ХҮҮХДИЙГ АМЬДРАЛД ХЭРХЭН СУРГАХ ВЭ?
Найзын минь охин нэг ой хүрч байв . Найз маань “Чи сурган хүмүүжүүлэгч хүн . Би хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ? Заримдаа арга барагдах юм ” гэж надаас асуулаа .
Энэ бол асуухад амархан ч хариулахад ярвигтай асуудал гэж би хэлэв . Гэхдээ түүний хүүхдийнхээ төлөө санаа тавьж асууж байгаа нь сайн хэрэг юм.
Ээж байна гэдэг өдрийн 24 цаг тасралтгүй ажилладаг “Хүнээр хүн хийх” нэртэй хариуцлагатай ажил билээ . Энэ ажлыг хийхэд нэлээдгүй их цаг хугацаа шаардагдана гэдэгтэй эхлээд эвлэрэх хэрэгтэй . Ер нь цаг хугацааг юунд зарцуулна түүнийхээ үр шимийг хүртдэг . Ажилдаа их цаг зарцуулбал ажлаасаа , ханьдаа цаг зарцуулбал ханиасаа , хүүхдүүддээ цаг зарцуулбал хүүхдүүдээсээ хариуг нь заавал авах болно .
Нулимсаа барих гэсний хэрэггүй гэдгийг хэл . Зовлон амсахгүй төлөвших тийм сайн хэрэг биш юм ,
Хэн нэгэнд атаархахгүй байхыг сурга.
Найз нарынхаа амжилтад чин сэтгэлээсээ баярлаж , баяр хөөрийг нь хуваалцан “ Яагаад би биш тэр гэж ? ” хэмээн бодуулахгүй байхын тулд.
Ялалтаас баяр баяслыг мэдэрч өөртөө сэтгэл хангалуун байхын хажуугаар ялагдаж сурахыг , учир нь нэг алхмын дараа түүний ялалт байгуулах ээлж ирнэ .
Мөнхийн зүйл гэж үгүй , байгаа бүхэн нь таалагдаж сайхан санагдахгүй байж болохыг , олж авах эсвэл алдахад төгсгөл байдгийг , хаана ч очсон хэзээ нэгэн цагт уйдаж болохыг , мэдлэг боловсролоос бусад бүх зүйл замхран алга болж болно гэдгийг үргэлж сануулж бай . Ном унших дур сонирхлыг нь төрүүл , хичээл хийх сонирхолгүй байсан ч хамаагүй уншихаас таашаал авахыг сурга .
Эрт орой хэзээ нэгэн цагт түүнд компьютер авч өгч таарна . Гэхдээ аль болох хожуу авч өгөхийг хичээгээрэй . Түүнд өөрөө өөрийгөө танин мэдэж тайван байх , уйдах цаг хугацааг гаргаж өгөн , уйдсан үедээ өөрийгөө зөв зүйлд чиглүүлдэг болоход сургахын тулд
Хүүхдээ байгаль дэлхийтэй танилцуулж амьтад бидний нэг төрөл учраас тэднээс айх хэрэггүй гэдгийг хэлж өг . Зөгий биднийг хатгадаг гэдгээс илүү хэрхэн бал гаргадгийг нь ярь . Байгалийн гайхамшиг , давтагдашгүй сонин содон нууцуудыг тайлахад нь тусалж борооны дараах сайхан үнэрт дурлуул . Өвлийн хүйтэнд түүдэг яаж асаахыг харуул , магадгүй том болоод хайртай хүнтэйгээ зугаалж тэрнийг түүдэг галаар дулаацуулж үй түмэн оддыг ширтэн суухдаа танд талархах байх .
Ямар ч үед худал хэлж болохгүйг ойлгуул . Өөрийн хөдөлмөрөөр олсон тавин төгрөг , сугалаанаас хожсон тавин сая төгрөгнөөс илүү үнэ цэнэтэй байдгийг , хүний хөдөлмөрийг үнэлж сурахыг , бүтэлгүй дурлалын шарх , хэн нэгэнд дурлахгүй байхаас илүү сайхан мэдрэмж үлдээдгийг хэл . Бас хариу Нэхэлгүй хайрлахыг …
Өөрийн зөв гэж бодсон бол хэн ч түүнийг шүүмжилсэн өөртөө итгэлтэй байж шийдвэртээ бат зогсохын зэрэгцээ өөрийн үзлийг бусдад тулгахгүй байхыг , гэхдээ энэ нь бусдыг сонсохгүй бай гэсэн үг биш бусдаас авах зүйлээ аваад хаях зүйлээ хаяж чаддаг байхыг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж ойлгуулаарай . Өөрийн үзэл бодолдоо үнэнч байхын сайхныг ярьж өг .
Мэдлэг дийлдэшгүй хүчийг илэрхийлдэг гэдгийг , мэдлэгийг хамгийн өндөр үнээр зарж болох ч оюун ухаан , зүрх сэтгэлээ хэзээ ч бусдад зарах ёсгүй гэдгийг заа .
Хийсэн зүйлийнхээ төлөө харамсахаас илүү хийгээгүй зүйлийнхээ төлөө харамсах өдөр олон байдгийг , зүгээр л энгийн зүйлээс таашаал авч сэтгэл хангалуун байхыг , сайхан цай уугаад сэтгэлээ баясгаж болдгийг үзүүл .
Хүсэхгүй байгаа үедээ ” Үгүй ” гэж хэлэхэд , бусдын үгийг гуйвуулахгүй байхад сурга .
Хайртай хүмүүсээ хэзээ ч тээршээлгүй жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг хүндэтгэх хэрэгтэйг , гэхдээ өөрийг нь үнэлдэггүй хуурамч хүмүүсээс зайгаа барьж чаддаг байхад үлгэрлэ .
Дуу хөгжим , урлаг спортод элэгтэй байж , бүх хүч чадал цаг заваа хэзээ ч дуусахгүй ажилд зориулахын оронд ямар ч их ажилтай байсан өөртөө болон гэр бүлдээ цаг гаргаж сурахад нь тусал . Өөрийгөө хайрлахгүй хүн бусдын хайрыг татдаггүй гэдгийг хэлж өгөөрэй .