурагч боллоо. Бага байхдаа үргэлж бусдын тус дэмээр явж ирсэн бол одооноос өөрсдөө бусдад тустай ажил хийцгээнэ шүү…” гэж хэлээд : -Та нар ажигладаг уу?

Хааяа та нарыг хичээлдээ ирэх үед чинь бяцхан хүүхэлдэй хийгээд хүүхдүүдэд тарааж байдаг эмэгтэйг. Учир шалтгаангүй юм гэж байхгүй шүү дээ. Энэ бүсгүйд ямар зүйл тохиолдсоныг хэн мэдэх вэ. Би энэ бүсгүйг олонтаа ажигласан. Зүгээр л инээмсэглэхээс өөрөөр хэнтэй ч ярьж, дотносдоггүйг ажихад хэлгүй хүн ч байж болох. Ямартаа ч энэ хүнтэй бид ойртон нөхөрлөмөөр санагдах юм. Багшид нь нэг санал байна. Энэ хүнээр хөөрхөн хүүхэлдэй хийх аргыг заалгаж хамтдаа хүүхэлдэйнээс нь хийлцвэл илүү олон хүүхдийг хүүхэлдэйтэй ч болгох юм билүү… гэлээ. Багшийн санаа бидэнд таалагдсан. Ингээд хичээл тармагц дор бүрнээ хэрхэх талаар бодоцгоон явцгаав. Дараагийн нэг өдөр өнөө эгч мөн л ирчихсэн байв. Бид ч очоод : -Сайн байна уу эгч ээ? Та их хөөрхөн хүүхэлдэй урлах юм аа гэхэд өнөө эгч мөн л зөөлөн инээмсэглэж, толгой дохихоос хэтэрсэнгүй. Харин манай ангийн Анударь сүйхээ гаргаж, -Эгч ээ, та бидэнд энэ хүүхэлдэйгээ хэрхэн хийхийг заагаад өгөөч. Бид тантай хамтдаа урлавал илүү олон охид хүүхэлдэйтэй болно доо гэж хэлэхэд өнөө эгч , -Нээрээ юу? Яасан сайхан юм бэ? Тэгье тэгье. Эгч нь та нарт заагаад өгье гэж хэмээн ам нь эвлэж ядна уу гэмээр зуунгидуу хэлэхдээ нүүрэнд нь хачин сайхан баяр тодорч буйг би анзаарсан юм.

Ингэж бид Наран эгчтэйгээ танилцсан даа. Түүнээс хойш нэг их удалгүй Наран эгч манай анги дээр байнга ирж, бид ч өнөө хөөрхөн хүүхэлдэйгээ өнгө өнгийн хувцастайгаар нямбайлан хийж сурцгаасан. Зөвхөн манай анги ч биш манай сургуулийн охид болгон шахуу хүүхэлдэй урлаач болцгоосон гэхэд болно. Наран эгч яагаад хүүхэлдэй урлах болсон, бас түүнийгээ яагаад хүүхдүүдэд тараах болсон тухай бидний хэн нь ч асууж зүрхлээгүй. Харин ангийн минь багш учир шалтгааныг нь олж сонссон байсан. Наран эгч минь ганц хөөрхөн охинтой байжээ. Охин нь номон дээрээс нэгэн хөөрхөн хүүхэлдэйн зургийг олж хараад “Ээж ээ, энэ яасан хөөрхөн юм бэ. Би том болоод ийм гоё хүүхэлдэй оёхыг сураад монголынхоо бүх охидод хийж бэлэглэнэ ээ” хэмээн хэлдэг байж. Өвчин гээч ямар хэлж ирэх биш дээ. Наран эгчийн маань охин хүндээр өвдөж удалгүй бурхан болжээ. Газар дээрх ганц охиноо алдсан хөөрхий ээж охиныхоо хүслийг биелүүлэх гэж хичээж яваа нь энэ байж. Одоо Наран эгч маань олон охинтой болсон. Бид найзынхаа хүслийг биелүүлэхээр Наран ээждээ тусалж байгаа. Олон сар жилээр дуугаа хураасан Наран ээж минь одоо бага ч болов сэтгэл нь онгойж, бидэнтэйгээ инээж хөхөрч, хүүхэлдэйгээ улам хөөрхөн урласаар л байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!