“ХҮҮГЭЭ САЙХАН УНТЧИХВАЛ ИЖИЙ НЬ БАС АМАРЪЯ…” ӨГҮҮЛЛЭГ

“СҮҮЛЧИЙН СЭЖИМ” ӨГҮҮЛЛЭГ

Ч.НАРАНЦЭЦЭГ

Цэнд гуайн хүүхдүүд буурь сэлгэсэн ижийнхээ буяны ажлыг гүйцэлдүүлэхээр бужигнаж байлаа. Тэднийх шаагилдсан арван хоёр хүүхэдтэй. Дээрээсээ зургаа дахь хүүг нь Амгалан гэх. Нэрэндээ зохицсон аядуу зөөлөн аальтай, арван хоёр хүүхдээс арав төгсөөгүй ганц хүүхэд. Гаднаасаа бойтог ч гэмээр, борог бааздуу харагдана. Айлд ах дүүсийнхээ зовлонг нимгэлж, ачааны хүндийг үүрч явдаг нэг хүүхэд байдаг даа. Тэр нь бөлгөө. Гэхдээ хорхойд хоргүй зөөлөн номой, хэтийдсэн мөрөөрөө л гэхгүй бол өөр гэм үгүй. Амгалангаас бусад нь их дээд сургууль төгссөн, айл хотлын амны бахдал, суралцсан сургуулийнхаа үлгэр жишээ болсон шилдгүүд. Өөрсдөө ч гэр дотроо “манайхан толгой сайтай” хэмээн омогшдог нь аргагүй хүлээн зөвшөөрөхүйц үнэн. Олон хүүхдүүд бүр ч олон болсон нь ойлгомжтой.

Ах дүү нарынх нь авсан эхнэр, нөхөр мөн л дээд боловсролтой орос, англи хольж ярьсан сэхээтнүүд. Амгалангийн эхнэр сүлжмэлийн ТМС төгссөн нурмагар томоотой нэгэн. За энэ ч яахав. Ээж нь 87-ны босго даваад унажээ. Амгаланг ижийгээ “санаандаа дөхөж” баярлуулж чадаагүй гэх халаглал зовооно. Ажил амьдрал сайн яваа ах дүү нараас нь ээжий аавыгаа гадаадад амруулж, аялуулсан нь бий. Арилжаа наймааны од халаасалсан нэг нь аавынхаа мэнд сэрүүнд, алтаар бүрж, торгонд өнхрүүлсэн нь ч бий. Ерөнхийдөө тэгш дүүрэн “хүүхдүүд” билээ. Амгалан харин өнжөөд, ижийдээ ганц ганцдахгүй цайны сүү барьж очно. Өнжсөн өдрөө, утасдахаа мартахгүй. 87 насалсан эх ганц сар л хүүхдүүдээрээ асруулжээ.

Ээжийгээ эмнэлэгт хэвтсэн өдөр хүү хүргэн, хүүхэн бэр, ач зээ жич гуч нар эмнэлгийн коридорт багтахгүй шаагилдаж, хэрэгцээний мөнгө төгрөг, хэрэгтэй байж мэдэх эм тариагаар өрөөг нь дүүргэх шахав. Заримаас нь шүүдрийн усаар цай чанаж өгөх “мэргэн” санал ч цухалзаад авч. -Амгаланг шүүдрийн усанд явуулья. Бид ажил ихтэй, амжихгүйгээс хойш ерөөсөө ингэж тохирьё. Цалинг чинь нугалаад өгчихнө, ар гэртээ зовох юмгүй гэжээ. Юу л хэлнэ за гээд ухасхийдэг Амгалан энэ удаа хөдөлсөнгүй. -Эрүүл саруулд нь авчирч өгөөгүй усаар одоо яах юм бэ. Ганц хоног ч болов дэргэд нь байж, хэвтрийг нь хуурайлсан минь дээр гээд гэдийчихжээ. Аргаа бараад “Эхийн ачийг мэддэггүй амьтан, бүр боловсролгүй юм даа, зайлуул” хэмээн дуртайгаараа загнаж уурлаж, зэмлээд ч хөдөлгөж чадсангүй. Ах эгч нар нь маргааш нөгөөдрөөс нь уван цуван үзэгдэж байснаа тэгсгээд ижийнхээ биеийг утсаар асуух болов.

Аргагүй ээ, улсын болоод хувийн чухал албатай улс хойно. Ганц удаа өвдөж сандаргаж байгаагүй эхээсээ Амгалан холдсонгүй, ерөөсөө ч холдохгүй гэж шийдсэн юм. Хүний л хань хойно эхнэр нь “Амгаа минь нүд чинь гархилаад хүн харах аргагүй болж. Нэг өдөр ч болов ах дүүтэйгээ ээлжлээч” хэмээн гуйж яджээ. Аргагүйдэж, том ахад нь ховлон байж, өөрөө үлдээд ганц шөнө нүдний хор гаргуулахаар хөөж явуулав. Юм гэдэг учиртай аж. Ганц л шөнө. Сар шахам сэрүүн хоносон Амгалангийн нойр хүрч байсан ч, унтаж чадсангүй. Ижийгээ л бодож хэвтэнэ. Эрдэмт ах дүүс нь ижийтэйгээ ирж уулзахгүй, утсаар ярихгүй нэг хоёр сар өнгөрүүлснээ анзаардаггүй. Хөгшин эх үглэж “Энэ хэдэн хүүхэд чинь аниргүй байгаад байвал аниргүй л яваад байх шинжтэй” хэмээн гомдоллон өөрөө залгана.

Эхийн гомдлын хариу жижүүрийн хэдэн үгэнд эргэлдэх. -Ажил толгойтой үснээс их байна аа, ээж минь. Хариуд нь эх: -Утас эргэдэх зав өгөхгүй, хэдэн хүүхдийг минь талхилж гүйцлээ. -Ээж та яаж ойлгох вэ, гэнэ. Ойлгодгоор нь Амгалантайгаа л ярина. Ах дүү нарт нь худал гомдоллож тунирхана. Тэрбээр инээж л суух. Амгалан үүр тэмдгэрэх эгзэгтэй цагаар өөрөө мэдэлгүй, хэсэгхэн зуур тун бөх нойрсчихжээ. Ижийгээ зүүдлэв. -Иш хүү минь, унт унт. Ээж нь хүүгээ ядраачихав байна. Ээж нь одоо алзахгүй ээ. Хүүгээ сайхан унтчихвал ижий нь бас амарья. Эх хүү хоёрын нойр ихэрлэж, нэг нь хэсэг зуур, нөгөө нь нэгмөр нойрсжээ. Ах дүү нар нь яагаадыг бүү мэд, жигтэй эмээж, түүн рүү утасдаж чадахгүй байлаа. Амгалан ээжийнхээ амьсгал отголсон эмнэлгийн өрөөний хаалгыг зөөлхөн түлхэж, тавиухан алхалсаар орлоо.

Ижийгээ ханан гэрт нь хүргэхийн өмнөх өдөр мань Амгалан ах дүүс, амраг садангаа дахин балмагдуулах нь тэр! Энэ хорвоогоос эгнэгт буцсан, хөрч хөшсөн ч, барим тавим бодитой, буй биеэрээ тэдэндээ сүүлийн удаа харагдаж буй ижий нь дахиж хэзээ ч тэднийг хушуу цорвойн тэвэрч үнсэхгүй, энгэртээ толгойг нь наахгүй, эрхлүүлж эвийлэхгүй болжээ. Гэгээн дүрээ зурганд үлдээгээд, зул болсон эжийгээ эгнэгт орших газар нь эцсийн удаа өөрийн гараар элгэндээ тэвэрч хүргэнэ гэж мэдэгджээ. Эрдэнэт хүний биеийг цогцлоож өгсөн энэрэлт эжийгээс цэрвэх гэж үү? Эрдэмт ахан дүүс ачир дээрээ Амгаланг эсэргүүцэж чадсангүй. Эсэргүүцэх нь бүү хэл, том ах нар нь ч үг дуугарсангүй, ерөөс ганхийх хүн гарсангүй. Эмнэлгээс, их холын замын бэлчир хүртэл ёсоор үйлджээ. Толгой сайтын үрс ээ гэж…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!