“ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭЭД НЯЛХ БИЕТЭЙ БАЙХАД НӨХӨР АЖЛААСАА ХАЛАГДААД…” БОЛСОН ЯВДАЛ

“ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭЭД НЯЛХ БИЕТЭЙ БАЙХАД НӨХӨР АЖЛААСАА ХАЛАГДААД…” БОЛСОН ЯВДАЛ

Nasaa Anar

Зах зээлийн нийгэмд шилжих тэр хүндхэн үед хүнтэй сууж хүүхэд төрүүлж хадмынд очиж билээ. Хадмынх таван хүүхэдтэй бүгд тэр үед гэрлэж хүүхэдтэй болцгоосон. Нэг нь л холхон амьдардаг. Бусад нь ээж аавтайгаа нэг хашаанд хоёр гэр, нэг байшинд байдаг ч хамтдаа хооллодог байж билээ.

Хоол хүнс ховор картын талханд явсан хүн үд өнгөрч ирнэ. Шинэхэн бэр, залуу ээж хүүхэдтэйгээ ноцолдож байх хооронд л заримдаа хоолны ширээ хоосон болох үе ч байдагсан.

Хөршийн хүний тортой хүнснээс горьдож xөxөө хавдуулж уйлж байсан. Хадам ахаас түрүүлж хоолоо идэх гэж байгаад хоолойгоо халуун хоолонд түлж байсан зэрэг тэр үедээ хүндхэн явдал ч одоо бодоход хоолноос болж байсан хөгтэй дурсамж юм.

Ховдог гэж битгий шоолоорой. Хүндхэн цаг үеийн xөxүүл ээж шүү дээ кк. Анхны хүүгээ 3 сар 15 хоногтойд өөрийн эгчийнд зочилж очиход гэр бүлийн зураг авахуулж мөн хүүгийн минь зургийг томоор авахуулж өгсөн юм.

Тэр зургаар хүүдээ альбом нээж нас нэмж том болж байгаа үеийн зургуудаар нь нэмж баяжуулж байлаа. Амьдрал үргэлжилсээр гурван жилийн дараа гэхэд өөрийн гэсэн хашаа байшинтай болж охиноо төрүүллээ.

Нөхөр цомхотголд ороод ажилгүй би хүүхэд төрүүлээд гэрт санхүүгийн хувьд хүндхэн л байлаа. Охин минь 3 сар 15 хоногтой боллоо. Зургийг нь авахуулна мөнгө олох хэрэгтэй байна гэсээр байгаад нөхөр маань мөнгөний эрэлд гарлаа.

Нөхөр л нүүрс түлээгээ оруулж бэлдэж өгдөг байсан юм. Тэр өдөр охиноо унтуулчихаад нүүрсний хувин хоосон харагдахаар нь толгойгоо боогоод нүүрсний пинд ортол боодолтой номнууд байна.

Задлаад үзтэл бүгд шинэ хэд хэдийг гэрт оруулаад ирлээ. Орой нь нөхөр мөнгө олсонгүй гээд ирлээ. Энэ ном ямар учиртай хэнийх юм гэтэл хөдөөний номын дэлгүүр татан буугдаад хотод цаасанд ч болов тушаах гэтэл авах газар ч алга, галаа түлэхгүй юу гээд садангийн хүн орхисон гэнээ.

Хотын гудамжинд хуучин ном зардаг юм байналээ. Ийм сайхан шинэ номыг авч л таараа гэж ярилцаад номоо оруулж ирээд авах байх гэснийг нь цүнхэлж бэлдлээ.

Өглөө нь охиноо өлгийдөөд номоо үүрээд гарч өглөө. Одоогийн Мөнгөн завъяагийн урд талын нүхэн гарцны тэнд ном зардаг хүмүүс дээр очоод өгөх гэтэл авдаггүй ээ.

Өөрсдийнх нь тавьсан ном хуучин хавтасгүй хирнээ бидний цоо шинэ сайхан номнуудыг авахгүй гэхэд нь бүр гайхаад гомдмоор санагдаж билээ. Тэнд байсан бүх л хүнээс асуусан ч авахгүй л байлаа.

Ном зарж байсан настай ахаас энд зогсоод дэлгэж тавьж болохуу. Явж байгаа хүмүүс авч магадгүй гэж гуйхад харин зөвшөөрлөө. Тун удалгүй нэг хүн ирээд хоёр ном авчихлаа.

Бөөн баяр тэр мөнгөө барьж гүйгээд 40 мянгатын зурагчин орж охиныхоо зургийг авахуулаад би охинтойгоо харьж нөхөр маань номоо зарахаар үлдлээ. Орой нь ямар ч байсан орлоготой ирсэн юм. Ингэж л ном зарж эхэлсэн.

Охиныхоо тэр үеийн зурганд би их хайртай. Номонд ч хайртай. Одоо ч номоо зарсаар л байгаа бидэн хоёр нь. Энэ номыг авчирч орхисон тэр хүнийг бид талархан дурсаж явдаг.

Саяхан хотод ирсэн сургаар нь олж уулзан гэртээ авчирч баярласнаа илэрхийлсэнд та нар минь л сайн явбал боллоо доо. Миний тус гэж юу байх вэ хэмээж сууналээ.

Биднийг анхныхаа байранд орж цайллага хийхэд хүргэн ах минь “Хувхай модонд цэцэг ургуулсан улс шүү” гэж билээ. Бидний үед эцэг эх аль ч талаасаа хувь тасалж юм авч байсангүй. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр л тэг цэгээс өдийг хүртэл олсоноо бага гэж гололгүй хурааж хуримтлуулж явна даа.

Залуус маань ажил болоод цалин их голох юм. Их мөнгийг зоволгүй олохыг хүсээд байх шиг санагдах юм. Ганцаас газар дүүрдэг гэдэг үг байдагдаа. Тийм байх боломжтой шүү гэдгийг хэлэхийг хүсэж үүнийг бичихдээ хэт нуршчихлаа. Өршөөгөөрэй. “АНАР НОМЫН ДЭЛГҮҮP”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!